Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00386

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/00386

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Бяанзүрх дүүрэг, 16 дугаар  хороо, Улаанхуаран гудамжны 16 дугаар байрны 89 тоотод оршин суух, Урианхан овогт Цэрэнхүүгийн Мөнхбаатар /РД:ДЭ71111631/-ын нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 

          Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.                            

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Баянзүрх дүүргийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5186 дугаар шийдвэрээр Ц.Мөнхбатаар, Д.Дэлгэрмаа бид Хас банканд 48,389,831 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.Энэхүү шийдвэрийн гүйцэтгэл хийгдэхээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа хийхээр болсон байна.

Шийдвэр гүйцэтгэгчтэй ойлголцохдоо Ц.Мөнхбаатар, Д.Дэлгэрмаа бид 95,000,000 төгрөгөөс  эхэлж дуудахаар оруулна гэж ойлгож үнийн саналыг өгсөн. Тэгэхэд 95,000,000 төгрөгөөс 70 хувиас эхэлж дуудахаар нийтэд зарлаж албан дуудлага худалдааны тогтоол гарсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 төлбөр төлөөлөгч, төлбөр авагч өмчлөгч нар харилцан тохиролцож гэж хуульчилсан байхад бгсбн үнийн саналаас өөр үнийн дүнгээр дуудлага худалдаа зарласан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож 2016 оны 11дүгээр сарын 25-ны өдөр болох Ц.Мөнхбаатарын өмчлөлийн Ү-2204064041 дугаарт бүртгэгдсэн байрыг албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Наранчимэг шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5186 дугаар шийдвэрээр Ц.Мөнхбаатар, Д.Дэлгэрмаа бид Хас банканд 48,389,831 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16дугаар хороолол Улаанхуаран гудамжны 16 дугаар байрны 89 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 165/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 10 дугаар сарын 28-ны өдрийн 165/07 дугаартай тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, үл хөдлөх  эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

1.Зах зээлийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар зах зээлийн үнийг харилцан тогтоосон.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо  үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зөвхөн төлбөр төлөгч, төлбөр авагч үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргахаар хуулинд зохицуулсан ба гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан.

3.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан байдаг.

Иймд Ц.Мөнхбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

 Баянзүрх  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/05186 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Мөнхбат, Д.Дэлгэрмаа нараас 48,389,831 төгрөгийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16261600 дүгээр тогтоолоор, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/05186 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03154 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 16-19 дүгээр талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16261600 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 165/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 66,500,000 төгрөгөөр тогтоох болсныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/34341, 3/34342 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч өмчлөгч нарт тус тус мэдэгдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 23-27,31-33, 35-37дугаар талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч, төлбөр авагч, нар харилцан тохиролцон үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064041-д бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуаран гудамжны 16 дугаар байрны 89 тоот 2 өрөө орон сууцыг төлбөр төлөгч нар 95,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн 28-29 дүгээр талууд/

Баянзүрх  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/05186 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Мөнхбат, Д.Дэлгэрмаа нараас 48,389,831 төгрөгийг Хас банканд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1., 30.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 34.1.3., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.3–д заасан шаардлагатай нийцэж, шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өмчлөгч нарын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна.

 Иймд нэхэмжлэгч Ц.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

         Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүх хуралдааны товыг танилцаж гарын үсэг зурсан боловч, шүүгчийн эрүүл мэндийн асуудлаас товлогдсон хуралд хойшлогдсон зохигчдод  шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх талаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтлөн хавтас хэрэгт авагдсан болно.

Зохигчдод шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэхэд, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаатар нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ц. Мөнхбаатарын  нэхэмжлэлтэй, хариуцагч хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй  болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07529 дугаартай захирамж хэвээр байхыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ