Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 408

 

                                                                       

                            

                                              

 

 

 

 

 

 

              

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О

 

Хариуцагч: Б.Г

 

Хариуцагч: Д.Д НАР,

 

*******,*******,*******,******* орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Г, хариуцагч Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК  нь 2006 оны 03 дугаар сарын 06-нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-тай гэрээ хийж, *******, Баянзүрх дүүргийн*******нд байрлах******* дугаар байрыг түрээслэн ажиллаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүр төлдөг, мөн******* дугаар байрны сарын цахилгаан, дулаан, усны төлбөрийг Баянзүрх дүүргийн цахилгаан түгээх газар, ОСНАА ХҮТ-2 газартай гэрээний дагуу төлбөрөө төлдөг. Тус байрны комендантаар иргэн Х.Д ийг авч ажиллуулан, сарын цалин 530,000 төгрөгөөр цалинжуулж, дээр нь тухайн*******од оруулан сарын байрны түрээс болох 600,000 төгрөг болон цахилгаан, халуун, хүйтэн усны мөнгийг авалгүй, компани хариуцан төлж ирсэн юм. Компанийн хувьцаа нийлүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 13-нд хуралдаж, 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Х.Д ийг байрнаас гаргах тухай мэдэгдэж, 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах тухай шийдвэрийг гаргасан. Манай компанийн удирдлагаас Х.Д т одоо тус компанийн ажлаас чөлөөлөгдсөн, манайд ажиллахгүй иргэнийг уг байранд цаашид оршин суулгах боломжгүй, түүний байранд өөр түрээслэгч оруулж, түрээсийн төлбөр авах шаардлагатай байгаа тухай удаа дараа мэдэгдсэн боловч, тэр байрнаас гарахгүй байсан тул иргэн Х.Д ийг Баянзүрх дүүргийн*******,******* байрнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Х.Д  нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ-301 онгоцоор Монгол Улсын хилээр гарсан байна. Х.Д ийн охин Т.О  нь нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн*******,******* байранд оршин сууж байгаа. Компанийн зүгээс гэрээ хийх, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Эдгээр хүмүүс нь бусдын байранд амьдарч байгаа боловч төлбөр төлөх оролдлого санаачлага гаргаж байгаагүй, хууль бусаар бусдын орон сууцанд амьдарч байгаа тул Т.О , Б.Г , Д.Д  нарыг тэдний асрамжинд амьдарч байгаа Г.А , Г.А  , Д.Ш   нарын хамтаар Баянзүрх дүүргийн*******,******* орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Г , хариуцагч Д.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дараах тайлбарыг гаргаж байна. Миний амьдарч буй орон сууц нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протоколын дагуу Зөвлөлтийн мэргэжилтгүүдийг байрлуулах зорилгоор ЗХУ-д хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр шилжүүлсэн газарт барьсан орон сууц бөгөөд уг протокол нь Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд Газрын тухай хууль, Татварын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль гэх зэрэг маш олон хуулийн тодорхой заалтыг зөрчөөд зогсохгүй, олон улсын гэрээ эрх зүйн Венийн конвенцийг зөрчиж байгааг Монгол Улсын Засгийн газрын түвшинд хүлээн зөвшөөрч, Улсын Их хурлын чуулганаар хэлэлцэж, Засгийн газарт энэ протоколын асуудлыг хуульд нийцүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлж байгаа болно. Уг протоколын дагуу баригдсан объектуудад 1997 онд мөрдөж байсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчин байж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосноор уг байрнуудыг түрээслэх боломжтой болсон бөгөөд энэ талаар манай байртай ижил протоколын дагуу баригдаж, монголчууд түрээслэж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12, 13 дугаар байрны Оросын холбооны улсын нэр дээр олгосон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Монгол Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон шийдвэрээр нотлогдож байгаа болно. Миний амьдран суугаа Баянзүрх дүүргийн*******ны******* дугаар байрны Оросын холбооны улсын нэр дээр олгосон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг илт хууль бус тул хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд холбоогоороо дамжуулан нэхэмжлэл гаргаад байна. Хариуцагч гэж байгаа хүмүүс нь энэ байранд хууль бусаар ороогүй, албан ёсны шийдвэрийн дагуу орж, шударгаар 18 жил амьдарч байгаа болно. Иргэн Х.Д  нь 2000 онд Зарубежстрой компанид ажиллаж байхдаа орсон. Тэгээд 2012 онд В ХХК  дамжуулан түрээслэгч болоход тус компанид ажилд орж, байр хариуцсан ажилтнаар 5 жил ажиллаж байгаад 2017 онд хууль бусаар халагдсан. Х.Д ийн амьдардаг байрны түрээсийн төлбөрийг цалингаас суутган авдаг байсан.  Оросын холбооны улсаас дамжуулан түрээслэгч В ХХК  нь үндэслэлгүй хэт өндөр түрээсийн төлбөр авдаг бөгөөд 2017 он гарсаар түрээсийн гэрээ байгуулаагүй байж, урьд жилийнхээ хэмжээгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулах, цахилгаан, дулаан, усны тарифыг аж ахуйн нэгжийн тарифаар өндөр төлдөгийг зогсоож, Монгол Улсын хуулийн хүрээнд иргэний тарифт шилжүүлэхийг шаардсаны төлөө цахилгааныг үндэслэлгүйгээр тасалж өнөөдрийн байдлаар бараг хоёр сар цахилгаангүй байлгаж байна. В ХХК  бидний эзэмшиж буй байрнаас албадан гаргах гэж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 4 сард манай ээж ажлаасаа гараад тэрнээс хойш төлбөр төлөөгүй суусан гэж хэлсэн. Бидний хувьд манай ээж 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа нэг ч удаа амралт авч байгаагүй, амралтын мөнгө авч байгаагүй, ажилласан цалингаа аваагүй учраас тэр мөнгөндөө бид нар сууж байгаа гэж бодож байгаа. Бид анх В ХХК -аас энэ байрыг авч орж байгаагүй. Насанд хүрээгүй байхаасаа л ээжтэйгээ хамт амьдарч байсан, бид 2001, 2002 оноос орсон, манай хүүхдүүд бүгд л энэ байранд төрж өссөн. 2010 онд гэрээ байгуулаад байр өөр компанид байхад орж байсан. 6 сард гэрээ хий гэж хэлэхээр нь тэгье гэж хэлсэн, тэр өдрөөс хойш дахиж тэр талаар яриагүй. Мөн захирал нь гарч орох болгонд байнгын сэтгэл санааны дарамтад оруулдаг. Анхнаасаа бид энэ компаниас энэ байрыг аваагүй юм чинь яагаад энэ компанийн шаардлагыг хангаж гарах ёстой гэж. Иймд В ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК  нь хариуцагч Х.Д т холбогдуулан *******,*******,*******,******* орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Д  нь БНСУ руу явсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон гэх үндэслэлээр хариуцагчийг сольж тус байранд амьдарч байгаа Т.О , Б.Г , Д.Д  нарыг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан хариуцагчаар Т.О , Б.Г , Д.Д  нарыг оролцуулах захирамж гаргасан.

 

Нэхэмжлэгч В ХХК  нь хууль бусаар бусдын орон сууцанд амьдарч байгаа Т.О , Б.Г , Д.Д  нарыг тэдний асрамжинд амьдарч байгаа Г.А , Г.А , Д.Ш   нарын хамтаар Баянзүрх дүүргийн*******,******* орон сууцнаас албадан гаргуулж орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

            Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн*******,******* дугаар байрны өмчлөгчөөр Оросын холбооны улс нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэлтэй болох нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч В ХХК  нь тухайн байрыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 893 тоот “Түрээсийн гэрээ”-ний дагуу 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 993 тоот “Түрээсийн гэрээ”-ний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-16-21, 22-32, 77,*******7-116, 117-127/

 

            Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт ....дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч В ХХК  нь шударга эзэмшигч байх бөгөөд 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй” гэж заасны дагуу эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарыг тус орон сууцыг эзэмших гэрээгүйгээр, хууль бусаар эзэмшиж байна гэж тодорхойлсон. 

 

            Баянзүрх дүүргийн*******,******* орон сууцанд Х.Д , Д.Пагамсүрэн, Г.А , Б.Эрдэнэбаатар, Г.Сэргэлэнбаатар нар бүртгэлтэй, одоо тус орон сууцанд Т.О , Б.Г , Д.Д  нар нь тэдний асрамжинд амьдарч буй Г.А , Г.А , Д.Ш   нарын хамт амьдарч байгаа болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Т.О ,  Д.Д  нарын ээж Х.Д  “Зарубежстрой” компанид ажиллаж байхдаа 2000 онд ажиллаж байхдаа маргааны зүйл болох орон сууцанд орсон, улмаар 2012 онд В ХХК  дамжуулан түрээслэгч болоход тус компанид ажилд орж тус орон сууцанд амьдарсан, Х.Д ийг 2017 оны 04 дүгээр сард ажлаас хууль бусаар халсан, тэрээр ажиллаж байх хугацаандаа амралтын мөнгө авч байгаагүй, ажилласан цалингаа аваагүй учир тэр мөнгөнд тооцон орон сууцанд амьдарч байгаа шударга эзэмшигч, мөн В ХХК  нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай байгуулсан “Түрээсийн гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул орон сууцнаас гаргуулахыг шаардах эрхгүй гэж маргажээ. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг гарган маргасан.

 

            Нэхэмжлэгч В ХХК -ийн ерөнхий захирлаар Т.Е.В томилогдож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 29 гэж огноо тавьсан байх боловч шүүхэд нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасныг шүүх мөн өдөр хүлээн авсан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.

 

            Х.Д  нь В ХХК -ийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус компанийн үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/06 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-39,40/ В ХХК  нь Х.Д ийг Баянзүрх дүүргийн*******,******* орон сууцанд оруулж, байрны бүх төлбөр тооцоог төлж барагдуулдаг байсан болох нь тус компанийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Х.Д ийг ажлаас гарсанаас хойш түүнтэй хамт амьдарч байсан Т.О  нарыг гэрээ хийх, төлбөрөө төлөхийг шаардаж байсан, хариуцагч нар нь орон сууцны төлбөрт ямар нэгэн төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,*******7 дугаар зүйлийн*******7.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

            ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар болон В ХХК -ийн хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 893 тоот “Түрээсийн гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 993 тоот “Түрээсийн гэрээ”-үүд нь түрээсийн гэж нэрлэгдсэн боловч гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь гэрээний агуулгаас тодорхой байна. В ХХК  нь дээр дурдсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслөх эрхтэй болсон байна.

 

            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч В ХХК  нь гэрээний дагуу эзэмшиж буй орон сууцны хөлслүүлэгчийн хувьд хөлслөгчөөс орон сууцны хөлсийг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн*******,******* орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тухайн орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******,*******,*******,******* орон сууцнаас хариуцагч нарыг албадан гаргуулж орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Т.О  нь В ХХК , ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай байгуулсан 933 тоот “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахаар холбогдох баримтыг ирүүлсэн боловч сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээс татгалзсаныг шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

                       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1-д заасныг баримтлан *******,*******,*******,******* орон сууцыг Т.О , Б.Г , Д.Д  нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Т.О , Б.Г , Д.Д  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР