Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 56

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 21б байрны 30 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ68030839, Тохир овогт Чимэдийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 803 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар СЮ65051436, Харагчууд овогт Чулууны Чимэдэд холбогдох,

      Гэм хорын хохирол 102.199.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж, хариуцагч Ч.Чимэд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, иргэдийн төлөөлөгч Г.Нямзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ч.Чимэд нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний 16 цагийн үед Увс аймаг дахь Увс телевизээр “...Түргэн сумын Монгол ардын намын штабын дарга Э.Балжинням автомашиндаа их хэмжээний бэлэн мөнгө авч явж хүмүүст тарааж байгаад баригдсан, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гуравдугаар 10 жилийн сургууль, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 33-33 УНУ улсын дугаартай Лексус-570 маркын машинтай Монгол ардын намын 6 дугаар баг хариуцсан штабын ажилтан Д гэдэг иргэн сонгогчдод шууд халамжийн дэвтэр өгч, мөнгө өгч, гараад ирсний дараа архи, чихэр, дарс өгч сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагаа явууллаа, Улсын Их хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, 6 дугаар багт нэр дэвшигч Баттулга нар сонгогчдын саналыг худалдан авч байгаад газар дээрээ баригдсаныг бид ард иргэддээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байна” гэсэн мэдээлэл хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн хуурамч мэдээлэл тараасан болох нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус нотлогдож байна. Иймд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар худал мэдээлэл тараасан иргэн Ч.Чимэдээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу 102.199.200 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Ч.Чимэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлалаар 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд орон нутгийн телевизээр сонгогчдод хандан хийсэн сэрэмжлүүлэх мэдэгдлийг “Сонгогчдын саналыг татах зорилгоор орон нутгийн телевизээр нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тараасан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт, мөн 70.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэж үзсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д заасныг үндэслэн сонгуульд зарцуулсан зардал болох Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч бүрийн зайлшгүй заавал гаргах 102.000.000 төгрөгийн зардлаа надаас нэхэмжилжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим сэрэмжлүүлэх мэдэгдэлийг хийсэн ба Ч.Хүрэлбаатарын нэр дэвшсэн Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойргийн телевизийн нэвтрүүлэг үзсэн байж болох Улаангом сумын 4 багийн санал хураалт 16 цагт нийт сонгогчдын 62.8 хувь буюу 3707 сонгогч саналаа өгсөн, 21 цагт энэ тоо өсөж 4767 сонгогч буюу нийт сонгогчдын 80.7 хувь нь санал өгсөн байна. Эндээс харахад мэдэгдэл хийснээр сонгогчдын ирцэд нөлөөлөөгүй ба мэдэгдэл хийснээс хойш санал өгсөн 1060 хүнээс хэд нь мэдэгдлийн нөлөөнд автаж Ч.Хүрэлбаатарт өгөх гэж байснаа больсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Мэдэгдлийг залруулах зорилгоор ямар ажил хийсэн, ямар зардал гарсан нь тодорхойгүй ба нэхэмжилж байгаа мөнгө нь сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд зарцуулсан сонгуулийн зардлын нийт дүн байна. Хууль тогтоогч Сонгуулийн хуульд 70.8 дахь заалтыг тусгахдаа сонгуулийн явцад нэг нэгнээ гүтгэх, доромжлох явдлыг таслан зогсоож, худал мэдээлэл тараасны улмаас ялагдсан нэр дэвшигчид сонгуульд зарцуулсан хөрөнгөө ядаж буцаан олж авах, ялсан хэдий ч худал мэдээллийг залруулахын тулд төлөвлөөгүй зардал гарсан бол түүнийгээ нэхэмжлэх эрхийг нэр дэвшигчид олгож байгаа шинэлэг заалт юм. Энэхүү заалтыг амьдралд хэрэгжүүлэхдээ үг үсгийн утгыг харахаас гадна зохицуулж буй харилцааны зорилго агуулгыг харах нь чухал юм. Нэр дэвшигч байсан Ч.Хүрэлбаатар нь сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигчийн саналын нийлбэрээс 1770 сонгогчийн санал илүү авч илт давуу ялсан ба одоо Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд бидний мэдэхээр мэдэгдлийг залруулахаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь зардлын тайлангаас харагдаж байгаа ба тэгээд ч уг мэдэгдэл нь сонгогчид нэгэнт сонголтоо хийж саналаа өгсний дараа хийгдсэн ач холбогдол багатай, хүрсэн үр дүнгүй болсон гэдэг нь одоо тодорхой байна. Дээрх нөхцөл байдлаас харахад мэдэгдлийн бодит хор уршиг юу байв, үүнийг ямар хэмжээгээр арилгах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 “Сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн гэж сонгогч саналаа чөлөөтэй өгөх эрхэд хөндлөнгөөс хууль бус, аливаа хэлбэрээр нөлөөлсний үр дүнд түүний саналыг хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл, түүнчлэн санал хураалтын эцсийн дүнг бодит байдалд нийцсэн дүн гэж тус тус үзэх боломжгүй болохыг ойлгоно” гэжээ. Үүнтэй холбогдох дүгнэлтийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлалаар тогтоогоогүй байна. Иргэний хуулийн 18 дугаар бүлэгт гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”, 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 229.2-д “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас хойш яг ямар гэм хор учирсан, түүнийг арилгах талаар ямар хөрөнгө зарсан, түүний хэр хэмжээг нарийвчлан тодорхойлж баримтаар нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Сонгуулийн тухай хуулийн захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан заалт нь ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй, бусад хууль тогтоомжтой нийцээгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол холбогдох хууль тогтоомжийг баримтална”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, 117.2-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ”, 119 дүгээр зүйлийн 119.1-д “Захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэр, захирамжид гаргасан гомдлыг захиргааны зөрчлийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 50 дугаартай магадлал гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгожээ. Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заахдаа шүүгчийн шийтгэвэр, захирамжид... гэж заасан тул магадлал гаргахдаа тогтоох хэсгийн 3-д “Энэ магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэж цаашид хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хаажээ.  Өөрөөр хэлбэл 119.1-д “...шүүхийн магадлалд” гэж байхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зуйлийн 1-д заасныг, мөн Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Энэ зөрчлийн улмаас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулхаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэсэн эрхийг Ч.Чимэд эдлэх боломжгүй болсон. Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүх үзвэл тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана” гэж заасан байдаг тул шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ шударга ёсыг баримтлан Үндсэн хуульд нийцээгүй хууль, хуулийн заалтыг хэрэглэхгүй байж шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Ч.Хүрэлбаатар бусад этгээдийн хандиваар өгсөн мөнгөөр сонгуулийн зардлаа бүрдүүлсэн, түүнээс ямар нэгэн мөнгө гарч, гэм хор учраагүй байх тул Ч.Хүрэлбаатарт учирсан бодит хохирлыг гаргаж өгнө үү” гэжээ.

    Иргэдийн төлөөлөгч Г.Нямзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож хэргийн талаар бичиг баримтуудтай танилцаж, хуралдааны явцад хэргийн талаар мэдээллийг сайн ойлгож оролцлоо. Нотлох бичиг баримтуудыг нь үндэслэн хэргийг хуулийнх нь дагуу, үнэн зөв шийдэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар нь хариуцагч Ч.Чимэдэд холбогдуулан гэм хорын хохирол 102.199.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

     Хариуцагч Ч.Чимэд нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Улсын Их Хурлын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын нэр төрийг гүтгэсэн хуурамч мэдээ, мэдээллийг орон нутгийн “Увс” телевизээр олон нийтэд тараасан болох нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлалаар тус тус тогтоогдож, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.15.1 дэх хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөгөөр торгуулжээ.  

   Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар нь хариуцагч Ч.Чимэдээс сонгуульд зарцуулсан мөнгөн хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд “Далайван” хараат бус аудиторын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тайлангаар Ч.Хүрэлбаатарын сонгуулийн зардал нийт 102.199.200 төгрөг болох нь тогтоогдсон байна.

      Хэдийгээр хариуцагч “Ч.Хүрэлбаатар бусад этгээдийн хандиваар өгсөн мөнгөөр сонгуулийн зардлаа бүрдүүлсэн, түүнээс ямар нэгэн мөнгө гарч, гэм хор учраагүй” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа аудитын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс тус тус бүрдэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нь зөвхөн өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд оруулсан байхыг шаардаагүй байна.

    Нөгөө талаар, хариуцагч “Миний бие Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежерийн хувьд намаас надад даалгасны дагуу тухайн мэдэгдлийг хийсэн. Хувь иргэн Ч.Чимэдийн үзэл бодлыг илэрхийлж, нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын нэр төрд халдаагүй” гэсэн тайлбар гаргаж, нотлох баримтаар Увс аймгийн Ардчилсан намын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай хурлын протокол, “Хамтдаа хөгжье” Увс телевизийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17 тоот тодорхойлолт, Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж ирүүлжээ.

  Уг баримтуудаас үзэхэд Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабаас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай холбоотой Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээ, мэдээллийг менежер Ч.Чимэдээр уншуулж, сонгогчдод танилцуулахаар шийдвэрлэсэн байх ба Ч.Чимэд тухайн мэдээллийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед “Хамдаа хөгжье” Увс телевизээр дамжуулан, сонгогчдод хаяглан уншжээ.  

    Хэдийгээр Увс аймгийн Ардчилсан намыг төлөөлж, тус намын сонгуулийн менежерээр ажиллаж байсан Ч.Чимэд нь уг мэдээг олон нийтэд түгээсэн нь өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн шууд агуулга байхгүй ч гэсэн түүнд тухайн мэдээллийг уншихаас, олон нийтэд мэдээлэхээс татгалзах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

     Иймээс хариуцагчийн Сонгуулийн тухай хууль зөрчиж, иргэн Ч.Хүрэлбаатарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар гэм хор учруулсан нь нотлогдож, тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар Ч.Чимэд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

       Харин 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын нэр төрийг гүтгэсэн хуурамч мэдээ, мэдээллийг орон нутгийн “Увс” телевизээр олон нийтэд тарааснаар сонгогчдын саналд сөргөөр нөлөөлсөн зүйл тогтоогдохгүй байна. Ч.Хүрэлбаатар нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нийт сонгогчдын 57.48%, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд сонгогчдын 56.69%-ийн санал авсан ба нийт сонгогчдын санал урд оныхоос 0.79%-иар буурчээ.

   Ч.Чимэд нь Ч.Хүрэлбаатарын нэр төрийг гүтгэсэн хуурамч мэдээ, мэдээллийг тарааснаар нийт сонгогчдын санал ялимгүй буурсан, хууль бусаар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 102.199.200 төгрөгийг бус түүний тал хувь болох 51.099.600 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

      Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д зааснаар хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 51.099.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.066.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668.946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 51.099.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 413.448 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгох нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д зааснаар хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668.946 /зургаан зуун жаран найман мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 413.448 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгосугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА

                                                            ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ