Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0257

 

“И-Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч,

Гомдол гаргагч: “И-Э” ХХК,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.О, өмгөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0865/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “И-Э” ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 дүгээр шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 6, 8, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Их эргэлт” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэл болсон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан үүсгээгүй, хариуцагч талаас энэ талаар нотлох баримт, тайлбар гаргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

3.2. Шийдвэрийн үндэслэл хэсэгт хэрэгт авагдаагүй татвар улсын байцаагчийн акт, хөөн хэлэлцэх хугацааг тусгасан.

3.3. Хэрэг бүртгэл нээж болохгүй талаар зохицуулсан хуулийн заалтууд зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

3.4. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцуулаагүй, хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулсан.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Гомдол гаргагч “И-Э” ХХК-аас “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн” гэж тодорхойлжээ.

4. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

4.1. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 35/20 дугаар Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар “И-Э” ХХК 2016 онд 38,672,185, 2017 онд 11,363,973, 2018 онд 54,244,821, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр илрүүлж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0245962 дугаар шийтгэлийн хуудсаар 31,508,552 төгрөгийн нөхөн татвар, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувь буюу 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4.2. Улмаар Нийслэлийн прокурорын газрын прокурор 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар дүгнэлт бичсэнээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн“ гэсэн дүгнэлт хийж, “Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, материалыг нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай” 17 дугаар дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд “И-Э” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 7-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно”, 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө”, Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно”, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар .... шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

4.4. Үүнээс үзвэл Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч “И-Э” ХХК-ийн 2016-аас 2019 оны санхүүгийн болон гадаад худалдааны бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг хийж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа зогссон, Нийслэлийн прокурорын газрын прокурор 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар дүгнэлт бичсэн хугацаанаас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

4.5. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаараагүй, энэ талаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үйлдлүүдэд нөхөн татвар, торгууль ногдуулсан” гэх буруу дүгнэлт хийжээ.

4.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон зэрэг нөхцөл байдлуудад тус бүрд тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн хариуцагч албан тушаалтны өмнөх шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацааг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас тооцсон нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

5. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

5.2. Анхан шатны шүүх хариуцагч албан тушаалтан “И-Э” ХХК-д нөхөн татвар, торгууль ногдуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дүгээр шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ өмнөх 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан асуудлуудыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, зөрчил тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх байжээ.

5.3. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихөд хүргэжээ.

5.4. Тодруулбал, анхан шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэл болсон “үнийн дүнгийн зөрүү хэрхэн үүссэн, гаальд мэдүүлсэн дүн гадаад гүйлгээний ямар дүнгээс хэрхэн зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгаагүй, санхүүгийн бүртгэлд аль гүйлгээг хэрхэн алдаатай бүртгэсэн, гаальд худал, эсхүл дутуу мэдүүлсэн эсэхийг тогтоогоогүй, зөрчилд тооцогдсон талаарх тооцоолол, үндэслэл тодорхойгүй” зэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 625 дугаар шийдвэрт дурдсан асуудлуудыг хариуцагч албан тушаалтан хэрхэн тодруулсан, холбогдох ямар ажиллагааг явуулсан, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нийцнэ.

5.5. Анхан шатны шүүх тухайн ажиллагааг хариуцагч гүйцэтгэсэн эсэх талаарх баримтуудыг цуглуулж, тодруулаагүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй гэх үндэслэл болно.

6. Дээрх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БА