Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00868

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                 

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: НШ-т холбогдох

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар хариуцагч Д.О, Н.Б нарын эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 124 848 578 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, зогсоож шийдвэрлэсэн. Уг захирамжид гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 65 298 578 төгрөг болгон дээрх захирамжид өөрчлөлт оруулсан.

 

НШ нь дээрх  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Ү-2205017043 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг битүүмжилж, Хаан банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон. Дээрх эд хөрөнгүүд банкны үнэлгээгээр 800 000 000 төгрөгийн үнэлгээтэй, зах зээлийн бодит ханш нь 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй хөрөнгө, Хаан банкны дансанд 35 сая орчим төгрөг байгаа бөгөөд Б.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 65 298 578 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэдэн зуу дахин нугалсан эд хөрөнгө, мөнгийг битүүмжилж байгаад гомдолтой.

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг  гаргахдаа шүүхээс нэхэмжлэгчийн хөрөнгө, мөнгийг мэдэх боломжгүйгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүрэлцэхгүй байх магадлалтай гэж үзэн  давхардуулан авсан байх ба НШ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө, мөнгийг заавал нэгэн зэрэг битүүмжилж, хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Хуулийг зөв хэрэглэх ойлголт бүрдээгүйгээс  өөрийн амин зуулгаа залгах ямар ч боломжгүй болж, амьдралд  хүнд гарз тохиолдож байна.  Шийдвэр гүйцэтгэгчид маш олон удаа учраа хэлж, ядаж дансыг чөлөөлж өгөөч, бусад эд хөрөнгө битүүмжлэлтэй байвал байг гэж хүсэлт гаргасан боловч огт хүлээж авдаггүй. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч мөн л хүлээж аваагүй. Бүхэл бүтэн хүний амьдрал төрийн байгууллагын оролцоотойгоор сүйрч байна. Энэ ялгаа заагийг ойлгохгүй, шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж байна гэж хэлбэр хөөн ажиллаж байгаа НШ-т гомдолтой байна. Үнийн дүнгийн хэмжээнээс хэтэрсэн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид зааснаар ажиллагаа хийхдээ нэхэмжлэгчийн эд хөрөнгө, дансруу шууд халдах ажиллагаа хийсэн бөгөөд уг арга хэмжээ нь гүйцэтгэх хуудасны шаардлагын хэмжээнээс хальсан. Уг авсан арга хэмжээ нь эд хөрөнгийн халдашгүй байдалд шууд нөлөөлсөн, амин хувийн наад захын хэрэгцээг хязгаарлаж, үхэл хагацал зовлон тохиолдсоор байхад хүнлэг энэрэнгүй хандаагүйд гомдолтой. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 14266 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж холбогдох байгууллагаас лавлагаа авахад хариуцагч Д.О-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205017043  дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /ТОСА 1, ТОСА 2/ бүртгэлтэй болох нь лавлагаагаар тогтоогдсон. Иймд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32017/14266/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр замын буудлын ард байрлах үл хөдлөх эд хөрөнгө /ТОСА 1, ТОСА 2/-ийг битүүмжилсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эсэхийг тодруулахад иргэн Н.Б-тэй байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн барьцаанд бүртгэлтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлж нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон. Шүүгчийн захирамжид үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох ажиллагааг хийхээр тусгагдсан тул уг хоёр ажиллагааг хоёуланг нь хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаатай байх тул данс сэргээх боломжгүй гэсэн хариуг удаа дараа НШ болон шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдолд хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мөн тухайн объектийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй мөн орж гарах гарцыг хаагаагүй тухайн хөрөнгөд нэмэлт өөрчлөлт оруулах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 122.3 дахь хэсэгт зааснаар Д.О-ийн НШ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14266 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг хангаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Үнийн дүнгийн хэмжээнээс хэтэрсэн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн.  Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид зааснаар ажиллагаа хийхдээ эд хөрөнгө болон дансанд шууд халдсан. Шаардлагын хэмжээнээс хальсан. Тодруулсаны эцэст тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд арга хэмжээ авах нь хуульд нийцнэ. Гэтэл нийтээр нь хавтгайруулан арга хэмжээ авсанд гомдолтой. Талуудад мэтгэлцэх боломж олгоогүй, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ нэхэмжлэгчид шууд тулгаж, хариуцагч талд илт давуу байдал үүсгэж, хууль зүйн зөвлөгөө өгч, талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, шүүх хуралдаан эхлэхээс эхлээд нэхэмжлэгч талыг илт буруутгаж, загнаж, зандарч байсан ба хариуцагч тал татгалзлаа ч тайлбарлаж чадахгүй байхад шүүгч өөрөө тайлбарлан өгч, нэхэмжлэгч талтай л зөвхөн шүүгч мэтгэлцсэн, хариуцагч талын өмгөөлөгчийн байр сууринаас шүүх хуралдааныг даргалсан. Гэтэл 65 сая төгрөгийн үнийн дүнг хэдэн зуун дахин нугалсан эд хөрөнгийг битүүмжилчхээд дээрээс дансан дахь мөнгийг хүртэл битүүмжилсэн нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Д.О нь эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах эрхтэй гэж тайлбарласан. Шүүгч 2 арга хэмжээг давхардуулан авахдаа дэс дараалал тогтоож өгөөгүй, сонгож хэрэгжүүлэх эрх НШ-т байхгүй гэж бичсэн мөртлөө ямар хуулийн аль зүйл заалтад байгааг тайлбарлаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр 79 678 800 төгрөгийн үнэтэй гэж бүртгэгдсэн хөрөнгийг , 2015.03.24-ны өдрийн Барьцааны гэрээгээр 125 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээгээр талууд зах зээлийн үнийг 800 000 000 төгрөгийн үнэтэй гэж тохиролцсон, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018.01.26-ны өдрийн үнэлгээний тайлангаар 1 422 243 000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон. Яагаад 65 сая төгрөгийн шаардлагад 1 тэр бум гаруй төгрөгийн эд хөрөнгийг битүүжилчихээд дахиад дансанд байгаа мөнгийг битүүмжилсэн нь зөв гэж үзэж байгаагаа үндэслэл бүхий тайлбарлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШ-т холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14266 дугаар захирамжийн дагуу хийгдсэн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хуулийн хүрээнд ажилласан” гэж тайлбарлажээ./ хх–ийн 66, 109-110 дугаар хуудас/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 497 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Д.О-ийн эд хөрөнгө болон дансны зарлагын хөдөлгөөнийг нийт 65 298 578 төгрөгийн хэмжээнд битүүмжилж зогсоох арга хэмжээг авчээ. /хх–ийн 15 дугаар хуудас/

 

НШ нь дээрх захирамжийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205017043 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай 612 м.кв талбайтай 79 678 800 төгрөгийн үнэ бүхий /ТОСА 1, ТОСА 2/ эд хөрөнгийг битүүмжилж, Д.О-ийн эзэмшлийн ХААН банк дах 5124004204 тоот дансан дах 39 300 660 төгрөгийн зарлагын гүйлгээг зогсоосон. /хх-ийн 86-88 дугаар хуудас/

 

Нэхэмжлэлийн талаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг төлбөр төлөгч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал гэж тодорхойлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаар Д.О-ийг тодорхойлж, түүнд холбогдуулан 65 298 578 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нийт 79 678 800 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжлээд, давхар 39 300 660 төгрөгтэй дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь түүний өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулах агуулгатай байх тул гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. /хх-ийн 122-125 дугаар хуудас/ Гэвч нэхэмжлэгч нь зөвхөн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон үйлдэлд өөрийн эрхийг хөндөгдсөн гэж үзэж  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хүрээнд хянан үзэхэд 65 298 578  төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт 39 300 660 төгрөгтэй дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн, тухайн хүнд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “122 дугаар зүйлийн 122.1, 122.3” гэснийг “122 дугаар зүйлийн 122.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД