Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

   2020            5             19                                       2020/ДШМ/639

 

 

                                  Ч.Рд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Ч.Рд холбогдох эрүүгийн 1806042430799 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Ч.Р, 1992 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ландшафтын архитекторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/5 байрны 65 тоотод суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ИГ92080212/;

 

Шүүгдэгч Ч.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Ж.Бямбасүрэнгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Ргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Ж.Бямбасүрэнгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийн шалгаж тодруулаагүй байна. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т: “...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж үзэхээр тус тус хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь бие махбодь болон сэтгэл зүйн хувьд ихээхэн хохирол амссанаас шалтгаалан тухайн нөхцөлд өвөрмөгц зан үйл, сэтгэл зүйл төлөв байдалтай байдаг. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх шинж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга үйлдсэн гэх шинж шаарддаггүй зөвхөн 1 удаагийн үйлдэл болохыг тэмдэглэж байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүхээс дүгнэлээ. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/5 байрны 65 тоотод оршин суудаг хохирогч, шүүгдэгч нарын гэрт хохирогчийн төрсөн эгч Ж.Мөнгөнтуяа нөхөр Ц.Хонгорзул нар хүүхдүүдийн хамт шинэлэх гэж ирсэн ба Болор нэртэй архи ууж байгаад улмаар хохирогчийн нөхөр Ч.Р нь Ц.Хонгорзултай маргалдан хоолойг нь бооход хохирогч нь нөхөр Ч.Рг салгах гэхэд тэрээр эхнэрийнхээ нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл болсон байдаг. Хэрэг үйлдэгдэхэд гэрт хохирогч Ж.Бямбасүрэн шүүгдэгч буюу түүний нөхөр Ч.Р, хохирогчийн төрсөн эгч Ж.Мөнгөнтуяа нөхөр Ц.Хонгорзул нар нь нар хүүхдүүдийн хамт байсан. Хэрэгт хохирогчоор Ж.Бямбасүрэн, шүүгдэгчээр хохирогчийн нөхөр Ч.Р, гэрчээр хохирогчийн төрсөн эгчийн нөхөр Ц.Хонгорзул нараас мэдүүлэг авсан, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байдаг.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь:

            Хохирогч Ж.Бямбасүрэнгийн “ ... би 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр орой 19:00 цагийн үед ... гаднаас төрсөн эгч Ж.Мөнгөнтуяа нөхөр хүүхдийн хамт манайд ирсэн. Манайд байж байгаад манай хүргэн ах Ц.Хонгорзул нөхөр болох Ч.Р нар хамт Болор нэртэй архи ууж байгаад маргалдаад хүргэн ахыг манай нөхөр боогоод байхаар нь би очиж салгах гэхэд миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. ... би бага зэрэг уусан бөгөөд биеэ авч явах чадвар байсан. ... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 9-13/,

 

            Гэрч Ц.Хонгорзулын “ ...2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эхнэр хүүхдүүдээ аваад дүүгийндээ очиж цай уух гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 25/5 байрны 65 тоотод Рагчаасүрэнгийн гэрт очсон. ... орой 22-23 цагийн үед Рагчаасүрэнгийн гэрт унтах гээд байж байсан чинь Рагчаасүрэн нь унтлагын өрөөнөөсөө гарч ирээд гэнэт над руу орилж хашиграад байсан. ... би боль унтаж амар гэж тайвшруулах гээд тэвэрч аваад бид хоёрыг ноцолдож байх хооронд Бямбасүрэн дундуур орж ирээд Рагчаасүрэнд цохиулчихсан. Рагчаасүрэн бид хоёр зодолдсон асуудал байхгүй. Мөн миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. ...” / хх 16-17/,

 

Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 3117 дугаартай "...Бямбасүрэнгийн биед эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна. ...” гэх дүгнэлт /хх 21-22/,

 

             Яллагдагч Ч.Ргийн “ ...Тухайн үед би согтуу байсан ба чанга дуу сонсоод зүрх дэлсээд том өрөө рүү орсон. Тэгээд тэнд очоод болсон үйл явдлаа санахгүй хэсэг байж байхад нөгөө хэд над руу ус цацаад байсан. ... маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гараад гэртээ орсон чинь эхнэр Бямбасүрэн байсан ба эрүү нь зүүн хэсэгтээ хавдчихсан байсан. Тэгээд би урьд орой нь согтуу байхдаа эхнэрээ цохисон гэдгээ мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 48-49/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн талаар ямар нэгэн зөрүүтэй зүйл тогтоогдоогүй байдаг. Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зүйлд зааснаар “нотолбол зохих байдлыг тогтоогоогүй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэргийн болсон үйл баримт болон цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Ргийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна. Иймд Ч.Ргийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар буруутгах нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн /хууль ёсны зарчим/ 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна. Мөн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамжид Ч.Рд холбогдох эрүүгийн 2006013730585 дугаартай хэргийн дугаарыг 1806042430799 гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд  ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна.

 

Харин хохирогч Ж.Бямбасүрэнгийн “...2020 оны 2 дугаар сарын 26-ны орой гэр бүлээрээ гэртээ байж байхад төрсөн эгч Ж.Мөнгөнтуяа нөхөр хүүхдийн хамт манайд ирсэн. Манай байж байгаад хүргэн ах Ц.Хонгорзул, манай нөхөр болох Ч.Р нар хамт Болор нэртэй архи ууж байгаад маргалдаад хүргэн ахыг манай нөхөр боогоод байхаар нь би очиж салгах гэхэд миний нүүрэн тус хэсэгт нэг удаа гараараа цохисон. Манай нөхөр өмнө нь гар хүрч цохиж зодож байгаагүй. ...” /хх 10-11/, гэрч Ц.Хонгорзулын “...2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эхнэр хүүхдүүдээ аваад дүүгийндээ очиж цай уух гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 25/5 байрны 65 тоотод Рагчаасүрэнгийн гэрт очсон. ... орой 22-23 цагийн үед Рагчаасүрэнгийн гэрт унтах гээд байж байсан чинь Ч.Р нь унтлагын өрөөнөөсөө гарч ирээд гэнэт над руу орилж хашгираад байсан. ... би боль унтаж амар гэж тайвшруулах гээд тэвэрч аваад бид хоёрыг ноцолдож байх хооронд Бямбасүрэн дундуур орж ирээд Рагчаасүрэнд цохиулчихсан. Рагчаасүрэн бид хоёр зодолдсон асуудал байхгүй. Мөн миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. ...” /хх 16-17/, шүүгдэгч Ч.Ргийн “ ...Тухайн үед би согтуу байсан ба чанга дуу сонсоод зүрх дэлсээд том өрөө рүү орсон. Тэгээд тэнд очоод болсон үйл явдлаа санахгүй хэсэг байж байхад нөгөө хэд над руу ус цацаад байсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гараад гэртээ орсон чинь эхнэр Бямбасүрэн байсан ба эрүү нь зүүн хэсэгтээ хавдчихсан байсан. Тэгээд би урьд орой нь согтуу байхдаа эхнэрээ цохисон гэдгээ мэдсэн. ...” /хх 48-49/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ч.Р нь хэрэг гарах тухайн үед буюу 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хүргэн ах Ц.Хонгорзултай архи уусан байх үедээ түүнтэй муудалцсан байх бөгөөд тэднийг салгах гэж оролдсон эхнэр Ж.Бямбасүрэнгийн нүүрэн тус газар цохисон үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр  хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шинжтэй байх тул “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн   “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ч.Р нь өөрийн эхнэр болох хохирогч Ж.Бямбасүрэнг бусадтай маргах явцдаа  цохисон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд  гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй  тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэж хэргийг шалгуулахаар  буцаасан  шүүгчийн захирамж үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан хуулийн  заалтын дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Рд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             

 

               ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                                       ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ