Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 183/2016/00539/и |
Дугаар | 07 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 07
*** банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2017/00066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*** банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох
2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 484, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 346 тоот зээлийн болон барьцааны гэрээнүүдийг нэг талын санаачлагаар цуцлан нийт 2,340,124,775.36 төгрөгийг гаргуулах, түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус тус гаргуулах тухай иргэний хэргийг
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ч.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 250 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээл, мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 035 180 000 төгрөгийг 26 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийг авсан.
Тус зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 17-р хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м2, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 00048823, соёл урлаг үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж-20 дугаар бүхий Од кино театрын барилга, гэрчилгээний дугаар ***, улсын бүртгэлийн дугаар Ү-***, 1320 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 1-р хороо *** тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Ү-***, 37,6 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар ***, 4,2 га газар 15 жилийн хугацаатай хаягдал далан барих зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус баталгаа болгосон. М ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүгд 1,111,089,444.60 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн гэрээний болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 641,486,636.76 төгрөг, зээлийн хүү 133,531,607.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,706,321.59 төгрөг, нийт 809,413,678.56 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 952,362,353.70 төгрөг, зээлийн хүү 481,957,285.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,391,457.18 төгрөг, нийт 1,530,711,096.80 төгрөг, нийт 2 зээлийн төлбөрт 2,340,124,775.36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №484 тоот гэрээнд заасан санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч хугацаандаа зээлийн төлбөрөө хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХХК, *** банктай байгуулсан 484 тоот гэрээ бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл юм. Зээлийн гэрээний олгосон зээлийн хэмжээ гэдэг дээр 2 тэр бум төгрөг гэж бичсэн мөртлөө гэрээгээр олгосон 1 тэр бум 250 000 000 төгрөг гээд биччихсэн. *** банк нь санаатайгаар тухайн зээлийн 40 хувийг олгохгүйгээр, санхүүгийн хувьд дампууруулчихаад эцэст нь хугацаанаас өмнө зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах гэж байгаа нь цэвэр санхүүгийн луйвар гэж үзэж байна. Барьцаа хөрөнгө нь 5 000 000 000 төгрөгөөр үнэлж байгаа Л.Бын өмчлөлийн сүм байгаа юм. Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Од кино театрын барилга байна. Барьцааны гэрээ нь Монгол улсын хууль журмын дагуу байгуулагдсан байх ёстой. Гэтэл энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар 484 болон 346 дугаар гэрээнүүд нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан 484/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч “М” ХХК-иас үндсэн зээл 1,593,848,990.46 төгрөг, зээлийн хүү 621,896,487.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,379,297.48 төгрөг, бүгд 2,340,124,775.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” банкинд олгохоор,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/0132 18641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,
Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20 /хуучнаар “Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар ***, Улсын бүргэлийн дугаар Y-***, 1,320 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, *** тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Y-***, 37,6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 0002598191, 4,2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулж,
нэхэмжлэлээс 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,858,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,858,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаад нэхэмжлэгч шүүхийн харъяалал зөрчсөн нь тогтоогдсон тул 183/Ш32017/00045 дугаар захирамжаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1-т тус тус зааснаар шүүгч шүүх хуралдаан товлосон тохиолдолд энэ тухай захирамж гаргах хуультай. Хэргийн материалтай танилцахад ч захирамж байгаагүй, өнөөдөр ч хэргийн материалд авагдаагүй байна. Шүүгчийн туслах 2017 оны 2 сарын 06-ны өдрийн 13.30 цагт гэж шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дагуу шүүх хуралд оролцсон. Шүүх хурлыг шүүгч В.Амартүвшин даргалан явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан анхан шатны шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчиж тус хуулийн 107 дугаар зүйлд заасан зохигч, оролцогч мэтгэлцэх шатыг алгасан 108 дугаар зүйлд заасан нотлох баримт шинжлэн судлах үе шатаас эхлүүлэн шүүгч хүний хувьд байж боломгүй алдаа гаргасан. Миний бие шүүх хурлыг хуульд заасан дэгийн дагуу явуулахыг шаардахад надад сануулах арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д тус тус зааснаар хэргийг дангаар шийдвэрлэж буй шүүгчийг татгалзан гаргаж байгаа тохиолдолд шүүгч хурлыг хойшлуулж, тухайн асуудлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хуультай. Гэтэл шүүгч В.Амартүвшин шүүх хуралдааныг хойшлуулахдаа шууд тухайн өдрийн 15:00 цаг гэж шийдвэр гаргаж байгаа нь татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэхээс өмнө өөрөө шийдвэр гаргаж шүүх хуралдаан дахин зарласан, хоёрдугаарт Ерөнхий шүүгчийн эрх мэдэлд шууд халдсан буюу гаргах шийдвэрийг нь урдаас мэдэж байсан гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүх хуралдааны явцад тэмдэглэл үйлдэх журамтай, гэтэл хэргийн материалаас үзэхэд 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 13.30 цагт товлон хуралдсан хуралдааны тэмдэглэл хэрэгт өнөөдрийг хүртэл авагдаагүй байна. Зөвхөн хуралдаан хойшлуулсан тухай 136/ЕШ2017/000044 дугаар захирамж хэрэгт авагджээ. Үүнийг шүүгч өөрийн хууль бус үйлдлийг нуух гэсэн оролдлого гэхээс өөрөөр үзэх боломжгүй юм. Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах ёстой. Ерөнхий шүүгчийн энэ захирамж 2017 оны 2 сарын 03-ны өдөр гарсан байна. Энэхүү| захирамж гарахаас өмнө 2017 оны 1 сарын 20-ноос эхлэн тус хэрэгт шүүгч В.Амартүвшин ажиллагаа явуулж байсныг хэргийн материалаас харж болно. Дээр дурдсан алдаанууд нь шүүхийн үйл ажиллагаанаас гарсан гэхэд хэтэрхий бүдүүлэг алдаанууд бөгөөд шүүгчийн хараат бус байдалд илэрхий эргэлзээ төрүүлж байгаа тул гуравдагч этгээдийн төлөөлөгч миний бие тухайн хэрэг шүүгчид хуульд заасан журмын дагуу хувиарлагдаагүй буюу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүх ямар нэгэн процессийн алдаа гаргаагүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Л.Б гэж хүн 2 гэрээн дээр танилцаад гарын үсгээ зурчихсан байхад үүнийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Анх 2 тэр бум төгрөгийн зээл олгохоор гэрээ байгуулсан, гэхдээ 2 тэр бум төгрөгийг олгоогүй. Учир нь банк жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийг дамжуулах үүрэг хүлээж байсан. Сангаас олгосон эх үүсвэр нь 1 тэрбум 250 сая төгрөгийг олгосон. Хариуцагч ч үүнийг хүлээн зөвшөөрдөг, зээл авсан мөнгөн дүн, зээл эргүүлэн төлсөн мөнгөн дүн дээр хариуцагч маргаан хийдэггүй. Анхан шатны шүүх зөв тайлбарлаж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүйн гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс доорх алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *** банк нь М ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл /хх1-2/ гаргаж, нийт 2 зээлийн гэрээ, барьцааны гэрээг цуцалж, нийт төлбөрт 2,340,124,775,36 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулахыг шаардсан бөгөөд шаардлагаа 2012-07-25-ны өдрийн 484, 2013-08-21-ний өдрийн 346 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2015-01-06-ны өдрийн 484/01, 346/01 дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг үндэслэж /хх6-26/, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржхандаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй /хх-47/ гэж маргасан байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллгааны тухай хуулийн 20, 21, 22, 23 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тус тус банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох, зээлийн үйл ажиллагааны талаар тодорхой зохицуулжээ.
Гэтэл нэхэмжлэгч *** банк зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, гэрээний дагуу зээлийг олгохдоо мөнгөн хөрөнгийг хариуцагчид дутуу шилжүүлсэн/хх-99/, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2 зээлийн гэрээний дүн/хх-12,17/ нэхэмжлэл/хх-1/-д дурдсан дүнгээс зөрүүтэй, зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн талаарх баримт, төлбөрийн тооцоо зэрэг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх ба нэхэмжлэгч талаас нотлох баримт/хх-84/ гаргуулах тухай шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад анхан шатны шүүхээс 484/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагчаас зээлийн төлбөрт 2,340,124,775,36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож, барьцаа хөрөнгөөс гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас 346, 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346,484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Үүнээс гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Мөн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад шаардлагатай төдийгүй хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой.
Түүнчлэн шилжиж ирсэн хэргийг шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу хүлээн авсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй нь шүүгч хэрэг маргааныг хэнээс хараат бус байж шийдвэрлэх хуульд заасан журамд нийцээгүйн зэрэгцээ тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө, шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэргийн оролцогчдод тайлбарлаж энэ тухай баримтжуулна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч хэргийн талаар танилцуулснаар эхлэх, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхтэй талаарх Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг шүүгчээс зөрчсөн байна.
Мөн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос гаргасан “шүүгчийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 92.4-т заасны дагуу шүүгчээс захирамж гаргаж шийдвэрлэсэн боловч зөвхөн энэхүү захирамжийг оролцогчдод танилцуулсны дараа шүүх хуралдааныг хаалгүйгээр, үргэлжлүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан ” Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах”, мөн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Анхан шатны шүүх хуралдааны дэг”-ийн дагуу хуралдааныг эхнээс нь буюу шинээр эхлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 11 858 574 төгрөг төлснийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бод буцаан олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2017/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 858 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Н.БОЛОРМАА