Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00881

 

         “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.О-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 11 190 115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хураладааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.О, Л.Б нар нь Х-тай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1520008093 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11 200 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар буюу автомашин худалдан авах зорилгоор зээлж авч, зээлдэгч Г.О-ийн Х дахь дансанд 11 200 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 1520008093 тоот зээлийн үлдэгдэл дүн 8 901 072.68 төгрөг байхад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1520008093 тоот зээлийн дансыг 1520013469 тоот болгон өөрчилсөн. Гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч үндсэн зээлд 1 356 196 төгрөг, зээлийн хүүд 458 203 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч 1520013469 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 594 хоногийн хугацаагаар хэтрүүлээд байна. 

Х удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 1520013469 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1520008093 дугаар барьцаат зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 50-76 УБҮ дугаар, Тоуоta prius 20 маркийн, хөх өнгийн, NHW207069295 арлын дугаартай автомашин, Л.Б-ийн өмчлөлийн 67-25 УНӨ дугаартай, SONATA-6 маркийн, цагаан өнгийн, МНЕ1141МР6А18078 арлын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 7 544 876 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүү 3 463 545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181 694 төгрөг, нийт 11 190 115 төгрөгийг Г.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр  сарын 06-ны өдөр Хас банкнаас 11 200 000 төгрөгийн зээлж, приус 20 маркийн автомашиныг лизингээр 14 000 000 төгрөгөөр авч, урьдчилгаа 2 800 000 төгрөгийг төлөөд 11 200 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлт өндөр байсан ба тэр үед хийж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсож, ашиг орлого муудсаны улмаас зээлээ муу төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5 050 000 төгрөг төлсөн. Ингээд 2015 онд машинаа зарж үлдсэн зээлийг төлөх гэтэл машины үнэ унаж, зээлийн дүндээ хүрэхгүй байсан тул зээлийн нөхцлөө өөрчлүүлсэн. Үлдэгдэл зээл 7 834 104 төгрөг дээр хүү, хүүний алданги 1 035 952 төгрөгийг нэмж 8 901 072 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар  сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг байгуулсны дараа нөхөр Л.Б салаад явсан тул би бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож, ажилгүй болоод 9 дүгээр сард машин эвдэрсэн тул зарах боломжгүй болсон. Би 480 000 төгрөгийн цалинтай, 300 000 төгрөгийг банкинд өгч, засвар хийлгэх боломж байгаагүй, банкинд 7 164 000 төгрөгийг төлсөн.

          Анх 2014 онд 11 200 000 төгрөгийг зээл авсан байхад одоо 11 190 150 төгрөгийг нэхэмжилж байна. Би хүү 3 463 545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181 694 төгрөгийг төлөх боломжгүй. Үүнээс гадна миний хугацаа хэтэрсэн мөнгийг 594 хоног гэсэн боловч банк 90 хоног миний машиныг хурааж авсан. Энэ хугацааны хүү, алданги төлөхгүй гэжээ.

         Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.О-с 10 741 980 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 448 135 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 192 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.О-гээс 186 822 /нэг зуун наян зургаан мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Надтай хамт амьдарч байсан Л.Б зээлээр машин авах болж намайг ажил хийдэг болохоор зээл авахад хамтран оролцож өгөөч, би төлнө гэсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэг талаас Г.О, Л.Б, нөгөө талаас Х харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоо Х, Г.О нарын хооронд биш, Л.Б оролцсон нь тодорхой байгаа болно. Гэтэл шүүх Иргэний хуулийи 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч сонгох эрхтэй гэж үзэн намайг дангаар төлүүлэх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй.

  Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.8, 242.11 дэх хэсэгт зааснаар үүргийг хувааж төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Миний зүгээс нэг ч төгрөг төлөхгүй, машиныг Л.Б эдэлж хэрэглэж байсан, тусдаа амьдраад 2 жил орчим болсон, зээлээр авсан машиныхаа төлбөрийг төлөхгүй, надаар төлүүлж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Үлдэх төлбөрийг Л.Б-аар төлүүлэх үндэслэлтэй. Х шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээний дагуу үлдэгдэл 17 905 980 төгрөгөөс би 7 164 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10 741 980 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Миний бие нийт төлөх ёстой 17 905 980 төгрөгийн 50 хувь буюу 8 952 990 төгрөг төлөхөөс 7 164 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 788 990 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 190 115 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   “Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1520008093 тоот зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдаж авахад зориулж 11 200 000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, уг гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.О, Л.Б нартай 1520008093-01 тоот барьцааны гэрээ, 1520008093-02 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “1520008093 дугаартай зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-10-20/

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, тэдгээрийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй,  шүүх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

  Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол гэх баримтуудаар тогтоогдсон. Энэ нь зээлийн гэрээний 5.1.1-т зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлд хамаарах талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

       Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Л.Б гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Б-г хариуцагчаар татсан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах шаардлага тус бүрээс татгалзсан, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан тул шийдвэрийн тогтоох хэсэгт заавал тусгах шаардлагагүй гэж үзсэн болно. 

    Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                               ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА