Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Баттогоогийн Цогт |
Хэргийн индекс | 106/2016/0095/Э |
Дугаар | 1 |
Огноо | 2017-01-04 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 1
О.Доржид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Х.Батчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч Р.Булган,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 700 дугаар магадлалтай, О.Доржид холбогдох эрүүгийн 201624000024 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Очирын Дорж нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Доржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, хар өнгийн “Соната-5” загварын 04-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, тээврийн хэрэгслийн 00867614 дугаартай гэрчилгээ, О.Доржийн ВС ангиллын 122407 дугаартай жолооны үнэмлэхийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржоос 673.550 төгрөг гаргуулан хохирогч Ц.Гаваад, 175.000 төгрөг гаргуулан Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаярт тус тус олгож, өмгөөллийн хөлсөнд 400.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Гаваа цаашид гарах эмчилгээний, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын, иргэний хариуцагч Р.Очирын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж ...” гэж,
5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Гаваад 673.550 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболдод 175.000 төгрөг тус тус шүүгдэгч О.Доржоос гаргуулан олгосугай” гэж,
7 дахь заалтыг “О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байгаа тул гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч О.Дорж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны оройн 20 цагийн үед “Хьюндай соната 5” загварын 04-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, олны нэрлэж заншсанаар Саппорогийн уулзвар руу уруудаж явахдаа цаг агаарын нөхцөл болон хөдөлгөөний эрчим, үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулж сонгож явж чадаагүйн улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Гавааг мөргөж “зүүн дагз хэсгээс баруун дагз, баруун чамархай руу үргэлжилсэн тархины суурь ясны нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн цус хуралт, няцралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний үндсэн ба нэмэгдэл ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Жолооч О.Дорж нь техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаатай замаар уруудаж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “... хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хурдыг сонгож явна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь техникийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдсон үйл баримт тогтоогдсон байна.
Зам тээврийн осолд өртсөн бага насны хүүхэд Г.Даваацогтын биед ямар нэгэн шарх, гэмтэл учраагүйн дээр Г.Даваацогтын чихний архаг үрэвсэл өвчин нь гэмтлийн гаралтай биш болох нь шинжээчийн хоёр удаагийн давтан дүгнэлтээр батлагдсан бөгөөд үйлдэл, хор уршиг хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийж 4 настай хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг буруутай этгээдээр арилгуулах эрхийг хасч хязгаарласан гэх хохирогчийн өмгөөлөгч Р.Булганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн өмгөөлөгчид төлсөн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан “өмгөөлөгчид төлсөн зардал” биш бөгөөд байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогдохгүй тул “... шүүх хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлаж хохирогчийн эд хөрөнгийн хохирлоо нөхөн гаргуулах эрхийг хязгаарласан” гэх өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тооцоог гаргах бололцоогүй тохиолдолд хохирлын хэмжээний асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх эрхтэй болно.
Иргэний нэхэмжлэгч Г.Ганболдоос өөрийн эх Ц.Гавааг эмнэлэгт сахисан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 700 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Р.Булганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ