Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01347

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 868 дугаар магадлалтай,

Д.О-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар хариуцагч Д.О-, Н.Батцэнгэл нарын эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 124.848.578 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, зогсоож шийдвэрлэсэн. Уг захирамжид гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 65.298.578 төгрөг болгон дээрх захирамжид өөрчлөлт оруулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Ү-2205017043 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг битүүмжилж, Хаан банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон. Дээрх эд хөрөнгүүд банкны үнэлгээгээр 800.000.000 төгрөгийн үнэлгээтэй, зах зээлийн бодит ханш нь 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй хөрөнгө, Хаан банкны дансанд 35 сая орчим төгрөг байгаа бөгөөд Б.Сүхбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 65.298.578 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэдэн зуу дахин нугалсан эд хөрөнгө, мөнгийг битүүмжилж байгаад гомдолтой байна. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг гаргахдаа шүүхээс нэхэмжлэгчийн хөрөнгө, мөнгийг мэдэх боломжгүйгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүрэлцэхгүй байх магадлалтай гэж үзэн давхардуулан авсан байх ба нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө, мөнгийг заавал нэгэн зэрэг битүүмжилж, хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Хуулийг зөв хэрэглэх ойлголт бүрдээгүйгээс өөрийн амин зуулгаа залгах ямар ч боломжгүй болж, амьдралд хүнд гарз тохиолдож байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид зааснаар ажиллагаа хийхдээ нэхэмжлэгчийн эд хөрөнгө, дансруу шууд халдах ажиллагаа хийсэн бөгөөд уг арга хэмжээ нь гүйцэтгэх хуудасны шаардлагын хэмжээнээс хальсан. Уг авсан арга хэмжээ нь эд хөрөнгийн халдашгүй байдалд шууд нөлөөлсөн, амин хувийн наад захын хэрэгцээг хязгаарлаж, үхэл хагацал зовлон тохиолдсоор байхад хүнлэг энэрэнгүй хандаагүйд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чингүний шүүхэд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж холбогдох байгууллагаас лавлагаа авахад хариуцагч Д.О-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017043  дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /ТОСА 1, ТОСА 2/ бүртгэлтэй болох нь лавлагаагаар тогтоогдсон. Иймд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32017/14266/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр замын буудлын ард байрлах үл хөдлөх эд хөрөнгө /ТОСА 1, ТОСА 2/-ийг битүүмжилсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эсэхийг тодруулахад иргэн Н.Батцэнгэлтэй байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн барьцаанд бүртгэлтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлж нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон. Шүүгчийн захирамжид үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох ажиллагааг хийхээр тусгагдсан тул уг хоёр ажиллагааг хоёуланг нь хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаатай байх тул данс сэргээх боломжгүй гэсэн хариуг удаа дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдолд хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мөн тухайн объектийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй мөн орж гарах гарцыг хаагаагүй тухайн хөрөнгөд нэмэлт өөрчлөлт оруулах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 122.3 дахь хэсэгт зааснаар Д.О-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14266 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 868 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 гэснийг 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг хангаагүй, Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтад нийцээгүй, хуулийг буруу тайларлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 14266 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар хариуцагч Д.О-, Н.Батцэнгэл нарын эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 124.848.578 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, зогсоож шийдвэрлэсэн. Уг захирамжид гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 65.298.578 төгрөг болгон дээрх захирамж, тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Ү-205017043 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Арилжааны банкин дахь дансын зарлагын хөдөлгөөнүүдийг зогсоосон. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.7-т заасныг зөрчиж үнийн дүнгийн хэмжээнээс хэтэрсэн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид зааснаар ажиллагаа хийхдээ миний эд хөрөнгө болон дансруу шууд халдах ажиллагаа хийсэн бөгөөд уг арга хэмжээ нь гүйцэтгэх хуудасны шаардлагын хэмжээнээс хальж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг зөрчсөн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид тодорхой данс, эд хөрөнгө заагаагүй тул эд хөрөнгө болон дансан дахь мөнгийг шийдвэр гүйцэтгэгч тодруулах үүрэгтэй байх бөгөөд тодруулсаны эцэст тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд арга хэмжээ авах нь хуульд нийцнэ. Гэтэл нийтээр нь хавтгайруулаан арга хэмжээ авсанд гомдолтой байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үндсэн үзэл баримтлал нь аливаа хийгдэж байгаа ажиллагаа нь гүйцэтгэх баримт бичгийн буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна шүү, үүнээс хальж үйл ажиллагаа явуулж болохгүй. Үүнийг шийдвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа мэдээллийг нь аваарай гэж хуульчилсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь бүх дүүргийн бүртгэлийн хэлтэс, газрын алба, бүх арилжааны банкинд 2017 оны 11 сарын 21-ний өдрийн албан тоотоор миний өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, банкны гүйлгээг зогсоож битүүмжлэх тухай тоотыг хүргүүлсэн байдаг. Хуульд зааснаар бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эхлээд холбогдох байгууллагуудаас хаана хаана ямар эд хөрөнгө, аль банкинд хэдэн төгрөгний данс байгаа талаар лавлагаа тодорхойлолт авч, үүний дагуу ирсэн хариунаас үүдэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд эд хөрөнгө дансруу халдах зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахдаа шүүгчийн тус хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг давхардуулан авч болохоор зохицуулсан нь урьдчилаад хариуцагчид хаана ямар эд хөрөнгө, дансанд хичнээн төгрөг байгааг мэдэх боломжгүй тул байгаа хөрөнгө нь нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд дансанд дахь мөнгийг битүүмжилж энэ бүгдийн нийлбэр нь нэхэмжлэлийн үнийн дүнд дүйж байх зохицуулалт гэж ойлгож байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр зохицуулалтын ялгаа заагийг гаргалгүй нийт эд хөрөнгө мөнгө, дансруу шууд халдах ажиллагааг зохион байгуулсан. Эд хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу тогтоодог. Гэтэл 65 сая төгрөгийн үнийн дүнг хэдэн зуун дахин нугалсан эд хөрөнгийг битүүмжилчихээд дээрээс дансан дахь мөнгийг хүртэл битүүмжилсэн нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна.

Шүүх нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгохдоо 2 салаа утгатай ойлгомжгүй шийдвэр гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь захирамж, тогтоолын дагуу Д.О-ийн зөвхөн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулаад, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох ажиллагааг явуулахгүй байх эрхгүй гэж дүгнэсэн мөртлөө Д.О- нь эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах эрхтэй гэж тайлбарласан. Шүүгч 2 арга хэмжээг давхардуулан авахдаа дэс дараалал тогтоож өгөөгүй, сонгож хэрэгжүүлэх эрх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй гэж бичсэн мөртлөө ямар хуулийн аль зүйл заалтад байгааг тайлбарлаагүй өөрийн үзэл бодлоор хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.О-ийн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр 79.678.800 төгрөгийн үнэтэй гэж бүртгэгдсэн, 2015.03.24-ны өдрийн Барьцааны гэрээгээр 125.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээгээр талууд зах зээлийн үнийг 800.000.000 төгрөгийн үнэтэй гэж тохиролцсон, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018.01.26-ны өдрийн үнэлгээний тайлангаар 1.422.243.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үзэхэд битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө шүүгчийн захирамжид дурдсан үнийн дүнгийн хэмжээнээс өндөр үнэлгээтэй байна гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч Д.О- уг ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаагүй болно гэсэн. Аливаа эд хөрөнгө зах зээлийн эргэлтэнд орж, үнэ цэнэ нь олон жилийн турш өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг анхаараагүй, захирамжид дурдсан үнийн дүнгийн хэмжээнээс өндөр үнэлгээтэй гэдгийг шүүх дүгнэсэн мөртлөө миний гаргасан гомдолтой уялдуулаагүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Харин Д.О-ийн эзэмшлийн ХААН банк дах 5124004204 тоот дансан дахь 39.300.660 төгрөгийн зарлагын гүйлгээг зогсоосон нь захирамжид дурдсан үнийн дүнгийн хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн захирамж хэд хэдэн арга хэмжээг давхардуулан авч болно уг арга хэмжээнүүд нийлбэрээрээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд байх хуулийг буруу тайлбарласан. Шүүгч захирамждаа эд хөрөнгө, мөнгийг, дансын зарлагын хөдөлгөөнтэй давхар битүүмжлэхээр заасан байлаа гэхэд тус тус бүрт нь нэхэмжлэлийн шаардлагаар 65 сая төгрөгийг 3-аар үржүүлж арга хэмжээ авах ойлголтыг өгч байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 65 сая төгрөгийн шаардлагад 1 тэр бум гаруй төгрөгийн эд хөрөнгийг битүүжилчихээд дахиад дансанд байгаа мөнгийг битүүмжилсэн нь зөв гэж үзэж байгаагаа үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаагүй, нэхэмжлэгчийн гомдлыг огт авч хэлэлцээгүй, хууль зүйн дүгнэлт бүрэн дүүрэн хийгээгүй, үндэслэлгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөө тайлбарлаагүй. Магадлалд 65.298.578 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт 39.300.660 төгрөгтэй дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн, тухайн хүнд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Тэгвэл яагаад буруутгах боломжгүй гэж үзэж байгаадаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн гомдолтой уялдуулан тайлбарлаагүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хуулийг нэг мөр зөв хэрэглэх практик хэвшүүлэх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Д.О-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/14266 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/14266 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжаар нэхэмжлэгч Б.Сүхбаатарын хүсэлтээр хариуцагч Д.О-, Н.Батцэнгэл нарын эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 124.848.576 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр болжээ.

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 102/ШЗ2017/14266/01 тоот тогтоолоор Д.О-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн, 1-р хороо, Төмөр замын буудлын ард байрлах 612 м.кв талбай бүхий ТОСА 1, ТОСА 2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх  хөрөнгийг болон ХААН банкин дахь 39.300.660 төгрөгийн зарлагын гүйлгээг хязгаарласан ажиллагааг явуулсан нь тогтоогдсон байна.

Д.О- нь шүүгчийн 102/ШЗ2017/14266 дугаар захирамжид тухайн шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШТ2017/00497 дугаар тогтоолоор Д.О-ийн эд хөрөнгийг түүнд холбогдох  нэхэмжлэлийн үнийн дүн болох 65.298.578 төгрөгийн хэмжээнд битүүмжилэхээр шийдвэрлэж, захирамжид өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэйг заажээ.

Шүүгч захирамж гаргахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хуульд заасан арга хэмжээнээс аль тохирох арга хэмжээг авахаар шийдвэрлэдэг бөгөөд шүүгчийн 102/ШЗ2017/14266 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч Д.О-ийн эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр заасан байна.

Дээрх байдлаар шүүгч захирамжидаа хариуцагч Д.О-ийн эд хөрөнгийг битүүмжлэх, банкин дах мөнгөний зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах буюу хуульд байгаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах 2 төрлийн арга хэмжээг нэгэн зэрэг авч болохыг заасан боловч эдгээр ажиллагаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд байхыг хууль шаардана.

“Хуульд заасан арга хэмжээг нэгэн зэрэг авч болох” зохицуулалт нь нэг арга хэмжээгээр битүүмжлэгдсэн эд зүйл нь нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд нэмж өөр арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх утгатай бөгөөд шүүгчийн захирамжид “хариуцагч Д.О-ийн эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх” гэж заасан нь, эдгээр 2 арга хэмжээний үр дүн нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд байх агуулгатай байна.

Шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахдаа тухайн байгууллага хариуцагчийн эд хөрөнгийг олж илрүүлэх, үнэлгээ тогтоох, аль эд хөрөнгө эсхүл мөнгийг битүүмжлэхийг шийдвэрлэх эрхтэй.

Захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Д.О-ийн эд хөрөнгө болох ТОСА 1, ТОСА 2  үйлчилгээний зориулалттай барилга нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс харьцангуй өндөр үнэтэй нь илтэд илэрхий атал шийдвэр гүйцэтгэгч дахин түүний дансан дахь мөнгөний зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн нь буруу, захирамжид заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.

Хоёр шатны шүүх дээрх байдлыг анхаараагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаархи нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 868 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Д.О-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/14266 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу Д.О-ийн ХААН банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 39.300.660 төгрөгийн хэмжээнд зогсоосон ажиллагааг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/06546 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.О-ийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ