Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01271

 

Х Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 881 дүгээр магадлалтай,

Х Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.О д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11.190.115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Хасбанк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Г.О , Г.Б  нартай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1520008093 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11.200.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар буюу автомашин худалдан авах зорилгоор зээлж, зээлдэгч Г.О гийн Х Б  дахь дансанд 11.200.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1520008093 тоот зээлийн үлдэгдэл дүн 8.901.072.68 төгрөг байхад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1520008093 тоот зээлийн дансыг 1520013469 тоот болгон өөрчилсөн. Гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч үндсэн зээлд 1.356.196 төгрөг, зээлийн хүүд 458.203 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч 1520013469 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 594 хоногийн хугацаагаар хэтрүүлээд байна. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1520008093 дугаар барьцаат зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 50-76 УБҮ дугаар, Тоуоta prius 20 маркийн, хөх өнгийн, NHW207069295 арлын дугаартай автомашин, Г.Б гийн өмчлөлийн 67-25 УНӨ дугаартай, SONATA-6 маркийн, цагаан өнгийн, МНЕ1141МР6А18078 арлын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 7.544.876 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүү 3.463.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.694 төгрөг, нийт 11.190.115 төгрөгийг Г.О гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х Б наас 11.200.000 төгрөгийн зээлж, приус 20 маркийн автомашиныг лизингээр 14.000.000 төгрөгөөр авч, урьдчилгаа 2.800.000 төгрөгийг төлөөд 11.200.000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлт өндөр байсан ба тэр үед хийж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсож, ашиг орлого муудсаны улмаас зээлээ муу төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5.050.000 төгрөг төлсөн. Ингээд 2015 онд машинаа зарж үлдсэн зээлийг төлөх гэтэл машины үнэ унаж, зээлийн дүндээ хүрэхгүй байсан тул зээлийн нөхцлөө өөрчлүүлсэн. Үлдэгдэл зээл 7.834.104 төгрөг дээр хүү, хүүний алданги 1.035.952 төгрөгийг нэмж 8.901.072 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг байгуулсны дараа нөхөр Г.Б  салаад явсан тул би бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож, ажилгүй болоод 9 дүгээр сард машин эвдэрсэн тул зарах боломжгүй болсон. Би 480.000 төгрөгийн цалинтай, 300.000 төгрөгийг банкинд өгч, засвар хийлгэх боломж байгаагүй, банкинд 7.164.000 төгрөгийг төлсөн. Анх 2014 онд 11.200.000 төгрөгийг зээл авсан байхад одоо 11.190.150 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүү 3.463.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.694 төгрөгийг төлөх боломжгүй. Үүнээс гадна миний хугацаа хэтэрсэн мөнгийг 594 хоног гэсэн боловч банк 90 хоног миний машиныг хурааж авсан. Энэ хугацааны хүү, алданги төлөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.О гээс 10.741.980 төгрөгийг гаргуулж Х Б  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 448.135 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.192 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.О гээс 186.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 881 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.О  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хамтран амьдарч байсан Г.Б  нь зээлээр машин авахаар болж намайг ажил хийдэг болохоор зээл авахад хамтран оролцож өгөөч, төлөхийг нь би төлнө гэсэн. Ингээд 2014.11.0б-ны өдөр хамтран зээл авсан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эхний хэсэгт нэг талаас Г.О , Г.Б , нөгөө талаас Х Б  харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа гэсэн байгаа. Эндээс талуудын хүсэл зоригын илэрхийлэл, тохиролцоо нь дан ганц Х Б  Г.О  2-н хооронд биш, Г.Б  оролцсон болох нь тодорхой байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 242.1, 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч сонгох эрхтэй гэж үзэж надаар төлүүлэх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Харин хуулийн 242.8, 242.11 дэх хэсэгт зааснаар үүргийг хувааж төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Зээлээр авсан машиныг Г.Б  авч унаж, эдэлж хэрэглэж байсан тул миний бие төлөх үндэслэлгүй. Х Б  нэхэмжлэлдээ гэрээний дагуу үлдэгдэл 17.905.980 төгрөг болсон, үүнээс Г.О  миний бие 7.164.000 төгрөг төлсөн гэтэл үлдэгдэл 10.741.980 төгрөгийг шүүх мөн надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Миний бие нийт төлөх ёстой 17.905.980 төгрөгийн 50 хувь болох 8.952.990 төгрөг төлөх ёстойгоос 7.164.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.788.990 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан үүнийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохоос фидуцын гэрээ хүчинтэй хэвээр үлдэж байна. Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний дагуу зээлээр авсан автомашиныг өмчлөлдөө үлдэж, дээр нь нэмж мөнгө төлөх шударга бус асуудал үүсч байгаа тул хариуцагч Г.О  миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х Б  ХХК нь Г.О гээс зээл 7.544.545 төгрөг, зээлийн хүү 3.463.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.694 төгрөг нийт 11.190.115 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны ба фидуцийн зүйлээр үүргийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Г.О  ...зээлийг Г.Б тай хувааж төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү илүү гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцээгүй байна.

Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Г.О , Г.Б  нар автомашин худалдан авах зорилгоор Х Б  ХХК-с 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 11.200.000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж бичгээр гэрээ байгуулсан нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Б гийн Соната маркийн  автомашиныг барьцаалж барьцааны, худалдан авсан Приус-20 маркийн автомашиныг Х Б  ХХК-ийн өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээ байгуулжээ.

Харин эдгээр эд хөрөнгийг бусдад дамжуулан худалдсан, чанар байдал доройтсон шалтгаанаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болох байсан ч талууд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болгож сунгажээ.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 4.722.092 төгрөг, хүү 2.105.899 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.409 төгрөг нийт 6.864.400 төгрөг төлж, бусад үүргийг биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлөгдөөгүй хугацааны үүргийг шаардах эрхтэй.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед Х Б  ХХК нь тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 7.834.104 төгрөг дээр төлөгдөөгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгэж зээлийн хэмжээг 8.901.072 төгрөг гэж тодорхойлж, үүнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхсэн нь хуульд нийцээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон байна.

Харин тооцооллоор хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэхэмжлэгчийн шаардснаас их байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нийт 9.423.920 төгрөгийг /зээл 6.477.908 төгрөг, зээлийн хүү 3.463.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.694 төгрөг/ хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Хариуцагч гомдолдоо, зээлийг Г.Б тай хувааж төлүүлэх байсан гэсэн нь үндэслэлгүй байна.

Г.О  нь зээлийг Г.Б тай хамтран авсан боловч Х Б  нь Г.О гээс зээлийг нэхсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг зөрчихгүй.

Учир нь зээлдэгч нар хамтран зээл авахдаа зээлийн үүргийг хувааж гүйцэтгэхээр бус, бүхэлд нь хамтран хариуцахаар тохиролцсон байх тул зээлдүүлэгч Х Б  үүргийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.

Харин аль нэг үүрэг гүйцэтгэгч үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид төлсөн бол нөгөө үүрэг гүйцэтгэгчээс ногдох хэсгээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 242.12-т заасан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 881 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “10.741.980 төгрөг” гэснийг “9.423.920 төгрөг” гэж, 2 дах заалтад “186.822 төгрөг” гэснийг “165.733 төгрөг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 47.800 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ