Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 241

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогч М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Н, Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н, Ж нарт холбогдох 2021003210223 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....оны .....дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн .....................оршин суух хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын баг …....................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны ... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Н  /РД: ......................./.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 31-ний өдөр ....................суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж, РД: АЧ ................./.

Шүүгдэгч Н нь Ж-тэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн…............ сумын …. дугаар багийн нутаг “…........” гэх газарт бэлчээрт байсан иргэн М эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу 3 тооны үхэр хулгайлж, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн …............... сумын 5 дугаар багийн нутаг “…............” гэх газарт бэлчээрт байсан иргэн М  эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан иргэн М  дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн .................. сумын 5 дугаар багийн нутаг “….............” гэх газарт бэлчээрт байсан иргэн  М-н эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн…............... сумын 5 дугаар багийн нутаг “….........” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц-н  эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Ж.  Нь Н хамтран 2020 оны 01 дүгээр сарын 08- ны өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн ...............сумын 5 дугаар багийн нутаг “…....” гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу 3 тооны үхэр хулгайлж, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн …........... сумын 5 дугаар багийн нутаг “…................” гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н  эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан иргэн М-н дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн .................сумын 5 дугаар багийн нутаг “…..........” гэх газарт бэлчээрт байсан иргэн  М-н эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн …............... сумын 5 дугаар багийн нутаг “…..............” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц-н  эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.

Шүүгдэгч Ж шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хотноос нийт 6 үхэр алдагдсан. Бүгд тарган үхэр байсан. Миний эзэмшлийн үхэр нийт 5 байсан. Би хохирлоо авбал өөр зүйлгүй. Үнэлгээг зөвшөөрч байна...” гэв.

        Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэхээ: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчим үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр буюу улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу байхгүй байсан болохоор нь цагдаад хандсан. Улаан халзан зүсмийн үнээ нь баруун чих нь хойноос догол имтэй, зүүн чихний имийг мэдэхгүй байна, мухар алаг зүсмийн шүдлэн насны эм үхэр нь баруун чих нь урдаасаа догол, зүүн чих нь гол цуулбар имтэй, мухар алаг зүсмийн эм бяруу зүүн чих нь урдаасаа догол, баруун чих нь гол цуулбар имтэй байдаг. ...Мөн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр буюу хар толгойтой, цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн дөрвөлжин тамгатай үнээ, алаг зүсмийн шүдлэн насны эм үхэр байхгүй байсан болохоор ойр орчмоор хайгаад олоогүй юм. Дээрхи алдагдсан үхэрнээс алаг зүсмийн дөрвөлжин тамгатай үнээ нь манай саахалт айл М эгчийн үхэр бөгөөд манай үхэртэй нийлээд 8 хонож байсан болохоор би тухайн үхрийг манай 2 тооны үхэртэй алдагдсан талаар М эгчид хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 120-121, 158-159/

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай 400 гаруй тооны үхрийг малладаг Б нь “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд 3 тооны үхэр буюу улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хар зүсмийн шүдлэн насны эм үхэр бэлчээр дээрээсээ алдагдсан байна” гэж хэлсэн ба манай үхрүүд нь зүүн  урагшаа буюу .................сумын 05 дугаар багийн нутаг “...............” гэх газрын орчим говиор бэлчиж байдаг юм. Тухайн газраас саахалт айл Ц бас 3 тооны үхэр 2020 оны 02 дугаар сарын эхээр алдагдсан гэж байсан. Манай алдагдсан гэх улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хар зүсмийн шүдлэн насны эм үхэр бүгд адилхан баруун чих араас бахь имтэй, зүүн чих нь имгүй, зүүн гуяны хэсэгт дөрвөлжин тамгатай байдаг юм. Өөр содон шинж тэмдэг байхгүй. ...би алдагдсан бүх үхрийг тус бүр 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь манайх Улаанбаатар хотоос сайн чанарын Ангус болон Монбилард үйлдвэрийн бух авчирч хээлтүүлдэг ба дээрх алдагдсан үхэрнүүд тэдний төл учраас ингэж үнэлж байна. ...би өөрийнхөө хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Өөр гаргах гомдол санал хүсэлт, байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-12/

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчим аймгийн төв рүү цагаан сарын бэлтгэл хангах гээд явсан юм. Ингээд цагаан сарын баярынхаа эд зүйлсийг авчихаад 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчим ирэхэд манай хүү А  нь 3 тооны үхэр дутаад байна гэж  хэлэхээр нь би үхрээ очиж бүртгэхэд мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр байхгүй байсан. Үхэр 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны хооронд алдагдсан гэж бодож байна. ...Манай алдагдсан гэх мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр нь баруун чих нь онь имтэй, зүүн чих нь имгүй байдаг. Харин мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр нь баруун чих нь имгүй, зүүн чих нь онь имтэй байдаг. Өөр содон шинж тэмдэг байхгүй. ...би алдагдсан үхэрнүүдээ тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үхрүүд нь бүгд сүүний чиглэлийн симменталь үйлдвэрийн үхэр байгаа юм ...би учирсан хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Өөр гаргах гомдол, санал хүсэлт байхгүй...” гэжээ. /хх-ийн 64-65/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би “Хүчит шонхор” зах дээр мах худалдан авсан. Тухайн үед бол би ямар хүнээс мал мах худалдаж авснаа санахгүй байгаа юм. Сүүлд 2020 оны 05 дугаар сард Дорнод аймгийн Цагдаагийн газраас над руу яриад “Та Н гэдэг хүнээс мах авсан уу” дансны хуулгаар таны данснаас 2.765.000 төгрөг Н данс руу орсон байна, ямар ямар мах авсан юм бэ гэж асуухад нь ... гэртээ хариад дэвтрээ харахад 2 үхрийн мах болох 366 кг махыг 5800 төгрөгөөр тооцож 2.122.800 төгрөгөөр, 5 ямааны мах болох 99 кг махыг нийтэд нь 570.000 төгрөгөөр тооцож тус тус худалдан авч нийт 2.765.000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас Н гэх хүний ХААН банкны 5725................... данс руу шилжүүлсэн. “Хүчит шонхор” зах руу мах тээвэрлэн оруулах явцад гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн бичгийг шалгаж оруулдаг учир дээрх махны бичиг нь байсан учир хулгайн малын мах гэж бодоогүй. Би Н гэх хүнийг урьд өмнө нь таньдаггүй байсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н нь 2020 оны 01 дүгээр сарын дундуур байх /яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна/ манай гэрт ирээд ах танай хажууд үхэр нядлах гэсэн юм аа гэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл аймгийн төв ороод бойчин У гэх залууг авчирмаар байна, та машинаараа яваад өгөөч гэхээр нь өөрийнхөө эзэмшлийн саарал өнгийн марк-2 маркийн ....... ХЭҮ улсын дугаартай автомашинтай У гэх бой хийдэг залууг гэрээс нь очиж авчраад манай гэрийн баруун талд байх дэрснүүдийн дунд Н нь 3 тооны үхэр нядлуулсан. Ингээд дахин Н нь манай гэрт 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр байх /яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна/ бас 3 тооны үхэр авчраад мөн би У гэх бой хийдэг залууг гэрээс нь авчирч бас манай гэрийн баруун талд байх дэрснүүдийн дунд нядлуулсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард байх бас манай гэрийн баруун талд 3 тооны үхэр нядалсан. Ингэхэд би оролцоогүй ба Н нь аймгийн төвөөс мал нядалдаг залуу авчраад нядлуулсан гэж байх шиг байсан. ...Би дээрхи нядалсан гэх үхэрнүүдийн зүс, содон шинж тэмдгийн талаар мэдэх зүйл байхгүй. Ихэвчлэн эрээн, алаг зүсмийн үхрүүд байх шиг байсан нэг бүрчлэн харсан зүйл байхгүй болохоор сайн санахгүй байна. ...би хулгайн үхэрнүүд байна гэж мэдээгүй. Надад Н нь ярихдаа Дорнод аймгийн ............... сумаас өөрийнхөө үхэрнүүдийг авчирч байна гэж ярьдаг. ...2020 оны 02 дугаар сард авчирсан бойчин залууг танихгүй. Тухайн өдөр би өөрөө малын ажилтай байсан болохоор бойчин залуутай очиж уулзаагүй юм аа...” гэжээ. /хх-ийн 70-71/

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Н-г танихгүй. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 440 кг үхрийн махыг 6.800 төгрөгөөр бодож нийт 2.990.000 төгрөгөөр авч байсан. ...өөрийнхөө ХААН банкны данснаас 2.280.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 710.000 төгрөг өгсөн гэсэн тэмдэглэл байна. ...мөн дансаар шилжүүлсэн мөнгөний утга дээр Н руу гэж явуулсан байгаа болохоор тухайн залуу байх гэж бодож байна. ...Миний хар дэвтэр дээр тэмдэглэснээс харахад 3 тооны үхэр авсан байна. Яагаад гэвэл “Хүчит шонхор” захаас Нарантуул-2 зах руу зөөхөд 1 үхрийн мах 10.000 төгрөг болдог ба би 30.000 төгрөг гэж тэмдэглэсэн байгаа болохоор 3 тооны үхэр гэсэн үг юм...” гэжээ. /хх-ийн 127-128/

Гэрч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэхээ: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур Н нь Т гэх 70 гаруй насны ахын хамт саарал өнгийн суудлын машинтай ирээд мал нядлуулах гэсэн юм гэж хэлээд нэг үхрийг 28.000 төгрөгөөр бодож нядлуулахаар болсон. Ингээд аймгийн төвөөс урагшаа 10 гаруй км-т байх “................” зоогийн газрын хойд талд байх Т гэх ахын гэрийн баруун талд буюу дэрснүүдийн дунд 3 тооны үхэр буюу улаан халзан зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар алаг зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар алаг зүсмийн эм бярууг надаар нядлуулаад надад 84.000 төгрөг өгсөн. Үүний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр байх /яг хэдний өдрийг сайн санахгүй байна/ дахин Н нь Т гэх ахын хамт саарал өнгийн Эксел маркийн суудлийн машинтай ирээд мал нядлуулахаар болж аймгийн төвөөс урагш байдаг Төмөрөө ахын гэрийн баруун талд дэрснүүдийн дунд бас 3 тооны үхэр буюу хар толгойтой, цагаан их биетэй шүдлэн насны эм үхэр, алаг зүсмийн үнээ, алаг зүсмийн шүдлэн эм үхрийг надаар нядлуулж мөн адил 84.000 төгрөг өгсөн. Харин үүнээс хойш дахиж Н надаар мал нядлуулаагүй. ...өөрийнх нь үхэр л гэж бодоод нядалж өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 156-157/

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н гэх залуу 3 тооны үхэр зарсан ба нийт 416 кг махыг авахдаа тарган нэг үхрийг 6.500 төгрөгөөр бодож 156 кг махыг 1.014.000 төгрөгөөр, 3 арьсыг нь 24.000 төгрөгөөр бодож 2.598.000 төгрөгийг Н-н ХААН банкны 5725...... дугаарын данс руу шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 158-159/

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний орчим санагдаж байна. Эхнэр Ж-н хамт Улаанбаатар хот Тэрэлжид хадам аав Х хамт амьдарч байгаад эхнэр Ж-д хөдөө явж өөрийнхөө үхрийг аваад ирье, хоёулаа хамт явъя гэж хэлсэн. Тэгээд өөрийн ..... УНР улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашинаа унаад Дорнод аймгийн..... сумын нутаг “.......” гэх газарт очсон. Эхнэр бид хоёрыг ирэхэд харанхуй болсон байсан ба ойролцоогоор 23 цаг орчим болж байсан байх. Тэгээд “Б” гэх газрын хонхор хэсэгт хэвтэж байсан 60 орчим үхрээс 3 тооны үхрийг машиндаа ачаад явсан. Тэгээд Хэнтий аймаг руу ордог гүүрийн урд талд байдаг танихгүй айлд очоод өөрийнхөө малыг Дорнод аймгаас ачаад явж байна, нядлаад хот руу оруулах гэсэн юм гэж хэлээд айлын хүн Т гэх хүнээр Хэнтий аймгаас мал нядалдаг хүн дуудаж ирээд махаа янзлуулаад ачаад авч явсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод “Дэнжийн 1000” зах дээр очиж махаа зараад гэртээ харьсан. Үхрийн зүс зэргийг яг одоо сайн санахгүй мартсан байна. ...2020 оны 01 сарын 09-ний орчим эхнэр Ж-д манай нутаг руу явж өөрийнхөө үхрийг авч ирье гэж худлаад хэлээд өөрийнхөө худалдаж авсан ................. УНР улсын дугаартай Портер маркийн машинтайгаа Дорнод аймгийн ...............-Овоо сумын нутаг дэвсгэрт “Б” гэх газарт харанхуй болон үед буюу 20 цаг орчим очсон юм шиг санагдаж байна. Очоод М гэх айлын нь эзэнгүй үхрүүд нь хашаандаа байсан. Тэгэхээр нь алаг үхэр 2, улаан үхэр 1, нийт 3 тооны үхэр машиндаа ачаад Хэнтий аймгийн гүүрний урд талд байдаг айлд нядлуулаад Улаанбаатар хот руу ачиж авч “Дэнжийн 1000” захад очиж махаа борлуулаад гэртээ харьсан. Мах зарсан мөнгөө бэлнээр авсан юм. ...мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна. Мөн эхнэр Ж-д өөрийнхөө үхрийг авъя гэж хэлээд .............. УНР улсын дугаартай Портер автомашинаа унаад Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэр “Б” гэх газар руу очсон. Очсон чинь эзэнгүй айлын хашаанд 70 орчим тооны үхэр байхаар нь алаг үхэр 1, саарал 1, улаан үхэр 1, нийт 3 тооны үхэр машиндаа ачиж аваад гүүрний доод талын айлд махлуулаад Улаанбаатар хотод очоод “Дэнжийн 1000” зах дээр очоод махаа зарсан. Мөнгөө бэлнээр авсан шиг санагдаж байна. ...2020 оны 01 сарын сүүлээр санагдаж байна. Эхнэр Ж-д өөрийнхөө үхрийг Дорнод аймгаас авъя гэж хэлээд ..... УНР улсын дугаартай Портер машинаа эхнэрийн хамт унаад авч явсан. Тэгээд Дорнод аймгийн ............. сум “Б” гэх газар харанхуй болсон хойно очсон чинь эзэнгүй хаваржааны хашаанд 70 орчим үхэр байсан. Тэгэхээр нь алаг үхэр, улаан үхэр, хар алаг үхэр, нийт 3 тооны үхэр ачаад Хэнтий аймаг руу ордог гүүрний урд байрлах Т гэх айлд миний үхэр байгаа юм гэж хэлээд үхрээ нядлуулаад Хэнтий аймгийн төвд ороод мах зарна гэсэн модон байшин руу ороод 2.000.000 төгрөгөөр зараад талыг нь бэлнээр талыг нь өөрийнхөө ХААН банкны 5725....... гэсэн дансаар аваад цаашаа Улаанбаатар хот Тэрэлж рүү хадмынх руугаа явсан. ...Мөнгөний хэрэг гараад малаа зарах гэж байгаа юм гэж Төмөрөө ахад хэлээд гэрийнх нь гадаа малаа янзлуулдаг байсан. Төв аймгийн Аргалант сумын А гэдэг найздаа мөнгө хэрэг байна, байшин барьж байгаа юм гэхээр нь би таньдаг хүнээс 13.000.000 төгрөг зээлээд А-д авч өгсөн. Манай найз А нь зуурдаар нас барсан. Үүнээс болоод мөнгийг нь би төлөх хэрэгтэй болоод мал хулгайлсан юм...” гэжээ. /хх-ийн 40-43/

Ж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2020 оны 02 сарын эхээр байх Тэрэлжид гэртээ байж байсан чинь нөхөр Н би нутагтаа очиж өөрийнхөө малыг авъя гээд чи хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд Н бид хоёр ................улсын дугаартай машинаа унаад Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг “Б ” гэх газраас эзэнгүй айлын хаваржаанд 30 орчим үхэр байсан. Энэ үхэрнүүдээс 3 үхэр машин дээрээ ачаад Хэнтий аймаг руу ордог гүүрний урд байрлах айлд очоод манай үхэр байгаа юм, нядлах хэрэгтэй байна гэж хэлээд мал янзалдаг хүн Хэнтий аймгийн төвөөс дуудуулаад Улаанбаатар хот руу авч яваад “Дэнжийн 1000” зах дотор танихгүй ченжид зараад мөнгөө аваад гэрлүүгээ явсан. Мөн 2020 оны 01 сарын 09-ний орчим манай нөхөр ............ өөрийнхөө малыг аваад ирье гэхээр нь хамт Дорнод аймгийн .............. сум “Б” гэх газарт шөнө очсон. Очоод яг хаанаас авсныг нь сайн мэдэхгүй байна. 3 тооны үхэр ачиж аваад Хэнтий аймаг руу ордог гүүрний урд байдаг Т ахад хэлж хүн дуудуулж янзлуулаад махаа машиндаа ачиж Улаанбаатар хотод “Дэнжийн 1000” захад очоод нэр овгийг нь мэдэхгүй хүнд зарсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шиг санагдаж байна, мөн нөхөр Н малаа авья гэхээр нь...................УНР улсын дугаартай Портер машинаа унаад Дорнод аймгийн .......... сумын “Б” гэх газарт очсон. Мөн айлын хаваржааны гадна хашаанд байсан 50 орчим үхрээс 3 тооны үхрийг машиндаа ачиж яваад Т ахын хашааны гадна нядлуулаад махаа авч яваад Улаанбаатар хотод “Дэнжийн 1000” зах дээр очиж зарсан. 2020 оны 01 сарын сүүлээр санагдаж байна. Манай нөхөр Н малаа авч ирье гэхээр нь ........... УНР улсын дугаартай Портер машинаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг “Б” гэх газарт очиж айлын хаваржааны хашаанд байсан үхэрнүүдээс 3 тооны үхрийг машин дээрээ ачиж авч яваад Төмөрөө ахын хашааны гадна нядлаад Хэнтий аймгийн төвд 2 давхар дүнзэн байшинд малын мах авна гэсэн бичиг байхаар нь ороод махаа зараад Тэрэлж рүү гэрлүүгээ явсан. Би нөхөр Н хамт нийт 4 удаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу явж нийт 12 үхэр нядлаад махыг нь зарсан. ...Н  л анх Цагаан-Овоо явж үхэр авч ирье гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 46-49/

 

Малын үнэлгээ /хх-ийн 27, 75, 133, 163-164/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 4-9/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 17, 69, 124, 162/

Н ХААН банкны дансны хуулга /хх-ийн 22-23/

Хохирлын тооцоо /хх-ийн 51/

Гэрч Х-н мэдүүлэг /хх-ийн 72/

Гэрч С-н мэдүүлэг /хх-ийн 73-74/

М-н 2019 оны мал тооллогын маягт /хх-ийн 26/

Ц-н 2019 оны мал тооллогын маягт /хх-ийн 80/

М-н 2019 оны мал тооллогын маягт /хх-ийн 131, 166/

Н-н  ХААН банкны дансны хуулга /хх-ийн 53-54, 83-94/

Ж-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19/

Ж-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 179/

Н-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 180/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 32/

А-н  төрсний бүртгэлийн лавлагаа /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүх хуралдаанд 4 ширхэг сидид буулгасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н, Ж нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н, Ж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн ....................сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М-н эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу нийт 3 тооны үхэр хулгайлж, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн .............сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М-н эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан хохирогч М-н дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц-н  эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн ….............сумын 5 дугаар багийн нутаг “Ч” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М-н эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н, Ж нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М, Ц,  гэрч Н, Б, Х, Г, У, О нарын мэдүүлэг, малын үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, Н, Г, Н нарын ХААН банкны дансны хуулга, хохирлын тооцоо, хохирогч нарын 2019 оны мал тооллогын маягт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Н, Ж нар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н, Ж нарын 4 удаагийн мал хулгайлах үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг үргэлжилсэн гэмт хэргийн бүлэглэж үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н, Ж нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н, Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н, Ж нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг 2020 оны нэгээс хоёрдугаар сард үйлдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Н, Ж нарын үйлдэлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт ороогүй буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч Н, Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч Н оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н, Ж  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тэдгээрийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н, Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж, гэмшиж байгаа байдал,  шүүгдэгч нар нь 4 настай охины хамт амьдардаг, Ж тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэв.

 

   Уг гэмт хэргийн улмаас хохирогч М  5 тооны үхэр буюу 6.100.000 төгрөгийн, хохирогч М-д 4 тооны үхэр буюу 6.000.000 төгрөгийн, хохирогч Ц-д 3 тооны үхэр буюу 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нараас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй тул шүүгдэгч Н, Ж  нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 16.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч М-д 6.100.000 төгрөгийг, хохирогч М-д 6.000.000 төгрөгийг, хохирогч Ц-д 4.500.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар шүүгдэгч Н, Ж  нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Н-н эзэмшлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй, ...................УНР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг бүхий DVD дөрвөн ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .................. УНР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул шүүгдэгч Н-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Ж-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н,Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д  оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж-д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н, Ж нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Н-н  эзэмшлийн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй, ................. УНР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н, Ж  нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 16,600,000 /арван зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч М-д .........................................../-д 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн М-д  6,000,000 /зургаан сая/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн .................сумын 5 дугаар багт оршин суух Ц-д  4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Хэрэгт хураагдаж ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг бүхий DVD дөрвөн ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ......УНР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч  Н-н ЖЛ .....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Ж-н АЧ ...................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.  

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   П.ПАГМА