Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 301

 

З.Ууганбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч З.Ууганбаяр, түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар магадлалтай, З.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн З.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” А/144 дүгээр захирамжийн З.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 357 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би иргэн хүнийхээ хувьд газар эзэмших, мод тариалах хүсэлтээ Даланзадгад сумын Засаг даргад гаргаж өгсөн. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03/12 дугаар тогтоолоор тус сумын 8 дугаар багийн нутаг Хаяагийн голд 5 га газар мод тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч би болон өөр бусад мод тариалах хүсэлтэй иргэдийн хүсэлтийн дагуу 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн энэ шийдвэрийн дагуу Засаг дарга надад газар эзэмших шийдвэрийг гаргасан.

Би хууль ёсны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар кадастр хийлгэж, газрын кадастрын зураг хийлгэж авсан. Надад шийдвэр гаргах эрх байхгүй бөгөөд Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг. Би хариуцагчийн хэлж байгаа шиг дур мэдэн газрын байршил өөрчилсөн зүйл байхгүй, анх газар хүсэж өргөдөл гаргахдаа л Даланзадгад сумаас зүүн хойно 4.5 км газарт газар эзэмших хүсэлт гаргаж, эзэмших газрын тойм зургийг өргөдөлдөө хавсаргасан болно. Хүсэлт гаргасан газрын зай хэмжээг авахдаа Даланзадгад сумын баруун урд байрлах 0131 дүгээр ангийн ажилчдын байшингуудын зүүн талаас цэг авч, зай хэмжээг 4.5 км болохыг тогтоосон байсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр ч мөн Даланзадгад сумын зүүн хойд хэсэг болох Хаяагийн голд гэж шийдвэрлэсэн. Хаяагийн гол гэдэг нь тус сумын хэсгээс зүүн хэсэг хүртэлх хөндий газар юм. Тус газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгох ёстой байсан гэжээ. Уг газар нь энэ журамд хамаарахгүй бөгөөд Газрын тухай хуулийн 29.3-т зааснаар олгодог ба мөн хуулийн 29.4-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэг иргэнд эзэмшүүлэх газрын дээд хэмжээг мод тариалах зориулалтаар 5 га газраас илүүгүй олгож байхаар хурлын тогтоол гарсан байдаг.

З.Ууганбаяр нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт гарын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байхдаа өөрийн өргөдлийг бүртгэж, гэрчилгээ бичиж гэрээ байгуулсан гэжээ. Би Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг, надад газрын талаар шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Газар эзэмших өргөдөл гаргасан хүмүүс Засаг даргын шийдвэр гарснаас хойш гэрчилгээнийхээ төлбөр төлсөн баримтыг газрын мэргэжилтэн дээр авч ирэн байж гэрчилгээгээ авдаг бөгөөд зарим нь гурав, дөрвөн сарын дараа ч ирдэг. Миний хувьд 1 сар гаруй хугацааны дараа мөнгийг нь төлж гэрчилгээгээ авсан бөгөөд үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна.

Дур мэдэн сольсон газар нь гуравдагч этгээд “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхацсан зэргээс үзэхэд тухайн газар нь мод тарих зориулалттай олгогдсон байршил мөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэжээ. Би Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг авч, кадастр хийлгэн баталгаажуулж авсан байтал аймгийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/670 дугаар захирамжаараа “Тэс петролиум” ХХК-д шатахуун түгээх зориулалтаар 3500 м.кв газрыг албан тушаалаа хэтрүүлж миний газартай давхардуулан олгосон. Энэ нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21.3.2-т заасан газарт л газар эзэмшүүлэх эрхтэй билээ. Харин энэ газарт Газрын тухай хуулийн 13.1-д заасан зам, шугам, сүлжээний газар хамаарахгүй тул Даланзадгад сумаас Дундговь, Улаанбаатар хот руу явдаг замын урд хэсэгт аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус юм. Энэ талаар Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.3-т нарийвчлан заасан байдаг.

Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/670 дугаар захирамжаас “Тэс петролиум” ХХК-д хамаарах заалтыг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/11 дүгээр тогтоолоор батлагдсан тус сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Хаяагийн гол”-д 29.5 га газрыг мод тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүнд тодотгол хийсэн мөн Хурлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03/12 дугаар тогтоолын хавсралтад “Хаяагийн гол”-д мод тарих зориулалтаар 5 га газрыг З.Ууганбаярт эзэмшүүлэхээр тусгажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж газрын харилцааны талаар сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсноос үзэхэд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.

Харин Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар З.Ууганбаярт мод тарих зориулалтаар эзэмшүүлэх 5 га газрыг “Даланзадгад сумаас зүүн хойно” гэж заасан ба энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дэх “Хаяагийн гол” гэх байршлаас өөр газар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч З.Ууганбаяр нь Даланзадгад сумын газрын даамлаар ажиллаж байх үедээ 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Даланзадгад сумын Засаг даргад хандаж “Даланзадгад сумаас зүүн хойно 4.5 км газарт мод тарих зориулалтаар 5 га газар олгох”-ыг хүссэн өргөдөл бичиж, өргөдлөө “өөр дээрээ” хүлээн авч шийдвэрлэхдээ дээрх байдлаар Сумын Засаг даргын захирамжийг гаргуулсан, үүнийгээ үндэслэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-г өөртэйгөө байгуулсан, “газрын баталгаат хэмжээ тогтоож газар хүлээлгэж өгсөн тухай” актыг өөрөө үйлдсэн, “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0378720 дугаартай гэрчилгээг өөртөө бичиж олгосон зэрэг нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл, сумын Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамжийн З.Ууганбаярт холбогдох хэсэг нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчиж гарсан бөгөөд З.Ууганбаяр нь газрын даамлын албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдлыг бий болгосон хууль бус шийдвэр байх тул уг шийдвэрийг мөн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу гаргасан, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол  өөрөө... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.

Нөгөө талаар Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 05/11 дүгээр тогтоолоор батлагдсан /тодотголоор З.Ууганбаярын нэр заасан/ бөгөөд иргэдэд мод тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн газарт З.Ууганбаяр нь энэ зориулалтаар газар эзэмших эрх нээлттэй байгааг хариуцагч тайлбартаа дурдсанаас үзвэл, Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны А/144 дүгээр захирамж нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн  “...Даланзадгад сумаас зүүн хойно 4.5 км газарт газар эзэмших хүсэлт гаргасан, эзэмших газрын тойм зураг өргөдөлдөө хавсаргасан, иргэдийн Хурлын шийдвэрт тусгагдсан газарт газар эзэмшсэн, байршлыг дур мэдэн солиогүй, газар эзэмшүүлэх захирамжийг хэрэгжүүлсэн” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН          

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ