Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/35

 

Б.От холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран 

Прокурор                                                     Д.Нямдэлэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                      Б.О нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр Б.От холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, А  овогт Б.О. Урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “...............” гэх газарт Ниссан Санни маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас уг тээврийн хэрэгсэл шатсаны улмаас гал алдаж хээрийн түймэр гарч Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766 500 төгрөгийн шууд бус, 154 185 727,5 төгрөгийг шууд хохирол, иргэн Ж.Оын эд зүйл шатаж 4 950 000 төгрөгийн, иргэн Ж.От-ын эд зүйл шатаж 800 000 төгрөгийн, иргэн Д.-д 530 000 төгрөгийн, иргэн Б.Б-д 1 220 000 төгрөгийн, иргэн С.О-нд 2 000 000 төгрөгийн шууд хохирол нийт 164 452 227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Б.Оыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч А овогт Б.Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 164 452 227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.От тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.От мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 766 500 /долоон зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт олгож, иргэний нэхэмжлэгч Ц.М нь байгаль экологид учирсан хохирол 154 185 727,5 /нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

- Шүүгдэгч Б.Оын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Уудмын 2 дугаар гудамжны 02 тоотод байрлах 700м2  газрыг битүүмжилсэн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Ж.О, Ж.О, Д.Г, Б.Б, С.О нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгээр байгаль экологид учруулсан хохирол 154 185 727,5 төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах талаар тусгасан бөгөөд энэ нь шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж тогтоох, дээрх хохирлыг хэнээс гаргуулах талаар тусгасан ойлголт юм. Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт үйлдлийн улмаас байгаль орчин, экологид 154 185 727,5 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заасанчлан шүүгдэгч Б.Оын тавьсан хээрийн түймрийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, бодит хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийн талаар дурдсан байх боловч иргэний нэхэмжлэгч Ц.М нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үндэслэлгүйгээр хууль зөрчиж нэхэмжлэлээсээ татгалзсанд шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэв.

Мөн иргэний нэхэмжлэгч Ц.М-ийн иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн буюу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, илт нэг этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон буюу төр, нийтийн ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх ба иргэний нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлд шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Б.Оаас гэмт хэргийн улмаас орон нутгийн байгаль орчин, экологид учирсан 154 185 727,5 төгрөгийн хохирлыг гаргуулалгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: Б.Оын хувьд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хурал дээр иргэний нэхэмжлэгч “...энэ хүний учруулсан хохирол бүрэн арилсан. Одоо ургамал ногоо бүрэн ургаж, бэлчээр мал сайхан байгаа. Иймд нэхэмжлэх зүйл байхгүй...” гээд нэхэмжлэлээсээ татгалзсан. ...Түүнчлэн Б.О шууд бус хохирлоо бүрэн төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: ...Хэн нэгний хайхрамжгүй хандсаны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг энэ мэтчилэн “...төлбөр төлөх чадваргүй...” гэдгээр гаргуулахгүй шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.От холбогдох хэргийг Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Адгийн-Овоот” гэх газарт Ниссан Санни маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас уг тээврийн хэрэгсэл шатан гал алдаж хээрийн түймэр гарч Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766 500 төгрөгийн шууд бус, 154 185 727,5 төгрөгийг шууд хохирол, иргэн Ж.Оын эд зүйл шатаж 4 950 000 төгрөгийн, иргэн Ж.О-ын эд зүйл шатаж 800 000 төгрөгийн, иргэн Д.Г-д 530 000 төгрөгийн, иргэн Б.Б-д 1 220 000 төгрөгийн, иргэн С.О-д 2 000 000 төгрөгийн шууд хохирол нийт 164 452 227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.О, иргэний нэхэмжлэгч Ц.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.О, Ж.О, С.О, Б.Б, Д.Г, гэрч Т.Г, Д.Г, Б.Ү, Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 046/28 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт, Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоот” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.М нь Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан “ ...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ...” эрхийн хүрээнд бэлчээр, хадлангийн 7769,5 га газрын хохиролд 154 185 727,5 төгрөг, шууд бус зардалд 766 500 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлбөрийн 154 185 727,5 төгрөгийг төлүүлэхээс татгалзсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “...хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх...” гэсэн зорилготой зөрчилдсөн байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзлээ.

Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.От холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, түүний эд хөрөнгийн байдлыг харгалзан Монгол Улсын иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасан “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэсэн заалтыг баримтлан Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн нутаг Адгийн овоот гэх газрын түймэрт нэрвэгдсэн газрын нөхөн төлбөрт тогтоогдсон 154 185 727,5 төгрөгийн 1 хувь болох 1 541 857 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол гарсны дараа иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт шууд бус зардлын 766 500 /долоон зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг Төрийн банкаар шилжүүлэн төлсөн болохыг магадлалд дурдвал зохино.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолын:

5 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Оаас нийт 2 308 357 /хоёр сая гурван зуун найман мянга гурван зуун тавин долоо/ төгрөг  гаргуулж, 766 500 /долоон зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт, нөхөн төлбөрийн 1 541 857 /нэг сая таван зуун зөчин нэгэн мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус олгож, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол гарсны дараа иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт шууд бус зардлын 766 500 /долоон зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг Төрийн банкаар шилжүүлэн төлсөн болохыг дурдсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

                          ШҮҮГЧИД                                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                         Ж.ДОЛГОРМАА