Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0215

 

 

 

 

 

 

 

 

 

 А а ХХК-ийн гомдолтой 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.БатБ

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Д.Б

Хэргийн оролцогчид

Гомдол гаргагч “А а” ХХК

Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Д.Б

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай0043052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 3 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Н.Д

Хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 119/2022/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “А а” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай0043052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: 

“...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын Улсын байцаагч /Д.Б/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүх шийдвэр гаргахдаа хэргийн анх үүссэн нөхцөл байдлыг болон зөрчил шалган шийдвэрлэх болсон шалтгаан нөхцөлийг судлаагүй байна. Иргэн Ч.Нийн гомдол нь анхнаасаа товч тодорхой байгаагүй бөгөөд төлбөрийн баримт авах ёстой тухайгаа ч мэдээгүй байсан иргэн гэдэг нь гомдолд тусгагдсанаар тодорхойлогдоно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу Татварын улсын байцаагчийн харьяалах асуудал тул ирсэн гомдлыг удирдлагын цохолтоор эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байдаг. Нөгөө талаасаа шүүхийн дүгнэсэн байдлаар гомдолд хандаж тодорхой бус гомдлыг эрхийн дагуу шалган тодруулан ажиллагааг прокурорын нэгдсэн бүртгэл хяналтын дор явуулсан.

3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1бичигдсэн дүгнэлт ойлгомжгүй, учир нь миний хувьд шүүх шийдвэртээ бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гаргасан дүгнэлтийг тусгадаг гэж ойлгодог, харин миний оногдуулсан шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөлүүд бүгд тусгагдсан гэж үзэж байгаа.

3.3.Шийдвэрт “...бодит нөхцөл байдлыг тогтоох, ...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” гэсэн боловч миний хувьд тодорхойгүй гомдлыг хүлээн авч тодруулсны үндсэн дээр бодит нөхцөл байдлыг тогтоож “А а” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг үүсгэсэн. Харин шүүхийн зүгээс тухайн маргааны агуулгад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. 

3.4.Ч.Нийн өргөдлийн дагуу төлбөрийн баримт олгоогүй байсан 75.000, 88.800 төгрөгийн дансны хуулганд үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан тодорхой байхад тодорхойгүй гэсэн нь ойлгогдохгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд дээрх 2 шилжүүлгийг эгүүлэн авсан тухай асуудал огт яригдаагүй. Энэ нь нэхэмжлэгч гомдол гаргагчтай тохиролцсон байх магадлалыг үүсгэж байна. Зөрчлийн хэрэг эцэслэн шийдэх явцад гараар бичсэн тайлбар авч ирсэн байдаг. Тайлбарыг өөр хүн бичсэн бөгөөд доор нь “Б” гэх нэрийг бичсэн. Гомдол гаргагч Ч.Н шүүх хуралдаанд тайлбар гаргах явцдаа “Быг гадаад улсад амьдардаг” гэсэн атлаа асуулт, хариултын шатанд “яг энэ үед ирсэн байсан ч билүү” хэмээн эргэлзээ бүхий хариулт өгсөн, гэвч шүүгч энэ асуудалд огт анхаарал хандуулаагүй. Үүнийг үнэн зөвөөр нягтлан шалгах шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс үзэхэд гомдол гаргагч ятгалгад орсон байх магадлал өндөр юм. Ийм эргэлзээтэй асуудлаас шалтгаалсан шүүхийн шийдвэр нь эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд маш сөрөг нөлөөг үзүүлж байна.

3.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д дурдсан байдал нь ойлгомжгүй байна. Шийтгэлийн хуудасны батлагдсан маягтад байх шаардлагатай бүхий л зүйлийг бөглөн бичсэн байхад хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхгүй гэсэн нь үндэслэл муутай бөгөөд хууль журам зөрчсөн гэж үзэж байна. 43052 дугаартай шийтгэлийн хуудсыг хуулийн дагуу үйлдсэн болно. Мөн зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллах прокурорыг оролцуулах, тайлбар тавих зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байсан гэж үзэж байна.

3.6.Шүүхийн шийдвэр нь тодорхой бус, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бодитоор үнэлээгүй, нэг талыг харсан, маргааныг тал бүрээс нь нягтлан дүгнээгүй, үндэслэл муутай гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж, хүчингүй болгож өгнө үүгэжээ.

4.Гомдол гаргагч “А а” ХХК-ийн төлөөлөгч Н.Д хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалав.   

ХЯНАВАЛ:

1.Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Хариуцагчаас анхнаасаа эргэлзээтэй, чухам хэзээ, хаанаас худалдан авсан бараа материалын НӨАТ-ын баримт өгөөгүй гэж гомдоод байгаа нь тодорхойгүй, хэнд холбогдуулж гаргасан нь ч ойлгомжгүй өргөдөл, гомдлын дагуу зөрчил шалгах ажиллагааг эрх бүхий албан тушаалтны цохолтоор хийснийг үгүйсгэх аргагүй боловч энэ нь “А а” ХХК-ийг 3.371.894.8 төгрөгөөр торгосон шийтгэлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

3.Учир нь иргэн Ч.Нийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас үзэхэд “А а” ХХК-ийн Барс-1 барилгын материалын дэлгүүрээс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 75.000 төгрөгийн, 30-ны өдөр 88.800 төгрөгийн худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн нь тус тус тогтоогдох бөгөөд харин уг худалдан авалтыг буцаан төлбөрийг бэлнээр өгсөн талаарх зарлагын баримт болон Ч.Нийн эхнэр н.Бын Орхон аймгийн татварын хэлтэст гаргасан “…худалдан авсан бараа материал хэрэгцээнд таарч тохирохгүй буцааж өгсөн нь үнэн болно. 2 ширхэг баримтаар 163.800 төгрөг бэлнээр буцаан авсан” гэсэн тайлбар зэргийг харгалзан үзэлгүйгээр шууд тухайн худалдан авалтад төлбөрийн баримт өгөөгүй зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу.  

4.Ч.Нийн өргөдлийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгах явцад н.Бын дээрх тайлбар Орхон аймгийн прокурорын газарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 40 минутад бүртгэгдэж, зөрчлийн хэрэгт авагдсан байгаагаас гадна “Анхан Аз” ХХК-ийн захирал Н.Дийн холбогдогчоор өгсөн “…Өргөдөл гаргагч яг юу, хэзээ авснаа нотлох шаардлагатай, төлбөрийг яаж төлсөн, аль салбарт, хэдэн давхраас авсан гэдэг нь чухал байна. Энэ хүний худалдан авалтыг санахгүй байна…” гэсэн мэдүүлэг, түүнчлэн тус компаниас Ц.Б гэсэн нэрээр шивүүлсэн 2,940.000, 146.500 төгрөгийн 2 удаагийн төлбөрийн баримтууд өгсөн болох нь зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

5.Гэтэл энэ нөхцөл байдлыг хариуцагчаас тодруулан шалгаагүй атлаа “…зөрчлийн хэрэг эцэслэн шийдэх явцад гараар бичсэн тайлбар ирсэн. Тайлбарыг өөр хүн бичиж Б гэх нэрийг бичсэн, гомдол гаргагч Ч.Н шүүх хуралдаанд тайлбар гаргах явцдаа эхнэр Быг гадаадад байдаг гэж байснаа шүүгчийн тодруулгын явцад яг энэ үед ирсэн байсан ч билүү хэмээн эргэлзээтэй хариулт өгсөн. ...гомдол гаргагч ятгалганд орсон байх магадлал өндөр…” гэх зэргээр давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлсноос үзэхэд тухайн үед зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэж болохооргүй байна.

6.Хариуцлага хүлээлгэх тохиолдолд тухайн зөрчил гарцаагүй үйлдэгдсэнийг баримтаар тогтоох нь хуулийн шаардлага бөгөөд 163.800 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт өгөөгүйд “А а” ХХК буруутай болохыг хангалттай тогтоогоогүй энэ тохиолдолд анх гомдол гаргасан Ч.Нийн эхнэр н.Бын дээрх тайлбарыг “…ятгалганд орсны улмаас бичсэн…” гэж дүгнэх байдлаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.Бодит байдалд “А а” ХХК-иас 163800 төгрөгөөс ч бага үнийн дүнтэй буюу 146.500 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт өгч байсан нь тогтоогдох тул нийтдээ 163.800 төгрөгийн 2 удаагийн худалдан авалтаар авсан барааг буцааж, төлбөрийг бэлнээр авсан гэх гомдол гаргагчийн эхнэрийн гаргасан бичгийн тайлбар нь зөрчил шалган шийдвэрлэхэд харгалзан үзэх гол баримтуудын нэг болно.

8.Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Ч.Н “…миний банкны картыг манай эхнэр ашигладаг байсан. Аймгийн татварын хэлтэст энэ талаараа тайлбар бичиж өгсөн байх... “А а” ХХК-тай холбоотой зүйл байхгүй. Худалдан авалтын шүүж үзээд бүгд гарч ирсэн…” гэсэн тайлбар гаргасан, шүүхээс түүний эхнэр н.Бтай холбогдоход “…би гомдол гаргаагүй, гомдол гаргасан Ч.Наа оролцуул…” гэснээс үзэхэд ч Ч.Н, н.Б нар нь харилцан хамааралтай хүмүүс байх бөгөөд тэдгээрийг ятгалгад орсны улмаас Орхон аймгийн татварын хэлтэст бичгийн тайлбар гаргасан гэж дүгнэж болохгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                             

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН