Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01334

 

Я.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2017/01150 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2018/00005 дугаар магадлалтай,

Я.Н-ийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,  

Өмчлөлийн газар дээр баригдсан барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ц.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2009 онд газар өмчлөх тухай хүсэлтээ Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар өгсөн. 2010 онд аймгийн Засаг дарга Ц.Жанлав захирамж гаргасны дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Тухайн газрыг кадастраар оруулж улсын бүртгэлд баталгаажуулсан. Гэтэл Засгийн газраас 2013-2014 онд аймгуудад 1000 айлын орон сууц барих хөтөлбөр гарснаар Засаг даргын захирамжаар 48 га газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд тендерт шалгарсан Эй Жи Зэт ХХК нь манай өмчлөлийн газар дээр хашаа татаж барилга барих гэж байсныг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн. Улмаар аймгийн захиргааны холбогдох хүмүүстэй удаа дараа уулзаж, өргөдөл өгсөн боловч тодорхой хариу өгөөгүй. Би уг газрыг хуулийн дагуу өргөдлөө гаргаж өмчилж авсан. Монгол улсы иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Иргэний хуульд заасан болзол журмын дагуу Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр лэх хуучин захын урд талын 700 м.кв өмчлөн авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614005341 дугаарт бүртгэгдэж, 000107080 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар миний өмчлөлийн газар дээр барьсан дулааны узелийн 2 барилгыг буулгуулж, өмчлөгч миний эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Арьяазулын шүүхэд гаргасан тайлбарт: ...Тухайн газар дээр одоо барилга байгууламж баригдсан байгаа. Уг газар нь олгогдохдоо хууль зөрчиж олгогдсон байдаг. Чойбалсан хотын 2005 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэ төлөвлөгөөнд тухайн газар нь ногоон байгууламж, зам талбай гэсэн төлөвлөлтөөр тусгагдсан. Гэтэл энэ газрыг 2010 онд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлөл олгосон байдаг. Газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар нийтийн эзэмшлийн болон шугам сүлжээний газарт газар өмчлүүлэхийг хориглоно гээд заачихсан байгаа. 1000 айлын орон сууцны хотхон хороололын төсөл хөтөлбөр төлөвлөгдөөд хэрэгжээд явж байна. 1800 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг гээд энэ нь иж бүрэн цогцолбор хороолол болох гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2015 онд хороололын гадна инжнерийн шугам сүлжээний ажил хийгдэхээр болсон. Энэ шугам сүлжээний трастад 22 айлын өмчлөлийн газар орж байгаа. 17 иргэний хашааг татуулах, газрыг тухайн хороололд нь сольж өгөх зарчмаар шийдвэрлэсэн. Төв зам дагуу таван айлын газрын өмчлөгч нар нь тухайн газрыг газраар нь авах эсвэл мөнгөн олговороор авна гэсэн хүсэлт гаргасан ч энэ таван айлын газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй. Учир нь тухайн газруудын асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн чиглэл засаг даргаас өгсөн байгаа тул шийдвэрлэгдээгүй явж байгаа. Насандэлгэр нь аймгийн Засаг даргад 2016 оны 11 сарын 05-ны өдөр өргөдлөө гаргасан байдаг. Өргөдөлд тухайн газрын нөхөн олговор 90-р байрны хойд талын газар юм уу эсвэл Улаанбаатар хотод 2 өрөө байрны үнэтэй дүйцэхүйц 80 сая төгрөг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Тухайн жилд төсөвлөгдсөн мөнгө дууссан байсан учир мөнгөний асуудал шийдэгдэх боломжгүй. 90-р байрны хойд талын газар дээр нийтийн аж ахуйн бохирын хоолой явж байгаа тул эзэмшүүлэх боломжгүй. Нөхөн олговорын хувьд өмнөх онуудын хувьд хойшоо зам тавих гээд айл чөлөөлөхөд нэг айлд дээд тал нь 38 сая төгрөгийн нөхөн олговор өгч байсан. Бидний хувьд нөхөн олговорт тохироогүй барилга барьсан асуудал буруу байгааг ойлгож байгаа. Өмнөх засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан асуудал байхгүй. Шүүхэд ирсний дараа бид нар уулзсан боловч нөхөн олговорт тохиролцоогүй газрын үнэлгээ тогтоосон байгаа гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2017/01150 дугаар шийдвэрээр Монгол Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар 106.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Н-ийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хуучин захын урд 02 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м2 талбай бүхий газарт баригдсан барилгыг буулган уг газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Н-т олгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2018/00005 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2017/01150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 510 дугаар зүйлийн 510.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас 80.000.000 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн 26-22 тоотод оршин суугч Ядам овогт Насандэлгэрт олгож, нэхэмжлэлийг шаардлагаас “эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Н-т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 557.950 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, М.Аръяазул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв үнэлээгүй. Тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх, газрын нөхөн олговор олгох асуудлаар талууд хэн аль нь маргадаггүй. Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 48 га газарт барих 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Франц улсын хөрөнгө оруулалттай “Аркетайп монголиа” ХХК, Монгол улсын “Нарт дизайн” ХХК-тай хамтран гүйцэтгэж, 1800 айлын нийтийн болон амины орон сууц, сургууль, цэцэрлэг, урлаг соёлын төв, спорт амралтын төв, гал унтраах анги байхаар иж бүрнээр нь төлөвлөн захиалагч байгууллага болох Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгснөөр Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны А/01 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт тус газрыг эзэмшүүлсэн. Төсөл хөтөлбөрийн хүрээнд 1800 айлын орон сууцны хороолол, цэцэрлэг, сургууль, бусад үйлчилгээний газрууд зэрэг иж бүрэн цогцолбор хороолол баригдах бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан хорооллын гадна инженерийн шугам сүлжээг өргөтгөх ажлын тендерт улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажлыг “Эй Жи Зэт” ХХК шалгарч, 2016 оны 7 дугаар сараас гэрээ байгуулан төсөл хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Барилга угсралтын ажлыг 2016 оноос эхэлж, ТК-10, ТК-11 хүртэлх гадна инженерийн шугам сүлжээний өргөтгөл, дэд өртөө, насосны станцын барилга, Ф359 мм-ийн голчтой 392 хос метр шугам хоолойг Ф426 мм-ийн голчтой шугам хоолойгоор өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж, шугам хоолойг ажиллагаанд залгаж хэрэглэгчдийг дулаанаар хангасан. 2017 онд дулааны шугамын газар шорооны ажил, шуудуун тэгшилгээ, ул бетоны цутгалт, ханын цутгалтын ажлууд бүрэн хийгдэж дуусан, насосын станцаас шугам хоолойн угсралт, 15 дугаар дулааны худгийн цутгалтын ажил, ариутгах татуургын шугам хоолой угсрах ажил хийгдсэн, ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. Аймаг орон нутгийн зүгээс шугам сүлжээний трасст иргэдэд өмчлүүлсэн газруудыг чөлөөлөх ажлыг иргэнтэй зөвшилцөж боломжит нөхцлөөр трассыг чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар тухайн байршилд баригдсан дулааны узелийн барилгад улсын төсвөөс нийт 502.880.761 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин захын урд талын 700м2 газар нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөө”-нд ногоон байгууламж, явган хүний зам байгуулахаар төлөвлөгдсөн газар бөгөөд тухайн байршилд нэхэмжлэгч Я.Н-т аймгийн Засаг даргын 2010 оны 366 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700м2 талбай бүхий газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, “Бүсийн тулгуур төв хотуудыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасныг зөрчиж, инженерийн шугам сүлжээ бүхий газарт тус иргэнд 700 м2 газар өмчлүүлсэн байдаг. Иргэний өмчлөлийн газар дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж баригдсан болон газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх, газрын нөхөн олговрыг олгох тал дээр талууд маргаагүй, харин маргаж байгаа гол нөхцөл нь газрын үнэлгээ юм. Хариуцагчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага “Вендо” ХХК-аар тухайн маргаан бүхий газрын үнэлгээг гаргуулахад бодит үнэ 6.720.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Өнгөрсөн онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зам, цэцэрлэг, сургуулийн барилга барих 700м2 хүртэл газрыг чөлөөлсөн иргэдэд хамгийн дээд тал нь 38.000.000 төгрөгийн нөхөн олговрыг олгосон. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр тухайн газрыг 6.720.000 төгрөгөөр тогтоосоор байтал давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчийн амаар шаардсанаар 80.000.000 гэж тогтоосон нь газрын нөхөн олговрыг зохиомлоор нэмэгдүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа тул гомдолтой байна. Тухайн газарт барилга байгууламж баригдсан байгаа хэдий ч энэ нь Чойбалсан хотын иргэд, нийтийн эрх ашгийн үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил бөгөөд газрыг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, иргэнд олгох нөхөн олговрын хэмжээг бодит үнэлгээнд тулгуурлан магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Я.Н-, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулж өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх газрын олговорт 80.000.000 төгрөг гаргуулж, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Я.Н- Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин захын урд талд 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан, ...Засгийн газрын 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газарт Хан-Уул дэд станцийн тэжээлийн 10000 квт-ын өндөр хүчдэлийн шугам далд угсрагдсан, бохир усны шугам татагдсан болох нь тогтоогджээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32, 37 дугаар зүйлд зааснаас үзвэл иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болох боловч энэ тухай шийдвэр гаргахаас 1 жилийн өмнө газрын өмчлөгчтэй урьдчилан тохиролцсон байхаас гадна өмчийн газрыг нь сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газар түүнд өмчлүүлэх, газрыг нь эргүүлэн авч байгаа тохиолдолд газрынх нь үнийг төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа уг ажиллагааг гүйцэтгэнэ гэжээ.

Засгийн газрын 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт 48 га газар эзэмшүүлэхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамж гаргахдаа нэхэмжлэгч Я.Н-ийн өмчлөлийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар урьдчилан тохиролцоогүй, өөр газар олгох, эсхүл газрын үнийг төлөх асуудлыг шийдвэрлээгүй атлаа түүний газарт барилгын ажил гүйцэтгүүлсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх газар чөлөөлүүлэх шаардлагыг хангахдаа тухайн газарт барилгын ажил явагдсан бодит нөхцөл, хариуцагчийн газрын нөхөх олговор төлнө гэх тайлбар, нэхэмжлэгчийн “учирсан хохирол гаргуулах” шаардлага нь газрын нөхөх олговор  гаргуулах агуулгатай байгааг харгалзаагүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг үндэслэн нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-д заасныг зөрчөөгүй байна.

Гагцхүү тус шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг нотлоогүй байхад нөхөн олговорын хэмжээг 80.000.000 төгрөгөөр тогтоосон нь учир дутагдалтай болжээ. Иймд тухайн байршилд бусдаас газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авсан жишиг үнэ, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээг харгалзан 40.000.000 төгрөгийг газрын нөхөх олговорт гаргуулах боломжтой байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгч газраа буцаан авах эсхүл нөхөх олговор гаргуулах утгатай нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг гэм хорын хохирол гаргуулах шаардлага гаргасан гэж үзсэн нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2018/00005 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 510 дугаар зүйлийн 510.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас 80.000.000 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн 26-22 тоотод оршин суугч Ядам овогт Насандэлгэрт олгож, нэхэмжлэлийг шаардлагаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин захын урд талд 700 м.кв талбай бүхий газарт барьсан барилга байгууламжийг буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 40.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Н-т олгосугай" гэж, “557.950 төгрөг” гэснийг “357.950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ