Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1472

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          11                                  2020/ШЦТ/1472

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Ч.Р ,

хохирогч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Р д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01373 0585 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Р  /РД:..../.

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Р  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Ж.Б гийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Р  мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой манайд эхнэрийн эгч нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тухайн үед архи уучихсан байж байсан. Бага зэрэг муудалцах үеэр эхнэр салгах гээд орж ирэхдээ гаранд цохигдчихсон гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б  мэдүүлэхдээ: Цагаан сар болоод удаагүй байсан болохоор эгчийгээ нөхөртэйгөө манайд ирж цай уу гэж урьсан байсан. Эгч нөхөртэйгээ “орой болчихсон байна, гэр лүүгээ явна, явахгүй” гэж хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй нөхөр хажуугаар нь ороод хоорондоо муудалцаад эхлэхэд нь би салгах гэж байгаад цохигдчихсон. Тухайн үед уурандаа цагдаад очиж мэдэгдсэн. Шүүхээр орох хэмжээний юм болно гэж бодоогүй. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөртэйгөө хэвийн харилцаатай гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б гийн өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 19:00 цагийн үед гэр бүлээрээ гэртээ байж байхад гаднаас төрсөн эгч Ж.Мөнгөнтуяа нөхөр, хүүхдийн хамт манайд ирсэн. Манайд байж байгаад манай хүргэн ах Ц.Хонгорзул нөхөр болох Ч.Р нар хамт “Болор” нэртэй архи ууж байгаад маргалдаад хүргэн ахыг манай нөхөр боогоод байхаар нь би очиж салгах гэхэд миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Манай хажуу айл цагдаад дуудлага өгсөн байсан бөгөөд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Намайг манай нөхөр нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би нөхөртэйгээ хамт амьдраад 5 жил болж байгаа бөгөөд надад өмнө нь гар хүрч цохиж зодоогүй...

...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Р  бид хоёр түр хугацаанд тусдаа амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хонгорзулын өгсөн: ...Тэгээд бид нар хоол унд идэж уугаад суухдаа жоохон архи уусан. Орой 22-23 цагийн үед Р гийн гэрт унтах гээд байж байсан чинь Р  нь унтлагын өрөөнөөсөө гарч ирээд гэнэт над руу орилж хашгираад байсан. Тухайн үед Р  унтаж амарцгаахгүй юу хийгээд байгаа юм гээд орилоод байсан. Р  нь орилж чарлаад гэрийнхээ юмыг буулгаад байсан. Тэгэхээр нь би боль, унтаж амар гэж тайвшруулах гээд тэвэрч аваад бид хоёрыг ноцолдож байх хооронд Б  дундуур орж ирээд Р д цохиулчихсан. Тэгээд байж байтал гаднаас хаалга тогшоод цагдаа ороод ирсэн юм. Тухайн үед тэдний хажуу айлаас цагдаад дуудлага өгсөн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3117 дугаартай шинжээчийн:

1. Ж.Б -н биед эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх шинэ гэмтлүүд байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.Р гийн өгсөн: ...Унтах гээд хэвтэхэд том өрөөнд Мөнгөнтуяа, Хонгорзул нар чанга дуу гаргаж хэрэлдэж маргалдаад байсан. Тухайн үед би согтуу байсан ба чанга дуу сонсоод зүрх дэлсээд том өрөө рүү орсон. Тэгээд тэнд очоод болсон үйл явдлаа санахгүй, хэсэг байж байхад нөгөө хэд над руу ус цацаад байсан. Тэр үед жоохон ухаан орж сэргэсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг дагуулаад эрүүлжүүлэх байр руу явсан. Тухайн үед бид хэд бүгдээрээ нилээн согтуу байсан. Орон дээрээсээ босоод том өрөө рүү орсноос хойш юу ч санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 49-50 дугаар тал/,

- Шүүгдэгч Ч.Р гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ч.Р  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Ж.Б гийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Б , гэрч Ц.Хонгорзул нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3117 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Р г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй байна.

            Хэрэг учрал болоход Ч.Р  нь хохирогч Ж.Б гийн төрсөн эгч Ж.Мөнгөнтуяагийн нөхөр болох Ц.Хонгорзултай маргаан үүсгэж, маргалдаж тэдний үйлдлийг эхнэр Ж.Б  салгах явцад эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Б , гэрч Ц.Хонгорзул нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Ч.Р гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Р  нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Р гийн согтуугаар үйлдсэн гэм буруугийн үйлдлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

            Хохирогч Ж.Б  нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлж, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Р г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 12-13, 56 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Р д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Р  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Р г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Р д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Р  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ