Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 180

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Иргэний нэхэмжлэгч М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ... -ны өдөр Дорнод аймгийн ....... суманд төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...... сумын .... дугаар баг .......н ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, О /РД:................. /.

Шүүгдэгч О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ....... сумын ... дугаар баг “-.........” гэх газар “Ниссан санни” маркийн ..........  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас уг тээврийн хэрэгсэл шатсаны улмаас гал алдаж хээрийн түймэр гарч................... сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766.500 төгрөгийн шууд бус, 154.185.727,5 төгрөгийн шууд хохирол, иргэн О-н эд зүйл шатаж 4.950.000 төгрөгийн, иргэн О эд зүйл шатаж 800.000 төгрөгийн, иргэн Г  530.000 төгрөгийн, иргэн Б 1.220.000 төгрөгийн, иргэн О 2.000.000 төгрөгийн шууд хохирол нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн орчимд машинтайгаа эхнэр, найз, хүүхдүүдийн хамт “........... ” гэх газар руу очоод замаасаа гараад явж байхад машинаас гал гарахаар нь тээврийн хэрэгслээсээ буугаад галыг унтраах гэсэн боловч унтрааж чадаагүй. Удалгүй хэсгийн төлөөлөгч ирээд “хэний машин бэ?” гэж асуухад нь би “миний машин” гэж хэлсэн. Тэгээд намайг аваад Булган сум руу явсан" гэв.  

Иргэний нэхэмжлэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...шүүгдэгчээс................... сумаас түймэр унтраахад гарсан зардал 766.500 төгрөг, байгаль экологийн хохирол 154.185.727,5 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. ...Гэвч миний зүгээс сум орон нутгийн удирдлагатай ярилцаад шүүгдэгчийн хохирол төлөх боломжгүй байдал, мөн уг түймрийн улмаас хүн, мал амьтан үрэгдээгүй, бэлчээрийн шатсан талбай энэ жил нөхөн сэргэж хуучин хэвэндээ орсон учраас байгаль экологид учирсан хохирол 154.185.727,5 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд шүүгдэгчээс түймэр унтраахад гарсан зардал 766.500 төгрөгийг гаргуулж .......сумын Тамгын газарт олгож өгнө үү” гэв.  

Иргэний нэхэмжлэгч М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би .............. сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед Булган сумын ..-р багийн нутаг “............ ” гэх газарт хээрийн түймэр гарсан. Уг түймрийн улмаас байгаль орчин экологи, иргэдэд нийт 163.652.227 төгрөгийн хохирол учирсан. Нийт шатсан 7769.5 га талбайн хохирлын хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор шатсан талбайн хохирлыг намрын улиралд 0.03 итгэлцүүрээр үржүүлж тооцдог юм. Харин шатсан талбайн үнэлгээг 2018 оны 182 дугаар тогтоолоор өөрчилсөн бөгөөд тухайн шатсан газар нутаг нь Т-3 тойрогт хамаарч байгаа учраас шатсан талбай болох 7.769.5 га газрын 661.5 төгрөгөөр үржиж, гарсан дүнг 3 дахин үржихэд тухайн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ гардаг юм. Уг үнэлгээгээр 154.185.727,5 төгрөгийн хохирол учирсан. Түймрийн улмаас учирсан байгаль экологийн хохирол болон түүнийг унтраахад гарсан зардлыг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 41-44/

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нутаглаж байгаа газарт хээрийн түймэр гарч аргал, хөрзөн, хуурай бууц, малын хашаа зэрэг эд зүйл шатаж нийт 1.220.000 төгрөгийн  хохирол учирсан юм. Машин шатсанаас түймэр гарсан гэж тухайн үед ярьж байсан. Түймрийн улмаас учирсан хохирлуудыг төлөх боломжгүй хүн гэж байсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 46-50/

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би түймэр унтраахаар цохиураар цохиж ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймэрт аргал, хөрзөн, малын хашаа шатсан. Өөр зүйл шатаагүй болохоор миний зүгээс түймэр тавьсан хүнд гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 53-57/

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд отрын мал дээрээ байж байхад гар утсаар малчин Э өвөлжөөний чинь зүгт түймэр гарчих шиг боллоо гэж хэлсэн юм. Ингээд машинтайгаа өвөлжөө рүүгээ ирэхэд түймэр нилээн тархчихсан унтраах боломжгүй болчихсон аймгийн Онцгой байдал болон нутгийн иргэд унтрааж байсан. Манай өвөлжөө өдрийн 14 цагийн орчимд шатаж дууссан бөгөөд түймэр 16-17 цагийн орчимд унтарсан шиг санаж байна. Уг түймрийн улмаас малын хашаа, саравч, өвөл малдаа хэрэглэх байсан боодолтой өвс, аргал, хөрзөн, гэрийн цагаан бүрээс берзэнтэн бүрээс шатсан юм. Малын хашаа 6x8 метрийн харьцаатай бөгөөд банз, шургааг модоор шинээр нь барьсан байсан. Малын хашааг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. 300 ширхэг 25 кг жинтэй боодолтой өвсийг нэг боодолтой өвсийг 3000 төгрөгөөр бодож нийт 900.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ханатай монгол эсгий гэрийн цагаан бүрээсийг 170.000 төгрөг, берзэнтэн бүрээсийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 80-82/

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нутаглаж байгаа газарт хээрийн түймэр гарч сүйх тэрэг, хөрзөн, аргал, нарны зай, сансрын тогоо зэрэг эд зүйл шатаж 800.000 төгрөгийн хохирол учирсан юм. Уг түймэр замгүй газраар явж байсан машин шатсанаас болж гарсан гэж ярьж байсан. Түймэр тавьсан гэж байгаа хүнд гомдол байхгүй. Миний хохирлыг барагдуулах боломжгүй хүн байсан учраас түүнээс хохирол нэхэмжлэхгүй” гэжээ. /хх-ийн 85-86/

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 онд Ниссан Санни маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард төрсөн ах О тухайн тээврийн хэрэгслээ бэлэглэсэн. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг бөгөөд албан ёсоор ахынхаа нэр дээр шилжүүлж өгөөгүй байсан юм. Тэгээд намайг Улаанбаатар хотод байж байхад 2019 оны 11 дүгээр сарын дундуур О ах утсаар холбогдож надад хандан “Ах нь Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт машинтайгаа явж байгаад машины яндангаас оч үсрээд түймэр тавьчихлаа. Одоо чам руу Булган сумын байцаагч залгаж мэдүүлэг авна гэсэн шүү” гэж надад хэлсэн бөгөөд тэгж би анх мэдсэн юм. Би 2015 онд таньдаг ахаасаа 2 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд би зах зээлийн ханшаар үнэлж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 69/

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхрийн найз Г , эхнэр Ү , хоёр хүүхдийн хамт аймгийн төвөөс ирсэн. Тэгээд манай нөхөр О дүүгийнхээ .............. улсын дугаартай Санни маркийн цагаан өнгөтэй суудлын автомашинтай голын урдуур шонгийн модтой замаар баруун урагш чигтэй 40 гаруй км шороон замаар явж байгаад замаасаа хойшоо өвсөн дундуур гарсан. Тэгшдүү газар бид нар машинаа зогсооход би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байхад миний сууж байсан хаалганы гадна талаас гал дүрэлзээд ассан. Бид хэд сандраад галыг унтраах гэж машины шалавч, гадуур куртик, дээл гэх зүйлүүдээр цохисон. Гал унтраагүй тухайн үед салхи хойноосоо хүчтэй байсан болохоор улам өргөсөн ассан...” гэжээ. /хх-ийн 72/

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О , түүний эхнэрГ , манай эхнэр Ү , манай хоёр хүүхэд бид нар О-н Санни маркийн автомашинд суугаад Булган сумын урд хэсгээр ургамлын үндэс түүхээр явсан. ...Аймгаас гараад 40 гаруй км баруун урагшаа шороон замаар яваад замаасаа гараад 1 км орчим явж байгаад зогссон. Жолоочийн эсрэг талд Г сууж явсан хаалганы гадна талд гал гарсан. Тэгээд бид нар машинаас буухад гал дээшээгээ ойж байсан. Бид хэд гадуур хувцсаа тайлж гал унтраах гэж цохиж үзсэн боловч дийлдэхгүй байсан. Түймэр зүүн урагшаа шатсан...” гэжээ. /хх-ийн 76/

Гэрч Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхрийн найз О, түүний эхнэр Г бид дөрөв манай хоёр хүүхдийн хамт Дэхтээс баруун урагшаа явсан. Аймгаас гараад 30-н овоо өнгөрөөд баруун тийшээ салсан замаар явж байгаад О машиныхаа доогуур байсан хурсан өвсийг яндангийн тэр хавиар цэвэрлээд одоо замгүй өвсөн дундуур явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй өвсөн дундуур 1 км гаруй яваад машин зогссон. Г сууж байсан хаалганы гадна талд гал ойж харагдсан. Тэгээд бид нар сандраад машинаас буугаад галыг унтраах гээд цохисон боловч салхи хойноосоо хүчтэй байсан болохоор түймэр гарсан...” гэжээ. /хх-ийн 77/

Гэрч Г  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад түймрийн үед хэрэглэдэг манай захиргааны дохио дугарсан. ...Гарсан түймэр 19 цагийн үед байх /тухайн үед цаг хараагүй/ Булган сумын 3 дугаар багийн нутаг “....................,” гэдэг нэртэй газрын хойд талд хөндлөн явсан шороон замд түймэр тулаад унтарсан. ...Манай ээлж түймэр унтраахаар явж байхад хойд талд шатсан суудлын автомашин харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 73/

 Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ............ тоот дүгнэлтэд:

1. Хэргийн газрын үзлэг, холбогдох хүмүүсээс авсан тэмдэглэл зэргээс үзэхэд уг хээрийн түймэр нь Булган сумын 3 дугаар багийн нутаг “.............. ” гэдэг газарт Булган сумын төвөөс зүүн урд зүгт 37 км газарт урт нь 30 км, өргөн нь 10 км газар шатсан байна. Уг хээрийн түймрийн голомт нь шатсан талбайн ертөнцийн зүгээр хойд хэсгээс гал гарсан нь тогтоогдож байна. Уг хээрийн түймэр гарсан газрын эхэнд шатаж харласан суудлын автомашины рам байна.

2. Уг хээрийн түймэр гарсан газарт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...  дугаар баг .......н ...... тоотод оршин суух иргэн О унаж явсан SANNY 15 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр замгүй өвс ихтэй газраар явснаас болж уг автомашины доод талын явах эд анги болон янданд их хэмжээний хазаар өвс буюу “шар өвс” хуримтлагдаж яндан халсны улмаас хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас хээрийн түймэр гарсан нь тогтоогдож байна. гэжээ. /хх-ийн 82-83/

 О  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би эхнэр Г , найз Г болон түүний эхнэр Ү түүний хоёр хүүхдийн хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд аймгийн төвөөс баруун урагшаа Радио реллегийн зүүн хойд талд буюу “........ ” гэх газарт өөрийн төрсөн дүү О-н Ниссан санни маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан юм. Ингээд машинтай замгүй газраар 2 км орчим явж байгаад хэсэг зогссон чинь гэнэт машин доороос гал гарч ирсэн. Ингээд бид нар машинаасаа буугаад унтраах гэж оролдсон боловч салхи ихтэй байсан болохоор унтрааж чадалгүй гал алдсан...” гэжээ. /хх-ийн 91-93/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 17-19/

Булган сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэх /хх-ийн 20-22/

         Булган сумын 3 дугаар баг “................ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг /хх-ийн 23/

         Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /хх-ийн 24-25/

         Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 26, 29-30/

Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31, 51, 58, 63, 67, 71/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 101/

О банкин дахь дансны талаарх мэдээлэл /хх-ийн 33, 35, 36-37/

О иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 95/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 118/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчин, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын … дугаар баг “........... ” гэх газар “Nissan Sunny” маркийн ..........  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явсны улмаас яндан халж хуримтлагдсан өвсөнд цонолт өгч уг тээврийн хэрэгсэл шатсанаас гал алдан хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 154.185.727,5 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад Булган сумын Засаг даргын тамгын газарт 766.500 төгрөгийн хохирол, түймрийн улмаас бусдын эд хөрөнгө шатаж иргэний нэхэмжлэгч О  4.950.000 төгрөгийн, О 800.000 төгрөгийн, Г 530.000 төгрөгийн, Б  1.220.000 төгрөгийн, О 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учирч, нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Г  “...шороон замаас  гараад 1 км орчим явж байгаад зогссон. Жолоочийн эсрэг талд Г сууж байсан талын хаалганы гадна гал гарсан. Тэгээд бид нар машинаас буухад гал дээшээгээ ойж байсан...” гэх, гэрч Ү  “...О машиныхаа доогуур байсан хурсан өвсийг яндангийн тэр хавиар цэвэрлээд одоо замгүй өвсөн дундуур явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй өвсөн дундуур 1 км гаруй яваад машин зогссон. Г сууж байсан талын хаалганы гадна  гал ойж харагдсан. Тэгээд бид нар сандраад машинаас буугаад галыг унтраах гээд цохисон боловч салхи хойноосоо хүчтэй байсан болохоор түймэр гарсан...” гэх, гэрч Г  “...Манай ээлж түймэр унтраахаар явж байхад хойд талд шатсан суудлын автомашин харагдаж байсан...” гэх мэдүүлэг, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 046/28 тоот “...Уг хээрийн түймэр гарсан газарт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг .......... н ...... тоотод оршин суух иргэн О унаж явсан SANNY 15 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замгүй өвс ихтэй газраар явснаас болж уг автомашины доод талын явах эд анги болон янданд их хэмжээний хазаар өвс буюу “шар өвс” хуримтлагдаж яндан халсны улмаас хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас хээрийн түймэр гарсан...” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт, Булган сумын ... дугаар баг “...........” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг, иргэний нэхэмжлэгч М, Б , Г , О , О , О , гэрч Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Отгонбаатарыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.  

Гэмт хэрэг гарахад ажилгүйдэл, ядуурал, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль экологи болон бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч О  холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч О хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, иргэний нэхэмжлэгч Б ,Г , О , О , О  нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О  үйлдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 154.185.727,5 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад Булган сумын Засаг даргын тамгын газарт 766.500 төгрөгийн хохирол, түймрийн улмаас бусдын эд хөрөнгө шатаж иргэний нэхэмжлэгч О 4.950.000 төгрөгийн, О  800.000 төгрөгийн, Г  530.000 төгрөгийн, Б  1.220.000 төгрөгийн, О 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учирч, нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 17-19/, Булган сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэх /хх-ийн 20-22/, Булган сумын .. дугаар баг “............... ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг /хх-ийн 23/,          Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /хх-ийн 24-25/, Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31, 51, 58, 63, 67, 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч О , О , Г , Б , О нарт нийт 9.500.000 төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М нь Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид учирсан хохирол 154.185.727,5 төгрөг, түймрийг унтраахад Булган сумын Засаг даргын тамгын газраас гарсан зардал 766.500 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд “...уг шатсан бэлчээрийн талбай нь энэ жил нөхөн сэргээгдсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй мөн мал амьтан үрэгдээгүй учраас шүүгдэгчийн ар гэр, амьдралын нөхцөлийг харгалзан үзлээ...” гэсэн шалтгаанаар байгаль экологид учирсан 154.185.727,5 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж, Булган сумын Засаг даргын тамгын газраас түймрийг унтраахад гарсан зардал 766.500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг шийдвэрлэх эрхийг шүүхэд олгосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 766.500 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт олгож, иргэний нэхэмжлэгч М  нь байгаль экологид учирсан хохирол 154.185.727,5 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг .... н .........  тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн Дорнод аймгийн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч О, О ,  -Г , Б , О нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэрч тавьж, 164.452.227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 766.500 /долоон зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт олгож, иргэний нэхэмжлэгч М нь байгаль экологид учирсан хохирол 154.185.727,5 /нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч О эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын ...  дугаар баг ...н... дугаар гудамжны ..... тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч О , О , Г , Б , О  нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА