Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0107

 

2022.02.10-ны өдөр 221/МА2022/0107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

Нэхэмжлэгч М.Э

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2021/0555/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Э нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “М.Э-тэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э-гийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд “...М.Э-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ” гэж дүгнэсэн. Гэтэл маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамж нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэсэн гарчигтай боловч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгох 7 тохиолдлыг Газрын тухай хулуийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хуульчилсан боловч бодит байдал дээр эдгээрийн аль нь ч үүсээгүй. Тийм учраас Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40.3-д заасны дагуу Газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх олгосон Газрын тухай хуулийн дээрх 7 үндэслэлийн алиныг нь ч баримтлахгүйгээр хууль зөрчсөн.

3.2. Шүүхийн шийдвэрийн 5 дахь талд “...Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд 1180 м.кв газрын хэмжээ тусгагдсанаар М.Э 1180 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан болох нь нотлогддог .. гэтэл ... газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд М.Э-д 3565 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсаны дагуу .. эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д заасанд нийцсэнгүй. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 174 дүгээр магадлалын 7 дахь талд “ямар үндэслэлээр нэхэмжлэгчид хүсэлтэд дурдсанаас илүү газар эзэмшүүлсэн ... холбоотой нотлох баримт цуглуулж” гэж тусгагдсаны дагуу анхан шатны шүүхээс нэмэлт нотлох баримт цуглуулах явцад 2-р хавтасны 251 дүгээр талд “Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл” нотлох баримтаар авагдсан. Тухайн нотлох баримтаар иргэн М.Э өмнө нь 1180 м.кв газар эзэмших хүсэлт гаргаж байгаад 3565 м.кв газар эзэмших хүсэлт дахин гаргасан үйл баримт нотлогдож байгаа юм. М.Э ч мөн шүүх хуралд энэ талаараа мэдүүлсэн.

3.2.1. Ийнхүү магадлалын дагуу хэрэгт шинээр цугларсан нотлох баримт нь 3565 м.кв газрыг М.Э-д түүний гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлсэн үйл баримтыг тогтоогдсоныг шүүхээс үгүйсгэсэн байдлаар дүгнэсэн.

4. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд “..М.Э 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ 35,000,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл болох 82,145,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсоныг дуудлага худалдааны үнэ төлсөн гэж үзэх боломжгүй тул М.Э дээрх төлбөрийг буцаан шаардах эрхтэй” гэсэн нь хэргийн 2-р хавтасны 126 дахь талд байх Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/5280 дугаартай албан бичиг, 128 дахь талд байх Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01-06/5765 дугаартай албан бичиг авагдсан. М.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 117,645,000 төгрөгийг бүрэн төлсөн байна гэсэн нотлох баримтуудтай нийцэхгүй дүгнэлт болсон.

5. Маргаан бүхий газарт нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа агентлагууд болох нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Авто замын хөгжлийн газруудаас авто замын гүүрэн гарц байхаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор манай газрын 1444 м.кв хэсэг өртсөн байгааг шүүхийн шийдвэрийн 6, 7 дугаар талд тусгасан.

5.1. Гэсэн хэдий ч шүүхээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

5.2. Маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Хот төлөвлөлтийн хуулийн хэлтсээс н.Б гэх хүн намайг утсаар дуудаж уулзах шаардлагатай байна гэсний дагуу 31-ний өдрийн 16 цагт Хотын захиргаан дээр Хуулийн хэлтсийн Болормаа, Газрын албаны дарга Д, Хот төлөвлөлтийн ерөнхий архитектур У, Хан-Уул дүүргийг хариуцсан мэргэжилтэн нар уулзаж, манай газар дээр нийслэлийн Захирагчийн албаны гүүр баригдахаар болсон гэсэн агуулга бүхий тодорхойгүй зүйлийг амаар хэлсэн боловч ямар нэгэн баримт бичиг, шийдвэр үзүүлээгүй, уулзалтын тэмдэглэл, баримт үйлдээгүй талаарх гомдлыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргад гаргаж байсан баримт хэргийн 1-р хавтасны 71 дэх талд авагдсан байдаг /Маргаан бүхий акт 2020.05.20-нд гарсан/

5.3. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргах зорилго, бодит нөхцөл байдал нь нийслэлээс манай газар дээр авто замын гүүрэн гарц барих гэдэг нь тодорхой байгаа бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд “гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах” 46 дугаар зүйлд “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах” гэж бусдын эзэмшил ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө улсын тусгай хэрэгцээнд авах буюу нийтийн эдэлбэрийн газар болгох зохицуулалт нь тусгайлан нарийвчлан зохицуулагдсныг хэрэглэх боломжтой байсныг анхаарч үзээгүй байна.

6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр, “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт орууллаа.

2. Нэхэмжлэгч М.Э-гээс нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/683 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус актаар Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 33.4, 61.1-д заасныг үндэслэн, “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр М.Э-д 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон гэж үзэн, “нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3565 м.кв газрыг М.Э-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг” хүчингүй болгожээ.

2.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад хуульд заагаагүй шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус тул “зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагүй газарт газар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, маргаан бүхий газарт авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн, анхнаасаа газар олголт нь буруу, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны зарчмаар аваагүй, хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй” гэж тус тус маргасан байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 174 дүгээр магадлалаар “...маргаан бүхий газрыг эзэмшүүлж болохоор тусгагдсан байж болох Нийслэлийн 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулж, тухайн газрыг хэрхэн төлөвлөснийг тодруулаагүй,... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа дуудлага худалдааны анхны үнийг ямар үндэслэлээр төлүүлж байсан эсэхийг тодруулах, ... ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсанаас илүү газрыг эзэмшүүлсэн, М.Э-гийн анхны хүсэлт гаргасан газарт нь авто зам, замын байгууламж барихаар төлөвлөсөн байсан эсэх, уг газартай нь давхацсан эсэх зэрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

3.1. Үүнээс хойш тус хэргийн материалд /2-р хавтас хэргийн 111, 113, 114, 126, 128, 129, 217-р талд/ авагдсан баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/988 дугаар захирамжаар маргаан бүхий газарт 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар М.Э-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэж, тухайн газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 117,645,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар болон газар эзэмшүүлсэн байршилд авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн талаар авто замын төлөвлөлтийн зургийг хавсаргасан ирүүлж, захиргааны байгууллагуудаас гаргаж өгсөн баримтуудаар маргаан бүхий 3565 м.кв газрыг нэхэмжлэгчид /дуудлага худалдааны журмаар газар олгосон эсэх, эсхүл төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй газрыг олгосон эсэх/ нь тодорхойгүй зөрүүтэй баримтуудыг гаргаж өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзнэ.

3.4. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр заасан, нэгэнт олгогдсон газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тоочин заасан, маргаан бүхий захиргааны актаар М.Э-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо эдгээр үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан аль нэг үндэслэлийг тусгаагүй, харин “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагаагүй газарт газар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, маргаан бүхий газарт авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн, анхнаасаа газар олголт нь буруу, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны зарчмаар аваагүй” гэх байдлаар маргасан байна.

3.5. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу дүгнэж, “... 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан .... илүү газар эзэмших хүсэлт гаргасан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Газрын тухай хуулийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, маргаан бүхий 3565 м.кв газар нь анхнаасаа бусдын эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон, хязгаарласан газар байсан, эсхүл өөр бусад байдлаар газрын тухай хууль тогтоомж зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” зохицуулалт давхар хэрэглэгдэх юм.

4.1. Тодруулбал, хэргийг дахин хэлэлцүүлж буцааж шийдвэрлэснээс хойш захиргааны байгууллагуудаас

-маргаан бүхий газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 117,645,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар,

-2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн гэх зургийг,

-мөн газрын хувийн хэрэг зэргийг нотлох баримтаар өгсөн нь

Мөн хэрэгт авагдсан

-Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01-06/5359 дүгээр албан бичигт дурдсан “...2018 оны газрын төлбөрт 294,112 төгрөг, 2019 онд газрын төлбөрт 930,465 төгрөг, нийт 1,224,577 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 2020 онд газрын төлбөр төлөгдөөгүй байна” гэх,

-Газар зохион байгуулалтын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-07/6084 дүгээр албан бичгээр “...18637305176915 нэгж талбарын дугаартай 3565 м.кв газрыг эзэмшүүлэхээр нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэх,

-Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 01-06/6475 дугаар албан бичгээр “....М.Э-гийн газрын байршил нь өөрчлөгдсөн зүйлгүй болно” гэх,

-Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01-11/6496 дугаар албан бичгээр “...М.Э-гийн 3565 м.кв газраас 1444 м.кв газар нөлөөлөлд өртөж байна” гэх баримтуудаас зөрүүтэй байгаагаас үзвэл, маргаан бүхий газрыг анх олгохдоо дуудлага худалдааны журмаар олгосон агуулгаар, эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон агуулгаар зөрүүтэй баримтуудыг гаргаж өгсөнөөр тус баримтуудыг шүүхээс дүгнэж шийдвэр гаргах боломжгүй тул шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэх боломжгүй.

 

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бусдын эзэмшил ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө улсын тусгай хэрэгцээнд авах буюу нийтийн эдэлбэрийн газар болгох зохицуулалт нь тусгайлан нарийвчлан зохицуулагдсаныг хэрэглэх боломжтой ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг хангах боломжгүй. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч /байх/”-аар, 6 дугаар зүйлийн 6.1-д “...газрыг ... аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж, ашиглах”-аар, 20 дугаар зүйлийн 20.2.1-д “... /Засаг дарга/ нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”-аар, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг дарга нь “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн .... төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох эсэх, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид “нийтийн эзэмшил”-д ашиглахаар шийдвэр гаргах төр, түүнийг төлөөлөн эрх хэрэгжүүлэгч этгээдийн бүрэн эрхийг шүүх үгүйсгэх боломжгүй тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3565 м.кв газар нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас “...аль хэсгээр давхацсан эсэх, аль хэсгээр нь давхцаагүй эсэх талаар” нэг мөр тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргахаар байна.

 

5.1. Өөрөөр хэлбэл, “нийтийн ашиг сонирхол”-ыг хамгаалах зорилгоор эрх зүйн зөрчилтэй болон зөрчилгүй захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон, тухайн тохиолдолд, хамгаалагдах “нийтийн ашиг сонирхол” байгаа гэж хариуцагч маргасныг шүүх үгүйсгэхгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.

6. Мөн төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан нь “нийтийн эдэлбэрийн газрыг нийтээр ашиглах” хуулийн зохицуулалт бөгөөд, харин бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг “нийтийн эдэлбэрийн газар болгох” зохицуулалт нь тусдаа, Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлээр тус тус нарийвчлан зохицуулагдсан байна.

 

6.1. Тиймээс хариуцагчаас төрийн өмчийн газрын эзэмшил, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа “...2018 онд анх бусдын эзэмшилд олгогдох үед маргаан бүхий 3565 м.кв газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарахаар төлөвлөгдсөн байсан эсэхийг, нийтийн эзэмшил газрыг хууль зөрчин бусдын эзэмшилд олгосон эсэхийг, бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэрлэсэн эсэх...” талаар болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан “хууль бус захиргааны актыг цуцлах”, эсхүл 49 дүгээр зүйлд заасан “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” үндэслэлүүдийн аль нь тухайн тохиолдолд хамаарч байгаа талаар тодруулах шаардлагатай, “...төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй...” зөрүүтэй баримтууд болон эдгээр бусад асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч хэрэгт авагдсан баримтуудыг дахин шинжлэн судалсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй байна.

 

7. Маргаан бүхий акттай холбогдуулан захиргааны байгууллагуудаас зөрүүтэй баримтууд гаргаж өгсөн тул шүүх зөрүүтэй баримтуудад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

7.1. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дахин шинэ акт гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/683 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН