Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 07

 

 

Дөрвөн  Ойрад ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэртэй, Дөрвөн ойрад ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюуны нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад хобогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 4.866.546 төгрөг гаргуулах, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ- 01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дөрвөн Ойрад ХХК, Увс аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Холбооны 36 айл болон хуучин “Хархираа” зочид буудлын өмнөх 2689 м2 талбайд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл “Хархираа” зочид буудлын өмнөх талбайд хийх байсан ажлаас 400 м2 газар хасахаар аймгийн  Засаг даргын зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар ажил гүйцэтгэгч талд мэдэгдэлгүй шийдвэрлэсэн байдаг. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг зөвшөөрөхдөө ажлын зураг /зургийн даалгавар/-т өөрчлөлт оруулж өгөхийг шаардсан. Хуулийн дагуу тавьсан шаардлагын дагуу өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, Дөрвөн Ойрад ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний төлбөрөө буцаан нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхдээ зөвхөн захиалагчийн зургийн даалгаврын дагуу хийж байсан. Энэхүү өөрчлөлт орсноор цаашид ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон. Хийх ёстой ажил 2289 м2 талбайд ажил гүйцэтгэх ёстой юм шиг болсон нь үүрэг гүйцэтгэх арга нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үүргийн гүйцэтгэлийг удаашруулж байна гэж үзэж Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2-т зааснаар шүүхэд хандаж байна. Иймд Засаг даргыг зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. Гэрээний төлбөрийн үүрэг нь банкны баталгааг үндэслэн 13.426.079 төгрөг, ажлын гүйцэтгэлийн захиалагч хүлээн авсны дараа 20.139.188 төгрөг, Улсын комисст хүлээлгэн өгсний дараа 11.188.399 төгрөг гэсэн хэсгүүдээс бүрдэх ба нийлбэр дүн буюу 44.753.596 төгрөг нь гэрээний үнийн дүн байдаг. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ёсоор ажлаа гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хийсэн ажлаа 75%-ийн гүйцэтгэлтэй байна гэж ажлын гүйцэтгэлээ тухайн үед холбогдох албан тушаалтнуудаас батлуулж хянуулан нийтдээ 33.292.625 төгрөг авах ёстой байсан боловч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн эрх мэдлээ хэтрүүлэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа 20.139.188 төгрөгийн гэрээний төлбөр төлөх ёстой байснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Дөрвөн Ойрад ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг захиалагч тал нэгэнт хүлээн авсан болохоор дутуу төлсөн 4.866.546 төгрөг гаргуулах эрх үүсэж байгаа юм. Ийм учраас Дөрвөн Ойрад ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиалагч талаас гүйцэтгэлээс хүлээж авсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 4.866.546 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зарласан Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх тендерт Дөрвөн Ойрад ХХК нь шалгарч 2013 оны 5 дугаар сарын 10-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхэлсэн бөгөөд Бэлбулаг үйлчилгээний төвөөс хүсэлт ирүүлсний дагуу энэ асуудлыг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн хийгдэх ажлын талбайгаас 400 м2 газрыг хасах, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон тухай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот албан бичгээр санал хүргүүлсний дагуу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр 250 метрийн урттай усжуулалтын систем нэмж хийхээр Дөрвөн Ойрад ХХК нь зөвшөөрч ажлын гэрээ байгуулсан. Дөрвөн Ойрад ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын талбайгаас 400 м2 талбайг хассанаар уг компанитай хийсэн анхны гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй байдаг. Тохиролцсоныхоо дагуу ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийх боломжтой байсан болно. 2-р шаардлагын хүрээнд Дөрвөн Ойрад ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 15-ныг дуустал 3 сарын хугацаанд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлыг тус компани нь хийж гүйцэтгэхээр шалгаран ажлаа эхлүүлсэн байдаг ба урьд авсан санхүүжилт 13.426.079 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг банкны баталгааг үндэслэн гүйцэтгэгч компанид шилжүүлсэн, мөн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 33,292,625 төгрөгийн гүйцэтгэл гаргаж ирүүлсэн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тухай Засаг даргын зөвлөлд танилцуулан 15.000.000 төгрөгийн санхүүжилтийг 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/467 дугаар захирамжаар олгосон бөгөөд гүйцэтгэлд заагдсан мөнгөн дүнг гүйцэт олгоогүй нь ажлын гүйцэтгэлд нь тохирсон хөлс болно. Үлдэгдэл мөнгөн дүн буюу нэхэмжлэлд заагдсан 4.866.546 төгрөгийг гүйцэтгэгч компани нь гэрээний дагуу заагдсан ажлаа тухайн үедээ хийгээд авах боломжтой байсан ба гэтэл газар хассан, гэрээнд өөрчлөлт оруулсан, зургаа өөрчилж өг гэсэн шалтаг, шалтгаанаар гэрээнд заасан үүргээ зөрчин ажлаа гүйцээгээгүй орхисон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ба мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу уг компаний ажлын гүйцэтгэлийн баримтад тулгуурлан 28.426.079 төгрөгийн санхүүжилт олгосон нь бодит ажлын гүйцэтгэлийн дүн юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай Дөрвөн Ойрад ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дөрвөн Ойрад ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.815 /ерэн хоёр мянга найман зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь ажил гүйцэтгэгч талд зураг төсөв зөрчиж ажил гүйцэтгэхийг хориглосон байхад анхан шатны шүүхийн шүүгч нь зургын даалгаваргүйгээр ажлаа хийх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв энэ ажил дуусах юм бол. "Дөрвөн Ойрад" ХХК захиалагчийн зургын даалгавраар 2689 м2 ажил хүлээлгэн өгөх ёстой, гэтэл 400 м2 талбай хасагдсанаар одоо 2289 м2 талбайд ажил хийгдсэн байдаг. Яаж ч бодсон 2689 м2 талбайд ажил хийх ёстой гэсэн зургаар захиалгын дагуу 2289 м2 хийсэн ажил хүлээлгэн өгч болохгүй шүү дээ. Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ услалтын систем байгуулах гэрээ байгуулсан 400 м2 талбай хассанаар гэрээний үнэд өөрчлөлт ороогүй байна гэж дүгнэсэн маргалдагч талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүсээгүй байна гэсэн нь гэрээний талуудын маргаангүй асуудлаар дүгнэлт гаргаж маргаж байгаа харилцаанд анхаарал хандуулаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх "... ажлын зургын даалгаврыг ...Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр башалсан бөгөөд гүйцэтгэгч "Дөрвөн Ойрад" ХХК нь уг зургын даалгаврын нөхцөл шаардлагад нийцсэн зураг гаргаж хүргүүлжээ" гэж хэзээ ч болоогүй үйл явдлыг болсон мэтээр дүгнэсэн байгаа нь бодит байдлыг гажуудуулсан байна. Учир нь "Дөрвөн Ойрад" ХХК нь гэрээ байгуулахаас өмнө ч гэсэн, гэрээ байгуулсны дараа нь ч гэсэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн зураг захиалагч талд хүргүүлээгүй байдаг бөгөөд Захиалагч талыг "Дөрвөн Ойрад" ХХК нь зургын даалгавараа өөрчилж өг гэсэн шаардлага л тавьж явсан байдаг.

Шүүх дүгнэлт гаргахдаа захиалагч болон гүйцэтгэгч нарын хэн нь зургын даалгаварт өөрчлөлт оруулах үүрэгтэй вэ гэдгийг тогтоохгүйгээр, гэрээ ёсоор зураг төсөв зөрчиж ажил гүйцэтгэхийг хориглосон байдаг гэтэл зураг болон хийх ёстой ажил нь өөр хоорондоо бүхэл бүтэн 400 м2-аар зөрчихсөн байхад ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. "Дөрвөн Ойрад" ХХК нь нийт хийсэн ажлынхаа мөнгө нэхэмжлээгүй. Харин 2013 оны 7 сары 2-нд хүртэл хийсэн ажлынхаа хөлсийг буюу Ажил гүйцэтгэх гэрээний 7 дахь заалтад заасан "цаашид хүлээн зөвшөөрөхүйц ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсны дараа" авах ёстой гэрээний төлбөрөө нэхэмжилсэн. "Дөрвөн Ойрад" ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үед буюу 2013 оны 7 дугаар сарын 02-нд явган хүний зам, саравч, цэцгийн мандалыг огт хийгээгүй байсан бөгөөд 2013 оны 10 сард саравч, 2014 оны 7 сард явган хүний зам, цэцгийн мандлуудыг хийж дуусгасан юм. Гэтэл шүүх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр "гүйцэтгэлийг хүлээн авч хянах, эрх бүхий 4 албан тушаалтнаас 2 албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул ажлын гүйцэтгэл №01 гэх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах боломжгүй юм" гэж дүгнэсэн буруу байна. Учир нь ажлын гүйцэтгэлд ажил гүйцэтгэгч талаас 2, захиалагч талаас 5 нийт 7 хүн гарын үсэг зурахаас 5 этгээд зурсан байдаг. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга уг гүйцэтгэлийг баталж хүлээн авсан байгаа нь зарим ажилчдын гарын үсэг дутуу гэдгээр гэрээгээр тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөхгүй байх эрх захиалагчид байхгүй. Гэрээний 3 дугаар зүйлд ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлаа ашиглалтанд оруулж Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт хүлээлгэн өгөх үүрэгтэй. Үүнээс гадна 2013 оны 7 дугаарсарын 2-оос хойш шинээр явган хүний зам, сүүдрэвч, цэцгийн мандал зэргийг нэмж хийсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн 3, 5-25 дугаар талуудад авагдсан Улсын бүртгэлийн 000050775 дугаартай гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, зургийн даалгавар, Дөрвөн Ойрад ХХК-ийн 27, 28, 35 дугаартай албан тоотууд, Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Худалдан авах ажилгааны албаны 54 дүгээр албан тоот, 01 дугаартай ажлын гүйцэтгэл, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг Дөрвөн Ойрад ХХК-ийг үүсгэн байгуулагч, уг компанийн захирал Д.Цэгмидийн нөхөр Увс аймгийн тойргийн нотариатч Л.Пүрэвдорж  гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийн “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах” заалтыг зөрчжээ.

Мөн хэргийн 43-46 дугаар талуудад авагдсан ногоон байгууламж байгуулах ажлын услалтын систем угсрах нэмэлт гэрээ, худалдан авах ажиллагааны газрын 59 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудад хэргийн оролцогч болох Увс аймгийн Засаг даргын тамгын газрын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан төрийн болон төрийн бус байгуулага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам  зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээ болон хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй болно.

Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 92.815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах  гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 92815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

Д.ЖАМБАЛСҮРЭН