Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй

              Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

          “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0010/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г овогтой А миний бие “ХКТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд одоо уг компанийн 33.33 хувийн хувьцааг эзэмшдэг юм. Компанийн үүсгэн байгуулагч болох Б, Б нар нас барж, эдгээр хүмүүсийн хувьцааг Д овогтой Б худалдаж авснаар одоо тус компанийн 66.66 хувийн хувьцааг эзэмшиж байгаа билээ. Компани 2 гишүүнтэй, дүрэмд зааснаар компанийн эрх барих дээд удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Гишүүдийн хурлаас гүйцэтгэх захирлыг томилдог бөгөөд Х.Г нь “ХКТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. 2014 онд миний бие муудаж компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож чадахгүй, байнгын эмчилгээтэй байх үед хувьцаа эзэмшигч Д.Б янз бүрийн худал шалтаг хэлж надад оногдох ноогдол ашгийг өгөхгүй байсан учир би 2016 оноос компанийн үйл ажиллагаа, санхүүгийн асуудлаар эрхийн дагуу хяналт судалгаа хийж яваад Д.Б нь гүйцэтгэх захирал Х.Г-тай хуйвалдаж, өөрийн эхнэр Л.Ө-ийн эзэмшлийн “МЦШ” ХХК-иас 2014.02.01-ний өдөр 1 тэрбум төгрөг зээлсэн мэтээр хуурамч зээлийн гэрээ хийж, уг зээлийг төлөх тухай шүүхийн шийдвэр гаргуулсныг олж мэдсэн юм. Уг гэрээн дээр Г.А миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Х.Г нь 2016.06.14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албанд албан бичиг өгч “МЦШ” ХХК-иас зээлсэн 1 тэрбум төгрөгийн үлдэгдэл болох 574468092 төгрөг, зээлийн хүү 128010636 төгрөг, нийт 702478728 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Энэ өдөр 323 тоот эвлэрлийн гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.06.22-ны өдөр 101/ШЗ2016/23549 тоот шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж “ХКТ” ХХК-иас “МЦШ” ХХК-д 702478728 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2016.08.19-ний өдөр 2979 дугаарын гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн хүргэгдсэн байсан. Миний бие энэ бүх байдлыг бүр хожим мэдэж Д.Б нь хуурамч зээлийн гэрээ үйлдэж, шүүхийн шийдвэр гаргуулах замаар залилан мэхэлж, компанийн ноогдол ашгийг надад оногдох хувийг завшсан болон бусад асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт гомдол гаргасан.Энэ гомдлын дагуу 2017.07.05-ны өдөр 170600025 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Ж шалгаж байгаа юм. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийн дагуу “ХКТ” ХХК-ийн 100 хувь охин компани болох Орхон аймаг дахь “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлэх асуудал яригдаж, би шийдвэр гүйцэтгэгч И-той уулзан компанийн 33.33 хувьцаа эзэмшигчийн хувьд миний зөвшөөрөлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийхгүй байх тухай хүсэлтээ бичгээр өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгээс 2017.10.23-ны өдөр 14и2/6683 тоот албан бичгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа тухай бас мэдэгдсэн юм. Хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад “МЦШ” ХХК-ийн дансанд 2014 оны 1 сард буюу зээлийн гэрээ хийгдэх үед 1 тэрбум төгрөг байгаагүй, уг мөнгө “ХКТ” ХХК-ийн дансанд орж ирээгүй болох нь тогтоогдсон. Д.Б нь зээлж авсан гэх 1 тэрбум төгрөгөөр “ХКТ” ХХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэнэ хэмээн БНХАУ-ын иргэн Жан Шао Жун гэгч хүнд нийт 418,000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэх хуурамч баримт үйлдсэн, 2014-2017 онд MDHSкомпаниас ноогдол ашиг нэрээр их хэмжээний мөнгө авч хувьдаа завшсан нь мөн тогтоогдоод байгаа юм. Д.Б нь ийм нөхцөл байдал тогтоогдоод ирмэгц компанийн дүрэмд байхгүй “ХКТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж өөрийгөө бичиж, 2017.10.06-ны өдөр Орхон аймаг дахь “ХД” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А-ийг ажлаас нь халж, өөрийн хамтрагч Х.Г-ыг түүний оронд томилсон тушаал гаргаж, энэ компанийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоосон бөгөөд М.А-ийг ажлаас үндэслэлгүй халсан тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Гэтэл Д.Б, түүний эхнэр Л.Ө нар нь шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг, М.А-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, шийдвэр гүйцэтгэгч Ичинхорлоо нартай хуйвалдан 2018.02.06-ны өдөр Орхон аймаг дахь “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-ийн мэдэлд шилжүүлж авсан байна. Миний бие Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биеэр олон удаа очиж, компанийн дүрэмд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зайлшгүй биечлэн оролцох ёстой гэдгээ баталж хэлж байсан, бичгээр хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тухай өмгөөлөгчийн хамт албан ёсоор мэдэгдэж, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн албан бичиг өгсөөр байхад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018.01.25-ны өдөр 1/1635 тоот албан бичгээр “ХД” ХХК-ийн нийт 100 хувь хувьцааг “МЦШ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх даалгавар өгсөн, тэр дагуу шийдвэр гүйцэтгэл явагдсан байна. Миний бие ийм нөхцөл байдал үүсч болзошгүйг таамаглаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболдод хандан өөрийн гарын үсэгтэй мэдэгдэл хүсэлт явуулсан. Уг хүсэлтийг 2017.10.20-ны өдөр “Монгол шуудан” ХХК-иар дамжуулан явуулсныг 2017.10.30-ны өдөр 16 цаг 30 минутад Орхон аймаг 61000 хаягаар ЕЕ100576158MN бүртгэлийн дугаартайгаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн газрын бичиг хэргийн ажилтан Октябрь хүлээн авсан нь “Монгол шуудан” ХХК-ийн албан бичгээр нотлогдож байна.

            Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Л.Б нь 2018.02.06-ны өдөр “ХД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 5052254 регистрийн дугаартай “МЦШ” ХХК-ийг бүртгэж улсын бүртгэлийн 0000084638 тоот гэрчилгээнд тэмдэглэл хийсэн байна. Л.Б нь компанийн хувьцаа эзэмшигч Г.А миний бичсэн хүсэлт мэдэгдлийг хүлээн авч, хууль бус ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж, компанийн хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр “ХКТ” ХХК-ийн 100 хувь охин компани болох Орхон аймаг дахь “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгэсэн тул уг бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.А нь “ХКТ” ХХК-ийг үүсгэн байгуулагч. Хамт үүсгэн байгуулагч 2 хувьцаа эзэмшигч нь нас барсан тул Б 2 хүний хувьцааг худалдаж аваад 66.66%-ийг эзэмшиж байгаа. Сүүлд нь Орхон аймагт “ХД” ХХК буюу “ХКТ” ХХК-ийн охин компанийг байгуулсан. Анх энэ компани нь өөрийн гэсэн дүрмээ батлаад Улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Энэхүү дүрэмд зааснаар дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан. Аливаа шийдвэр гаргахдаа Б, Г.А нар хурал хийж шийдвэр гаргадаг байх дүрэмтэй. Энэ компанийн дүрэм хүчин төгөлдөр байгаа. Г.А-ийн бие муу байсан учраас өдөр тутмын үйл ажиллагаандаа оролцохгүй байсан. Энэ үед Б нь өөрийн гэр бүлийн хүний нэр дээр байдаг компани болох “МЦШ” ХХК-иас 1 тэрбум төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дараа Х.Г Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлахад хандаад нэг сарын дараа төлнө гэж тохироод эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Эвлэрүүлэн зуучлахад хүсэлт өгсөн өдрөө эвлэрлийн гэрээ байгуулагдсан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 23549 тоот эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Энд 1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 702 гаруй сая төгрөгийг төлөх нь зүйтэй байна гэж үзсэн. Зээлийн гэрээ болон эвлэрлийн гэрээний талаар Г.А мэдээгүй. Яагаад мэдээгүй вэ гэхээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2979 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон байдаг. Тэгээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дуудахад Г.А энэ талаар мэдсэн. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ өгсөн боловч эвлэрсэн болохоор гомдол гаргах боломжгүй тул хүсэлт хангагдаагүй орхигдсон. Гүйцэтгэх хуудас бичсэнээс хойш Г.А шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхгүйгээр энэ талаарх бүх учраа хэлж тайлбарлаад явсан. 2017 оны 06 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаад үүн дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн. Одоо эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн байгаа. Тэр үед “МЦШ” ХХК-д 1 тэрбум төгрөг байсан уу? тэр мөнгө нь “ХКТ” ХХК-ийн дансанд орсон уу? гээд шалгахаар тийм зүйл огт байдаггүй. Одоог болтол энэ хууль бус үйлдлээ үргэлжлүүлээд байгаа учраас л хэрэг шийдвэрлэгдэхгүй цаг хугацаа их алдаж байна. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 29797 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга Цогжаргал гэдэг хүн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс руу албан бичиг явуулаад бүртгэл хийлгэсэн. Ийм зүйл болох гээд байгааг мэдээд Г.А нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт албан бичиг өгсөн боловч Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт энэ талаараа мэдэгд гэсэн хариуг өгсөн. Ингээд энэ хүн нааш цааш олон дахин явах боломжгүй байсан тул Монгол шуудан ХХК-иар дамжуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болохгүй. Би өөрөө оролцох ёстой гэдгээ мэдэгдсэн. Энэ бичгийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээж авсан. Гэтэл улсын бүртгэл хийгдсэний дараа Орхон аймагт ирээд улсын бүртгэгчтэй уулзахад Г.А-ийн тэр бичиг улсын бүртгэгч Л.Б-т ирээгүй байсан. Тэр бичиг хаачив гээд “Монгол шуудан” ХХК-иас асууж үзэхээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бичиг хэргийн ажилтан Октябрь гэдэг хүн хүлээж авсан гэсэн. Уг бичгийг бичиг хэргийн ажилтнаас Д.Мөнхболд дарга хүлээж аваад С.Ж-д цохож өгсөн. С.Ж нь өөр дээрээ энэ бичгийг дарсан. Улсын бүртгэгч Л.Б гэдэг хүнд энэ бичиг ирээгүй. Хэрэв Л.Б гэдэг хүн энэ бичгийн талаар мэдсэн байсан бол энэ бүртгэлийг хийх ёсгүй байсан. Ингээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Цогжаргал даргаас “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүл гэсэн бичиг ирсэн. Энэ асуудлаар шалгуулаад байна гээд хэлээд мэдэгдээд албан бичгээ өгөөд байхад бүртгэл хийсэн. Г.А Би хувьцаа эзэмшигч нь байна. Үүнийг хийх ёсгүй. Би өөрөө оролцох болно гээд байхад зориудаар Цогжаргалын албан бичиг ирснийг далимдуулан хууль бус бүртгэл хийсэн. “МЦШ” ХХК-д “ХД” ХХК-ийг шилжүүлсэн нь хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол улсын бүртгэлийг хүчингүй болгуулах байгаа. Иймд Улсын бүртгэлийн газраас Цогжаргалын албан бичгийг үндэслэн хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

             Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ХКТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г, “МЦШ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ө нар “ХКТ” ХХК-ийн охин компани “ХД” ХХК-ийн хувьцааг “МЦШ” ХХК-д шилжүүлэхээр баримт бичгээ бүрдүүлэн ирж бүртгүүлсэн. Улсын бүртгэгч Баянзүрх дүүргийн ИХАШШ-ийн 2016 он 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32016/23549 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 323 дугаар бүхий Эвлэрлийн гэрээ, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1635 тоот Эрх шилжүүлэх тухай албан бичгүүдийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шаардлагатай бусад баримтыг /Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-УБ05 маягт, “МЦШ” ХХК-ийн захирлын хүсэлт, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрэм, тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ хүлээн авч, “ХД” ХХК-ийн 100 хувийн буюу 1000,000 төгрөгийн хувьцааг “МЦШ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд нийцүүлэн бүртгэсэн болно. ...Тус компанитай холбоотой, компанийн бүртгэлд хөдөлгөөн хийхийг хориглосон шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэр, Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр ирээгүй байх тул хувьцаа шилжүүлэх бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй. Иймд “ХД”  ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэл нь бүртгэлийн хууль, журмын дагуу бүртгэгдсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлэх бүртгэл хийлгэхээр хүсэлт гаргаад холбогдох нотлох баримтаа авч ирсэн учраас бүртгэл хийсэн. Бүртгэлийн байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй учраас бүртгэлийг хуулийн дагуу шалгаж үзээд холбогдох баримтуудыг аваад бүртгэл хийсэн. Өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар холбогдох нотлох баримтаа шаардана. Харин шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл хийж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл авахгүй байж болно. Бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй. Манайд “ХД” ХХК бүртгэлтэй байсан. Харин “ХКТ” ХХК Улаанбаатарт бүртгэлтэй байсан. Газар нутгийн харьяаллын дагуу тухайн орон нутагт хийж байгаа бүртгэлээ Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хариуцдаг. 1995 онд байгуулсан “ХКТ” ХХК нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Энэ компанийн салбар албан ёсоор манайд бүртгэгдээгүй байсан. Сүүлд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манайд “ХД” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Үүнийг үүсгэн байгуулагч нь М-ийн М, Х-ийн Г гэдэг 2 хүн байсан. Үүний дараа 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “ХКТ” ХХК нь өөрийн охин компаниа болгож шилжүүлж авсан. Манай байгууллага бүртгэлийн хуулинд зааснаар шүүхийн шийдвэрийг эрх хэмжээнийхээ хүрээнд биелүүлсэн. Эрх бүхий байгууллагын хориг тавигдаагүй тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй. Харин шүүхийн шийдвэр зөв, буруу гарсан эсэх ньтусдаа асуудал. Хэн нэгний хүсэлт ирүүлсний төлөө бусдын эрх ашгийг хохироож, бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Манайд ирүүлсэн бичигтэй холбоотойгоор хэлэхэд Г.А-ийн уг бичиг манайд 2018 оны 12 дугаар сард ирсэн. Гэхдээ тухайн баримтыг бичиг хэрэг хүлээж аваад даргад танилцуулахад надад цохсон байсан. Гэтэл ийм нэртэй компанийн салбар манайд бүртгэлтэй байгаагүй. Г.А гээд бичсэн байсан. Буцах хаяг, холбоо барих утасны дугаар байгаагүй. Би бичиг хэргийн ажилтандаа үүнийг хүлээж авахгүй байх байсан юм. Шаардлага хангахгүй бичиг яагаад хүлээж авсан бэ? гэхэд шуудангаар ирсэн учраас хүлээж авахаас өөр арга байсангүй гэж тайлбарлаж байсан. Шуудангаар өргөдөл хүсэлт гэж явуулж байгаа бол албан ёсны хаяг, холбоо барих утасны дугаараа бичих ёстой. Тэгээд холбооноос энэ талаар асууж тодруулаад Энэ хүнд албан ёсоор хоригоо тавиулахгүй бол энэ бичгийн дагуу хориг тавих боломжгүй талаар тайлбарлаж өг гэж хэлж байсан. Энэ бичгийг анхнаас нь хүлээн авахгүй байсан. Ядаж регистрийн дугаар ч байхгүй байсан. Манайд хандахдаа “ХКТ” ХХК-ийн салбар “ХД” ХХК гэж бичих ёстой байсан. Энэ бичиг байснаар бүртгэл хийхгүй байх хориг болж чадахгүй байсан. Тэгээд бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга Цогжаргалын албан бичгийг үндэслэж бүртгэл хийсэн гэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас шууд бүртгэлийг хийсэн. Энд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг заавал авахгүй байж болно. Г.А-ийн хүсэлт зөвшөөрөл байна уу? гэдгийг анхаарах шаардлага байхгүй. Эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр хүсэлт ирсэн байхад бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Г.А-ийн эрх ашиг хөндөгдөөд ийм зүйл болсон гэдгийг бид тогтоохгүй. Хуулийн дагуу шилжүүлж авах баримтаа ирүүлсэн байсан. Бид бас үүргээ ухамсарлаж ажиллагаа хийхгүй бол эргээд арга хэмжээ авагддаг учраас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Зөвхөн Цогжаргалын албан бичгийг үндэслээгүй” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ХКТ” ХХК-ийн 100% охин компани болох “ХД” ХХК-ийг шилжүүлсэн бүртгэлийг хийсэн нь бүртгэл хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна. Энэ бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох журмын дагуу хийсэн. 2017 оны 08 дугаар сард “ХД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г ирж байсан. Гэхдээ Холбогдох бичиг баримтгүйгээр шүүхийн шийдвэргүйгээр бүртгүүлнэ гэж ирсэн. Энэ үед Та ямар нэгэн шүүхийн шийдвэр, албан ёсны баримтгүй байх тул бүртгэх боломжгүй гээд буцаасан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23549 дугаар шүүгчийн захирамж, хүсэлт шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээ баталгаажуулсан шүүгчийн захирамж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1635 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг барьж ирсэн. Эдгээр баримт бичгүүдийг үндэслээд бүртгэл хийсэн. Сая төгрөгийн хувьцаа шилжүүлсэн бүртгэл хийсэн. Бүртгэл хийх үед нэхэмжлэгчийн зүгээс хэлж байгаа Г.А-ийн явуулсан гэх албан бичгийг нүдээр үзээгүй байсан. Энэ бичиг нь ямар бичиг байсан бэ? гэхээр “ХКТ” ХХК-ийн Орхон аймгийн салбар гэсэн байсан. Тэгэхээр “ХКТ” ХХК нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан учраас буцаасан байсан. “ХД” ХХК гэсэн байсан бол надад цохож өгөх байсан. Х.Г-ыг ирсэний дараа М.А ийм бүртгэл хийлгэх байх энэ хууль бус зүйл шүү гээд хэлж байсан. Тэгэхэд нь Хэрэв тийм бол албан ёсоор баримтаа авч ирээд хориг тавиул гэж хэлсэн. Хэрэв албан ёсоор хориг тавиулахгүй бол бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй, бүртгэхээс өөр арга байхгүй гэж тайлбарласан гэв.

            Гуравдагч этгээд “МЦШ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Г.А өөрийн 33.33 хувийн хувьцаа эзэмшдэг “ХКТ” ХХК нь НШШГазар, БЗДТатвар, БЗДНДаатгал болон албан газар, хувь хүмүүст их хэмжээний өр төлбөрт орчихсон байхдаа тус “МЦШ” ХХК-иас их хэмжээний зээл төлбөр авч өр зээлээ дарахдаа хэний эхнэр, хэний нөхөр гэдгийг хамгийн сайн мэдэж байсан ба тухайн үедээ хэлээгүй мөнгө авчаад дараа нь шүүх цагдаагийн байгууллагад хандаж, гүтгэж байгаад гомдолтой байдаг юм. “МЦШ” ХХК-иас зээл авахдаа Г.А нь өөрөө санаачлан гуйсаар байгаад шийдвэр тогтоол дээрээ гарын үсгээ зуран зээл авчихаад, хуурамч зээлийн гэрээ, хуурамч гарын үсэг зурсан гэж хууль цагдаа, шүүхийн байгууллагад гүтгэн өгч байсан бөгөөд уг зээл болон гарын үсэг нь Г.А-ийн өөрийнх нь болно гэдэг нь хуулийн байгууллагаар албан ёсоор хуулийн дагуу тогтоогдож байсан болно.

...Г.А-ийн өөрийн 33.33 хувийн хувьцаа эзэмшдэг “ХКТ” ХХК нь тус “МЦШ” ХХК-иас зээлсэн зээл болон зээлийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөлгүй явсаар 2016-06-22 өдрийн №101/Ш32016/23549 дүгээр шүүгчийн захирамжаар “МЦШ” ХХК-д тус “ХКТ” ХХК нь 702,478,728 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд мөн тус шүүхийн 2016-08-19-ний өдрийн №101/Ш32016/26467 дүгээр шүүгчийн захирамжаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж төлбөр төлөгч “ХКТ” ХХК нь өөрийн эзэмшлийн “ХКТ” ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн “ХД” ХХК-ийг /2011022099, РД:4399633/ төлбөртөө тооцон төлөхөөр болж,” МЦШ” ХХК-ийн өмчлөлд хуулийн дагуу бүрэн шилжсэн юм.

...Иргэн Г.А нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийн биеэр оролцож байсан бөгөөд “МЦШ” ХХК-иас авах зээлийн гэрээнд болон “ХКТ” ХХК нь зээл авах тушаал шийдвэрт өөрийн гарын үсгээ зуран авсан байдаг бөгөөд “МЦШ” ХХК, “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Д.Б, гүйцэтгэх захирал Х.Г, НШШГГазрын дарга, хурандаа Б.Цогжаргал, шийдвэр гүйцэтгэгч Ичинхорлоо нарыг шүүх, цагдаагийн байгууллагад гүтгэн гомдол гаргаж байсан ба Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтээс Г.А-ийн гаргасан гомдлыг Нийслэлийн Прокурорын газрын 2018-03-27-ны өдрийн № 102 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан болно.

...Иргэн Г.А-ийн тус Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөрийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан болон “ХКТ” ХХК-ийн дотоод асуудал бөгөөд өөрсдийн маргаан нь нэгэнт шүүх, цагдаагийн байгууллагаар хуулийн дагуу шалгагдаж, шийдвэрлэгдсэн асуудал юм. Иймд Монгол Улсын шүүхийн байгууллагаар нэгэнт шийдвэрлэгдсэн хуулийн байгууллагаар шалгагдаж дууссан, НШШГГазар хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, МУ-ын Компанийн тухай хуулийн дагуу “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хуулийн дагуу бүртгэлийн ажиллагаа хийгдсэн тул иргэн Г.А-ийн тус Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлд бүртгэснийг хууль бус гэж байна. Бүртгэл битгий хий гэсэн зүйлийг бүртгэсэн юм шиг ярьж байна. Бүх ажиллагаа дээд болон доод байгууллага дээр хуулийн дагуу явагдах ёстой гэдэг үндэслэлээр бүртгэсэн. Энэ бүртгэлийг хийхээс татгалзах тухай ямар нэгэн шийдвэр ирээгүй юм байна. Бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж үзэж байна. “МЦШ” ХХК Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Цогжаргалд Г.А-ийн гарын үсгийг хуурамчаар бичсэн байна уу? гэдгийг шалгуулахад Г.А-ийн гарын үсэг мөн гэж дүгнэлт ирсэн байна. Цогжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулаагүй байна гэж 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас тогтоол гаргаж байсан байна. Зохих журмын дагуу ажлаа хийсэн байна. Улсын бүртгэгчид ямар нэгэн бүртгэл хийхээс татгалзах үндэслэл харагдахгүй байна. Г.А бол “ХКТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч. Бичиг ирүүлэхдээ “ХКТ” ХХК-ийн салбар гэж ирүүлсэн байна. Тэгэхээр Хийморь гэдэг үг орсон олон хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Эрх бүхий байгууллагын үүрэг болгосны үндсэн дээр компанийг шилжүүлсэн бол хүчин төгөлдөр хууль ёсны бүртгэл гэж үзнэ. Хуулийн дагуу бүртгэсэн байна гэж үзэж байна гэв.

              Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.А-ээс “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

“ХД” ХХК-ийг Х.Г, М.М нар нь Орхон аймагт шинээр үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргаж, улмаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс уг компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн2011022099 дугаарт бүртгэн, гэрчилгээ олгосон байна.

         “ХД” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г, М.М нар нь тус компанийн хувьцааг 100 хувь “ХКТ” ХХК-д шилжүүлж, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр “ХД” ХХК нь “ХКТ” ХХК-ийн 100 хувь охин компани болсон.

            Нэхэмжлэгч Г.А нь “ХКТ” ХХК-ийн 33.33 хувийн хувьцаа эзэмшигч болох нь “ХКТ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм-ийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдож байна.

        Нэхэмжлэгчээс “ХКТ” ХХК-ийн 100 хувь охин компани болох “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-д шилжүүлэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус гэж, хариуцагч талаас Шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн тул хууль зөрчөөгүй гэж тус тус маргасан.

         Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ХКТ” ХХК-ийн охин компани болох “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь “МЦШ” ХХК-д шилжүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

         Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “ХКТ” ХХК-ийн охин компани болох “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь “МЦШ” ХХК-д шилжүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ “МЦШ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ө-ийн гаргасан Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртэлд бүртгүүлэх өргөдөл, “МЦШ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/18 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1635 дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичиг, “МЦШ” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэн авах, гүйцэтгэх захирал томилох тухай Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаартай “ХКТ” ХХК, “МЦШ” ХХК-ийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32016/23549 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш32016/26467 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2979 дугаартай Гүйцэтгэх хуудас, “ХД” ХХК-ийн дүрэм /өөрчлөлт оруулсан/ зэрэг баримт бичгүүдийг үндэслэл болгожээ.

       Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн гэх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32016/23549 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь “ХКТ” ХХК нь “МЦШ” ХХК-д 702.478.728 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан байх бөгөөд талуудын эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрт “ХКТ” ХХК-ийн охин компани болох “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь “МЦШ” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэрлээгүй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэг /Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж.../-т зааснаар бүртгэлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1635 дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичигт ...Төлбөр төлөгч “ХКТ” ХХК-ийн 100 хувийн охин компани болох “ХД” ХХК-ийг “МЦШ” ХХК-ийн төлбөрт тооцон шилжүүлэхээр хүсэлт гаргасан тул “ХД” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “МЦШ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хариу ирүүлнэ үү гэснээс дүгнэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “ХКТ” ХХК нь “МЦШ” ХХК-д төлөх төлбөртөө “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэх талаар шийдвэрлэж, хүсэлт гаргасан байна.

         Гэтэл “ХКТ” ХХК болон “ХД” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар заасан бөгөөд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өр төлбөрт компанийн хувьцааг шилжүүлэх, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарч байна. “ХКТ” ХХК нь “МЦШ” ХХК-д төлөх өр төлбөртөө охин компани болох “ХД” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх талаар гаргасан хувьцаа эзэмшигчдын хурлын шийдвэр байхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн баримт бичигт хувьцааг шилжүүлэн өгч байгаа компанийн хүсэлт, шийдвэрийг ирүүлээгүй байдаг.

         Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 /Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална/, 23 дугаар зүйлийн 23.1 /Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. .../, Хууль зүйн сайдын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дугаар Журам батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4-т заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тодруулбал, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр /”ХКТ” ХХК болон “ХД” ХХК-ийн эрх барих дээд байгууллагаас “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь “МЦШ” ХХК-д төлөх төлбөрт шилжүүлэх, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар гаргасан шийдвэр/-ийг гаргаж ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь буруу байна.

         Нэхэмжлэгч Г.А нь “ХКТ” ХХК-ийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тус компанийн дүрэмд Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлээгүй байхад компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлтэй.

           Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 /Энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус... бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 /Улсын бүртгэлийн байгууллага...түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана. 19.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу/-т зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад бүртгэлийг хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 3.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэсэн байх зарчмыг зөрчжээ.

         Энэхүү бүртгэлийн улмаас “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тул бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “ХКТ” ХХК-ийн охин компани “ХД” ХХК-ийн хувьцааг 100 хувь “МЦШ” ХХК-д шилжүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАУБХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.УУГАНЦЭЦЭГ