Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Л.Б-д холбогдох,

байгууллагад учирсан гэм хорын хохиролд 10.138.386 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаар нягтлан бодогч Г.С-г үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 28-р магадлалаар хууль бус шийдвэр гаргаж Г.С-г ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж аймгийн ИТХ-аас уг мөнгийг гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан болно. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22-р тушаалаар ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 29-р тогтоолоор ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Л.Б-гийн гаргасан шийдвэр хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг, нийт 9.078.900 төгрөгийг ИТХ-ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан. Л.Б нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж цалин давхардуулан олгож байгууллагыг хохироосон, өөрийн илт буруутай үйлдлээс бусдад учруулсан хохиролыг төрийн байгууллагын төсвөөс барагдуулсан нь санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Л.Б-гаас байгууллагыг хохироосон 10.138.386 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх ажилтаныг ажлаас чөлөөлж оронд нь өөр хүн авч ажиллуулж нэг ажлын байранд давхардуулан цалин олгож байгууллагад хохирол учруулсан. Тухайн ажлаас халагдсан хүн нь шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа томилогдож байгаа. Мөн байгууллагын архивт хариуцагчийн ажиллах хугацаандаа байгуулсан үр дүнгийн гэрээ болон түүнийг үнэлсэн талаарх баримтууд байхгүй, хайгаад олдохгүй байгаа. Харин энэ талаарх баримт аймгийн хуралд холбогдох Л.Б-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материалд нотариатаар батлуулж Б-гийн зүгээс өгсөн байдаг. Тэр хэрэг нь Завхан аймаг дахь шүүхээр шийдэгдсэн учраас тухайн хэргээс нотлох баримтаар авах боломжгүй тул гаргаж өгч амжсангүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Г-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь би ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шатанд байгаа болно. Хоёр хүний цалинг төсвийн тодотголоор тухайн үед шийдвэрлэсэн. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 10.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйл заалтанд хамрагдахгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Б.Н, Г.С нарын цалинг нэхэмжилсэн шаардлагад би аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед өөрийн эрх, үүрэг, ажил олгогчийн хувьд ажилтан авах, халах хөдөлмөрийн гэрээ хийх, дуусгавар болгох эрхтэй субьект юм. Миний энэ үйлдэл нь шууд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээрээ байгууллагад хохирол учруулсан нь шууд нотлогдоогүй байж надаас хоёр хүний цалин гаргуулахыг шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд өөр ажилчид ажилуулж тухайн байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан тохиолдолд л эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээдэг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг надтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулаагүй. Миний үр дүнгийн гэрээнд тусгайлан заагаагүй. Тиймээс Иргэний хуулийн 498.1 болон 498.5-ын агуулгаар ажилтан нь байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн санаатайгаар эсхүл илтэд болгоомжгүйгээр учруулсан хохиролыг байгууллага дараа нь ажилтнаас гаргуулах эрхтэй байна. Миний хувьд тухайн ажилтнуудыг халах үндэслэл байхгүй байхад санаатайгаар халсан мөн албаар хууль зөрчих байдлаар эсхүл гэмт хэрэг үйлдэж байгууллагад хохирол учруулаагүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хүрээнд доод шатны ажилтнуудаа халж чөлөөлсөн нь шүүхийн 3 шатны ажиллагааны үндсэн дээр эрх зүйн зөрчилтэй шийдвэр байсан нь тогтоогдсон олговорыг Л.Б миний бие хариуцах ёсгүй. Төрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан. Мөн түүнчлэн 498.1 болон 498.5 нь үйлдлээр гэм хор учруулсаныг заасан. Ажилтан ажлаас халж буй даргын шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 37.1-д зааснаар бичгээр гарсан шийдвэр болохоос 37.2-т заасан үйл ажиллагаа тэр дундаа үйлдэл биш учраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Г.С, Б.Н нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлснөөс байгууллагад учирсан хохиролд 10.138.386 төгрөгийг хариуцагч Л.Б-гаас гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

Хариуцагч Л.Б нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед өөрийн эрх, үүрэг, ажил олгогчийн хувьд ажилтан авах, халах хөдөлмөрийн гэрээ хийх, дуусгавар болгох эрхтэй субьект бөгөөд миний энэ үйлдэл шууд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээрээ байгууллагад хохирол учруулсан нь шууд нотлогдоогүй байхад надаас хоёр хүний цалин гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан тохиолдолд л эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээдэг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг надтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулаагүй, үр дүнгийн гэрээнд тусгайлан заагаагүй учир Иргэний хуулийн 498.1 болон 498.5-ын агуулгаар ажилтан ажиллах хугацаандаа өөрийн санаатайгаар эсхүл илтэд болгоомжгүйгээр учруулсан хохиролыг байгууллага дараа нь ажилтнаас гаргуулах эрхтэй байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хүрээнд доод шатны ажилтнуудаа халж, чөлөөлсөн нь шүүхийн 3 шатны ажиллагааны үндсэн дээр эрх зүйн зөрчилтэй шийдвэр байсан нь тогтоогдсон олговорыг хариуцах ёсгүй гэж маргаж, татгалзсан /хх-77, 149-150/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хариуцагч Л.Б-д 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр нэхэмжлэлд дурдсан хаягаар очиход хүнгүй, 99095797 дугаарын утсаар залгаж хурлын товыг мэдэгдэхэд “...би Улаанбаатар хотод байна, шүүхээр очиж туслахтай уулзах гэсэн боловч байгаагүй, одоо  очиж амжихгүй” гэх тайлбарыг утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хх-155/.

Хариуцагчийн зүгээс оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой, хариуцагч Л.Б нь аль ч шатны шүүх хуралдаанд оролцдоггүй, шүүхэд ирдэггүй талаар тайлбар, хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус байгууллагын нягтлан бодогч Г.С-г ажлаас чөлөөлөх 07 дугаар тушаалыг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ба Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар шийдвэрээр Г.С-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөгийг тус тус ажил олгогч байгууллагаас гаргуулж Г.С-д олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын буюу улсын тэмдэгтийн хураамжийн талаар өөрчлөлт оруулсан байна /хх-37, 40-43, 44-50/.

Мөн аймгийн ИТХ-ын ажлын албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н-г ажлаас чөлөөлөх 22 дугаар тушаалыг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ба Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр Б.Н-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг ажил олгогч байгууллагаас гаргуулж Б.Н-д олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна /хх-11, 22-31, 32-36/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтаны шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Ажил олгогч нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 дугаар тушаал гаргаж Г.С-г аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчоор, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 09 дугаар тушаал гаргаж Б.Н-г аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус ажилд эгүүлэн тогтоосон байна /хх-38, 12/.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 12.636.514 төгрөгийг Г.С, Б.Н, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 100.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 300.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 100.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай 1.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай 3.023.986 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай 4.634.064 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 818.800 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 220 дугаартай 1.159.664 төгрөгний төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 381, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/700 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна /хх-13-21, 39, 71, 72/.

Хариуцагч Л.Б-г Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолоор 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, мөн тэргүүлэгчдийн 67 дугаартай тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-9, 10/.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

Харин энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Л.Б-гийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоогдсон Г.С, Б.Н, тэдгээрийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан хариуцагч Л.Б ч Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч Л.Б нь тухайн байгууллагад ямар төрлийн гэрээний үндсэн дээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн зүйлийн 135.4-т заасан.

Гэтэл хариуцагч Л.Б-тай нэхэмжлэгч байгууллага нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ эсхүл үр дүнгийн гэрээнд энэ талаар тусгасан эсэх талаарх баримт байхгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Л.Б-гийн ажиллах хугацаандаа байгуулсан үр дүнгийн гэрээ түүний биелэлтийн талаарх баримт бичгүүд архивын газарт байхгүй, манай байгууллагад байхгүй, хариуцагч Л.Б-гийн нэхэмжлэлтэй аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийн материалд энэ талаарх баримтууд авагдсан байсан боловч уг хэргийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн тухайн шүүхэд архивлагдаж хадгалагдаж байгаа учир нотлох баримт гаргах боломжгүй байсан гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...өөр ...орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Түүнчлэн хариуцагч Л.Б-гийн цалингийн шатлалын талаар ажилд томилсон болон чөлөөлсөн хурлын тэргүүлэгчдийн тогтоолд дурдсан байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай ажилд томилсон, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай ажлаас чөлөөсөн Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хариуцагчийн цалингийн шатлалын талаар дурдаагүй байна /хх-9, 10/.

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаврыг ойлгох бөгөөд эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж үзэж болох бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эд хөрөнгө мөнгөн төлбөр нь ялгаатай ойлголтууд гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Л.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан болох нь тогтоогдож, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон, байгууллагад учируулсан хохирлыг бүрэн хариуцахаар хариуцлагын гэрээ хийгдэж үүрэг хүлээсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас ажилтан Г.С, Б.Н нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлснөөс байгууллагад учирсан хохиролд 10.138.386 /арван сая нэг зуун гучин найман мянга гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ

 

ШҮҮГЧИД                                               Д.МӨНХТУЯА

 

                                                                   А.ҮҮРИЙНТУЯА