Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01314

 

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн

хурлын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй

Л.Б-д холбогдох,  

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нарийн бичгийн дарга  Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б- нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.Соёлоог үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хууль бусар ажлаас халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэнг ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Л.Б-гийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болохыг тогтоож, Б.Наваан-Юндэнг ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг нийтдээ 9.078.900 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Л.Б- нь хууль бус шийдвэр гаргаж, цалин давхардуулан олгож, байгууллагыг хохироосон, өөрийн илт буруутай үйлдлээс бусдад учруулсан хохирлыг төрийн байгууллагын төсвөөс барагдуулсан нь санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Л.Б-гаас байгууллагыг хохироосон 10.138.386 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүхийн шатанд байгаа болно. Хоёр хүний цалинг төсвийн тодотголоор тухайн үед шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд хамрагдахгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Урианхай овогтой Лхагваагийн Болормаа /ДИ77051708/-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-гаас 177.164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Л.Б-гаас гэм хорын хохирол 10.138.386 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Л.Б- Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот тушаалаар  нягтлан бодогч Г.Соёлоо, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот тушаалаар ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэн нарыг тус тус ажлаас чөлөөлсөн бөгөөд тэднийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулжээ.

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Соёлоо, Б.Наваан-Юндэн нарт нийт 10.138.386 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

Л.Б-гийн гаргасан шийдвэр буруу байснаас байгууллагад гэм хор учирсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх ба шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Л.Б- нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд түүний гаргасан шийдвэр хуульд нийцээгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон нь Л.Б-г хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Харин Л.Б- эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрөө тодорхой албан тушаал хашиж байсны хувьд ажил олгогчтой ямар гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж, хэдэн төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээх талаар гэрээгээр  тохиролцсон эсэх нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд  ач холбогдолтой болно.

Энэ  талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 177.164 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ