Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 866

 

“Вагнер ази автомотив” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 183/ШШ2017/00322 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК,

Хариуцагч А.Түмэндэмбэрэлд холбогдох,

 

Гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд 47 280 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, урьдчилгаанд төлсөн 21 900 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Вагнер ази автомотив” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Форд Эверэст маркийн автомашиныг зээлээр худалдан авах хүсэлт гарган, харилцан тохиролцож WF-1491 дугаар "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Тайландад үйлдвэрлэсэн автомашиныг 73 000 000 төгрөгөөр худалдах, үйлдвэрийн баталгааг заасан хугацаанд засварын үйлчилгээгээр хангах, хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 21 900 000 төгрөг төлж автомашиныг хүлээн авч үлдэгдэл 70 хувийн төлбөр буюу 51 100 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 17 100 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 29-ний  өдөр 17 000 000, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17 000 000 төгрөг хүүгүйгээр төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани нь гэрээний дагуу урьдчилгаа төлөхөд А.Түмэндэмбэрэлд арлын MNCLS4D10CW401451 дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн. Гэтэл худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний 2.4-д "Худалдан авагч тал гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал аман болон бичгэн хэлбэрээр төлбөрийг хугацаандаа төлөхийг 2 удаа сануулна" гэж зааснаар А.Түмэндэмбэрэлтэй утсаар сануулсан ба 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 375 дугаар албан тоотоор шаардсан ч төлбөрийг барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2.3-д тус тус зааснаар 21 318 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.3, 3.2.2-т заасны дагуу худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэл болон алданги төлөх үндэслэлтэй тул А.Түмэндэмбэрэлээс үлдэгдэл төлбөр 51 000 000 төгрөг, алданги 21 318 000 төгрөг, нийт 72 418 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "Вагнер ази автомотив" ХХК-иас автомашин зээлээр худалдан авч болохыг мэдэж АНУ-д үйлдвэрлэгдсэн Форд Эверэст маркийн автомашиныг 73 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 21 900 000 төгрөгийг төлж үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр болсон.

Автомашиныг хүлээж аваад унаж байтал АНУ-д үйлдвэрлэгдээгүй Хятад Улсын Тайландад үйлдвэрлэсэн болохыг мэдэж, худалдан авахаа больж эргүүлэн 2015 оны 11 дүгээр сард компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт хүлээлгэн өгөхдөө урьдчилгаанд өгсөн 21 900 000 төгрөгөөс тухайн хугацаанд унаж байсан үеийн элэгдэл, хорогдол зэргийг хасаад үлдэх мөнгийг буцаан өгөхийг хүссэн. Автомашиныг хүлээлгэж өгөөд жил болж байхад надтай холбогдоогүй, уулзаагүй, автомашинаа өөртөө буцааж авсан байж үлдэгдэл төлбөр алданги гэж 72 418 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2015 оны 11 дүгээр сард буцааж өгсөн. Нэхэмжлэгч тал автомашиныг 2016 оны 01 дүгээр сард авсан гэсэн нь нотлогдохгүй, хагас жил хэрэгжүүлчихээд төлбөрийг нь авдаггүй байгууллага гэж байхгүй. Урьдчилгаа төлбөрийг буцаах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад манай удирдлагууд тухай бүрт нь хариуг өгнө гэж байсан. Нэхэмжлэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр cap хүртэл түрээсийн төлбөр гэж 14 280 000 төгрөг, автомашины үнэ буурч 33 000 000 төгрөгийн хохирлоос урьдчилгааг хасаж 11 100 000 төгрөг, нийт 25 380 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон.

Шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч талтай одоо 40 000 000 төгрөг болж байгаа юм бол манай урьдчилгаанд төлсөн төлбөрийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөөд автомашиныг авах саналыг тавьсан ч татгалзаж, хохирол олох орлогыг нэхэмжилж байгаа тул боломжгүй гэж байсан байж одоо гаргаж байгаа тайлбартай зөрж байгаа нь ойлгомжгүй. 2015 оны 11 дүгээр сард манай талаас автомашиныг буцааж өгч гэрээнээс татгалзсанаас хойшх хугацаанд шүүхэд хандаагүй нь тодорхойгүй, шаардлага гаргах хугацаа яригдана. Автомашин 40 000 000 төгрөг гэж баталгаажуулсан нотлох баримт нь нэхэмжлэгч байгууллагын тодорхойлтоор олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сард тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт эргүүлэн хүлээлгэн өгөхдөө урьдчилгаа 21 900 000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн. Би өөрөө ажилтай болохоор эргэж уулзаж урьдчилгаа гэж өгсөн мөнгөө нэхэмжилж чадаагүй. Анх надад "Вагнер ази автомотив" ХХК-иас АНУ-д үйлдвэрлэгдсэн автомашин гэж танилцуулж үзүүлсэн болохоор итгээд авах болсон, БНХАУ-ын Тайландад үйлдвэрлэгдсэн гэдгээ нуух үүднээс гэрээг танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор гаргасан шаардлагаасаа татгалзаж, урьдчилгаа болгон төлсөн 21 900 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Ц.Цэрэнжаргал нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гарын үсэг зурагдсан гэрээг гаргаж өгснөөр хариуцагчийн төлөөлөгч нь гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдан хөрөнгийг шилжүүлэн А.Түмэндэмбэрэл нь ашиглаж үр шимийг нь хүртэж, автомашиныг унаж эдэлж байсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 12 дугаар cap хүртэл гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй бөгөөд автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш хагас жилийн хугацаанд ашиглачихаад 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт авчирч өгсөн нь гэрээнээс татгалзаж байна гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн зүгээс А.Түмэндэмбэрэл нь автомашиныг буцаан өгсөнтэй холбоотойгоор "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нээс татгалзаж байна. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар автомашин худалдан авагч гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохирлоо нэхэмжилж байна.

Хариуцагч 73 000 000 төгрөгийн автомашиныг хагас жилийн хугацаанд ашигласан, өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрлэсэн он болон элэгдэл хорогдлоос шалтгаалан өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 40 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас манай компанид 33 000 000 төгрөгийн хохирол учраад байна. Компанид учирсан 33 000 000 төгрөгийн хохирлоос А.Түмэндэмбэрэлийн урьдчилгаанд төлсөн 21 900 000 төгрөгийг суутгаад 11 100 000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй.

"Вагнер ази автомотив" ХХК нь автомашинуудаа түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг. А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлбөрийг төлснөөр гэрээний хугацаа дуусах байсан хариуцагч нь автомашиныг 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус компанид авчирч өгсөн. Хэрэв төлбөрийг төлж чадахгүй байсан бол гэрээний хугацаа дуусахад автомашиныг буцаан өгсөн бол бид түрээслэн /3 570 000x4/ орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу худалдагч нь гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд автомашинаа ашиглах байсан боломжоо үнэлж хариуцагчаас 14 280 000 төгрөгийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Түмэндэмбэрэлээс хохиролд 25 380 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Түмэндэмбэрэлээс гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох байсан орлогод 35 355 000 төгрөг гаргуулан, "Вагнер ази автомотив" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 925 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар "Вагнер ази автомотив" ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 21 900 000 төгрөгийг гаргуулан, А.Түмэндэмбэрэлд олгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 520 040 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 349 725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг дутуу, буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч "Вагнер Ази Автомотив" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөрийн үлдэгдэл 51 000 000 төгрөг, түүн дээр алданги 21 318 000 төгрөг, нийт 72 418 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нээс татгалзсантай холбогдуулан хохиролд нийт 25 380 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад уг автомашин нь 73 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөг болж буурч 30 000 000 төгрөгийн хохирол учирснаас урьдчилгаа 21 900 000 төгрөгийн төлбөрийг суутган 11 100 000 төгрөг, түүн дээр "Вагнер ази автомотив" ХХК нь аштомашин түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг, Форд Эверэст маркийн автомашиныг сарын 3 570 000 төгрөгөөр түрээсэлдэг. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 4 сарын хугацааны олох байсан орлого 14 280 000 төгрөгийг тус тус шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас илтэд өөрөөр буюу "анхан шүүхээс нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг 47 280 000 төгрөг гэж тодорхойлох нь зүйтэй юм" гэж дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үнийн дүнгээр хариуцагчаас 38 355 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

А.Түмэндэмбэрэл миний бие уг автомашиныг худалдан авахаас татгалзаж байгаагаа хэлэн 2015 оны 11 дүгээр сард тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт эргүүлэн хүлээлгэн өгч урьдчилгаа мөнгийг эргүүлэн өгөхийг хүссэн. "Вагнер Ази Автомотив" ХХК нь автомашинаа 2015 оны 11 дүгээр сард хүлээн аваад өөрийн эзэмшилд өнөөдрийг хүртэл хадгалж байгаа ба өөрт нь байх хугацаандаа "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн өөрийн буруутай байдлаас шалтгаалан уг автомашины үнэлгээ буурсан. Энэхүү буурсан гэх үнэлгээг өөрсдөө буюу хугацаанд "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн ажилтан Н.Эрдэнэсайхан нь 40 000 000 төгрөгийн үнэлгээг тогтоосон, мөн худалдааны захирал Ж.Лигдэн нь автомашины түрээсийн үнийн жагсаалтыг гаргаж тамга тэмдэгээр баталгаажуулсан баримтуудыг анхан шатны шүүх үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл худалдан борлуулах гэж байсан автомашинаа 1 жилийн хугацаанд өөрийн гараашт хадгалж байгаад зах зээлийн үнэлгээ буурсан, түрээслэн ашиг олох байсан гэж шүүхэд хандаж бодит байдалд нийцэхгүй үнэлгээ, үнийн санал бүхий тодорхойлолт зэргийг баримт болгон өгснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж үнэлсэн нь хэт нэг талын ашиг сонирхолыг хөндсөн хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шаардлагаас өөрөөр хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, түүний үндэслэлийг зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь хариуцагч А.Түмэндэмбэрэлээс гэрээний төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 72 418 000 төгрөг нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, худалдан авагч талын гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч, хохиролд 25 380 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, автомашиныг буцаан өгсөн, гэрээнээс татгалзсан тул урьдчилгаанд төлсөн 21 900 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр 2013 онд Тайланд улсад үйлдвэрлэгдсэн “Форд Эверест” маркийн автомашиныг 73 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 21 900 000 төгрөгийг төлснөөр автомашиныг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх үүргийг худалдагч тал, автомашины үлдэх үнэ 51 100 000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор багтаан төлж дуусгах үүргийг худалдан авагч тал хүлээсэн.

Уг гэрээ нь Иргэний хуулийн  263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг агуулсан байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх бөгөөд худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс худалдагч тал гэрээнээс татгалзсантай холбоотой маргасан гэж үзэж, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хариуцагч үүргээ биелүүлээгүй, автомашиныг ашигласан элэгдэл хорогдлоос шалтгаалан зах зээлийн үнэлгээ нь 40 000 000 төгрөг болж буурсан тул 33 000 000 төгрөгийн хохирол учирсан,  үүнээс урьдчилгаанд төлсөн 21 900 000 төгрөгийг хасвал 11 100 000 төгрөг, мөн автомашиныг хүлээн авсан 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 4 сарын хугацааны олох байсан ашгийг тус компанийн автомашиныг сарын 3 570 000 төгрөгөөр түрээсэлдэг тарифаар тооцож, 14 280 000 төгрөг, нийт 28 380 000 төгрөгөөр тодорхойлсон байхад шүүх түүнийг 47 280 000 төгрөг гэж өөрчилсөн нь ойлгомжгүйгээс гадна автомашины зах зээлийн үнэлгээ 40 000 000 төгрөг болж буурсан гэж нэхэмжлэгч тал  өөрөө тодорхойлсныг үндэслэн 33 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж хариуцагчаар бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзвэл худалдан авагч буюу хариуцагч А.Түмэндэмбэрэл нь автомашиныг Тайланд улсад үйлдвэрлэснийг сүүлд мэдэж гэрээнээс татгалзсан гэх боловч талуудын байгуулсан гэрээнд “Форд Эверест” маркийн автомашиныг “Тайланд улсад” үйлдвэрлэсэн талаар тусгагдсан байх тул уг тайлбар үндэслэлгүй, харин төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, түүнчлэн өөрөө гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан өгсөн байх тул худалдан авагч талын гэрээний үүргийн зөрчлийн улмаас худалдагч тал Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж, гэрээнээс татгалзсан гэж үзэх ба гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн гэснийг нэхэмжлэгч уг өдөр хүлээн аваагүй гэж маргасан ба хариуцагч хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй тул буцаан хүлээлгэж өгсөн хугацааг нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр авсан гэж хүлээн зөвшөөрсөн хугацаагаар тооцох нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

 Талуудын гэрээний гэрээний 6.2-т зааснаас үзвэл автомашины эзэмшил нэхэмжлэгчид шилжсэн боловч өмчлөх эрх нь худалдан авагчид буюу хариуцагчийн нэр дээр байгаа гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргасан эсэхээс үл хамааран автомашины өмчлөх эрхийг бодитоор худалдагчид буцаан шилжүүлэх талаар шийдвэрт заах нь зүйтэй.

 Мөн урьдчилгаанд төлсөн 21 900 000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, шүүхийн шийдвэрт энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулна.

Гэрээнээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч буюу худалдагч тал нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар учирсан хохирол, зардлаа худалдан авагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

 Автомашинд учирсан хохирол, эвдрэлийн хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад ханш унасан гэх үндэслэлээр 11 100 000 /33 000 000-21 900 000/ төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Харин автомашин хариуцагчийн бодит эзэмшилд байсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд нэхэмжлэгчийн хувьд бусдад түрээслэн ашиглуулах боломжоо алдсан байх боломжтой ба тус компанийн автомашин түрээслэх журмаар тогтоосон тариф болох 3 570 000 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдсан, хариуцагчийн зүгээс уг баримтыг няцааж баримт гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үнэлэн нэхэмжлэгчид учирсан 14 280 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. 

Түүнчлэн хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 21 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, бусад хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38 355 000 /гучин найман сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг” гэснийг “14 280 000 төгрөг” гэж, “үлдэх 8 925 000 төгрөг” гэснийг “үлдэх 11 100 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “264 дүгээр зүйлийн 264.1” гэж, “олгосугай” гэснийг “олгож, Форд Эверест маркийн автомашиныг “Вагнер ази автомотив” ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн заалтын “4” гэсэн дугаарыг “3” гэж, мөн заалтын “349 725 төгрөгийг” гэснийг “229 350 төгрөгийг” гэж, мөн “5” гэсэн дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 349 725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

        ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

                               А.ОТГОНЦЭЦЭГ