Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1150

 

 

                                  

 

 

 

     

 

 2017          12           19                                                                   138/ШШ2017/01150

                     

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: Я.Н нэхэмжлэлтэй

        Хариуцагч: З-д  холбогдох “Өмчлөлийн газар дээр баригдсан барилгыг буулгуулж газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 7 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Н, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.        

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд газар өмчлөх тухай хүсэлтээ Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар өгсөн. 2010 онд А.З.Д Ж захирамж гаргасны дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Тухайн газрыг кадастраар оруулж улсын бүртгэлд баталгаажуулсан. 2016 оны 08 сард надад хүн “та газар дээрээ барилга барих гэж байгаа юм уу, хашаа барьчихсан байна лээ” гэж хэлэхэд нь очиж хариуцаж байгаа хүнтэй уулзаж асуухад “Я.Н гэх хүний газар дээр хоёр барилгыг илүү дутуу гаргалгүй бариарай” гэж хэлсний дагуу энэ барилгыг барьж байна” гэж хэлсэн. Би газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад өмчлөлийн эрхэнд халдсан талаар хэлэхэд Д дарга барилгын ажлыг зогсоосон. Та гомдолтой байгаа бол өргөдлөө гаргаж болно гэхээр нь өргөдөл гаргасан. Би А.З.Д болон Д даргад өргөдлөө гаргасан. Түүнээс хойш Д дарга нь надад “1000 айлын орон сууц”-ны газар дээр таны газар таарсан байна гэж хэлсэн. Би тааруулаагүй та нар миний эзэмшлийн газар дээр тааруулсан байна гэж хэлсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх гэж байгаа талаар асуухад одоогоор танд өгөх мөнгө байхгүй, газрын оронд чөлөөтэй байгаа газрыг нөхөн олгож болно. Тийм учраас чөлөөтэй байгаа газруудыг үзээд жагсаалтаа гаргачихаад ир гэж М.А тухайн үед хэлсэн. Би 18 газрын жагсаалтыг гаргаж аймгийн газрын албанд очиж ажилтантай нь уулзахад надад хэлэхдээ 37-р байрны хажууд талын газар, 43-р байрны хойд талын газар, ахмадын чөлөөт төвийн урд талын газар, 90-р байшингийн урд талын газар, 11-р цэцэрлэгийн баруун талд газар чөлөөтэй байна гэж хэлсэн. Бусад нь төлөвлөгдсөн газар байна гэж хэлсэн. Би тамгын газарт сул чөлөөтэй байгаа газрын талаар уулзаж хэлэхэд 46-р байрны хойд талын газар нь Энхтөрд захирамжаар олгогдохоор болсон гэж хэлсэн. 90-р байрны баруун талын газрыг санал болгож засаг даргатай уулзахад тэр газар боломжгүй гэж хэлсэн. Бохирын станцын хойд талын газар дээр дуудлага худалдаа явагдаад зарагдаагүй байгаа газрыг авахыг санал болгосон. Тэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан. А.З.Дтай 10 гаруй удаа уулзсан. 2016 оны 11 сард хоёр дахь өргөдлөө засаг даргад өгсөн. 2017 онд засаг даргатай гурван удаа уулзаж энэ асуудлаа хэлсэн. Тодорхой хариулт надад өгөөгүй, нэгдсэн журмаар шийднэ гэж хэлсэн. А.З.Д надад “танаас бусад нь энэ газрын талаар маргахгүй байхад яагаад та маргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Намайг албан тушаалаа ашиглаж энэ газрыг авсан агуулгатай зүйл хэлсэн. Би ажилгүй байхдаа хуулийн дагуу өргөдлөө гаргаж газраа өмчилж авсан. Намайг хууль хяналтын байгууллагаар нь яв гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 сарын 30-нд шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Одоо миний өмчлөлийн газар дээр баригдсан барилгыг буулгуулж, газрыг минь чөлөөлж эд хөрөнгөнд учруулсан хохирлыг арилгуулж өгнө үү гэв.

 

        Хариуцагчийн төлөөлөгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газар дээр одоо барилга байгууламж баригдсан байгаа. Тухайн газар нь анхнаасаа олгогдохдоо хууль зөрчиж олгогдсон байдаг. Чойбалсан хотын 2005 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэ төлөвлөгөөнд тухайн газар нь ногоон байгууламж, зам талбай гэсэн төлөвлөлтөөр тусгагдсан байдаг. Гэтэл энэ газрыг 2010 онд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлөл олгосон байдаг. Газар өмчлүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1-т зааснаар “нийтийн эзэмшлийн болон шугам сүлжээний газарт газар өмчлүүлэхийг хориглоно” гээд заачихсан байгаа. “1000 айл”-ын орон сууцны хотхон хороололын төсөл хөтөлбөр төлөвлөгдөөд хэрэгжээд явж байна. 1800 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг гээд энэ нь иж бүрэн цогцолбор хороолол болох гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2015 онд хороололын гадна инжнерийн шугам сүлжээний ажил хийгдэхээр болсон. Энэ ажил хоёр жил хийгдэж байгаа. Энэ шугам сүлжээний трастад 22 айлын өмчлөлийн газар орж байгаа. Бүх иргэдтэй уулзсан. 17 иргэний хашааг татуулах, газрыг тухайн хороололд нь сольж өгөх зарчмаар шийдвэрлэсэн. Төв зам дагуу таван айлын газрын өмчлөгч нар нь тухайн газрыг газраар нь авах эсвэл мөнгөн олговороор авна гэсэн хүсэлт гаргасан ч энэ таван айлын газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй явж байна. Учир нь тухайн газруудын асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн чиглэл засаг даргаас өгсөн байгаа тул шийдвэрлэгдээгүй явж байгаа. Я.Н нь А.З.Дд 2016 оны 11 сарын 05-ны өдөр өргөдлөө гаргасан байдаг. Өргөдөлд тухайн газрын нөхөн олговор 90-р байрны хойд талын газар юм уу эсвэл Улаанбаатар хотод 2 өрөө байрны үнэтэй дүйцэхүйц 80 сая төгрөг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Тухайн жилд төсөвлөгдсөн мөнгө дууссан байсан учир мөнгөний асуудал шийдэгдэх боломжгүй байсан. 90-р байрны хойд талын газар дээр нийтийн аж ахуйн бохирын хоолой явж байгаа тул эзэмшүүлэх боломжгүй байгаа. Нөхөн олговорын хувьд өмнөх онуудын хувьд хойшоо зам тавих гээд айл чөлөөлөхөд нэг айлд дээд тал нь 38 сая төгрөгийн нөхөн олговор өгч байсан байгаа. Бидний хувьд нөхөн олговорт тохироогүй барилга барьсан асуудал буруу байгааг ойлгож байгаа. Өмнөх засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан асуудал байхгүй. Шүүхэд ирсний дараа бид нар уулзсан боловч нөхөн олговорт тохиролцоогүй газрын үнэлгээ тогтоосон байгаа гэв.

         Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

      

         Нэхэмжлэгч  Я.Н нь Дорнод А.З.Дд холбогдуулан “Өмчлөлийн газар дээр баригдсан барилгыг буулгуулж газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Н нь өөрийн өмчлөлийн газарт барилга барьж байгаа талаар буюу өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн талаар мэдснээс хойш 2016 оны 8, 11 саруудад А.З.Дд албан ёсоор өргөдөл гаргасныг А.З.Д албан бичгээр хариу өгч байсан талаар зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй тул Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан  журмыг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч Я.Н нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу 2009 оны 8 сарын 6-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын дэргэдэх газрын албанд өргөдлөө гаргаж Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг үндэслэн Хэрлэн сумын 2-р баг хуучин захын урд талд 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар аймгийн Засаг даргын 2010 оны 10 сарын 06-ны 366 дугаар захирамжийн дагуу өмчлөн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, аймгийн засаг даргын 2010 оны 10 сарын 06-ны өдрийн 366 дугаартай захирамжийн хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар батлагдаж байна.

Дорнод аймагт “1000 айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжүүлэх, орон сууцны хороолол барих зориулалтаар Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 48 га газрыг төлөвлөж Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 1 сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт орон сууц барих зориулалтаар эзэмшүүлж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх төлөвлөсөн газар дээр буй иргэдийн өмчлөлийн газрыг чөлөөлөх ажиллагааг явуулсан байна.

Гэвч хариуцагч Дорнод А.З.Д нь нэхэмжлэгч Я.Нийн өмчлөлийн газар болох Хэрлэн сумын 2-р баг Хуучин захын урд 2 тоот 700 м2 газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахдаа Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай журмыг зөрчсөн байх ба улмаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна” гэсний дагуу өмчлөгч Я.Нтэй тохиролцоогүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-т зааснаар “иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас өмнө газар өмчлөгчид бичгээр мэдэгдэх, мөн уг мэдэгдлийг газар өмчлөгч хүлээн авснаас хойш нэг жил болсон, мөн иргэний өмчийн газрынх нь үнийг төлсний дараа улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг солих буюу эргүүлэн авах тухай журмыг хэрэгжүүлэлгүйгээр А.З.Д нь газрын өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж түүний өмчлөлийн газарт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн татгалзлыг “...Хэрлэн сумын 2-р баг хуучин захын урд талын 700 м2 газар нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөө”-д ногоон байгууламж, явган хүний зам байгуулахаар төлөвлөгдсөн газар бөгөөд А.З.Д 2010 оны 366 дугаар захирамжаар Я.Нт уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, мөн Засгийн газрын дээрх тогтоолыг тус тус зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байх боловч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлыг нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

Тухайлбал хариуцагч тал нь маргаж буй дээрх газрыг Газрын тухай болон Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2010 оны 366 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тухай дээд шатны Засаг дарга болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, мөн хуулийн дээрх заалт нь 2011 онд шинэчлэн найруулагдсан байх тул нэхэмжлэгч Я.Нт газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын дээрх захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэх тул хариуцагч энэ талаарх өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч Я.Н нь нэхэмжлэлдээ өөрийн эд хөрөнгөд гэм хор учруулсан тул уг гэм хорыг арилгуулах тухай шаардлага гаргасан боловч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөнд хэдэн төгрөгийн ямар гэм хор учирсан болохыг шүүхэд нотолж чадаагүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь тодорхойгүй байх тул энэ хэсгийг хангах боломжгүй байна.

Иймд хариуцагч нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авахдаа дээрх хуулийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Я.Нийн өмчлөлийн газар дээр баригдсан барилгыг буулган, түүний өмчлөлийн газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

          1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар 106.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Нийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хуучин захын урд 02 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м2 талбай бүхий газарт баригдсан барилгыг буулган уг газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

      

         2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нт олгосугай.     

     

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

  

         4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

                  

 

 

                                    

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА

 

                                          ШҮҮГЧИД                                       Ш.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                         Г.УРТНАСАН