Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2018/0002/З |
Дугаар | 05 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн Л.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАУБХ-т холбогдох
“Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ** тоот 19 м2 орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гуравдагч этгээд КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ** тоот 19 м2 орон сууц нь Л.Ж-ны нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ үед Л.Ж, Б.Б, нотариатч Б.Д нар өмчлөх эрхийг хууль бусаар өөрсдөдөө шилжүүлэн авч КБ-ны барьцаанд тавьсан. Энэ талаар мэдээд Цагдаагийн газар хандахад эдгээр хүмүүс гэм буруутайгаа хүлээж Л.Н өмчлөх эрхээ сэргээх боломжтой шийдвэр гарсан байдаг. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 945 дугаар шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн Б.Б, Л.Ж нарын нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгож Л.Н-ийн өмчлөх эрхийг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гарсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст шүүхийн шийдвэрийг хүргүүлж Л.Н-ийг өмчлөгчөөр бүртгүүлэх гэхэд УБХ хүлээж аваагүй. Учир нь уг гэрчилгээ КБ-ны барьцаанд байгаа. Мөн шүүхийн шийдвэрээс тухайн зээлийн өрийг барагдуулах зорилгоор тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн. Тиймээс бид арга буюу Захиргааны хэргийн шүүхэд хандаад тухайн Бүрэнбүст багийн **тоот 19 м2 орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг УБХ-т даалгаж өгөөч. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэж өмчлөх эрхийг зөрчсөн ч гэсэн хамтран өмчлөх эрхийг сэргээхийг даалгаж шийдвэр гаргаж өгөөч. Тусгай тэмдэглэгээний хувьд бол Ж.Б-ийн гэрчилгээн дээр суурилж барьцаалбар хийгдсэн байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр КБ-тай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажсан. Б.Б-аас 42 сая төгрөг гаргуулан олгохоор шийдсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд барьцаалбараар үүргийн гүйцэтгэл хангуулахаар явж байгаа. Үүнийг өөрчлөөд ажиллагаа хийх боломжгүй шүүхийн шийдвэрийн дагуу хийж байгаа гэж Улсын бүртгэл тайлбарладаг. Б.Б-ийн өмчлөх эрхийг хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэж тогтоосон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас чөлөөлж өгөөч гэхэд шүүхэд ханд гэсэн хариуг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй байна гэж үзсэн. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шүүхийн шийдвэр биелэгдэхгүй болсон учраас захиргааны шүүхэд хандсан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн Л.Н-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот 19 м2 орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг ОАУБХ-т даалгаж өгнө үү”. гэв.
Хариуцагч ОАУБХ-ийн дарга Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “... Иргэн Л.Н нь Улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ** тоот 19 м2 орон сууцыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00945 дугаар шийдвэрээр 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хамтран өмчлөгчөөс Л.Н-ийг хассан хэлцлийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийлгэхээр тус хэлтэст хандсан байдаг.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаар эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сангаас шалгахад Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 03/2301, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дүгээр захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2016/05064 дугаар захирамжуудыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгүүлсэн байна.
Мөн өнөөдрийн байдлаар уг орон сууцны өмчлөх эрхийн эх хувь гэрчилгээ нь КБ-ны барьцаат зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байгаа болно.
Эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 15.1, 15.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.6, 24.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам-ын 5 дугаар бүлэгт заасны дагуу бүртгүүлдэг.
Үл хөдлөх эд хөрөнгийн эх хувь гэрчилгээ байхгүй тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам-ын 5.11 Шүүх, арбитрын шийдвэрээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэсэн заалтын дагуу шийдвэрлэх боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.1.4 дүгээр зүйлд заасны дагуу тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулдаг.
Иймд Л.Н-т дээрх орон сууцны өмчлөх эрхийн эх хувь гэрчилгээ байхгүй, эрх бүхий байгууллагаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгүүлсэн байх тул бүртгэлийн хууль журмын дагуу мэдүүлэг, нотлох баримтыг хүлээн авч бүртгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс шүүхэд тайлбараа өгсөн. Энэ тайлбараа дэмжиж байгаа. Л.Н хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг үндэслэн банкнаас зөвшөөрөл авах ёстой гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаа. Зөвшөөрөл авсан байх талаар хуулинд зохицуулсан тул барьцаалагч банкны эрх шууд хөндөгдөж байгаа тул зөвшөөрөл зайлшгүй авах ёстой. Нэхэмжлэгч хэрэв банкнаас энэ талаар хүсвэл манай байгууллага шийдвэрлэх боломжтой болох юм. Манай байгууллагын хувьд Л.Ж, Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дэх заалтыг барьж ажиллах нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгчээс энэ бүртгэлтэй холбоотой хүсэлт ирээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй.” гэв.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь эх С.Ж, ах Л.Ж нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот 19.4 м2 1 өрөө орон сууцыг хамтран өмчилж байсан нь эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэгдсэн ** дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.
Л.Ж, Л.Н нарын эх С.Ж 2012 онд нас барж, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Л.Ж нь Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаснаар дээрхи орон сууц Л.Ж, Л.Н нарын хамтран өмчлөлд шилжиж **улсын бүртгэлийн дугаар бүхий ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
“Л.Ж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг наториатаар батлуулан ОАУБХ-т гаргасны дагуу нэхэмжлэгч Л.Н-ийг хамтран өмчлөгчөөс хасч, Л.Ж-д /нэг иргэний өмч/ эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай гэрчилгээ олгогдож, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж, наториатаар батлуулж, Улсын бүртгэлийн хэлтэст хандсанаар Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот 1 өрөө орон сууц Б.Б, Л.Ж нарын өмчлөлд шилжиж, ** дугаартай гэрчилгээ олгогджээ. Л.Ж, Б.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр КБ-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд маргааны зүйл болох орон сууцыг барьцаалсан байна.
Л.Н Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 142/ШШ2017/00945 дугаартай шийдвэр гаргаж, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хамтран өмчлөгчөөс Л.Н-ийг хассан, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хамтран өмчлөлд Б.Б-г нэмсэн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг **тоот Л.Ж-ы **улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б.Б, Л.Ж нарын өмчлөлийн ** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д ... шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага болох ОАУБХ дээрхи шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу иргэн Л.Н-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах... гэж заасны дагуу иргэн Л.Н шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрхээ олж авч, мэдүүлэг гарган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтээ гаргасныг Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэж зааснаас дүгнэхэд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00945 дугаартай шийдвэр дээрхи хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон байхад ОАУБХ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, тухайн орон сууцыг зээлийн барьцаанд, тусгай тэмдэглэлд байгаа гэдэг үндэслэлээр бүртгэлийг хийхийг татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус юм.
Иймээс нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Н-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот 19 м2 орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг ОАУБХ-т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг өмнө нь ирүүлж байсан боловч холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй учраас түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, гуравдагч этгээд хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг, КБ-ны зээлийн барьцаанд тавьсан ** дугаартай гэрчилгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг ОАУБХ-т даалгасугай.
2. Нэхэмжлэгч Л.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА