Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 810

 

Ц.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатар,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5186 дугаар шийдвэрээр Ц.Мөнхбатаар, Д.Дэлгэрмаа нараас Хас банкинд 48 389 831 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэл хийгдэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдаа явуулахаар болсон байна. Шийдвэр гүйцэтгэгчтэй ойлголцохдоо Ц.Мөнхбаатар, Д.Дэлгэрмаа бид 95 000 000 төгрөгөөс эхэлж үнийг дуудахаар оруулна гэж ойлгож үнийн саналыг өгсөн. Тэгэхэд 95 000 000 төгрөгийн 70 хувиас эхэлж дуудахаар нийтэд зарлаж албан дуудлага худалдааны тогтоол гарсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт энэ талаар хуульчилсан байхад өгсөн үнийн саналаас өөр үнийн дүнгээр дуудлага худалдаа зарласан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болох Ц.Мөнхбаатарын өмчлөлийн Ү-2204064041 дугаарт бүртгэгдсэн байрыг албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Мөнхбаатар, Д.Дэлгэрмаа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуаран гудамжны 16 дугаар байрны 89 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 165/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 10 дугаар сарын 28-ны өдрийн 165/07 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, үл хөдлөх  эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар зах зээлийн үнийг харилцан тогтоосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн төлбөр төлөгч, төлбөр авагч үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргахаар хуулиар зохицуулсан ба гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан. Иймд Ц.Мөнхбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ц.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй  болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхээс надад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэж, уг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзнэ. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

             Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгуууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай заалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй бөгөөд мэтгэлцэж буй талууд нь тайлбар, татгалзлын үндэслэл болох бичмэл баримтыг шүүхэд гаргахдаа эх хувиар нь, хэрэв эх хувиар өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгээр журамласан байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан баримтууд байгууллагын тэмдгийн дардастай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд шүүх дээр дурдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Мөн шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан нь шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшилж мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр товлогдсоныг нэхэмжлэгч Ц.Мөнхбаатарт мэдэгдсэн тухай баримтад “...залгахад авахгүй байсан тул 89548064 дугаараас мессеж үлдээв” гэж тэмдэглэжээ. /хх 48 /

Уг тэмдэглэл нь нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, нэхэмжлэгч ойлгож мэдсэнээ илэрхийлсэн агуулгагүй, гар утсанд үлдээсэн мэдээг хэргийн оролцогч хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт утсаар мэдэгдэж, баримтжуулсан тэмдэглэл гэж үзэхгүй.

            Иймд нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцсэнийг зохигчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг эдлүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ