Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01273

 

В  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 905 дугаар магадлалтай,

В  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.О , Б.Г , Д.Д  нарт холбогдох,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А , өмгөөлөгч Г.Бадамханд, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч В  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...В  ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 15-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10 дугаар байрыг түрээслэн ажиллаж байна. Тус байрны комендантаар иргэн Х.Д-ийг авч ажиллуулан, сард 530.000 төгрөгөөр цалинжуулж, тухайн байрны 6 тоотод амьдруулан түүний өмнөөс байрны сарын түрээс 600.000 төгрөг болон цахилгаан, халуун, хүйтэн усны мөнгийг компани хариуцан төлж ирсэн. 2013 оноос нэхэмжлэл гаргах хүртэл Х.Д-ээс дээрх зардлуудыг нэхэмжилж байгаа бөгөөд заасан хугацаанд байраа чөлөөлж өгөх шаардлага тавьсан. Х.Д- нь 10 дугаар байрны оршин суугчдаас байрны түрээсийн төлбөрийг илүү авч, илүү авсан мөнгөө хувьдаа захиран зарцуулж байсан бөгөөд уг үйлдэлдээ компанийн нэрийг ашиглаж байсан нь тогтоогдсон. Улмаар компанийн хувьцаа нийлүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 13-нд хуралдаж, 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Х.Д-ийг байрнаас гаргах тухай мэдэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. Х.Д-ийг цаашид тус байранд амьдруулах боломжгүй тухай удаа дараа мэдэгдсэн боловч, байрыг чөлөөлөхгүй өнөөдрийг хүрч байна. Х.Д- нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ-301 онгоцоор Монгол Улсын хилээр гарсан байх бөгөөд одоо тус байранд түүний охин Т.О  нь нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа тул тухайн байранд амьдарч буй этгээдүүдийг хариуцагчаар татсан. Иймд түрээсийн гэрээний дагуу хууль ёсны эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 6 тоот байрнаас хууль бус эзэмшигч нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Г , Д.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Бидний амьдарч буй орон сууц нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протоколын дагуу Зөвлөлтийн мэргэжилтэнгүүдийг байрлуулах зорилгоор Зөвлөлт холбоот улсад хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр шилжүүлсэн газарт барьсан орон сууц юм. Уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Оросын Холбооны Улсын нэр дээр олгосон нь илт хууль бус тул хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд холбоогоороо дамжуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаар тодорхойлсон хүмүүс нь энэ байранд хууль бусаар ороогүй, албан ёсны шийдвэрийн дагуу орж, шударгаар 18 жил амьдарч байгаа. Иргэн Х.Д- нь 2000 онд Зарубежстрой компанид ажиллаж байхдаа орсон. Тэгээд 2012 онд В  ХХК-д дамжуулан түрээслэгч болоход тус компанид ажилд орж, байр хариуцсан ажилтнаар 5 жил ажиллаж байгаад 2017 онд хууль бусаар халагдсан. Х.Д-ийн амьдардаг байрны түрээсийн төлбөрийг цалингаас суутган авдаг байсан. Оросын холбооны улсаас дамжуулан түрээслэгч В  ХХК нь үндэслэлгүй хэт өндөр түрээсийн төлбөр авдаг бөгөөд 2017 он гарсаар түрээсийн гэрээ байгуулаагүй байж, урьд жилийнхээ хэмжээгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. В  ХХК бидний эзэмшиж буй байрнаас албадан гаргах гэж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх В  ХХК-иас энэ байрыг авч орж байгаагүй, насанд хүрээгүй байхаасаа л ээжтэйгээ хамт амьдарч байсан. Иймд В  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцыг Т.О , Б.Г , Д.Д  нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О , Б.Г , Д.Д  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В  ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 905 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Т.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.О  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...В  ХХК-ийн ерөнхий захирлаар Тармасина Елена Владимировна 2017 оны 5 сарын 29-ний өдөр иргэн байхдаа нэхэмжлэлд гарын үсэг зурсан нь нотлогдож байна. Компанийн захирлаар томилогдоно гэдэг бол улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард нэр нь бичигдсэнээр хүчин төгөлдөр болдог. 2017 оны 5 сарын 31-нд шүүхэд нэхэмжлэлийг гаргаж өгсөн нь 2017 оны 5 сарын 29-ний өдрийн хүсэл зоригийг илэрхийлэхгүй. Шүүх эхнээсээ нэхэмжлэлийг хүлээн авахаасаа татгалзах байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх мөн үүнийг буруутгах боломжгүй гэж гомдлыг хүлээж аваагүй. Компанийн гүйцэтгэх захирал бол шүүхийн дардсаар биш Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эрх зүйн чадамж нь бий болдог албан тушаал юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

           В  ХХК анх Х.Д-т холбогдуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Т.О эр сольж, Б.Г , Д.Д  нарыг хамтран хариуцагчаар татаж тэднийг орон сууцнаас албадан гаргуулахыг хүсчээ.

           Хариуцагч нар нь орон сууцыг 2002 оноос эхлэн шударгаар эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

           Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр ОХУ-ын өмч бөгөөд тус улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар, В  ХХК-тай “түрээсийн гэрээ” байгуулж, тус компанид эзэмшлийг шилжүүлэн хариуцуулсан байх ба хариуцагч нар уг орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

           Иймээс шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

         В  ХХК-ийн ерөнхий захирлаар Тармасина Е.В-г томилсныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн /хх-8-р тал/, тэрээр компанийг төлөөлж шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан, энэ нэхэмжлэлээр шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь төлөөлөх эрх олгогдоогүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

         Иймд хариуцагч Т.Оюун-Эрдэнийн гаргасан “...шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан...” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 905 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ