Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0502

 

“Ньюкомпас” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ньюкомпас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актын 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрөөс 6,360,285 төгрөгийн торгууль, 10,770,083 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 21,200,950 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий давж заалдах гомдолдоо: “Ньюкомпас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Т.Отгонбаяр нарт холбогдох "Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 дугаар актын 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах журмаар энэүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байх, захиргааны шүүн таслах ажиллагаанаас гарч байгаа бүх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь иргэн, хуулийн этгээдиин гаргасан нэхэмжлэл, хууль зөрчсөн этгээдиин үйлдэлийг зохих журмын дагуу шалгаж эцэслэн шиидвэрлэж, тухайн этгээдүүдэд зориулагдан заавал биелэгдэх шинжийг агуулан гарч буй эрх зүйн акт болохын хувьд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломж, биелүүлэх арга журмыг зааж маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч гаргасан байх шаардлагатай.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан хуурамч бичилттэй падааныг худалдан аваагүй, бодит байдал дээр худалдан авалт хийгээд тус падааныг тайлангийн програмдаа шивж НӨАТ-ын татвараас хасалт хийсэн, падааны хуурамч хий бичилттэй байгаа эсэхийг манай байгууллага мэдэхгүй, тухайн компанийн падаан гэж л ойлгосон нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт, материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр заасан. Нэхэмжлэгч нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотолж чадаагүй гэж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч аж ахуй нэгжийг бодит худалдан авалт хийсэн талаарх анхан шатны баримтууд болон худалдан авсан бараа материалаа цааш нь худалдах болон ажил гүйцэтгэх гэрээгээр үндсэн үйл ажиллагаагаа хийхдээ ашигласан талаарх гэрээ баримтууд болон тухайн бараа материалыг худалдсан гэх компаниуд нь өөрсдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдаа хийснээр тайландаа тусгасан байдлаар нотлогдож байхад үүнийг үгүйсгэж худалдан худалдан авах гэрээ, дансны хуулга зэрэг баримт байхгүй гэх нэрээр бусад ач холбогдол бүхий баримтуудыг хуурамч гэж үзэж байгааг буруу гэж үзэж байна.

Эдийн засгийн харилцаанд бүх худалдан авалтыг заавал бичгээр байгуулсан гэрээгээр байгуулах ёстой талаар хуульчлаагүй, мөн төлбөрийг дансаар шилжүүлэх ёстой хуульчилж хязгаарласан зүйл байхгүй ба бэлэн мөнгөөр болон харилцан тохиролцсон аман хэлэлцээрээр худалдаа хийх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд тухайн худалдааг хийсэн худалдагчийг хайсан боловч олдоогүй, цаг хугацааны хувьд олон жил өнгөрсөн байсан тул тус хүнийг хуурамч падаан өгсөн гэдгийг болон бодит худалдан авалт хийснийг нотлох боломжгүй байгаа хэдий ч худалдаа хийсэн компани нь өөрсдөө хүлээн зөвшөөрч татварын хэлтэст тайлагнасан тайландаа тусгасан түүний дагуу татварын албанаас тус компаниас суутган төлөх ёстой татварыг авах ба маргаан бүхий актаараа мөн адил нэг орлогод ногдох татварыг 2 удаа давхардуулан авахаар шийдвэрлэсэн байдлыг анхаарч үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл татвар ногдох орлогоос нэг удаа л татвар ногдуулах ёстой болохыг хуульчилсан болохоос бус зөрчил гаргасан нэрээр давхардуулан 2 удаа татвар ногдуулах үндэслэлгүй, үүнээс болж нэхэмжлэгчийн эрх хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөхөөр тайландаа бичилт хийсэн гэх үндэслэлээр 109,700,000 төгрөгийн зөрчилд ногдох төлбөрийг хасч шийдвэрлэсэн байхад энэ байдлыг харгалзаж үзэлгүйгээр яг ижилхэн нөхцөл байдал байхад худалдан авалт нь орлого зарлагын баримтад бараа материалын нэр, хэдэн ширхэгээр худалдан авсан гэдгээ тэмдэглэгээгүй, мөн эрүүгиин хэрэгт өгсөн холбогдох аж ахуйн нэгжүүдийн захирал, нягтлан бодогч нарын өгсөн мэдүүлэгүүдээр нотлогдож байгаа гэх боловч тус эрүүгиин хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, өөрөөр хэлбэл тэдний өгсөн мэдүүлэгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон Эрүүгиин байцаан шийтгэх хуулийн дагуу нотлох баримтуудаар худал, эсхүл үнэн мэдүүлэг өгснийг нотлоогүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгжид хий бичилттэй падаан худалдсан гэж нэр заан мэдүүлэг өгөөгүй байхад дээрх баримтаар нэхэмжлэгчийг шууд буруутган дүгнэснийг Татварын хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэгч миний бие өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

            Маргаан бүхий Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар нэхэмжлэгч “Ньюкомпас” ХХК-ийн 2012 оны Нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, “Алтанганьт” ХХК, “Хээр талын салхи” ХХК, “Шагайвар” ХХК, “Алтайн Жаргалант Өргөө” ХХК-иудаас бараа, материал худалдан авч төлбөр төлөөгүй атлаа 12670093, 12670120, 11238129, 12277696 дугаартай хий бичилттэй нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг 321 709 500 төгрөгийн үнийн дүнгээр бичүүлж, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан хэмээн акт тогтоож, 32 170 950 төгрөгийн нөхөн татвар, 9 651 285 төгрөгийн торгууль, 16 354 750 төгрөгийн алданги, нийт 58 176 985 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

                        Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгч “Ньюкомпас” ХХК-ийн гомдлыг хэлэлцээд татварын улсын байцаагчийн актад дурдагдсан “Алтайн Жаргалант Өргөө” ХХК-ийн 109 700 000 төгрөгийн бичилттэй 12277696 тоот падаан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгагдан хасалт хийгдээгүй, төсөвт төлөх татварын дүнг бууруулаагүй гэж үзээд актаар ногдуулсан төлбөрөөс 19 838 148 төгрөгийг хасч актад өөрчлөлт оруулсан бөгөөд талууд уг тогтоолтой маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгчээс татварын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 дугаар актыг “падаан болон анхан шатны баримтуудыг авч, тайланд тусган, тухайн компаниудаас авсан бараа, бүтээгдэхүүнээ өөр иргэн, аж ахуйн нэгжид худалдсан болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч буруугүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлоо гаргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Алтанганьт” ХХК, “Хээр талын салхи” ХХК, “Шагайвар” ХХК-иудаас бараа худалдан авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад дээрх хуулийн этгээдүүдээс “Ньюкомпас” ХХК нь ямар ямар нэр төрлийн, хичнээн ширхэг бараа, материалыг нэг бүрийг нь ямар үнээр худалдан авсан болох нь бичигдээгүй тул бодит худалдан авалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй учир хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд дурдсан ажлыг гүйцэтгэхдээ ашигласан бараа, материалуудыг дээрх нэр бүхий хуулийн этгээдүүдээс авсан гэж үзэх боломжгүй байна.

            Тэрчлэн нэхэмжлэгчийн тайлбар нь “Шагайвар” ХХК, “Алтанганьт” ХХК, “Хээр талын салхи” ХХК-уудын албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн дүгнэлтүүд, дээрх хуулийн этгээдүүдийн захирал Ц.Чинбатыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Э.Эрхэмхүүг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэргээр няцаагдаж байна.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “худалдан авсан барааны нэр, үнийг тусгасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримт хавтаст хэрэгт байсаар байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэсэн үндэслэл заажээ. Гэтэл эдгээр баримтууд нь гагцхүү тухайн бараа материалыг “Шагайвар” ХХК, “Алтанганьт” ХХК, “Хээр талын салхи” ХХК-уудаас худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд нэмэгдсэн өртөгийн албан татварын төлөлтөд хэрэглэгдэх боломжтой юм.

            Түүнчлэн “худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримт материалд бүрэн тусгагдсан, падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байтал нэхэмжлэгчийг буруутгасан” гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй. Худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Шүүх “Ньюкомпас” ХХК-ийг 2012 онд бусдаас бараа, материал худалдан авсан байхыг үгүйсгээгүй бөгөөд харин “Шагайвар” ХХК, “Алтанганьт” ХХК, “Хээр талын салхи” ХХК-ууд нь нэхэмжлэгчид бараа материал худалдаагүй нь тогтоогдсон учир нэхэмжлэгч нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр худалдан авсан буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг дээрх компаниудад шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

                        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН