Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2017/03560/И |
Дугаар | 001/ХТ2018/01285 |
Огноо | 2018-09-28 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01285
И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 658 дугаар магадлалтай,
И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Д.Э М, Э.О, Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 365.707.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д.Э Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагч Д.Э М, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Батхүү, Ш.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...зээлдэгч Д.Э Мтэй 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1614 тоот зээлийн гэрээг байгуулж 230.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай зээлдүүлсэн ба гэрээг байгуулсан өдөр түүнд 230.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бидний зүгээс бүрэн биелүүлсэн. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлээ хүүгийн хамт төлөх, хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 229.987.650 төгрөг, хүү 122.492.070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.227.680 төгрөг, нийт 365.707.400 төгрөгийг манай ББСБ-д төлөөгүй хохироож байна. Зээлдэгч Д.Э М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1614 дугаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд зээлийг төлөөгүй тохиолдолд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулсан болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 365.707.400 төгрөгийг гаргуулж, хэрэв хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 426 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай 000465340 дугаар гэрчилгээтэй 234 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж 42а байрны 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, 000399959 дугаар гэрчилгээтэй, 74.47 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 290 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2203003296 дугаартай, 000465224 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, 000400022 дугаар гэрчилгээтэй, 67.42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, 000399962 дугаар гэрчилгээтэй, 47.08 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Мийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нар Цагаан хотхон нэртэй асрамжийн газар, өнчин хүүхдийн сургуулийн байр, цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхэд бид оролцож байна, бидэнд 1 сарын хугацаатай 230.000.000 төгрөг хэрэгтэй байна, та үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцаа барьцаалж мөнгө олж өгөөч гэх мэт олон зүйл ярьж надад итгүүлсэн. Би тэдэнд итгэж өөрийн болон өөрийн хүү Э.Оийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг И ББСБ ХХК-д барьцаалж, Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нарын хамт И ББСБ ХХК-д очиж 230.000.000 төгрөгийн зээл хүсч зээлийн гэрээ байгуулсан ба зээл олгохоор болоход Ш.Батхишиг, Ж.Энхчимэг нар нь И ББСБ ХХК-иас 230.000.000 төгрөгийг өөрсдийн гараар тоолж хүлээн авсан. Энэ үйл ажиллагаанд миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас цаашгүй тул зээлийн гэрээнээс үүссэн хариуцлагыг хүлээхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Э М, Э.О, Д.Оюун-Эрдэнэ нараас 365.707.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465340 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 42б тоот хаягт байршилтай, 234 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030969 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399959 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 16 тоот хаягт байршилтай, 74.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003296 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000465224 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 байр 290 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031243 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000400022 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 29 тоот хаягт байршилтай, 67.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030966 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000399962 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 42а байр 11 тоот хаягт байршилтай, 47.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 11 сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.986.490 төгрөг, мөн өдөр төлсөн 70.200 төгрөг, нийт 2.056.690 төгрөгийн 2.056.687 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Э М, Э.О, Д.Оюун-Эрдэнэ нараас 2.056.687 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 658 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч бид нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ч тухайн гэрээнд заагдсан 230.000.000 төгрөгийг авч ашиглаагүй, энэ талаарх тайлбарийг ч анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлан хэлсэн, үүнтэй холбоотой нотлох баримт болон бусад ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргасан боловч хоёр шатны шүүх анхааралдаа авсангүй. Иргэд бидний хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийг 230.000.000 төгрөгний оронд барьцаалж, шүүхээс барьцаа хөрөнгүүдээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагч бидний өмчлөх эрх, шударга ёсыг алдагдуулсан зүйл боллоо. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тогтоон шийдвэрлэж чадаагүйд маш их гомдолтой байна. Ийм Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 658 дугаар магадлалыг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
И ББСБ ХХК нь Д.Э М, Э.О, Д.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 365.707.400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “...зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, нэхэмжлэгч нь мөнгийг Ж.Энхчимэг, Ш.Батхишиг нарт тоолж өгсөн, тэд зээлийг авч ашигласан...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт И ББСБ ХХК болон Д.Э М, Э.О, Д.Оюун-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ авагдсан, уг гэрээгээр 230.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах 234 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай байр болон 4 орон сууц, нийт 5 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, эдгээр гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан нь тогтоогджээ.
Хариуцагч нар гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан ба энэ хэргийн хувьд шүүх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхдээ дараах нөхцөл бүрэн тогтоогдоогүйг анхаараагүй байна.
1. “Зээл авах хүсэл сонирхолтой этгээдтэй бус барьцаа хөрөнгийн эзэн, өмчлөгч нартай гэрээ байгуулсан” тухай хариуцагчийн татгалзал бүрэн үгүйсгэгдээгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэнэ гэж заажээ.
Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тогтмол эрхэлдэг байгууллага зээл олгохдоо үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг хэрхэн хэрэгжүүлсэн, тухайлбал, зээлийг ямар зориулалтын дагуу ашиглахыг хариуцагч нар хүссэн, зээлдэгч бүрийн зээл авах хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн эсэх, зээлийг данс нээж олгоогүй, бэлнээр олгосон үндэслэл, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хэрхэн хяналт тавьсан зэрэг нь тодорхой бус байна.
Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдлээс хамгаалах зорилгоор хуульд заасан олон төрлийн арга хэрэгслээр тухайлбал, батлан даалтын, баталгааны, барьцааны, даатгалын зэрэг гэрээг байгуулж боломжтой байхад зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг зээлдэгч, хамтран зээлдэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1, 243.3-т зааснаар шаардах эрхийг үүсгэх үндэслэлгүй.
2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нарын 5 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, эдгээр хөрөнгийг нийтэд нь авсан зээлийн хэмжээгээр 230.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Д.Э М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасан нь агуулгын хувьд ямар ач холбогдолтойг шүүх тодруулалгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.
3. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс нийт 30.020.700 төгрөг төлсөн талаархи тооцооллыг гаргаснаас бус эдгээр төлбөрийг хэн, хэзээ, хэрхэн төлснийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч Д.Э М нь гуравдагч этгээдээр Ж.Энхчимэг, Ш.Батхишиг нарыг оролцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, зээлийн эргэн төлөлтийг тэд хийж байсан тул төлөгдсөн төлбөрийг тодруулах шаардлагатай гэж үзснийг шүүх хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгчийн тооцооллоор 30.020.700 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
4. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 11.270.740 төгрөг төлөгдөснийг И ББСБ ХХК нэмэгдүүлсэн хүүд тооцсон байх ба шүүх уг төлөлтийг үүрэг гүйцэтгэх дараалал тогтоосон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан журмын дагуу шийдвэрлэх эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 658 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2018/04524 дугаар захирамжаар хариуцагч Д.Э Мийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлөх 1.986.487 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ