Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01302

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 871 дүгээр магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй

Б.А-, А.Б-, К Б  ХХК-д холбогдох,  

Д.А-, Б.А- нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Б.А-, А.Б- болон К Б  ХХК нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД000374944 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч К Б  ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч К Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.А-, А.Б- нар нь PC тоглоомын газар ажиллуулна гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот, 3 өрөө орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бид ББСБ-д барьцаанд тавиулж 35 сая төгрөг авч, улмаар дээрх зээлээ К Б  уруу шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой гэж итгүүлэн, байрны өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц худалдах- худалдан авах гэрээ байгуулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн бөгөөд энэ нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 сарын 03-ны өдрийн 832 тоот Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож, 2015 оны 8 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан. Мөн Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч Д.А- нь хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсан. Б.А-тай 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Б.А-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг Д.А-гийн нэр дээр шижлүүлэхийг даалгаж өгнө үү. Б.А-, А.Б- нар нь 2015 оын 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар орон сууц зээлээр худалдан авах нэрийдлээр К Б  ХХК-тай 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээ, 3004-2015/29 тоот орон сууцны барьцааны гэрээг тус тус байгуулж, 77.000.000 төгрөг зээлж авсан. Б.А-д орон сууцаа худалдаагүй, тэрээр зөвхөн зээл авахын тулд эдгээр хэлцлийг хуурамчаар хийсэн. К Б  ХХК нь дээрх нөхцөл байдлыг мэдээгүй байх үндэслэлгүй. Иймд К Б  ХХК нь барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. К Б тай байгуулсан 3004-2015/29 тоот орон сууцны барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, барьцааны гэрээгээр барьцаалагдсан БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байр, 109 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Б.А-, А.Б-, К Б  ХХК-д даалгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Агиймаагийн нэр дээр байсан дээрх байрыг Банк бус санхүүгийн байгууллагад 2013 онд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсныг 2014 оны 9 сард Хас банкнаас зээл авч хааж, 2015 оны 02 сард энэ маргаж буй байрыг худалдах худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлэн К Б наас зээл авсан. Б.Агиймаа нь манай эхнэрийн сайн найз бөгөөд бид харилцан тохиролцож орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн К Б ны орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Банк зөвшөөрсөн тохиолдолд маргаж буй байрны өмчлөлийг Б.Агиймаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараагаар барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн Б.Агиймаад шилжүүлэх болно гэжээ.

Хариуцагч К Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.А-, Д.А- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдан авах гэрээний дагуу Б.А-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 77.000.000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Б.А- нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот барьцааны гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн 09 тоот 40 м.кв сууцыг барьцаалсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А-, К Б  ХХК нарт холбогдох 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгч Д.А- болон хариуцагч Б.А- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.А-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.А-д даалгах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.А-, А.Б- болон хариуцагч К Б  ХХК нарын хооронд байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, улмаар уг гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Б.А-, К Б  ХХК нарт даалгах тухай нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А.Б-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн хариуцагч Б.А-гийн нэр дээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД000374944 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч К Б  ХХК-ний гуравдагч этгээдийн хувьд гаргасан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.161.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Капитал банк ХХК-ний гуравдагч этгээдийн хувиар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580.862 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч К Б  ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 871 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч К Б  ХХК-ийн төлөөлөгч Л.Аа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатиы шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн толөөлөгч С.Ялалт оролцоогүй байхад оролцсон мэтээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралд тайлбар гаргасан боловч магадлалд огт тусгаагүй байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дах хэсгүүдэд заасныг тус тус үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага, туүний үндэслэлийг тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууцны зээлийн барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зүй ёс нь бол шүүх хэргийг хөндлөнгийн байр сууринаас, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. К Б  шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг нь хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ ч давж заалдах шатны шүүх хурал дээр илэрхийлсэн боловч тус шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэлийн хувийг К Б ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсаар байхад гардуулсан гэж үзэхгүй гэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Д.А- нь Б.А-д холбогдуулж Д.А-, Б.А- нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Б.А-, А.Б-, К Б  ХХК-д холбогдуулж тэдний хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД000374944 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.А-, А.Б- нар “зээл авах зорилгоор харилцан тохиролцож орон сууцыг нэр дээрээ шилжүүлж, барьцаанд тавьсан, банк зөвшөөрвөл өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзахгүй, зээлээ төлнө” гэж, К Б  ХХК, Д.А- нь орон сууцны өмчлөх эрх Б.А-д шилжиж барьцааны гэрээ байгуулагдахыг мэдэж байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Магадлалд, “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэснээс зохигч хэргийн үйл баримтын талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, эрх нь зөрчигдсөн, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг хуурч мэхлэн гэрээ байгуулсан гэж, өмгөөлөгч нь дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарласан ба өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг гаргах боломжгүй, гуравдагч этгээдийн шаардлагыг шүүхийн шийдвэрээр хүлээн авахаас татгалзсан нь буруу, нэхэмжлэгч Д.Батцэрэнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан учир хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийн шаардлагаас шалтгаалж хэргийг шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх эсэхийг тогтоох байсан” гэсэн үндэслэл заажээ.

1.Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

а.Нэхэмжлэгч Д.А- нь Б.А-тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг “хүчингүйд тооцох” нэхэмжлэлийн үндэслэлээ хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж тодорхойлжээ.

Хэрэгт, Д.А-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоор Б.А-, А.Б- нарыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ...тэдгээрт холбогдох хэргийг ...Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол авагдсан, нэхэмжлэгч энэ нөхцөлд тулгуурлан  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлсон хэдий ч уг байдал нь шүүхээс талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийхэд саад болохгүй юм.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ, худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй бөгөөд талууд эдгээр үндэслэл, шаардлагын талаар мэтгэлцсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бусаас зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг гаргах боломжгүй гэх дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэв.

б. Д.А- анх Б.А-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан, шүүх тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа К Б  ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандаж, Д.А-, Б.А- нарт холбогдуулж ...орон сууцны барьцааны эрхийг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шударгаар олж авсан хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах бие даасан шаардлага гаргажээ.

Уг шаардлагыг үндэслэн шүүгч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 101/ШЗ2016/24440 дугаар захирамжаар К Б  ХХК-г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч Д.А- нь А.Б- болон К Б  ХХК-г хариуцагчаар нэмж татаж, Б.А-, А.Б- болон К Б  ХХК-ийн  хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД-000374944 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн 101/ШЗ2017/25192 дугаар захирамжаар К Б  ХХК-г хамтран хариуцагчаар оролцуулахаар болжээ.

Дээрх захирамж гарснаар К Б  ХХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн бөгөөд банк хариуцагчийн хувьд нэхэмжлэлд хариу тайлбар гарган мэтгэлцсэн, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө нь гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчихгүй тул магадлалын энэ талаархи дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

в. Нэхэмжлэгч Д.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг шүүх хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь буруу боловч давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулах бүрэн боломжтой атал шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

г. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгыг шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн тайлбарт тулгуурлан тодорхойлох боломжтой ба хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

д. Магадлалд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл, агуулгыг огт бичээгүй орхигдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан шаардлагыг хангаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч К Б  ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

2. Нэхэмжлэгч Д.А- шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд дараах үндэслэлээр хууль хэрэглээний асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үлээ.

а. Хэргийн баримтаар Б.А- Д.А-г хуурч мэхлэн хэлцэл байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Урьд нь Б.А-, Д.А-гийн орон сууцыг ББСБ-д барьцаалж мөнгө зээлснийг К Б  руу зээлээ шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой гэж талууд тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь орон сууцыг барьцаалах зорилготой байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Д.А- орон сууцаа Б.А-гийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж, үнийг авах, хариуцагч орон сууцны үнийг төлж, эзэмшил болон өмчлөлдөө шилжүүлэх буюу зохигчдод худалдах-худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх эрмэлзэл байгаагүй болохыг хэн аль нь зөвшөөрчээ.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууц Б.А-гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч гэрээний дагуу төлбөр төлөөгүй, банкны зээлийг төлөөд орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх болохыг хариуцагч нар тайлбарласан, орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгааг зохигч маргаагүй байна.

Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн зүйлийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг Д.А-гийн нэр дээр буцаан шилжүүлэх боломжтой гэж үзэв. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын эрх зүйн үндэслэлд хуульд нийцээгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

б. Орон сууц худалдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тухайн орон сууцыг барьцаалж Б.А-д зээл олгосон К Б  ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгох өөрөөр хэлбэл, тус банк болон Б.А-, А.Б-  нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь К Б  ХХК нь Д.А- болон Б.А- нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээг үндэслэн Б.А-г орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлд тулгуурлан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан ба барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Иймд Б.А-, А.Б- болон К Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт  хуульд нийцсэн байна.

в. Нэхэмжлэгч Д.А- хариуцагч А.Б-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулж засах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 871 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Д.А-, Б.А- нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.А-д шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.А-, А.Б- болон К Б  ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгахыг хүссэн Д.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын “хариуцагч“ гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.А- нь А.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,” гэж, 4 дэх заалтын “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 407.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч К Б  ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 957.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ