Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0537/З |
Дугаар | 372 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 372
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүгч А.Н, шүүгч Г.М нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Иргэн Б.Б
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Гуравдагч этгээд: Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б д холбогдох хэсгийг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүгийн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/255 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөн албан тушаал бууруулж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргаар томилогдсон. Ингэхдээ намайг з
ахиргааны санаачлагаар ажлын байр өөрчлөх гэж байгаа болон өөр албан тушаал санал болголгүй шууд тушаал бууруулж томилсон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн хариу өгсөн.
Намайг Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэл болгосон ба энэ заалтад “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, тусгаарлах, хуваах, өөрчлөх) эсхүл зохион байгуулагдсан бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. Үүнээс үзвэл тушаалд заасан үндэслэл чөлөөлөх үндэслэл бус төрийн албан хаагчдын баталгааны заалтаас үндэслэжээ. Энэ үндэслэлээр намайг албан тушаал бууруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн цагдаагийн газар хэдийгээр Эрүүгийн цагдаагийн алба болж өргөжсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн ба даргын албан тушаалд нь ямар ч шалгаруулалт хийгдээгүй. Салбар зөвлөлийн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн хурандаа Б.Бийг албан ажлын шаардлагаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон байна.” гэжээ. Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах бол төрийн албаны холбогдох заалтуудыг үндэслэх ёстой. Түүнээс зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэл болгохгүй гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гээд албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухай албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд л албан тушаал бууруулахаар заасан.
Миний ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-ийг үнэлэх хуудсаар “А” буюу 95.1 хувиар үнэлснийг нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар П.Батбаатар баталгаажуулсан нь албан тушаал, зэрэглэл буурах үндэслэл болохгүй шударга бус гэж үзэж байна.
Хуульд заасан дээрх үндэслэлүүдийн нэг нь ч тогтоогдоогүй байхад албан тушаалаас чөлөөлж бууруулан томилсон нь үндэслэлгүй байна. Миний бие төрийн тусгай албанд 27 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын даргын цалингийн сүлжээгээр урьд ТТ 16-5 гэсэн ангилалд багтаж байсан бөгөөд одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргын цалингийн сүлжээгээр бууруулж ТТ15-5 болгосон нь эдийн засгийн хувьд болоод эрх зүйн хувьд доройтуулж хохироосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалуудын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүгийн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их хурлаар батлагдаж улмаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилснээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цагдаагийн байгууллагад бүтэц, зохион байгуулалт хийгдэх шаардлага бий болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтыг бүтцийг баталж, “Эрүүгийн цагдаагийн газар”-ыг “Эрүүгийн алба” болгон өөрчлөн тогтоосон.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 144, 2016 оны 4, 2017 оны 76 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг хоёрдугаар , албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг гуравдугаар шатлалаар баталсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/251 дүгээр тушаалын хавсралтаар Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг тогтоосныг хүчингүй болгож энэхүү тушаалын хавсралтаар Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/134 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж томилох тухай тушаалд цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаал /ажлын байр/-наас чөлөөлсөн алба хаагчдын нэрсийг нэгдүгээр, шинэчлэн баталсан бүтэц, орон тооны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал /ажлын байр/-д томилсон албан хаагчдын нэрсийг гуравдугаар хавсралтаар баталсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн тушаалын 2 дахь хэсэгт “Цагдаагийн хурандаа Б.Бийг Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажлаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 16-ны өдрөөс Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсугай.” гэж заасан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, ... эрхийг эдлэхээр заасан байна.
Цагдаагийн хурандаа Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/121 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг харьяаллын дагуу шилжүүлснийг Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар шийдвэрлэжээ.
Энэхүү салбар зөвлөлийн хуралдаанаар “Цагдаагийн хурандаа Б.Бийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн цагдаагийн хурандаа Б.Бийг Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажлаас энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 16-ны өдрөөс Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/121 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийн “Хуулийн үндэслэл”-д Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж заасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, Б.О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж тодорхойлсон.
Хуульд заасан дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд алба хаагчийн мэргэшил, ур чадвар, ажлын туршлагыг харгалзан нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэн ажиллуулах албан ажлын шаардлага тулгардаг бөгөөд энэ шаардлагын хүрээнд шинэчлэн батлагдсан алба хаагчийг шилжүүлэн томилж болохоор зохицуулсан.
Цагдаагийн төв байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, хүний нөөцийн бодлого боловсруулах, алба хаагчийн томилж чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэхээр заасан.
Энэхүү эрхийн хүрээнд Б.Бийг албан ажлын шаардлагаар шилжүүлэн томилсон болно.” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Цагдаагийн хурандаа Б.Д миний бие цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж хэсгийн төлөөлөгчөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын шийдвэрээр 2003 оноос цагдаагийн байгууллагын харьяа нэгжүүдэд хэлтэс, газрын даргаар томилогдон удирдах ажил эрхэлж байгаад цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/273 дугаар тушаалаар тус албаны даргаар томилогдон ажиллаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бөөс гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Бд холбогдох хэсгийг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүгийн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, Эрүүгийн цагдаагийн газрыг Эрүүгийн цагдаагийн алба болгон өөрчлөн байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар харьяа алба, нэгж, зарим нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг тус тус баталжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус үндэслэн Б.Бийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон байна.
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Бөөс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 07 дугаар тогтоолоор уг тушаалын үндэслэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын үндэслэлийн “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3” гэсний дараа “Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1” гэж нэмжээ.
Нэхэмжлэгч нь “...Эрүүгийн цагдаагийн газар хэдийгээр Эрүүгийн цагдаагийн алба болж өргөжсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн...” гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилсон үндэслэлээ “...албан ажлын шаардлагаар шилжүүлэн томилсон болно. ...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах … ” гэж төрийн албан хаагчийн баталгааг хуульчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн цагдаагийн газрын дарга болон Эрүүгийн цагдаагийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтуудад “Монгол Улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд байгууллагын бодлого, чиглэлийг тодорхойлж, Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэгжүүлэх чиг үүрэг, гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүй, удирдлагаар ханган удирдан зохион байгуулж хянах тавих” гэж ажлын байрын зорилго, түүний хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг / үндсэн зорилт, гол үйл ажиллагаа/ нь өөрчлөгдөөгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн цагдаагийн газрын дарга гэх албан тушаалын нэр нь Эрүүгийн цагдаагийн албаны дарга болж өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, өмнөх агуулга нь хэвээр хадгалагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг Эүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох үндэслэлүүдийг заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч нь хариу тайлбарын үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь “...Б.Бийг албан ажлын шаардлагаар шилжүүлэн томилсон” гэдгээ нотолж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хариуцагч нь Б.Бийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар шилжүүлэн томилохдоо өөртэй нь тохиролцож, сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой байжээ.
Гэтэл Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5б/3575 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Бд холбогдох хэсгийг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон учир нэхэмжлэгчийг ажилд шилжүүлэн томилсон хэрэгт авагдсан цалингийн картад үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажлын нийт 314 хоногоор тооцож, цалингийн зөрүү 6,112,991 /зургаан сая, нэг зуун арван хоёр мянга, есөн зуун ерэн нэг/ төгрөгийг Б.Бд олгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Бд холбогдох хэсгийг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бийг Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 6,112.991 /зургаан сая, нэг зуун арван хоёр мянга, есөн зуун ерэн нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүгийн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ А.Н
Г.М