Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 хороо, Сөүлийн гудамж, Саруул төв, 00 тоот, “Вагнер ази автомотив” ХХК-ийн /РД:5292956/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 74-4 тоотод оршин суух, Боржигин овогтой Адилбишийн Түмэндэмбэрэлд /РД:ЦЖ53030575/ холбогдох,

 

- гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд 47.280.000 /дөчин долоон сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах,

- хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, урьдчилгаанд төлсөн 21.900.000 /хорин нэгэн сая есөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Вагнер ази автомотив” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдан гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Форд Эверэст маркийн автомашиныг зээлээр худалдан авах хүсэлт гарган, харилцан тохиролцож WF-1491 дугаар “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Тайландад үйлдвэрлэсэн автомашиныг 73 сая төгрөгөөр худалдах, үйлдвэрийн баталгааг заасан хугацаанд засварын үйлчилгээгээр хангах, хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины урьдчилгаа төлбөр 30% буюу 21.900.000 төгрөг төлж автомашиныг хүлээн авч үлдэгдэл 70%-ийн төлбөр буюу 51.100.000 төгрөгийг 2015.07.29-нд 17.100.000 төгрөг, 2015.08.29-нд 17.000.000, 2015.09.29-нд 17.000.000 төгрөг хүүгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Манай компани нь гэрээний дагуу урьдчилгаа төлөхөд А.Түмэндэмбэрэлд арлын МNСLS4D10CW401451 дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн. Гэтэл худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний 2.4-д “Худалдан авагч тал гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд Худалдагч тал аман болон бичгэн хэлбэрээр төлбөрийг хугацаандаа төлөхийг 2 удаа сануулна” гэж зааснаар Түмэндэмбэрэлтэй утсаар сануулсан ба 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 375 дугаар албан тоотоор шаардсан ч төлбөрийг барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, гэрээний 2.3-д “худалдан авагч тал нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс өдрийн 0,3%-ийн алдангийг худалдагч талд төлнө” гэж зааснаар 21.318.000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 206.1, 208.1, 262.1, 232.6, гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.3, 3.2.2-т заасны дагуу худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэл болон алданги төлөх үндэслэлтэй тул А.Түмэндэмбэрэлээс үлдэгдэл төлбөр 51.000.000, алданги 21.318.000 төгрөг, нийт 72.418.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Вагнер ази автомотив” ХХК-иас зээлээр худалдан авч болохыг мэдэж АНУ-д үйлдвэрлэгдсэн “Форд Эверэст” маркийн автомашиныг 73 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 21.900.000 төгрөгийг төлж үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр болсон. Автомашиныг хүлээж аваад унаж байтал АНУ-д үйлдвэрлэгдээгүй Хятад Улсын Тайландад үйлдвэрлэсэн болохыг мэдэж, худалдан авахаа больж эргүүлэн 2015 оны 11 дүгээр сард компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт хүлээлгэн өгөхдөө урьдчилгаанд өгсөн 21,900,000 төгрөгөөс тухайн хугацаанд унаж байсан үеийн элэгдэл, хорогдол зэргийг хасаад үлдэх мөнгийг буцаан өгөхийг хүссэн. Автомашиныг хүлээлгэж өгөөд жил болж байхад надтай холбогдоогүй, уулзаагүй, автомашинаа өөртөө буцааж авсан байж үлдэгдэл төлбөр алданги гэж 72.418.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 11 дүгээр сард тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт эргүүлэн хүлээлгэн өгөхдөө урьдчилгаа 21,900,000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн. Би өөрөө ажил болохоор эргэж уулзаж урьдчилгаа гэж өгсөн мөнгөө нэхэж чадаагүй. Анх надад “Вагнер ази автомотив” ХХК-иас АНУ-д үйлдвэрлэгдсэн автомашин гэж танилцуулж үзүүлсэн болохоор итгээд авах болсон, БНХАУ-ын Тайландад үйлдвэрлэгдсэн гэдгээ нуух үүднээс гэрээг танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор гаргасан шаардлагаасаа татгалзаж, урьдчилгаа болгон төлсөн 21.900.000 төгрөгийг Иргэний хуулийн 205.1-д зааснаар буцаан гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гарын үсэг зурагдсан гэрээг гаргаж өгснөөр хариуцагчийн төлөөлөгч нь гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдан хөрөнгийг шилжүүлэн А.Түмэндэмбэрэл нь ашиглаж үр шимийг нь хүртэж, машиныг унаж эдэлж байсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Халиун өөрчилсөн шаардлагадаа болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 12 дугаар сар хүртэл гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй бөгөөд автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлсэн авснаас хойш хагас жилийн хугацаанд унаж ашиглачхаад 2016 оны 01 сарын 17-ны өдөр манай компанийн худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт авчирч өгсөн нь гэрээнээс татгалзаж байна гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу компанийн зүгээс А.Түмэндэмбэрэл нь автомашиныг буцаан өгсөнтэй холбоотойгоор “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ’’-ээс татгалзаж байна. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т “Энэ хуулийн 154.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар автомашин худалдан авагч гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохирлоо нэхэмжилж байна. Хариуцагч 73 сая төгрөгийн автомашиныг хагас жилийн хугацаанд ашигласан, өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрлэсэн он болон элэгдэл хорогдлоос шалтгаалан өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 40.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас манай компанид /73.000.000-40.000.000/ 33.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Компанид учирсан 33.000.000 төгрөгийн хохирлоос А.Түмэндэмбэрэлийн урьдчилгаанд төлсөн 21.900.000 төгрөгийг суутгаад 11.100.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй. “Вагнер ази автомотив” ХХК нь автомашинуудаа түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг. А.Түмэндэмбэрэл нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлбөрийг төлснөөр гэрээний хугацаа дуусах байсан хариуцагч нь автомашиныг 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус компанид авчирч өгсөн. Хэрэв төлбөрийг төлж чадахгүй байсан бол гэрээний хугацаа дуусахад автомашиныг буцаан өгсөн бол бид түрээслэн /3.570.000х4/ орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 264.2-д заасны дагуу худалдагч нь гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд автомашинаа ашиглах байсан боломжоо үнэлж хариуцагчаас 14.280.000 төгрөгийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 264.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 264.2-т “энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар А.Түмэндэмбэрэлээс хохиролд 25.380.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сард буцааж өгсөн. Нэхэмжлэгч тал машиныг 2016 оны 1 сард авсан гэсэн нь нотлогдохгүй, хагас жил хэрэгжүүлчхээд төлбөрийг нь авдаггүй байгууллага гэж байхгүй. Урьдчилгаа төлбөрийг буцаах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад манай удирдлагууд тухай бүрд нь хариуг өгнө гэж байсан. Нэхэмжлэгчийн 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс 2016 оны 1 сар хүртэл түрээсийн төлбөр гэж 14,280,000 төгрөг, машины үнэ буурч 33,000,000 төгрөгийн хохирлоос урьдчилгааг хасаж 11,100,000 төгрөг, нийт 25,380,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон. Шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч талтай одоо 40,000,000 төгрөг болж байгаа юм бол манай урьдчилгаанд төлсөн төлбөрийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөөд машиныг авах саналыг тавьсан ч татгалзаж, хохирол олох орлогыг нэхэмжилж байгаа тул боломжгүй гэж байсан байж одоо гаргаж байгаа тайлбартай зөрж байгаа нь ойлгомжгүй. 2015 оны 11 дүгээр сард манай талаас автомашиныг буцааж өгч гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацаанд шүүхэд хандаагүй нь тодорхойгүй, шаардлага гаргах хугацаа яригдана. Машин 40 сая төгрөг гэж баталгаажуулсан нотлох баримт нь нэхэмжлэгч байгууллагын тодорхойлтоор олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь хариуцагч А.Түмэндэмбэрэлд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 51.000.000, алданги 21.318.000, нийт 72.418.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан эрхийн хүрээнд хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, урьдчилгаанд төлсөн 21.900.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу хариуцагч автомашиныг худалдааны төлөөлөгчид хүлээлгэн өгч гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч, хохиролд 25.380.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилжээ. “Вагнер ази автомотив” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Итгэмжлэлээр Б.Халиун, Ц.Цэрэнжаргал нарт нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг олгожээ.

 

Нэхэмжлэгч тал өөрчилсөн шаардлагын үндэслэлийг хариуцагч 73 сая төгрөгийн автомашиныг ашигласан, үүргээ биелүүлээгүй элэгдэл хорогдлоос шалтгаалан зах зээлийн үнэлгээ нь 40.000.000 төгрөг болж буурсан тул 33.000.000 төгрөгийн хохирлоос урьдчилгаа төлбөрийг суутган 11.100.000 төгрөг гэж, “Вагнер ази автомотив” ХХК нь автомашин түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг, Форд Эверэст маркийн машиныг сарын 3.570.000 төгрөгөөр түрээсэлдэг ханшийг үндэслэн автомашин хүлээлгэн өгсөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 4 сарын хугацааны олох байсан орлого 14.280.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хохирол, олох байсан орлого 25.380.000 төгрөг гэж тодорхойлж, хариуцагчаас урьдчилгаанд төлсөн 21.900.00 төгрөгийг хасч тооцсон гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч сөрөг нэхэмжлэлээр энэхүү төлбөрийг хариуцагч нэхэмжилсэн, хасч тооцогдох эсэхийг шүүх шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг 47.280.000 төгрөг гэж тодорхойлох нь зүйтэй юм.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь машины ханш 40 сая төгрөг болж буурсан бол урьдчилгаа төлбөрийг хасч, үлдэгдлийг төлөөд машиныг авах саналыг тавьсан ч татгалзсан, одоо гаргаж байгаа тайлбартай зөрж байгаа нь ойлгомжгүй, 2015 оны 11 дүгээр сард автомашиныг буцааж, гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацаанд шүүхэд хандаагүй, машин 40 сая төгрөг гэж баталгаажуулсан нотлох олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч байгууллагын тодорхойлтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь А.Түмэндэмбэрэлтэй 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр WF-1491 дугаар “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Тайланд улсад үйлдвэрлэсэн Форд Эверэст маркийн арлын МNСLS4D10CW401451 дугаартай автомашиныг 73 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.

 

Уг гэрээгээр хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 21.900.000 төгрөгийг урьдчилан төлж автомашиныг хүлээн авч, үлдэгдэл 70 хувийн төлбөр буюу 51.100.000 төгрөгийг 3 хувааж, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 17.100.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17.000.000, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 17.000.000 төгрөг хүүгүйгээр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 262.1-д зааснаар худалдагч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан ба “Вагнер ази автомотив” ХХК нь автомашиныг А.Түмэндэмбэрэлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Харин хариуцагч нь автомашиныг АНУ-д үйлдвэрлээгүй Тайландад үйлдвэрлэсэн үндэслэлээр автомашиныг худалдагч талд 2015 оны 11 дүгээр сард буцаан өгч, гэрээнээс татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар, 264.2-т дээрх тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэйгээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч маргаагүй ба Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзаж, 264.2-т зааснаар учирсан хохирол, олох байсан орлогоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагын тодорхойлтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ч үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй тул баримтыг үндэслэн 73 сая төгрөгөөр үнэлэгдэн зарагдаж байсан 2013 онд үйлдвэрлэгдсэн Форд Эверэст маркийн автомашин 40 сая төгрөг болж, үнийн зөрүүгээр нэхэмжлэгчид 33.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь автомашин түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг байх тул Форд Эверэст маркийн машиныг сарын 3.570.000 төгрөгөөр түрээсэлдэг талаархи баримтыг үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 4 сарын хугацааны олох байсан орлого 14.280.000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хариуцагчийн үүргээ биелүүлж дуусах байсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс автомашиныг буцааж өгсөн 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны /3.570.000+1.785.000/ 5.355.000 төгрөгийг хангаж, үлдэх 8.925.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч А.Түмэндэмбэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг С.Түвшинтөгсөд олгосон, энэ өдрийн шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь автомашиныг АНУ-д үйлдвэрлээгүй Тайландад үйлдвэрлэсэн үндэслэлээр автомашиныг худалдагч талд 2015 оны 11 дүгээр сард буцаан өгч, гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагчаас автомашин худалдаж авахад урьдчилан төлсөн 21.900.000 төгрөгийг “Вагнер ази автомотив” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 520.040 төгрөг, хариуцагчаас төлсөн 267.450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 349.725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267.450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т заасныг баримтлан Боржигин овогтой Адилбишийн Түмэндэмбэрэлээс /РД:ЦЖ53030575/ гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох байсан орлогод 38.355.000 /гучин найман сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан, “Вагнер ази автомотив” ХХК-д /РД:5292956/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.925.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар /РД:5292956/ “Вагнер ази автомотив” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 21.900.000 төгрөгийг гаргуулан, Адилбишийн Түмэндэмбэрэлд /РД:ЦЖ53030575/ олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,-д зааснаар хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 520.040 төгрөг, хариуцагчаас төлсөн 267.450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 349.725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267.450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ