Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 306

 

“Ньюкомпас” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/502 дугаар магадлалтай, “Ньюкомпас” ХХК-ний нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нар манай компанийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, Улсын мөрдөн байцаах газрын албан тоот, бусад материалд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр хэсэгчилсэн шалгалт хийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот акт тогтоосон. Энэхүү актад дурдсан зөрчил, нөхөн татвар, торгууль, алдангийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дах хэсэгт заасны дагуу албан ёсоор гомдлоо гарган уламжилж шийдүүлсэн талаар дээр дурдсан байгаа. Татвар төлөгч бид энэхүү актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Татварын улсын байцаагч нарын 26/0004234 тоот актад дурдсан зөрчлийн тухай бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримт тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.5, 74.1.3-д заасныг тус тус үндэслэн 32,170,950,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,651,285,0 мянган төгрөгийн торгууль, 16,354,750,0 мянган төгрөгийн алданги нийт 58,176,985,0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэгдүгээрт: Манай компани нь үндсэн үйл ажиллагааныхаа дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлүүдэд заасан үүргийн дагуу хуульд заасны дагуу татвараа ногдуулж төлж, тайлагнах үүргээ биелүүлж байсан. Энэхүү үүргээ биелүүлж ирсэн байхад татварын улсын байцаагч нар нь манай компанид хуулиар хүлээлгээгүй үүргийг бидэнд хамааруулж, тухайн аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийснийг минь үгүйсгэж байгаа ба манай компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын болон санхүүгийн тайлангаа үнэн зөв тодорхойлох үүргийн хүрээнд худалдан авалтандаа Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжид татварын байгууллагаас олгогдсон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын баримт хүлээн авснаа хууль ёсны гэж үзэж байгаа ба тухайн падааныг худалдсан, хуурамч падаан гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй юм. Монгол Улсад худалдаа эрхэлж байгаа байгууллага худалдан авагч нарын хооронд падааныг шалгах тухай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үедээ тус байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх, өгсөн татварын падаан нь хуурамч биш эсэх, худалдагч нь тус компанийн ажилтан мөн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичилт хийх эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгах эрх хэдийгээр байдаг боловч нэг бүрчлэн бидэнд шалгуулах компани байхгүй билээ.

Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэн албан бичиг мэдээллийн дагуу хяналт шалгалт хийн “Алтан ганьд” ХХК, “Шагайвар” ХХК, “Хээр талын салхи” ХХК-ийн аж ахуйн нэгжүүдийн тэмдэг бүхий зарлагын падаан, кассын орлогын ордер байгаа ч хий бичилт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа хэдий ч манай компани бодит байдал дээр тухайн үед тус компаниудаас худалдан авалт хийсэн ба тэр нь ч нотлох баримтаар нотлогдох ба бид авсан бараа бүтээгдэхүүнээ өөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан болох нь хангалттай нотлогдох бөгөөд энэхүү актыг гаргахдаа эдгээр баримтуудыг шалгалгүйгээр шууд акт тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа ба энэ нь хууль бус бөгөөд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт халдсан үйлдэл болж байна.

Манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээн зөвшөөрч бичилт хийх нөхцөлүүдийг хангасан. Өөрөөр хэлбэл худалдан авалтдаа падаан авсан, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлох бөгөөд хуулийн дагуу л худалдан авалтыг хийсэн. Харин энэ татварыг төсөвт төлөлгүй завшсан, падааны ашиглалт, тайлагналтад хяналт муу тавьсан эсэх нь бидний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа, татварын байгууллага тийм хуурамч падаан байгаа эсэхийг шалгалтаар тухайн үед нь илрүүлж тогтоогоогүй улсад маш их хэмжээний хохирлыг учруулах боломжийг олгосон атлаа хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлан хэвийн үйл ажиллагаа явуулж, цаг тухай бүртээ татвараа тайлагнаж байсан манай компанийг шууд буруутгаж байгаад гомдолтой байна. Хяналт шалгалтыг нарийн шалгаж тогтоогоогүй үнэхээр худалдан авсан уу, үгүй юу гэдгийг бодит байдал дээр шалгалт явуулж тогтоогоогүй, зөвхөн холбогдох мэдээлэл, цахим тайлангийн системд падаан бүртгэлгүй байсан гэх зэрэг шалтгааныг үндэслэн энэхүү акт тогтоосон нь хууль бус байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 тоот албан тоотын дагуу Хан-Уул дүүргийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23150200035 тоот томилолтоор Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5337216 тоот регистрийн дугаартай “Ньюкомпас” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд татварын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нар нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Шалгалтаар “Ньюкомпас” ХХК нь 2787563 регистрийн дугаартай “Шагайвар” ХХК-иас 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11238129 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 55,309,500 төгрөгийн, 5296226 регистрийн дугаартай “Алтайн жаргалант өргөө” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12277696 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 109,700,00 төгрөгийн, 5599024 регистрийн дугаартай “Алтайн ганьт” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12670093 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 75,100,000 төгрөгийн, 5599008 регистрийн дугаартай “Хээр талын салхи” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12670120 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 81,600,000 төгрөгийн бараа худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглээд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэж, 2012 онд 321,709,500 төгрөгийн зөрчилд 32,170,950 төгрөгийн нөхөн татвар, 9,651,285 төгрөгийн торгууль, 16,354,750 төгрөгийн алданги тус тус ногдуулж татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот акт үйлдсэн болно.

Дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой орлого, зарлагын мөнгө төлөгдсөн баримтууд шалгалтаар нотлогдоогүй болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актын 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрөөс 6,360,285 төгрөгийн торгууль, 10,770,083 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 21,200,950 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 502 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан хуурамч бичилттэй падааныг худалдан аваагүй, бодит байдал дээр худалдан авалт хийгээд тус падааныг тайлангийн программдаа шивж НӨАТ-ын татвараас хасалт хийсэн, падааны хуурамч хий бичилттэй байгаа эсэхийг манай байгууллага мэдэхгүй, тухайн компанийн падаан гэж л ойлгосон нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт, материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр заасан. Нэхэмжлэгч нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлож чадаагүй гэж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч аж ахуй нэгжийг бодит худалдан авалт хийсэн талаарх анхан шатны баримтууд болон худалдан авсан бараа материалаа цааш нь худалдах болон ажил гүйцэтгэх гэрээгээр үндсэн үйл ажиллагаагаа хийхдээ ашигласан талаарх гэрээ баримтууд болон тухайн бараа материалыг худалдсан гэх компаниуд нь өөрсдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдаа хийснээр тайландаа тусгасан байдлаар нотлогдож байхад үүнийг үгүйсгэж худалдах худалдан авах гэрээ, дансны хуулга зэрэг баримт байхгүй гэх нэрээр бусад ач холбогдол бүхий баримтуудыг хуурамч гэж үзэж байгааг буруу гэж үзэж байна.

Эдийн засгийн харилцаанд бүх худалдан авалтыг заавал бичгээр байгуулсан гэрээгээр байгуулах ёстой талаар хуульчлаагүй, мөн төлбөрийг дансаар шилжүүлэх ёстойг хуульчилж хязгаарласан зүйл байхгүй ба бэлэн мөнгөөр болон харилцан тохиролцсон аман хэлэлцээрээр худалдаа хийх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд тухайн худалдааг хийсэн худалдагчийг хайсан боловч олдоогүй, цаг хугацааны хувьд олон жил өнгөрсөн байсан тул тус хүнийг хуурамч падаан өгсөн гэдгийг болон бодит худалдан авалт хийснийг нотлох боломжгүй байгаа хэдий ч худалдаа хийсэн компани нь өөрсдөө хүлээн зөвшөөрч татварын хэлтэст тайлагнасан тайландаа тусгасан түүний дагуу татварын албанаас тус компаниас суутган төлөх ёстой татварыг авах ба маргаан бүхий актаараа мөн адил нэг орлогод ногдох татварыг 2 удаа давхардуулан авахаар шийдвэрлэсэн байдлыг анхаарч үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл татвар ногдох орлогоос нэг удаа л татвар ногдуулах ёстой болохыг хуульчилсан болохоос бус зөрчил гаргасан нэрээр давхардуулан 2 удаа татвар ногдуулах үндэслэлгүй, үүнээс болж нэхэмжлэгчийн эрх хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөхөөр тайландаа бичилт хийсэн гэх үндэслэлээр 109,700,000 төгрөгийн зөрчилд ногдох төлбөрийг хасч шийдвэрлэсэн байхад энэ байдлыг харгалзаж үзэлгүйгээр яг ижилхэн нөхцөл байдал байхад худалдан авалт нь орлого зарлагын баримтад бараа материалын нэр, хэдэн ширхэгээр худалдан авснаа тэмдэглэгээгүй, мөн эрүүгийн хэрэгт өгсөн холбогдох аж ахуй нэгжүүдийн захирал, нягтлан бодогч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа гэх боловч тус эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, өөрөөр хэлбэл тэдний өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нотлох баримтуудаар худал, эсхүл үнэн мэдүүлэг өсгнийг нотлоогүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгжид хий бичилттэй падаан худалдсан гэж нэр заан мэдүүлэг өгөөгүй байхад дээрх баримтаар нэхэмжлэгчийг шууд буруутган дүгнэсэн, татварын хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан шийдвэрийг гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0502 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Нягтлан бодох бүртгэлийн тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нар “Ньюкомпас” ХХК-ийн 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн” шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар “...хий бичилт хийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын бууруулсан” гэх зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги, нийт 58,176,985 төгрөгийн төлбөр ногдуулсан, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор  татварын улсын байцаагчийн 2015 оны 230013750 тоот актаар ногдуулсан нийт төлбөрөөс 19,838,148 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 38,338,837 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулсан, “Ньюкомпас” ХХК уг төлбөрийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргахдаа “...“Шагайвар” ХХК ... “Алтан ганьт” ХХК ... “Хээр талын салхи” ХХК...-иудаас ... бараа худалдан авсан, ... худалдан авахад НӨАТ-ын падаан өгсөн, ... падаан хуурамч эсэхийг /бид/ тогтоох боломжгүй” гэжээ.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “Ньюкомпас” ХХК нь 2012 онд “Хээр талын салхи” ХХК-иас 81,600,000 төгрөгийн, “Алтанганьт” ХХК-иас 75,100,000 төгрөгийн, “Шагайвар” ХХК-иас 55,309,500 төгрөгийн бараа материал бэлэн мөнгөөр худалдан авсан гэх боловч “Ньюкомпас” ХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан “Хээр талын салхи” ХХК-иас 81,600,000 төгрөгийн “бараа”, 8,160,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 89,760,000 төгрөгийн борлуулалтад,  “Шагайвар” ХХК-иас 55,309,500 төгрөгийн үнэ бүхий “тасалбарын машин, компьютер”, 5,530,950 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 60,840,450 төгрөгийн борлуулалтад, “Алтанганьт” ХХК-иас 75,100,000 төгрөгийн “бараа”, 7,510,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 82,610,000 төгрөгийн борлуулалтад “Ньюкомпас” ХХК-нд тус тус бичиж олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 0012670120, 0011238129, 0012670093 дугаартай падаанууд, бараа материал худалдсан (дугааргүй) зарлагын баримтууд, кассын тасалбарууд зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмээгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Өөрөөр хэлбэл, шүүхүүд “Ньюкомпас” ХХК-ийг 2012 онд компьютер, тоног төхөөрөмжийг хэн нэг этгээдээс худалдан авсан, тэдгээрийг өөрийн үндсэн үйл ажиллагааны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад “нийлүүлсэн” үйл баримтыг үгүйсгээгүй, гагцхүү уг худалдан авалт нь татвар төлөгч “Ньюкомпас” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бусад баримтуудад зохих ёсоор тусгагдаж, “Хээр талын салхи” ХХК, “Алтанганьт” ХХК, “Шагайвар” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татвар болон төлбөр төлсөн нь “Ньюкомпас” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн баримтуудаар баталгаажсаны үндсэн дээр түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох ёстой, баримтаар нотлогдоогүй худалдан авалтад “төлсөн” гэх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлгүй тул хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...давхардуулан 2 удаа татвар ногдуулсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 Түүнчлэн нэхэмжлэгчийн “худалдан авалтыг нотлоно” гэж шүүхэд ирүүлсэн “ажил гүйцэтгэх”, “үйлчилгээ үзүүлэх” гэрээнүүд нь “Ньюкомпас” ХХК компьютер, тоног төхөөрөмжүүдийг “...“Хээр талын салхи” ХХК, “Алтанганьт” ХХК, “Шагайвар” ХХК-иудаас худалдан авсан”-ыг нотлох санхүүгийн баримтууд биш тул “... худалдан авсан бараа материалаа цааш нь худалдах болон ажил гүйцэтгэх гэрээгээр үндсэн үйл ажиллагаагаа хийхдээ ашигласан талаарх гэрээ баримтууд ..-аар /худалдан авалт/ нотлогдсон байхад үүнийг үгүйсгэсэн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/502  дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА