Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 06

 

 

Т.Эийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.БатЧ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2017/00079 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр шилжүүлэхийг улсын бүртгэлд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд *** банкны “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Гуравдагч этгээд *** банкны давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.БатЧийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Гийн хадам болох Ц гэгчтэй нэг нутаг усных тэр тусмаа нэг байгууллагад 20 гаруй жил хамт ажиллаж байгаа учраас 2014 оны 06 сард Сайншанд сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг банкинд барьцаалж зээл авахад туслаач гэсэн гуйлтыг зөвшөөрч, байрны гэрчилгээг өөрчилж Цгийн хүргэн Гийн нэр дээр болгож өгсөн билээ. Энэ хугацаанд тэдний хүргэн Г гэгч нь манай байрны гэрчилгээг *** банкны зээлийн барьцаанд тавьж, 25 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэрээр зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас тус банк нь 2015 оны 05 дугаар сард Сум дундын шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарч улмаар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг манай хаягаар ирүүлсэн байна. Энэ талаар Гт удаа дараа зохих ёсны шаардлагыг тавьж байсан боловч тэрээр бэлэн сайхан амлалтуудыг өгч болчих бүтчих мэтээр намайг хуурсаар мэхэлсээр өдийг хүрсэн. Миний эзэмшлийн байр Гийн хууль бус үйлдлээс болж хураагдах хэмжээнд хүрч, миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд намайг Сайншанд сумын 2 дугаар багийн 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: ...Би нэг нутаг усны хүмүүс, мөн нэг дор ажилладаг учраас итгээд байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн юм. Гэтэл Ц орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр очиж бичүүлээд намайг эмнэлэг дээр байхад ирж гарын үсэг зуруулсан. Гэтэл Сайншандад байгаа үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариат хийдэг юм байна. Нотариатч Ц нь надтай уулзаагүй, би очоогүй, намайг ч дуудаагүй. Тиймээс хууль зөрчиж хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн улсын бүртгэгч нь нотариатын хийсэн үйлдлийн үнэн зөвийг шалгасны дараа улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэдэг байхад хууль зөрчиж хийсэн үйлдлийг анзааралгүй Ц.Гт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн нь хууль бус болжээ. Тиймээс Ц.Гтод гаргаж өгсөн 000309563 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна, эдгээр үйлдлийг хүчингүй болгож уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Э 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасны дагуу тус газраас бүртгэлийг хуулийн дагуу хийгдсэн гэсэн хариу ирүүлсэн тул Д.Жаргалсайханд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, мөн Хатанбулаг сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.Цд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Г бид хоёрын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Зээлийн гэрээнд 2 сар тавьж байгаад өгье гэсэн болохоор л хийсэн болохоос биш уг байрыг худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй. Тиймээс энэ хоёр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2014 оны 06 дугаар сард Дорноговь аймаг дахь *** банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Ц болон төрсөн ээждээ хэлтэл хадамын танил болох Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн байсан. Тэгээд *** банкны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Э эгчийн байрыг орон сууц худалдах худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон ба 6 сараас эхэлж банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Би банкинд “наадах чинь хүний байр, миний байр биш” гэж хэлж удаа дараа хэлсэн боловч байрыг хурааж авахаар боллоо гэсэн. Сүүлд хуулийн хүнээс зөвлөгөө авахад анхнаасаа хүчингүй гэрээ хийгдсэн байна гэхээр нь банкинд очиж буцаагаад би байрыг нь хүнд нь өгмөөр байна гэхээр банк байрны гэрчилгээг өгөхгүй байсаар байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хураагдах мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Иймээс би *** банкнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Эт шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Эт өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

Хамтран хариуцагч Д.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Учир нь Ц.Гт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгох ажиллагаа хуульд заасан журмаар хийгдсэн бөгөөд мэдүүлэг гаргагч Ц.Гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэйг нотолсон нэхэмжлэгч Т.Этэй байгуулсан, гэрчлэгдсэн худалдах, худалдан авах гэрээ, хуульд заасан бусад бүрдлийг хангасан байсан. Улсын бүртгэгч нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа тохиолдолд эрхийн бүртгэл хийхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан бүрдүүлбэрийг хангасан мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэсэн болно. Нэхэмжлэгч Э, хариуцагч Ц.Г нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулийн хүчин төгөлдөр эсэх, талуудын уг гэрээнээс үүдэлтэй эрх зүйн дагаврыг хүсэж үйлдсэн эсэхийг улсын бүртгэгч мэдэх боломжгүй бөгөөд тийм үүрэг байхгүй. Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан учир нэхэмжлэгч Т.Эрдэнэцэгт учруулсан хохирлыг Ц.Г хариуцах үүрэгтэй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах уг гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсний дараа түүнтэй холбоотойгоор улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Нөгөөтэйгээр Э нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлж байгаагаа, байрыг эргүүлж авч өгөх чадвартай эсэх, нотариатаар гэрчлэгдсэн ямар баримт дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан. Харин улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас Гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэжээ.

Хамтран хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2014.06.09-ний өдөр эмч Ж.Ц худалдах, худалдан авах гэрээ хийлгэе гэж ирсэн. Удалгүй Ц, Э хоёр миний өрөөнд ирж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. тухайн үед 25 сая төгрөгөөр зарсан, төлбөрийн тооцоо байхгүй гэсэн. Харин худалдан авагч Г өөрөө ирээгүй, иргэний үнэмлэхийг нь авч ирсэн байсан. Харин би үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг үнэхээр анзаараагүй байна. Тухайн үед зээлийн барьцаанд тавих гэж байгаа талаар надад юу ч хэлээгүй. 2015 оны 1 сард Э байрныхаа гэрчилгээний канондсан хуулбарыг барьж орж ирээд нотариатаар батлуулъя гэхээр нь би хуулбар батлахгүй, тэгээд энэ байр чинь Гт худалдсан биздээ гэхэд би түр хугацаагаар зээлийн барьцаанд тавиулахаар өгсөн, удахгүй буцаагаад авна, би татварын хөнгөлөлтдөө хамрагдмаар байна гэсэн. Тэгэхэд л би байраа зараагүй юм байна гэдгийг мэдсэн. 2015 оны 9 сарын сүүлээр надруу утасдаад чи хуурамч нотариат хийсэн, би танай өрөөнд очоогүй, Ц намайг цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан, би юун дээр зурснаа ч мэдэхгүй байна гэж загнасан. суманд ажиллаж байгаа нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нар худалдах, худалдан авах гэрээг тэр бүр хийдэггүй, хүмүүс аймагт ирж хийлгэдэг байсан юм билээ. Би нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй боловч заавар журмаа судлан хүмүүсийг аймгийн төв явуулж чирэгдүүлэхгүйгээр нотариатын үйлдийг сумандаа хийхийг зорьж, хэр хэмжээгээрээ чармайн, шударгаар ажиллаж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд *** банк шүүхэд гаргасан тайлбар шаардлагадаа: Ц.Г нь 2014.06.17-ны өдөр 3021-14/169 тоот зээлийн гэрээг тус банктай байгуулж, 27300000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, Сайншанд сумын 2-р баг, Шизүока гудамж, 47-р байрны 14 тоот, 42,63 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Харин тус банкны хувьд хууль ёсны өмчлөгчтэй нь хууль тогтоомжийн акт болоод журамд заасан үндэслэл, процессийн дагуу барьцааны гэрээг байгуулж, бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр юм. Ийнхүү хүчин төгөлдөр барьцааны гэрээ дуусгавар болох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байгаа. Э, Г нарын хүсэл зоригоо бодитоор илэрхийлж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд энэ гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээс харахад тэдгээр иргэд нь дээрх орон сууцыг тус банкны барьцаанд тавьж зээл авахаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Эийн өмчлөлөөс Ц.Гт шилжүүлсэн үйлдэл нь тэдгээр иргэдийн банкнаас мөнгө авах, хожим нь төлөхгүй байх, барьцаа хөрөнгөгүй болгох гэсэн шунахай сэдэлттэй үйлдэл байна. Хууль бус үйлдийн улмаас зээл төлөгдөхгүй, барьцаа хөрөнгө алдах зэрэг эрсдэл учирч болохыг урьдчилан тооцдог учраас зээлийн эдийн засагч орон сууцны өмчлөгч шилжүүлэхийг зөвлөх зэргээр хууль бус шаардлага тавьдаггүй. Нотариатч тойрог сольж гэрээ хэлцлийг хийсэн нь  тэрхүү хэлцлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, учир нь Иргэний хуулиар аливаа гэрээ хэлцлийн хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлийг хуулиар тогтоосон байдаг. Хэрвээ нотариатч нотариатийн үйлдэл хийх журмыг зөрчсөн бол нотариатчид хариуцлага тооцох үндэслэл бүрдэхээр байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн12 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх иргэд хоорондын маргаан биш. Учир нь энэ харилцаанд нэг талаас улсын бүртгэлийн байгууллага буюу захиргааны байгууллага тул иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй. Иймд Т.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56.5 дахь хэсэгт зааснаар Ц.Г, Т.Э нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Шизүока гудамжны 47-р байрны 14 тоот, 42,63 м2 талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.Гийн 000309563 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0713003017 тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 636 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос 636 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд *** банк давж заалдсан гомдолдоо:  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлийн нэг шаардлага нь “гэрчилгээг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэхийг улсын бүртгэлд даалгах тухай” байсан. Үндсэндээ улсын бүртгэлийн байгууллагад тодорхой арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага байсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага тухайн маргаанд хариуцагчаар оролцоогүй. Хариуцагчаар гагцхүү Ц.Г гэж хувь хүнийг татан оролцуулсан. Захиргааны байгууллагыг хариуцагчаар татахыг хүсч байгаа бол энэ нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд харъяаллын дагуу хандан гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн шүүхийн харъяалал зөрчсөн үйлдлийг шүүх илрүүлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байтал энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хангаж өөрийн харъяалалд үл хамаарах нэхэмжлэлийг шийдвэрлэж, өөрт хамаарахгүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байтал үүнийг шүүхээс тодруулалгүй нэхэмжлэлийг өөрийнхөөрөө нэмж тайлбарласан байна. Нэхэмжлэлийн шаардлагад “... улсын бүртгэлд даалгах ... ” гэж байсан гэтэл шүүхээс “Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс” гэж өөрөө нэхэмжлэлийг нэмж тайлбарласан байна. Шүүх гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэдэг болохоос өөрөө нэхэмжлэлийг үргэлжлүүлэн тодруулах ёсгүй юм.

Шүүхээс тухайн хэлцлийг зээл авах зорилгоор хийсэн гэдгийг анхаарч үзсэнгүй. Зээл звах зорилгоор орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдоно. Банкны хувьд тэр хэлцлийг дүр үзүүлж хийсэн эсэхийг буюу тодорхой үр дүнд хүргэх зорилготой эсэхийг урьдчилж таньж мэдэх боломжгүй байсан. Банкинд тухайн гэрчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан гэж хэлээд зээл авч барьцаанд тавихаа илэрхийлсэн байгаа нь тухайн хэлцлийг тодорхой үр дүнд хүрэх зорилготой байсныг илэрхийлж байна. Гэтэл тэр хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзсэн байгаа нь үндэслэл муутай байна.

Үнэхээр дүр үзүүлсэн юм бол яагаад тухайн орон сууцаа барьцаалж зээл авахыг хүссэн болох вэ? Орон сууцаа өөрийнхөө хууль ёсны өмч гэж үзээд зээлийн барьцаанд өмчлөгчийн хувиар тавихыг хүссэн байдаг нь энэ маргаанд дүр үзүүлсэн эсэх асуудлыг тогтооход маш чухал асуудал байсан. Ийнхүү зээлийн барьцаанд өмчлөгчийн хувиар тавьж байхдаа энэ өмчөө дүр үзүүлсэн хэлцлийн улмаас авсан гэж огт үзээгүй байдаг. Өөрийнхөө өмч гэж үзээд барьцааны гэрээнд өмчлөгчийн хувиар гарын үсэг зурсан байдаг. Үнэхээр дүр үзүүлсэн юм бол энэ хэлцлийнхээ үр дүнг дараагийн хэлцлүүддээ ашиглаад яваад байж болох уу? Өмчлөл шилжсэн хэлцэл, түүний үр дүнг барьцааны гэрээ байгуулах үедээ зөвшөөрч, ямар нэг маргаангүй мэтээр гарын үсгээ зурсан байдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Зээл авсныхаа дараа л гэнэт өмчлөгч болсон нь үндэслэлгүй, зорилгогүй, үр дүнгүй мэт санагдсан гэхэд үнэхээр үндэслэлгүй бөгөөд үнэмшилгүй байна. Энэ нь зүгээр л зээл авсны дараа барьцааг хүчингүй болгох гэсэн явцуу санаа юм. Үүнийг шүүхээс зөв зүйтэй үнэлж дүгнэх ёстой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг орон Т.Эийн өмчлөлд байдаг, одоог хүртэл ус дулааны мөнгөө төлж байдаг гэдэг нь гэрч Ц, Сансарбаяр, Наранцацрал нарын мэдүүлгээс харагддаг. Худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцэл нь  анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Цгийн мэдүүлэг зэргээр тогтоогддог тул анхан шатны шүүх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрчилгээний нэрийг солихыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г *** банкнаас зээл авахдаа Эийн байрыг гуйж авсан гэдгээ тодорхой мэдүүлдэг. Он сараар хөөгөөд үзэхэд Э Гт байраа шилжүүлсэн огноо, зээлийн гэрээний он сар ч гэсэн 2014.06.17-ны өдөр хийгдсэн байдаг. Эээс Г руу шилжүүлсэн нь 2014.06.09-ний өдөр байдаг. Хоног хугацаа, сарынхаа хувьд ч гэсэн уг байрыг барьцаанд тавихаар авсанаас биш худалдах, худалдан авах гэрээний зориулалтаар аваагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Банкнаас гаргасан зээлийн гэрээнээс харахад ч Г өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан байсан бол худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа банкны 0,8 хувийн орон сууцны ипотекийн зээл гарах боломжтой байсан. Банк нь өөрөө огт энэ зээлд хамааралгүйгээр энгийн буюу хэрэглээний зээл гаргасан байгаа нь дүр үзүүлэн хэлцэл гэдэг нь харагдаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд нийт 3 удаа нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зарим шаардлагаас татгалзаж, өөрчилсөн байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор,

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Т.Ц, Д.Жаргалсайхан нарт холбогдуулан шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 202 тоот “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчингүй болгох, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000309563 дугаар гэрчилгээ, Ү-0713003017  улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизока гудамж,  47 дугаар байрны 14 тоот 42,63 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч Д.Жаргалсайхан, Т.Ц нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж,

2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд “худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизока гудамж,  47 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцыг Т.Эийн нэр бүртгэхээр улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргуулах “ гэж нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч өөрчилжээ.

Дээрхээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж үзэхээр ба энэ нь нэхэмжлэгч анх хариуцагч Ц.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба тэрээр энэ  нэхэмжлэлээс татгалзсан эсэх нь тодорхойгүй, улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч уг нэхэмжлэлийг өмгөөлөгч өөрчилж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т тус тус нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох, эсхүл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч Т.Э нь өмгөөлөгчдөө төлөөлөх эрх олгоогүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч болохынхоо хувьд хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийг эдлэх учиртай ба энд өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх эрхийг олгоогүйн гадна  хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийг өөрчлөх эрх нь зөвхөн нэхэмжлэгчид байхаар зохицуулсан байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзсэн атлаа уг өөрчлөгдсөн нэхэмжлэлийг хариуцагч Ц.Г болон  гуравдагч этгээд болох *** банкинд гардуулж өгөөгүй, тэдний нэхэмжлэлтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлээгүй, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 348 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг мөн өдрийн 09:00 цагт хийхээр товлож, тухайн цаг хугацаанд хийсэн нь ойлгомжгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д нийцээгүйн гадна мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзнэ.

Улмаар анхан шатны шүүх *** банкийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-144/ атлаа шүүхийн шийдвэрт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд зохигчдын хэн алиныг дэмжиж оролцоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сайншанд тооцооны кассын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Болормаа /хх-168/, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хуульч Г.Чинбат, Х.Идэрбулган /хх-211/, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харилцагчийн менежер Ч.Энхсоёл /хх-242/ нарыг томилсон ба төлөөлөгч Л.Болормаагаас бусад төлөөлөгчөөс татгалзсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар тодруулаагүйгээр төлөөлөгч Л.Болормаагаас бусад төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 76 дугаар зүйлийн 76.1.2-т нийцээгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Болормаагийн гаргасан “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2017/00079 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд *** банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

                          ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                          Н.БАТЧ