Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 301

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын .... тоот захирамжийн Т.М холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээд Т.М итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... тоот захирамжийн Т.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Бид шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад дахин хэргийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад П.Б ашиг зөрчигдсөн байна, үүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж арга хэмжээ ав гэсэн утга бүхий албан тоот хүргүүлсэн. Тийм учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... тоот захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Газрын албаны П.Б газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, П.Б 1994 оноос хойш ашиглаж байгаа газрыг нь хуульд нийцүүлэн эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. П.Б нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байрлах 425 метр газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа боловч баталгаажуулж чадахгүй байгаа. П.Б тухайн газарт 19 жил амьдарсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Зуслангийн газрыг нэгдсэн журмаар олгоно гэж байсан учраас П.Б анх газар эзэмших хүсэлтээ 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасан. Үүнийг нь 603 тоот бүртгэлд бүртгэж аваад шийдвэрлээгүй байгаа. Дараа нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн албан тоотоор “Таны эзэмшиж, ашиглаж байгаа газар Ч.Ц нэр дээр бүртгэлтэй байгаа учир танд эзэмшүүлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт цуглуулах явцад Ч.Ц гэдэг хүн газар эзэмших талаар огт хүсэлт гаргаж байгаагүй талаар лавлагаа ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ... тоот албан бичгийг өгөхдөө огт мэдээллийн санд ороогүй, хүсэлт гаргаж байгаагүй этгээдийг газар эзэмшиж байгаа мэтээр хариу өгч байсан нь хууль бус байна гэж үзэж байна. П.Б 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу 5 хоногийн дараа дахин өргөдөл гаргахад Газрын албаны мэргэжилтнүүд мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн газар дээр очиж үзлэг хийсэн. Ингээд дахин “Ч.Ц 623 метр газарт таны газар эзэмших хүсэлт гараад байгаа учраас танд гэрчилгээ олгох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. П.Б газраа эзэмшиж чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон учраас дээд шатны Засаг дарга буюу тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүлд хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг дарга П.Б хүсэлтийг хянаж судлаад “Ч.Ц эзэмшиж байгаа газар холбогдох захирамж, зөвшөөрөл авагдаагүй байна. Зуслангийн нэгдсэн зураг төсөл хийлгэхдээ таны газрыг оролцуулаад газрын мэдээллийн санд ямар нэг хүсэлт, зөвшөөрөлгүйгээр оруулсан байгаа нь Газрын тухай хуулийн 27, 31, 34 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Иймд холбогдох арга хэмжээ авч шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэн П.Б эрх ашигт нийцүүлж асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэлгүй П.Б хохироож байна. Энэ нь хууль бус эс үйлдэхүй юм. Ингээд П.Б Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Б дахин Нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг даргаас тухайн үед байсан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр П.Б өгч байсан хариу үндэслэлтэй байгаа тул Ч.Цэвээнсүрэнд Газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормаад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0727 тоот албан бичгээр даалгасан. Өмнөх Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эрх хэмжээгээ эдэлж байх үедээ зөрчил байгааг тогтоож, энэ талаар арга хэмжээ авч П.Бэрх ашгийг хамгаалахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан. Мөн захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгож байж П.Балжиннямын асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн үе үеийн Засаг даргуудын албан бичиг удаа дараа гарч байсан учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн иргэн П.Б 1994 оноос хойш 425 метр газрыг эзэмшиж байгаа гэдгээ 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Полигона метр” ХХК-иар тодорхойлуулаад, тухайн 425 метр газрын кадастрын зурагтай холбогдох баримтуудаа хавсаргаад хүсэлтээ удаа дараа гаргасан байдаг. П.Б 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт өгсөн байдаг. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус газарт Ч.Ц гэдэг хүн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй учир танд эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл Ц.О П.Б хүсэлт гаргасан өдрөөс 15 хоногийн дараа буюу мөн оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт өгсөн байхад Ц.О тус газрыг эзэмшүүлсэн байна. П.Балжинням газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргаад байхад газар олгодоггүй хэрнээ Ц.О шууд газар эзэмших эрх олгож байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заагдсанаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газарт давхцуулан хүсэлт гаргасан этгээдэд газар олгосон нь П.Б хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Ц.О тухайн газрыг 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр кадастрын зурагт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Ц.О нь П.Б газраа кадастрын зурагт оруулснаас хойш 2 жилийн дараа “Гортиг тэс” ХХК-иар кадастрын зураг хийлгэж, тус кадастрын зургаа 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтдээ хавсаргаж өгсөн байдаг. Тухайн үед Ц.О П.Б газрыг оролцуулан кадастрын зураг хийлгэсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Мөн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Ц 952 метр газартай гэсэн кадастрын зураг ирсэн байдаг. Үүнийг хууль ёсны кадастрын зураг гэж үзэх боломжгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж П.Б эрх, ашиг сонирхлыг хамгаалж, эзэмшиж ашиглаж байгаа газраа хууль тогтоомжид нийцүүлэн авах эрхийг нь нээж, Ц.О, Т.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Б Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох ... дүгээр захирамжийн Ц.О, Т.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Анх 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн газрыг нэгдсэн журмаар зурагжуулах төслийн хүрээнд тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байрлах 952 метр газрыг иргэн Ч.Ц нэр дээр газрын мэдээллийн санд оруулсан байдаг. Үүний дараа Ц.О 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн Газрын албанд ирүүлсэн газар эзэмших тухай хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга ... захирамж гарсан. Тус захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газрын мэдээллийн санд Ц.О газрыг 623 метр болгож талбайн хэмжээг багасгасан. Ц.О2017 оны А/187 дугаар захирамжаар 623 метр газар эзэмших эрхээ Т.М шилжүүлсэн. Иргэн П.Б нь 2005 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан боловч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалт зөрчигдөж байна гэж үзэж байна. 

Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав. Гуравдагч этгээд Ц.О 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 1983 оноос хойш 2009 он хүртэл зун болгон тус газарт зусланд гарч байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад, кадастрын зургаа хийлгэж байхдаа бүх юм ном журмын дагуу явагдсан гэж бодсон. Гэтэл ийм асуудал гарсанд их гайхаж байна гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус газрыг хууль ёсны гэрчилгээ, албан ёсны бичиг баримттай нь худалдан авсан. Түүнээс биш П.Б гуайн албан ёсны гэрчилгээтэй газрыг дээрэмдэн аваагүй. Миний албан ёсны гэрчилгээтэй газрыг авах гэж байгаад гомдолтой байна. Мөн Нийслэлийн Засаг даргын ирүүлсэн албан бичиг тухайн дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж байна гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Нэгдсэн шугам сүлжээтэй, газар чөлөөлөх асуудалд Нийслэлийн Засаг дарга оролцдог. Түүнээс биш дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр, тогтоолыг цуцлах албан бичиг ирүүлж байгаа нь байж болохгүй. Мөн би “Осмо” ХХК болон Ц.Одонцэцэгээс ямар нэгэн маргаан, зөрчилгүй талаар баталгаа гаргуулж байж тус газрыг худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... захирамжийн Т.Майцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... дүгээр захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд иргэн П.БСүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын  зусланд 425 м.кв газар  эзэмших хүсэлтийг 2005 оноос хойш гаргаж байгаа боловч Сүхбаатар дүүргийн газрын албанаас бусдын эзэмших газартай давхцалтай гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, маргаан бүхий газрын зарим хэсгийг оролцуулан бусдад эзэмшүүлсэн үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “Сүхбаатар дүүргийн Засаг дарга өнөөдрийг хүртэл миний хүсэлт гаргасан газрын эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаар “...хүний хашаалж амьдарч байсан газрыг бусдад олгосон нь хууль тогтоомж зөрчсөн байна...” гэж үзэж уг асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн” гэж харин хариуцагч тал “маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар 623м.кв газрыг Ц.О эзэмшүүлснийг 2017 оны  А/187 дугаар захирамжаар иргэн Т.М эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн байх бөгөөд тус захирамжийг Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан” гэж маргаж байгаа болно.          

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгах, талбай өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” А/187 дугаар захирамжийн Т.Мхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Иргэн П.Б нь өөрийн амьдардаг ... газарт кадастрын зураг хийлгэн газар эзэмших хүсэлтийн хамт Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны хандаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 305 тоот, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 217 тоот албан бичгүүдээр мөн хүсэлтийг хүлээн авсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэн П.Б 25 жил амьдарсан, олон жилийн өмнөөс хашаатай байсан гэх зуслангийн байшингийн хойд талын хэсгийг дүүргийн Засаг даргын 2015 оны  А/340 дүгээр захирамжаар иргэн Ц.О эзэмшүүлж, ... захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Т.М шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрын асуудлаар нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх ба нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Д 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б хүргүүлсэн 07/27 тоот албан бичигтээ “Ц.О ... дүгээр захирамжаар олгосон газрыг хэсэгчлэн хүчингүй болгож, иргэн П.Б  гомдолыг барагдуулж, өмчлөх эрхийг хангах талаар арга хэмжээ авч ажиллах”-ыг үүрэг болгосон байх бөгөөд дүүргийн Засаг дарга өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  тайлбараар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн газрын албаны Кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээллийн зургаар нэгж талбарын 18643328826158 дугаартай 623.07 м.кв талбайтай газар Т.М нэр дээр бүртгэлтэй байна. 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн кадастрын зургаас үзэхэд иргэн Ч.Ц нэр дээр нэгж нэгж талбарын 18643328832162 дугаартай 952 м.кв газрын зураг байх бөгөөд эндээс 623 м.кв газрыг Ц.О эзэмшүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зуслангийн газрын газрын албанаас зурагжуулах ажил хийсэн. Энэ дээр алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй зуслангийн талбайг нийтээр нь албан журмаар кадастрын зураг хийсэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Үүгээр иргэн Ч.Ц газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Ц.Ошилжүүлэн авсан гэж үзэх боломгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гуравдагч этгээд шинээр зуслангийн газар эзэмших хүсэлт гаргахдаа  нэхэмжлэгчийн дараа гаргасан” гэсэн тайлбарыг хүлээн авахаар байна.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “Газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах” гэж заасан бүрэн эрхтэй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг дарга дээд шатны Засаг даргаас ирүүлсэн зөрчил арилгах тухай албан даалгаварыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. 

           Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох”-оор, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”,  29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шүүх тухайн газрын нөхцөл байдлыг цаашид тодруулахгүйгээр иргэн П.БСүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд 425м.кв газрыг эзэмшүүлэхийг захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй байна. 

Учир нь шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь иргэн Т.М эзэмшлийн газар бөгөөд нэхэмжлэгчийн зуслангийн байшингийн яг ар талд байршилтай, нэхэмжлэгч энэ газрыг оролцуулан нийт 432 м.кв газрыг эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаад байгаа болно.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргаад байгаа 432 м.кв газрын байршлыг тогтоох боломжгүй, тухайн газарт эзэмшүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх эрхгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... захирамжийн 359 дугаарт байгаа Т.М газар эзэмших эрх шилжүүлэн авсан газрын маргаан бүхий хэсгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрх бүхий захиргааны байгууллага тухайн иргэдийн газрын маргааныг нэг сарын хугацаанд тодруулж шаардлагатай гэж үзвэл нэмж тодруулан дахин захиргааны акт гаргах бөгөөд шүүхээс заасан хугацаанд шийдвэрлэхгүй бол  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй.

2. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ын хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Сүхбаатар дүүргийн  Засаг даргын ... өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” ... дүгээр захирамжын хавсралтын 77-д иргэн Ц.О Сүхбаатар дүүргийн Шарга морьт зусланд 15 жилийн хугацаагаар 623 м.кв газрыг эзэмшүүлэхээр баталгаажуулсан байна.

Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... өдрийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгах, талбай өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” ... захирамжийн 1 дүгээр хавсралтын  359-д зааснаар ... дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай нэгж талбарын 18642330447440 дугаартай 623 м.кв газар эзэмших эрх үүссэн Ц.О эзэмших эрхийг Т.М шилжүүлэхээр шийдвэрлэж, тус захирамжийн 2 дахь заалтаар нэгдүгээр хавсралтын 9 дүгээр багана дахь захирамжуудын 5 дугаар багана дахь иргэдэд холбогдох заалтуудыг хүчингүй болгожээ. Энэ нь ... захирамжийн Ц.О холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул шүүхээс маргаан бүхий захирамжийг дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

3. “Сүхбаатар дүүргийн газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож П.Б газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 19 хороо, Шарга морьт зусланд 425м.кв газар эзэмших хүсэлтийг гаргахад Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 217 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 305 тоот албан бичгээр, Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11/949 тоот албан бичгээр “бусдын эзэмшил ашиглалтанд байх тул танд эзэмшүүлэх боломжгүй байна” гэсэн татгалзсан хариуг удаа дараа өгч байсан байх тул захиргааны байгууллагыг иргэдийн өргөдөлд, хүсэлтэд хариу өгөөгүй, ямар шийдвэр гаргаагүй гэж үзэж эс үйлдэх хууль бус болохыг тогтоох боломжгүй юм.

Мөн шүүхээс маргаан бүхий захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэн гарах үр дагаварыг сануулж байгаа тул захирааны байгууллага тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулж дахин шинэ акт гаргах тул нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж буй хэрэг учраас нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасаныг баримтлан П.Б нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан гаргаснаар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... дүгээр захирамжийн Ц.Одонцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын ... захирамжийн Т.М холбогдох хэсгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ