Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 123/2022/0006/З |
Дугаар | 221/МА/2022/0221 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА/2022/0221
“М” ТӨХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Р
Хариуцагч Ц.Э,
Нарийн бичгийн дарга Д.Батбилэг,
Хэргийн индекс: 123/2022/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М” ТӨХК-иас “Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ТӨХК-ийн Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Э-ын“2021 оны 12 сарын 27-ны өдрийн 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд
3.1. Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагч Ц.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй. Зөвхөн холбогдогч нарын тайлбар, мэдүүлгээр зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн. Мэдүүлгийн үнэн зөв, бодит байдал, харилцан хамаарлыг бүрэн тогтоогоогүй. “М” ТӨХК-иас “НУБИЭ”ХХК-нд агуулахаас экпортонд гарах ачаа, барааны жагсаалтыг өгч “НУБИЭ” ХХК-ийн нярав агуулахаас гарах ачаан дээрээ хяналт тавьж гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүйгээс гадна зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.
3.2. “М” ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Б-ийн мэдүүлгээр манифестийг бэлдэж, “НУБИЭ” ХХК-ийн агуулахын нярав Л.Ж-д өгсөн байхад “М” ТӨХК-ийн ажилтанг манифест бэлдээгүй хэмээн үйлдэгдээгүй зөрчилд буруутган шийтгэл оногдуулсан. “М” ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Б-ийн мэдүүлэгт “Катализатор хаягдал” гэх ачааг агаарын хөлөгт ачих жагсаалтанд байхгүй байгаа тухай “НУБИЭ” ХХК-ийн агуулахын ачигч, өргөгч машины жолооч нарт хэлсэн байдаг. Гаалийн хяналтад байсан ачаа яагаад экспортын буюу ачаа гаргах хэсэгт байсан, үүнд “НУБИЭ” ХХК-ийн агуулахын нярав хяналт тавих үүргээ хэрхэн биелүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн үндэслэсэн хэсгүүд нь үндэслэл бүхий бус бөгөөд зөвхөн холбогдогч нарын тайлбараар тогтоосон гэж дүгнэсэн.
3.3. Гаалийн байгууллага нь гаалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу гаалийн хяналтад байгаа бараанд хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “ ... гаалийн байгууллага нь гаалийн хилээр гарч байгаа бараанд хяналт тавих, гаалийн хилээр зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн гаргахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаагүй, гаалийн хяналтад байгаа барааны хадгалалт, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохион байгуулалт хийж ажиллаагүй” гэж дүгнэсэн атлаа тээвэрлэгч байгууллагыг гаалийн хяналтанд байгаа барааг, гаалийн байгуулпагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчилд буруутгаж байгаа нь зөрчлийн тухай хуулийн зорипго, шийтгэл оногдуулах үндэслэл, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.
3.4. Гаалийн тухай хуулийн 3.1.11-д “гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг, 3.1.18. “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгоно гэж тодорхойлсон. Тус хуулийн 9.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.” гэжээ.
3.5. Мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага барааг нь гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана”, “М” ТӨХК нь тээвэрлэгч бөгеөд гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагын хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулдаг. Зөрчлийн тухай хуулийн 2.1-д “Хүн, хуулийн эт гээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” хэмээн заасан.
Тухайн зөрчил нь гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдох эсэх нь эргэлзээтэй байхад тээвэрлэгч компанийг буруутгаж шийтгэл оногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн үзэж байгаа тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Шүүх гомдол гаргагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингис Хаан ОУНБ дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Э Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн зөрчилд холбогдогч “Нью Улаанбаатар интернэйшнл айрпорт” /НУБИЭ/ ХХК-д 0012636 дугаартай шийтгэлийн хуудсаар, М ТӨХК-д 0012635 дугаар шийтгэлийн хуудсаар тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг “М” ТӨХК-д ногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч “М” ТӨХК-аас Гаалийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0012635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “... улсын байцаагч Ц.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, зөвхөн холбогдогч нарын тайлбар, мэдүүлгээр зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн, ... диспетчер Ө.Б-ийн мэдүүлгээр манифестийг бэлдэж, “НУБИЭ” ХХК-ийн агуулахын нярав Л.Ж-д өгсөн байхад “М” ТӨХК-ийн ажилтанг манифест бэлдээгүй хэмээн үйлдэгдээгүй зөрчилд буруутган шийтгэл оногдуулсан. “М” ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Б-ийн мэдүүлэгт “Катализатор хаягдал” гэх ачааг агаарын хөлөгт ачих жагсаалтанд байхгүй байгаа тухай “НУБИЭ” ХХК-ийн агуулахын ачигч, өргөгч машины жолооч нарт хэлсэн байдаг ... Гаалийн байгууллага нь гаалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу гаалийн хяналтад байгаа бараанд хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй ...” гэж тайлбарлажээ.
2.3. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “тээвэрлэгч гэж хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг ойлгоно”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Улс хооронд агаарын тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:” 35.3.4-т “ачааны жагсаалт /карго манифест/”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтыг үндэслэн ачааны манифест үйлдэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага барааг нь гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Тээвэрлэгч энэ хуульд заасны дагуу барааг гаалийн хяналт дор тээвэрлэнэ”, 38.2-т “Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ:” 38.2.2-т “барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх”, 38.2.7-д “улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараанд гаалийн хяналт, шалгалт хийсний дараа гаалийн хяналт дор ачина”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тээвэрлэгч нь улсын хилээр гаргах барааг гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээнд өөрчлөлт оруулалгүй гаалийн хяналт дор тээвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл тээвэрлэгч нь аливаа барааг гаалийн хилээр бараар нэвтрүүлэхдээ тухайн барааны жагсаалт /карго манифест/-ыг гаалийн байгууллагад гаргаж өгөх, улмаар зөвхөн гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр тухайн барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх үүрэгтэй байна.
2.4. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам”-ын 6.1-т “Гаалийн байгууллагад мэдүүлсэн гаалийн хилээр гаргах бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан үеэс гаалийн хяналтад авна”, 6.19-т “гаалийн бүрдүүлэлтийн программд гаалийн мэдүүлэг “гааль зөвшөөрөв” төлөвт ороход манифест гаалийн автоматжуулсан системээс цахим хэлбэрээр үүснэ” гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар баталсан Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам-ын 1.2-т “Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэл, бараа, тээврийн хэрэгслийн манифестыг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээврийн хэрэгсэл, чингэлэг тус бүрт нөхөн бичиж, барааг тээвэрлэнэ”, 7.1-т “Тээвэрлэгч хилээр гаргах барааг гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн хяналтын дор тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын бүсэд оруулна”, 7.7-д “Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэл, манифестын програмд Зөвшөөрөх үйлдэл хийж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө” гэж тус тус журамласан байна.
2.5. Гэтэл “М ТӨХК” нь барааг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ ачааны манифест бичих, хянаж бүртгэх, улмаар гаалийн хяналтад оруулж зөвшөөрөл авсны үндсэн дээр барааг гаалийн хилээр нэвтрүүлэх хууль, журмаар хүлээсэн үүрэгт бүхий этгээд атлаа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн ОМ7303 аяллын дугаар бүхий онгоцоор ачаа тээвэрлэхдээ Чингис хаан Олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн Карго терминал дахь хяналтын хэсэгт 2021 оны 12 сарын 06-ны өдөр “Өү Ти корес” ХХК-ийн Е00521R дугаартай экспортын гаалийн мэдүүлгээр мэдүүлж гаалийн хяналтад авагдан Гаалийн ерөнхий газрын төв лаборторид барааны ангиллын код тодорхойлуулахаар шинжилгээнд хамрагдсан, 289-52516170 тээврийн бичигтэй 842,2 кг жинтэй, 23 хайрцаг бүхий “Катализаторын хаягдал” гэх барааг гаалийн байгууллагын хяналт, зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлж, БНСУ-ын Сөүл хотын Инчёон нисэх онгоцны буудал хүртэл тээвэрлэсэн зөрчил гаргасан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
2.6. Хэргийн оролцогчид уг 842,2 кг жинтэй, 23 хайрцаг катализаторын хаягдал гэх ачааг гаалийн хяналтгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, уг ачаа БНСУ-д хүргэгдсэн, буцаж Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргэгдэн ирсэн гэх үйл баримтуудтай маргаагүй байх тул хариуцагчаас “М” ТӨХК-ийг “гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр гаргаж, тээвэрлэсэн зөрчил үйлдсэн” гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 6-д “Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 0012635 дугаар шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг шүүх хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гаалийн хяналтад байсан ачаа экспортын буюу ачаа гаргах хэсэгт байсанд “НУБИЭ” ХХК-ийн нярав хяналт тавих үүргээ биелүүлсэн эсэх талаар шалгаж тогтоогоогүй ... гаалийн байгууллага хууль, дүрэм, журмын дагуу гаалийн хяналтад байгаа бараанд хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.7. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд хариуцагч Ц.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчилд холбогдогч нараас мэдүүлэг авч, холбогдох нотлох баримтыг цуглуулж, зөрчлийн хэрэгт хамаарах нөхцөл байдлыг тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:” 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 7.2 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... байцаагч Ж.Эрдэнэбаяр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, зөвхөн холбогдогч нарын тайлбар мэдүүлгээр зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн, мэдүүлгийн үнэн зөв бодит байдал, харилцан хамаарлыг бүрэн тогтоогоогүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ