Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэгч: “С-Э” ХХК  

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0371/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С-Э” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”С-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын ”С-Э”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдорж анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасан байдаг.

3.2. Нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн хувьд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2020/059 дугаар гэрээнд гэрээний гурван тал гарын үсэг зурж баталгаажуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар баталгаажуулахаар ирүүлсэн. Тус гэрээнд нэхэмжлэгч компани газрын төлбөрт 1 жилд 14.233.250 төгрөг төлөхөөр заасан бөгөөд тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нь газрын төлбөр огт төлөөгүй бөгөөд төлсөн баримтыг гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гурвалсан гэрээ байгуулагдаагүй бөгөөд газрын төлбөрийг жилд болон улиралд хэдэн төгрөг төлөхийг мэдэхгүй байсан мэтээр тайлбарладаг.

3.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно. гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн хувьд 2017 онд авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Гэтэл хууль дүрэм журамд заасан хугацаанд гурвалсан гэрээг байгуулалгүй явсаар 2020 онд гэрээний гурван талт гэрээ гарын үсэг зурж баталгаажуулж байгуулсан хэдий ч Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

3.3.1. Нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байгаа бөгөөд газрын төлбөрт 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу тушаал гарах хүртэл 2020/059 дугаар бүхий гэрээнд заасан дүнгээр нийт 46.258.063 төгрөг төлөх ёстой.

3.3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна.

3.3.3. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг зөрчсөн байхад нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд хариуцагч захиргааны байгууллага үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар үйл ажиллагаа явуулахаас гадна өөр бусад холбогдох баримтыг бүрдүүлж ажилласан зүйл байхгүй байна. Тус 1 га талбайг хашаалсан үйл баримтыг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн байхад нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч “С-Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд А/79 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад “С-Э” ХХК багтжээ.

5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчээс гурвалсан гэрээ байгуулахаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;” үүргийг хэрэгжүүлэхийг шууд шаардах боломжгүй ... нэхэмжлэгч газраа ашиглахаар тодорхой арга хэмжээнүүд авч байсан, захиргааны байгууллагын дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

6.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0171008 дугаар гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна. Улмаар газар ашиглах тухай гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн огноогоор 2020/059 дугаар гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

7. Тус компанийн хувьд 2017 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш 3 сарын дотор гэрээ байгуулахаар эрх бүхий этгээдэд хандаагүй, харин 3 жилийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2020/059 дугаартай газар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцээгүй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгохоос дүгнэвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

8. Тодруулбал, уг маргааны хувьд “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсанаас маргаан бүхий актыг гаргах хүртэлх цаг хугацааг тооцвол гурвалсан гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

9. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “С-Э” ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

10. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж тус тус заасан бөгөөд “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга, байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааны жагсаалтуудад нэхэмжлэгч компани багтсан, мөн албаны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16/523, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16/1097 дугаар албан бичгүүдэд “... “С-Э” ХХК-ийг гэрээний дагуу газрын төлбөрийн орлогын тоот дансанд газрын төлбөрийг төлөөгүй байна” гэсэн байна.

11. Гэтэл нэхэмжлэгчээс газар ашиглах эрх авснаас хойш болон гурвалсан гэрээ байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс маргаан бүхий  акт гарсан буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад төрийн байгууллага гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөөгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй.

12. Өөрөөр хэлбэл, тус компаниас “... гэрээ байгуулахаар удаа дараа хандсан боловч захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас байгуулж чадаагүй, гэрээ байгуулаагүй байсан учир газрын төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлах боловч 2020/059 дугаартай гэрээнд заасан хэмжээний дагуу газрын төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ч төлөөгүй, мөн уг газар нь гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад байсан, нэхэмжлэгч тухайн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан, хариуцагчаас энэ эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, газар ашиглагч гэрчилгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардаж удаа дараа албан бичгүүд хүргүүлж байсан боловч гэрээ байгуулаагүй гэх тухайн буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан аливаа байдлаар гомдол гаргаж, маргаж байгаагүй зэрэг үйл баримтыг зөвтгөж, хариуцагчийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Мөн хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх” тухай 09/8113 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, холбогдох баримтуудаа цахимаар ирүүлэхээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “... хариуцагч сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн...” гэж тайлбарлаж байгаа ч маргаан бүхий актыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргах хүртэл холбогдох баримтыг гаргаж өгөх, энэ талаарх баримт, тайлбар гаргах талаарх хүсэлтээ илэрхийлэх боломжтой байжээ.

14. Ийнхүү нэхэмжлэгчээс энэ талаар аливаа хүсэлт, тайлбар гаргаагүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын  тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т тус тус зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйг зөвтгөх боломжгүй.

15. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл бүрдсэн тул газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С-Э” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ