Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01301

 

А Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 840 дугаар магадлалтай,

А Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

НХОГ ОНӨААТҮГ, МУ Х Б-инд тус тус холбогдох,  

Алданги, хохирол буюу харуул хамгаалалтын зардал, зээлийн хүү, валютын ханшны өөрчлөлтийн зөрүү, нийт 3.628.791.908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч НХОГ-ын /ОНӨААТҮГ/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч МУ Х Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ц.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ИБТУ-2012/03 дугаартай Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40мВа чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг НХОГтай байгуулсан. Уг гэрээг захиалагчийн хүсэлтээр сунгаж 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ИТБУ-2012/03-01 тоот сунгалтын гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ИТЗТБУ-2012/03-02 тоот сунгалтын гэрээг тус тус байгуулсан. Уг ажлын санхүүжилтийг МУ Х Б- шийдвэрлэнэ гэсэн тул бид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр СДБ-Б-2014-160 дугаартай Их тойрог 110КВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 КВ-ын 2*40 MBA дэд станц төслийн хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40мВа чадалтай дэд станц, 22 км хоёр хэлхээт ЦДАШ-ын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч НХОГ болон санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулсан ба уг гэрээгээр гэрээт ажлын санхүүжилтийн талаар зохицуулсан. 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ИБТУ-2012/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээт ажлыг гүйцэтгэх нийт ажлын төсөв 9.490.881.000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон ба гэрээний төлбөрийг төлбөрийн мэдэгдэл гарч баталгаажсан өдөр буюу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 20 хоногийн дотор төлөхөөр гэрээний тусгай нөхцөлд заасан. Мөн гэрээний тусгай нөхцлийн 46.0-д төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцохоор заасан. Захиалагч буюу хариуцагч нь гэрээт ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, баталгаажуулсан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа төлбөрийг хугацаа хоцорч хийсэн байдаг. Тиймээс гэрээнд заасны дагуу алдангийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд нийт дүн 621.050.730 төгрөг байна. Мөн талууд гэрээг 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээг тус тус сунгасан. Иймд бид алдангийн хэмжээг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан СДБ-Б-2014-160 дугаартай гэрээнд заасны дагуу бодож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 515.314.795.11 төгрөгөөр ихэсгэх хүсэлтэй байна. Манай компани байгууламжийн ажлыг гүйцэтгэх үүргээ цаг тухайд нь биелүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлыг бүхэлд нь дуусгавар болгосон тухай захиалагчид мэдэгдсэн. 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр cap хүртэлх хугацааны харуул хамгаалалтын зардалд төлсөн 7.027.097 төгрөг, мөн дээрх хугацаанд гэрэлтүүлгийн зардалд төлсөн 4.301.121 төгрөг, нийт 11.328.218 төгрөгийн зардлыг захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанийн зүгээс төлсөн тул үүнийг буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Захиалагчаас санхүүжилт хугацаандаа хийгээгүйн улмаас бараа материалын төлбөрийг төлөхийн тулд толгой компани болох Нью прогресс групп ХХК-иас Хаан банк ХХК-тай жилийн 15.6 хувийн хүүтэй байгуулсан шугаман зээлийн эх үүсвэрийг ашигласан. Үүний улмаас манай компани зээлийн хүү төлж, нийт 600.724.684.34 төгрөгийн хохирол учирсан. Гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1.389.65 төгрөг байсан бол энэхүү ханш тасралтгүй өссөөр 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.710.61 төгрөг, өнөөдрийн байдлаар 2.444.19 төгрөг болсон. СДБ-Б-2014-160 ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 2-н 12.1.4-р зүйлд валютын ханш гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжлэх нь захиалагчийн хүлээх эрсдэл байхаар заасан. Дээр дурдсаны дагуу ханшийн зөрүүгээс хамааран манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд бараа материал худалдаж авахтай холбоотойгоор валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалан нийт 1.226.066.186.01 төгрөгийн хохирол, гаалийн шимтгэлд валютын ханшийн хэлбэлзлээс шалтгааалан 654.307.294.7 төгрөгийн хохирол нийт 1.880.373.480.8 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гэрээнд заасны дагуу энэхүү хохирлыг арилгуулахыг захиалагчаас нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас бүгд 3.628.791.908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МУ Х Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: А Т ХХК нь НХОГтай гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.2-д гэрээний үнэ ажлын төсөвт өртөг нь 9.490.881.000 төгрөг бөгөөд үүнээс 2.290.881.263 төгрөгийг санхүүжүүлэгч гэрээний дагуу олгоно. 2.290.881.263 төгрөг нь гэрээний үнэ байх ба санхүүжилт олгох хуваарийг гэрээний хавсралт 6-д тохиролцов гэжээ. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан ИБТУ-2012/03 дугаартай гэрээний санхүүжилтээс үүссэн алданги МУ Х Б-инд хамааралгүй байх бөгөөд энэ гэрээнээс үүсэх аливаа харилцаанд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй. МУ Х Б-ны 2015 оны 12 дугаар 17-ны 2/1540 дугаартай албан бичгээр дээрх төслийн санхүүжилтийг олгох зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2015 онд багтан зөвшөөрөл олгоогүй болно. Учир нь НХОГ ажлын гүйцэтгэлээ он дуусахаас 3 хоногийн өмнө баталгаажуулж ирүүлсэн учир 2015 онд багтаж санхүүжилт олгох зөвшөөрөл Сангийн яам өгөөгүй асуудалд Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаа байхгүй. Улмаар МУ Х Б-ны 2016 оны 01 дүгээр 12-ны 2/57 дугаартай албан бичгээр дээрх төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл хүсч Сангийн яаманд, дээрх төслийн санхүүжилтийг Сангийн яамны зөвшөөрөл ирүүлээгүй тул олгоогүй тухай МУ Х Б-ны 2016 оны 1 дүгээр сарын 12-ны 2/60 дугаартай албан бичгээр НХОГ, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн боловч аль ч байгууллагаас албан бичгээр хариу ирүүлээгүй. Гүйцэтгэгч А Т ХХК ажил дуусгавар болсныг 2014 оны 11 дүгээр сард захиалагч болох НХОГт мэдэгдсэн байх бөгөөд үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 28-нд НХОГ Хөгжлийн банкинд ажлын гүйцэтгэлээ баталгаажуулж ирүүлсэн нь дээрх гэрээний 42.4-т заасан хугацааг захиалагч зөрчсөн үйлдэл харагдаж байна. Тиймээс харуул хамгаалалт болон гэрэлтүүлгийн зардал болох 11.328.218 төгрөгийн хохиролд Хөгжлийн банк хариуцлага хүлээх үндэслэлгүй. Хөгжлийн банкны хувьд гэрээний оролцогч биш байна. НХОГ болон А Т ХХК төслийн гүйцэтгэлийн баталгаажуулалтаа хугацаа тулгаж ирүүлсэн, уг төслийг санхүүжүүлэх зөвшөөрөл эрх бүхий байгууллагаас олгохгүй байсан зэрэг нь Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: А Т ХХК-тай Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2x40 мва чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад оруулах нөхцөлтэйгээр ИТБУ-2012/03 дугаар бүхий гэрээг байгуулсан. Нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт төсөвт өртөг болно гэж гэрээнд заасан бөгөөд гэрээний нийт үнэ 9.490.881.000 төгрөг юм. Дээрх төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд үүнээс тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт хийгдсэн. Гэрээний хугацааг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Ажлын үр дүнг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг бүрэн төлж гэрээ дуусгавар болсон байхад 2 жилийн дараа ямар ч үндэслэлгүйгээр алданги нэхэмжилж буйг ойлгохгүй байна. НХОГ нь А Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд зөвхөн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн бөгөөд дээрх ажлын үр дүнд бий болсон эд хөрөнгө нь улсын өмчид бүртгэгдэж, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит ХК-иас ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг. Харин НХОГ нь дээрх төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Иймд харуул хамгаалалтын болон гэрэлтүүлгийн зардлыг төлөх үндэслэлгүй. Тус гэрээнд валютын ханшийн талаар буюу ханшийн өөрчлөлтийг захиалагч хариуцах талаар ямар ч заалт байхгүй бөгөөд гэрээний үнийн дүн хатуу тогтсон үнэ байх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Дээрх гэрээг байгуулсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гэрээний 12.1.4-т заасан ханшийн уналт гараагүй болно. Гэтэл гүйцэтгэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний дээрх заалтыг 2012 онд байгуулагдсан гэрээтэй холбон ханшийн уналт гэж 1.880.373.480.8 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан НХОГ, МУ Х Б--аас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги 621.050.730 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний алданги 515.314.795.11 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 4.301.121 төгрөг, нийт 1.140.666.646.11 төгрөгийг гаргуулж А Т ХХК-д олгож, А Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх харуул хамгаалалтын зардал 7.027.097 төгрөг, зээлийн хүү төлсөн хохирол 600.724.684.34 төгрөг, валютын ханшны өөрчлөлтөөс учирсан хохирол 1.880.373.480.8 төгрөг, нийт 2.488.125.262.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.660.315.57 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.861.283.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 840 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.1-д зааснаар хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-аас 516.333.244 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.112.458.664 төгрөг болон хариуцагч МУ Х Б- ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагчаас 5.861.283 төгрөгийг гэснийг хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-аас 2.739.616 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.598.577 төгрөг, хариуцагч нараас тус бүр төлсөн 3.009.616 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....Давж заалдах шатны шүүх ажлын гүйцэтгэл баталгаажуулсан баримт нь төлбөрийн мэдэгдэл мөн гэж үзсэн боловч 6 баримтад баталгаажсан огноо тодорхойгүй байх тул эдгээрийг үнэлэх боломжгүй байна гэж үзжээ 1-р хавтаст хэргийн 101-109 дүгээр талуудад нийт 7 ширхэг гүйцэтгэл баталгаажуулсан акт байгаа бөгөөд үүнээс гүйцэтгэл №1-ээс бусад 6 төлбөрийн мэдэгдэлд хамаарах мөнгөн төлбөрийн үүрэгт алданги тооцож нэхэмжилсэн байдаг. Шүүх 1-р хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд авагдсан баримтаас бусад баримтад гүйцэтгэл баталгаажуулсан огноо тодорхойгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. 1-р хавтаст хэргийн 102-р хуудсанд авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №2 баримтын баруун дээд буланд уг баримтыг баталж, талуудын төлөөлөл гарын үсэг зурсан байх бөгөөд “2013 оны 5 сарын 20-ны өдөр” гэж баталсан огноо нь тодорхой бичигдсэн байна. Энэхүү хугацаа нь уг баримтын 5 дугаарлалт дээр бичигдсан гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаатай ижил байгаа юм. 1-р хавтаст хэргийн 103-р хуудсанд авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №4 баримтын дээд хэсэгт 5 дугаарлалттай гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаа гэдэгт “2013 оны 10 сарын 07” гэж тодорхой заасан байна. Мөн уг баримтын хүснэгтэн дэх мэдээлэлд гүйцэтгэл №3-ын дагуу хийгдэх санхүүжилтийг 2013 оны 8 сарын 15-ны өдөр гаргасан гэж тодорхой тусгажээ. 1-р хавтаст хэргийн 105-р хуудсанд авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №5 баримтын дээд хэсэгт 5 дугаарлалттай гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаа гэдэгт “2013 оны 11 сарын 27” гэж тодорхой заасан байна. Сүүлийн 2 гүйцэтгэлийн хувьд гэрээнд санхүүжүүлэгчээр Хөгжлийн банк шинээр орж ирсэн тул талуудын үйлддэг байсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл гэсэн баримтаас гадна санхүүжүүлэгчийн баталсан маягтын хамт үйлддэг болсон. 1-р хавтаст хэргийн 106-р хуудсанд авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №6 баримтын дээд хэсэгт 5 дугаарлалттай гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаа гэдэгт “2014 оны 9 сарын 09” гэж тодорхой заасан боловч 107-р хуудсанд авагдсан санхүүжүүлэгчийн баталсан маягтад талууд огноо бичээгүй байна. Харин 1-р хавтаст хэргийн 109-р хуудсанд авагдсан №7 баримтын дээд хэсэгт 5 дугаарлалттай гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаа гэдэгт “2015 оны 12 сарын 14” гэж тодорхой заасан бөгөөд 108-р хуудсанд авагдсан санхүүжүүлэгчийн баталсан маягтад мөн “2015 оны 12 сарын 14-ний өдөр” гэж бичигдсэн байна. Үүнээс харахад Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл баримтын 5 дугаарлалттай гүйцэтгэл гүйцэтгэсэн хугацаа гэдэг нь төлбөрийн мэдэгдлийг баталгаажуулсан хугацаа мөн гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж улмаар төлбөрийн мэдэгдэл баталгаажуулсан огноог тодорхойлох боломжгүй гэж үзэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 631.359.599 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх валютын ханшийн зөрүүг нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээний заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд 2012 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч ажлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэний улмаас энэ харилцаанд МУ Х Б-ыг санхүүжүүлэгчээр оролцуулахаар болсон буюу санхүүжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж 2014 оны 9 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэ нь 1-р хавтаст хэргийн 208-р хуудсанд авагдсан 2014 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээний 8.4 дэх заалтад “Талуудын хооронд 2012 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан ИТБУ-2012/03 дугаартай Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40 мВА чадалтай дэд станц, 22 км 2 хэлхээт ЦДАШ-ын угсралтын ажлын гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ нь энэхүү гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд энэхүү гэрээний заалтыг мөрдөнө" гэж зааснаас тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэрээнүүд нь нэг л ажлыг гүйцэтгэх явцад байгуулагдсан, гэрээний нэг зүйл бүхий нэг гэрээ юм. Түүнчлэн 2014 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт бүхий гэрээний ерөнхий нөхцлийн 12.1.4 дэх заалт нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хугацааны харилцаанд үйлчлэхгүй гэсэн зохицуулалт байдаггүй. Валютын ханшны үнийн өсөлтийн талаар анх 2012 онд гэрээ байгуулахдаа өөрөөр зохицуулсан байдаг. Гэрээт ажлын санхүүжилт хугацаандаа хийгддэггүй байснаас шалтгаалан ажил гүйцэтгэх хугацаа нилээд урт хугацаагаар сунгагдаж, ийнхүү сунгагдсан хугацаанд макро эдийн засгийн байдал хүндэрснээс валютын ханш огцом нэмэгдсэн буюу төгрөгийн ханш унасны улмаас гүйцэтгэгчид ихээхэн хэмжээний хохирол учирсан. Энэ талаар нэхэмжлэгч 2013 оноос хойш удаа дараа захиалагчид мэдэгдэж, энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан нь 3-р хавтаст хэргийн 183-198 дугаар талуудад авагдсан нотлох баримтаар нотлогддог. Захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэгчид бодитоор бий болсон хохирлыг харгалзан үзээд 2014 оны 9 сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 12.1.4 дэх заалтын талаар тохиролцож валютын ханшны өсөлтийн улмаас бий болох эрсдлийг захиалагч хариуцахаар болсон юм. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэгт гэрээ байгуулснаас хойш буюу хожим үүссэн нөхцөл байдалд гэрээний зохицуулалтыг нийцүүлэн өөрчлөхийг ойлгодог. Энэхүү гэрээний харилцаанд ч ийм нөхцөл байдал үүссэн болох нь дээрх үндэслэлүүдээс харагдаж байгаа. Иймээс 2014 оны 9 сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний ерөнхий нөхцлийн 12.1.4 дэх заалт нь гэрээний харилцаа үүссэн буюу 2012 оны 10 сарын 03-ны өдрөөс гэрээний харилцаа дуусгавар болох хүртэл үйлчилнэ. Давж заалдах шатны шүүх нэгдүгээрт 2014 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээг 2012 оны 10 сарын 03-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ болохыг нөгөө талаас алдангийг 0,25 хувиар тооцсон нь 2014 оны гэрээний зохицуулалт нь 2012 оны 10 сарын 03-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан үеэс үйлчлэхээр дүгнэжээ. Гэтэл валютын ханшийн хувьд болзлын талаар тохиролцохоос өмнөх хугацаанд гэрээний заалтыг буцааж хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь шүүх магадлалдаа нэг асуудлаар хоёр өөр эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч НХОГ нь давж заалдах гомдолдоо валютын ханшны өсөлтийн улмаас бий болох эрсдлийн талаарх зохицуулалтыг зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулсан хугацаанаас хойш үйлчлэх ёстой гэдэг үндэслэлээр гомдол гаргаагүй. Гэтэл шүүх гэрээний зохицуулалтын агуулга илэрхий тодорхой байхад тодруулж хэлбэл гэрээг тайлбарлах шаардлагагүй байхад буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Хэргийн 1-р хавтасны 193-197 дугаар талуудад авагдсан Зээлийн гэрээ нь нэхэмжлэгч компанийн толгой компани болох “Нью Прогресс Групп” ХХК-ийн Хаан банкнаас авсан шугаман зээлийн гэрээ бөгөөд уг гэрээний харилцаанд тус компанийн охин болон хамааралтай компаниуд хамтран зээлдэгчээр оролцсон байдаг. Хэдийгээр зээлийн гэрээ нь 2011 онд буюу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө байгуулагдсан боловч шугаман зээлийн гэрээ гэдэг утгаараа хамтран зээлдэгчид шаардлагатай үедээ батлагдсан зээлийн үнийн дүнгийн хүрээнд зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглах эрх бүхий харилцаа юм. Зээлийн гэрээний 3.1.6-д заасны дагуу гэрээний хугацаа 3 жил, 3.1.4-т заасны дагуу зээлийн хүү жилийн 15,6 хувь байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран зээлдэгчдийн авч ашигласан нийт зээлийн хүүг хариуцагчаас нэхэмжлээгүй. Хэдийгээр захиалагч санхүүжилтийг хугацаандаа хийж байгаагүй боловч ажлыг үр дүнг хугацаандаа нийлүүлэхийг шаардаж байсан. Нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа санхүүжилт хоцорч байгаа талаар мэдэгдэн зээлийн эх үүсвэрээр ажлыг гүйцэтгэхээс өөр аргагүй байгаа талаар мэдэгдэж байсан. Ийнхүү захиалагчийн даалгавраар ажлыг хугацаанд нь гүйцэтгэж дуусахын тулд түүнд урьдчилан мэдэгдэж зээлийн хөрөнгөөр бараа, материал худалдан авч, ажилчдын цалин, машин, механизмын төлбөрийг төлсөн, энэ талаараа захиалагчид удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх зээлийн зориулалт нь энэ ажилд хамааралгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл толгой компаниас авсан шугаман зээлийн зориулалт нь машин механизм, тоног төхөөрөмж худалдах авах явдал байсан бөгөөд банкинд үүссэн нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр зээлийн хөрөнгөөр бараа материал худалдан авч, ажилчдын цалинг тавьж байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч буюу захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тохирсон хүү төлөх эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна. Харин тохирсон хүү гэдэгт гадаадын дийлэнх улсуудын иргэний хууль тогтоомжид тусгайлан тогтоосон хүүг ойлгодог. Энэ хүү нь тухайн улсын зээлийн дундаж хүүгээр тодорхойлогддог. Манай Иргэний хуулиар хүүгийн хэмжээг тодорхойлоогүй нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалалтгүйгээр зөрчигдөх ёстой гэж ойлгож болохгүй юм. Хэрэв ийнхүү ойлгох тохиолдолд мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэгчийн зүгээс хууль, гэрээ зөрчих замаар бусдад хохирол учруулах, өөртеө давуу байдал бий болгох үр дагавар шууд үүсгэхэд хүргэж байна. Иймээс тохирох хүү гэдэгт талуудын харилцаанд тогтсон хүү эсхүл мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс нотолсон зээлийн эсхүл хадгаламжийн хүү зэргээр тогтоогдох боломжтой юм. Энэхүү хэргийн тухайд 3-р хавтаст хэргийн 42-р талд авагдсан гэрээ дүгнэсэн протоколд зааснаар гүйцэтгэгч нь санхүүжилтээс давсан хэмжээний ажлыг гүйцэтгэсэн гэдэг нь нотлогддог, мөн 1-р хавтаст хэргийн 228-250-р тал, 2-р хавтаст хэргийн 218-р тал, 3-р хавтаст хэргийн 80-158-р талд авагдсан бараа материал худалдан авсан гэрээ, төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд гүйцэтгэгч нь санхүүжилт хийгдээгүй байхад өөрийн хөрөнгөөр төлбөр төлсөн гэдэг нь илэрхий байдаг. Түүнчлэн ийнхүү төлбөр төлөхдөө зээлийн санхүүжилтийг ашигласан гэдгээ нотлох үүднээс зээлийн гэрээ, зээл орж ирсэн дансны хуулга гэсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж байдаг. Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан тохирсон хүү гэдэг нь энэ тохиолдолд нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүү буюу жилийн 15,6 хувийн хүү болно. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/125 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжөөр А Т ХХК-тай захиалагчийг төлөөлж гэрээ байгуулан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг НХОГт нь захиалагчийг төлөөлж, санхүүжүүлэгч Нийслэлийн Засаг даргны Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч А Т ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ИТБУ-2012/03 дугаар гэрээг байгуулсан. Гэтэл шүүх зөвхөн хяналт тавих эрх, үүрэгтэйгээр захиалагчийг төлөөлж гэрээний нэг тал болон оролцсон этгээдийг ямар хууль зүйн үндэслэлээр гэрээнээс үүсэх эрх, үүргийг хариуцах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. НХОГ нь бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд төсвөөс санхүүждэг байгууллага биш юм. Гэтэл захиалагчийн хяналт тавьж 163.784.000 төгрөгөөр цалинжсаныхаа төлөө улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй гэрээт ажлын үнийг төлөхөөр шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шударга ёсонд нийцэхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний 3-т заасан ажлыг 2012.10.03- ны өдөр эхэлж, 2013.10.11-ний өдөр хүлээлгэн өгөх, 2-т зааснаар тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг буюу ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гүйцэтгэгч тогтоосон хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэн өгч чадаагүй бөгөөд удаа дараа гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүсэж албан бичгийг ирүүлж байсан хүсэлтийг үндэслэн нэмэлт хугацаа тогтоон гэрээний хугацааг сунгаж байсан боловч гэрээ дуусгавар болж, 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа алданги шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Гүйцэтгэгчээс гэрээний тусгай нөхцөлийн 40-д заасан төлбөрийн мэдэгдлийг захиалагч болон захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчид ирүүлж байгаагүй, ямар нэгэн төлбөрийн мэдэгдлийг захиалагчаас баталгаажуулж байгаагүй буюу ийм баримт хэрэгт огт байхгүй. Харин НХОГ нь Нийслэлийн Засаг даргаас захиалагчийн хяналт тавьж ажиллах эрх олгосны дагуу төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хянан Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 4 дүгээр хавсралтын дагуу Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн маягт үйлдсэнийг нэхэмжлэгч төлбөрийн мэдэгдлийг баталгаажуулсан гэж буруу ойлгон, тайлбарлаж шаардлага гаргасан. НХОГ-аас гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн маягтыг үйлдэн захиалагчид хүргүүлдэг бөгөөд “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.5-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яаманд санхүүжилт хүссэн албан бичгийг холбогдох бусад баримтын хамт хүргүүлж, Сангийн яамны Төсвийн бодлогын асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн нь журамд тусгагдсан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилт хийгддэг. Нэхэмжлэгч өөр ямар нэгэн төлбөрийн мэдэгдэл гэсэн баримтын талаар дурдаагүй, тийм баримт өгч байгаагүй талаараа тайлбарлаж байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар талуудын хэн нь ч төлбөрийн баримт гэж үйлдээгүй баримтыг төлбөрийн мэдэгдэл гэж үзэж хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банк, А Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн СДБ-Б-2014-160 дугаар гэрээний 8.4-д “...2012.10.03-ны өдөр байгуулагдсан ИТБУ-2012/03 дугаартай ажлын гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ нь энэхүү гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд энэхүү гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан. Уг гэрээний 41 дүгээр зүйлд төлбөрийн мэдэгдлийн талаар дэлгэрэнгүй зааж өгсөн бөгөөд 41.6-д “нэхэмжлэл, тооцооллыг санхүүжүүлэгч эцэслэн хянаж баталгаажуулсны үндсэн дээр төлбөрийг шилжүүлнэ” гэж заасныг шүүх анхааран үзээгүй.

Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь аль гэрээг үндэслэн хэнд, ямар шаардлага гаргаж буй нь тодорхой бус байсан бөгөөд хариуцагчаас “ямар шаардлагад, ямар хариу тайлбар өгөх нь тодорхойгүй байна” гэсэн асуудал тавьсан боловч шүүх шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс аль гэрээг үндэслэн хэнд холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа талаар тодруулахад нэхэмжлэгч мөн л шаардлагаа тодруулж чадаагүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, НХОГт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А Т ХХК нь НХОГ /ОНӨААТҮГ/, МУ Х Б-инд холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, ажлын хөлсийг /санхүүжилт/ хугацаандаа төлөөгүйгээс алдангид 1.136.365.525 төгрөг, хохирол буюу зээлийн хүүд төлсөн 600.724.684.34 төгрөг, валютын ханшийн өөрчлөлтийн алдагдал 1.880.373.480.8 төгрөг, ажлын үр дүнг хугацаандаа хүлээн аваагүйгээс харуул хамгаалалт, гэрэлтүүлэгийн зардалд төлсөн 11.328.218 төгрөг, нийт 3.628.791.908 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хоёр хариуцагчаас алданги болон гэрэлтүүлгийн зардал гаргуулах нэхэмжлэлийг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх НХОГ-аас /ОНӨААТҮГ/ алдангид 515.314.795.11 төгрөг, гэрэлтүүлэг, харуул хамгаалалтын зардалд 11.328.218 төгрөг гаргуулж, бусад шаардлага болон МУ Х Б-инд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч А Т ХХК шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай, хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ/ шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй  гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

НХОГ /ОНӨААТҮГ/, А Т ХХК-ийн хооронд  2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ИБЭУ-2013/03 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, А Т ХХК нь Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кв-ын 2х40 мВа чадалтай дэд станци, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг 9.490.881.000 төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөс тухайн жилд батлагдсан төсвийн хэмжээнд, гүйцэтгэсэн ажилд уялдуулан олгох, НХОГ захиалагчийг төлөөлж ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүргийг тус тус хүлээсэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс гэрээ байгуулахыг зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

Гэрээнд зааснаар А Т ХХК нь ажлыг 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр эхэлж 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгахаар тохиролцсон боловч, талууд гэрээний хугацааг 2 удаа, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна.

Улмаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжилтийг бүрэн олгох боломжгүй нөхцөлийн улмаас үлдэгдэл 2.290.881.263 төгрөгийг МУ Х Б- санхүүжүүлэхээр болж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр А Т ХХК /гүйцэтгэгч/, НХОГ ОНӨААТҮГ /захиалагч/, МУ Х Б-ны /санхүүжүүлэгч/ хооронд СДБ-Б-2014-160 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж тодорхойлсон хэдий ч талууд хугацааг сунгаж 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр  болгож өөрчилсөн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 110/35/10 кв-ын 2х40 мВА чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын комисс хүлээн авсан, гэрээний дагуу ажлын хөлс 9.490.881.000 төгрөг төлөгдснийг талууд тайлбарлажээ.

1. НХОГ /ОНӨААТҮГ/, МУ Х Б-наас 1.136.365.525 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар.

Анхан шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх алдангийн зарим хэсгийг НХОГ-аас гаргуулж өөрчлөн шийдвэрлэхдээ гэрээнд заасан талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зөв тодорхойлж, гэрээний нөхцлийг харьцуулан тайлбарлаж чадаагүй байна. Иймд хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А Т ХХК алданги шаардахдаа 2 хариуцагч тус бүрийн хариуцлагыг ялгамжтай тодорхойлоогүй байна.

Нэхэмжлэгч, ИБТУ-2012/03 тоот гэрээний тусгай нөхцөлийн 40.0-д “төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гарч баталгаажсан өдрөөс хойш 20 хоног байна.”, 46.0-д “төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувь байна”, СДБ-Б-2014-160 тоот гэрээний тусгай нөхцлийн 47.1-д “алданги ногдуулах хэмжээ хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээ нь гэрээний үнийн 20 хувь байна.“, 8.4-т “НХОГ А Т ХХК болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ИБТУ-2012/03 тоот гэрээ нь ...энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ нь энэхүү гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд энэхүү гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгож, ажил гүйцэтгэгчээс захиалагчид 7 удаагийн ажлын гүйцэтгэл хүлээлгэн өгсөн баримтыг гаргажээ.

Хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ/ нь “...гурван талт гэрээнд ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрхтэй оролцон, тухай бүрт гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, холбогдох баримтыг санхүүжүүлэгчид хүргүүлсэн, тухайн жилд батлагдсан хөрөнгөөр санхүүжилт хийгдсэн, гэрээний 40.0-д зааснаар хугацааг тодорхойлох боломжгүй, гэрээнд заасан журмын дагуу нэхэмжлэгчээс төлбөрийн мэдэгдэл ирүүлж байгаагүй” гэж, хариуцагч МУ Х Б- нь “...гурван талт гэрээнд санхүүжүүлэгчээр оролцсон, гэрээгээр санхүүжүүлэгч алданги төлөхөөр тохиролцоогүй, эхний санхүүжилтийг НХОГ-ын 2014.10.01-ний өдрийн албан бичгийг үндэслэж, 2014.10.02-ны өдөр хийсэн, хоёрдох санхүүжилтийн хүсэлтийг 2015.12.28-ны өдөр ирүүлсэн боловч, Засгийн газрын 2015 оны 95 дугаар тогтоолоор гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ Сангийн яамнаас зөвшөөрөл авахаар болсон, 2016 оны төсөвт тусгагдаагүй тул санхүүжилт хийгдээгүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээний хугацааг сунгасан...”  гэж тус тус маргасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Алданги гаргуулах нэхэмжлэлд а. зохигч гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон эсэх, б. талууд гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохиролцсон, в. үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдсон эсэхийг шүүх дүгнэнэ.

а.Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй ИБТУ-2012/03 тоот гэрээний тусгай нөхцөлийн 46.0, СДБ-Б-2014-160 тоот гэрээний тусгай нөхцөлийн 47.1 дэх заалтууд нь алдангийн хэмжээг тодорхойлжээ.

ИБТУ-2012/03 тоот гэрээний тусгай нөхцөлийн 40.0 нь төлбөр төлөх үүрэг бүхий этгээдийн үүрэг гүйцэтгэх хугацааг заасан байна.

Харин ИБТУ-2012/03 тоот гэрээний ерөнхий нөхцлийн “төлбөрийн нөхцөл” хэсэг буюу  12.3-т “захиалагч тогтсон хугацаандаа эсвэл гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийж чадаагүй бол гүйцэтгэгчид төлбөр саатуулсан хугацааны алдангийг /төлбөр бүрэн хийгдсэн хугацаа хүртэл/ гэрээний хавсралтад заасан хувь хэмжээгээр бодож, шүүхийн шийдвэр, ажиллагааны өмнө эсхүл хойно нь олгож болно”,  СДБ-Б-2014-160 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн “торгууль, алданги” гэсний 47.1 “гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Санхүүжүүлэгч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс үл маргах журмаар суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй”, 47.2-т захиалагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа хоцорсон тохиолдолд ГТН-д заасан бол захиалагчийн төлөх алданги нь гүйцэтгэгчид захиалагчаас төлөх өр болно.” гэж заажээ.

Дээрх 47.1 дэх заалт гүйцэтгэгчийн үүрэгт, 12.3, 47.2 нь захиалагчийн үүрэгт  хамааралтай байна.

СДБ-Б-2014-160 тоот гэрээний 8.4-т “өмнөх ИБТУ-2012/03 тоот гэрээ нь ...энэхүү гэрээний салшгүй хэсэг байх, хоёр гэрээний нөхцөл зөрчилдвөл энэхүү гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэснээр хоёрдох гэрээний 47.2 гэсэн зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд уг зохицуулалтаар захиалагч төлбөр төлөх үүрэг хүлээсэн, энэ үүрэгтэй холбоотой хугацаа хэтрүүлснээс алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Учир нь СДБ-Б-2014-160 тоот гэрээнд захиалагчийн гэрээгээр хүлээх үүргийг, гүйцэтгэгчийг мэргэжил арга зүйгээр хангах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, түүнд тохирсон захиалагчийн техник хяналтын зардлаар санхүүжих, гүйцэтгэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийн тайлан болон нэхэмжлэхийн үнэн зөв, алдаагүй байдлыг хянан баталгаажуулж, хууль тогтоомжид заасан татварыг тооцож санхүүжүүлэгчид хүргүүлэх, төслийн хэрэгжилтийн явцад бий болсон хөрөнгийг хүлээн авч, арчлалт хамгаалалт хариуцах гэж заажээ.

НХОГ /ОНӨААТҮГ/ нь өөрөө санхүүжилт хийхгүй, харин гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, гүйцэтгэгчийн гаргасан мэдэгдлийг баталгаажуулж, хөрөнгө шийдвэрлэх эрх бүхий этгээдэд хүргүүлж, улмаар санхүүжилт олгох этгээд баримтын үнэ зөвийг хянаж гүйцэтгэлийг олгохыг талууд 3 талт гэрээгээр тохиролцсон байна.

Иймээс гэрээгээр НХОГ /ОНӨААТҮГ/ төлбөр төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон гэж үзэхгүй тул алданги шаардах боломжгүй юм.

МУ Х Б- ажлын үлдэгдэл санхүүжилтийг олгох болсноор 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр СДБ-Б-2014-160 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд тус банк нь санхүүжүүлэгчийн хувиар гэрээний тал болж оролцсон, санхүүжүүлэгч захиалагчаас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн албан хүсэлт, нэхэмжлэл, холбогдох тооцоолол, баталгаажуулах баримт зэргийг үндэслэн гүйцэтгэгчид санхүүжилт олгох, захиалагчаас баталгаажуулан ирүүлсэн гүйцэтгэлийн тайлан болон нэхэмжлэхийн үнэн зөв, алдаагүй байдлыг хянаж, засвар оруулахыг шаардах, гүйцэтгэлд тохируулан санхүүжилт олгох, үүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга бичиг баримт шаардах эрхтэй гэж гэрээнд заасан ба гэрээнд санхүүжүүлэгч алданги төлөхөөр тохиролцоогүй байх тул, ИБТУ-2012/03 тоот гэрээний 40.0-д заасан хугацааг баримталж, Хөгжлийн банкнаас алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

б. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.

Дээр дурдснаар ИБТУ-2012/03 тоот гэрээгээр НХОГ /ОНӨААТҮГ/ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, санхүүжилтийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөс олгох, СДБ-Б-2014-160 тоот гэрээгээр захиалагчийн хяналтыг НХОГ /ОНӨААТҮГ/ хэрэгжүүлж, санхүүжилтийг МУ Х Б-наас гаргахаар тохиролцсон, эдгээр 2 гэрээнд зааснаар санхүүжилт хийхийн тулд тодорхой үйлдэл буюу төлбөрийн мэдэгдлээр баталгаажуулалт хийгдэх, үүний дараа тухайн жилд батлагдсан төсвийн хэмжээнд мөнгийг олгохоор тохиролцсон байна.

Захиалагч НХОГ-ын /ОНӨААТҮГ/ хувьд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулаагүй хугацаа алдсан, санхүүжилт хүссэн баримтыг эрх бүхий этгээдэд хугацаа хоцроож хүргүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч үндэслэлээ гаргаагүй байна.

Нөгөөтэйгүүр ажил гүйцэтгэгч ажлыг 9.490.881.000 төгрөгт гүйцэтгэхээр тендер шалгаруулалтад үнийн санал ирүүлснийг захиалагч хүлээн авсан, гэрээнд санхүүжилтийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр заасан, санхүүжилт нь 2012, 2013, 2014, 2015, 2017 онд хувааж батлагдсан, нэхэмжлэл гаргах, төлбөр хийх журмыг гэрээгээр тодорхой заасан байх тул санхүүжилт олгоогүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд НХОГ /ОНӨААТҮГ/, МУ Х Б-наас алдангид 1.136.365.525 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Хохирол буюу харуул хамгаалалтын зардал 7.027.097 төгрөг болон гэрэлтүүлэгийн зардалд төлсөн 4.301.121 төгрөг, нийт 11.328.218 төгрөгийн нэхэмжлэлээс  анхан шатны шүүх гэрэлтүүлгийн зардлыг гаргуулж, харуул хамгаалалтын зардал гарснаа нэхэмжлэгч нотлоогүй гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх НХОГ /ОНӨААТҮГ/ тохиролцсон хугацаанд ажлыг хүлээн аваагүй гээд дээрх зардлуудыг бүхэлд нь гаргуулсан байна.

Энэ талаархи магадлалын дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн өмчийн газар ОНӨААТҮГ гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 351.1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч авах үүрэгтэй.

Мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран гэрээний зүйлийг хадгалсантай холбогдож үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэлт зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж аваагүйг ойлгох бөгөөд хоёр шатны шүүх ажлыг хүлээн авах нөхцлийг гэрээгээр талууд хэрхэн тохиролцсныг анхаараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.

СДБ-Б-2014-160 тоот гэрээ, ажил гүйцэтгэх хугацааг сунгасан нэмэлт гэрээний 3.3-т “гүйцэтгэгч нь ажлыг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө” гэж заасан, ажлыг улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байх тул үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан нөхцөл болон хугацаанд, ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

Тиймээс харуул хамгаалалт, гэрэлтүүлгийн зардалд төлсөн 11.328.218 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

3. Валютын ханшийн өөрчлөлтөөс учирсан хохирол 1.880.373.480 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хүүд төлсөн хохирол 600.724.684 төгрөг тус тус  гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх энэ шийдлийг хэвээр үлдээжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заажээ.

Эдгээр хохирлыг нэхэмжлэгч шаардахдаа хариуцагч нар гэрээний дагуу ажлын хөлс төлөөгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн учир энэ шаардлага үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 840 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 224 дүгээр зүйлийн 224.2.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул НХОГ ОНӨААТҮГ, МУ Х Б-инд тус тус холбогдох 3.628.791.908 төгрөг гаргуулахыг хүссэн А Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А Т ХХК 15.720.243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.739.617 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ