Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.И, Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.А, М.Ч, Б.Д, хариуцагч Б.И, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

 

Хэргийн индекс: 128/2021/0656/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “..Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны / тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2.1 , 16  дугаар зүйлийн 16.3, 16.3.5, 17.2, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарт холбогдох Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актын 2,6 дахь зөрчил буюу газрын эрх түрээсэлсний  /229,903,900.03 төгрөгийн/, эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 3,480,000,000.0 төгрөгийн зөрчилд 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 313,200,000.00 төгрөгийн торгууль, 208,800,000.00 төгрөгийн алданги, нийт 1,566,000,000.00 төлбөр ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Г.И, Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын 1,044,000,000 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн актын 2, 6 дахь зөрчил буюу газрын эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 3,480,000,000 төгрөгийн зөрчилд 1,044,000,000 төгрөгийн нөхөн татвар, 313,200,000 төгрөгийн торгууль, 208,000,000 төгрөгийн алданги нийт 1,566,000,000 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Энэ төлөх төлбөр нь энэ актын 99,8 хувийг шүүхээс хүчингүй болгосон гэсэн үг юм.

4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “жинхэнэ хэрэгжилтийн зарчим” байдаг талаар нэхэмжлэгчийн тайлбарт байдаг. Энэ нь хуулийн 5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” 5.1.3-т “жинхэнэ хэрэгжлитийн” гэж байдаг бөгөөд энэ тухайн аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлээ хөтлөхдөө энэ зарчмыг баримтлах талаарх хуулийн зохицуулалт болохоос татвар ногдуулахад баримтлах зарчим биш юм.

4.1. Татварын албаны зүгээс татварын хяналт шалгалтыг явуулахад газрын эзэмших болон өмчлөх эрх дээр огт маргаагүй, анхнаасаа гэрээ байгуулахдаа ирээдүйд хүчин төгөлдөр болох нөхцөлтэй хэлцлийг талууд байгуулсан. Энэ нь эрх борлуулсны албан татвар төлсөн мэтээр нягтлан бодох бүртгэлийн баримтууд холбогдох данс бүртгэлд тусгагдсан зэргийг хянаж нөхөн ногдуулалтын актыг тогтоосон байдаг.

4.2. Газрын өмчлөх болон эзэмших эрхийн хуулийн хэрэгжилтийг хянах төрийн байгууллага нь татварын алба биш харин татвар төлөгчийн санхүүгийн хяналт, татварын хяналтыг хэрэгжүүлэх хуулиар тусгайлан эрх олгосон субьект юм.

4.3. Гэтэл шүүхээс татварын албаны хуулиар олгосон эрх хэмжээг хязгаарласан хуулийн буруу үндэслэл тайлбарыг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

4.4. Шүүх хуралдааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт нэг талд хангаж хуулийн зөвлөгөө өгөх хүртэл арга хэмжээг шүүх хуралдааны явцад гаргаж байсан нь зохисгүй үйлдэл юм.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “..маргааны үйл баримт нь газар бөгөөд ...” гэж марш буруу хууль зүйн үндэслэлийг дурьдсан. Маргааны үйл баримт нь газар биш газрын эрх борлуулах, шилжүүлэх, түүнд албан татвар ногдуулах харилцаа юм.

5.1. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 3-т “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох хэсгийг дурьдаад бусдад дамжуулан ашиглахыг хориглосон байна” гэх мэтээр нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн үндэслэлийг тусгасан нь энэ шүүхийн шийдвэр нь илт хуулийн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

6. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нарын тайлбар болон үгэнд огт дурьдагдаагүй /шүүх хуралдааны явцад хэлээгүй үг үсэг орсон/ маш эмх цэгцтэй хуулийн зүйл заалттай үндэслэл бүхий тайлбарыг тусгасан атлаа, хариуцагч нарын нэр үг үсгийн алдаа ихтэй, хэлсэн үгийн утга бүрэн гараагүй байгаа нь дурьдахгүй байх боломжгүй мэт санагдаж байна.

6.1. Иймд шүүх эдгээр нөхцөл байдал, хуулийн үндэслэлийг дахин магадлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хэлэлцээд, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн 3,930,099,393.68 төгрөгийн зөрчлөөс 2018 оны 126,092,152.23 төгрөгийн зөрчлийн дүнгээр тус оны тайлангаар гарсан алдагдлыг бууруулсан хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 232,091,569.89 төгрөг, 2019 оны 79,864,997.20 төгрөг, нийт 311,956,567.09 төгрөгийн зөрчлийн үнийн дүнгээр тус онуудын тайлангаар гаргасан алдагдлыг бууруулах, 3,492,050,674.36 төгрөгийн зөрчилд ногдох 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг 6 зөрчил гаргасан гэж тогтоосон боловч нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад актын 2, 6 дахь хэсэг буюу газрын төлбөртэй холбоотой хэсэгтэй холбогдуулан маргаж мэтгэлцсэн, түүнчлэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нар актын 6 дахь зөрчил буюу газрын эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргасан учраас гомдлын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

4. Актын 2 дахь заалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2018 онд 229,903,900.03 төгрөгийн газрын эрх түрээслэсний зардлыг, 103,451,920.00 төгрөгийн баримтаар нотлогдохгүй түрээсийн зардлыг, нийт 333,355,820.03 төгрөгийн зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал” гэж заасныг, 6 дахь заалтаар 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “аялал жуулчлалын” зориулалтаар Арцатын аманд 1,8 га талбайтай, Мото старс ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 2016/0093 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу санхүүгийн түрээсээр олж эзэмшихэд төлсөн 3,480,000,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогоос албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 7 дугаар зүйлийн 7.3-т “албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-т “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2-т “эрх борлуулсны орлогод дараах орлогыг хамааруулна”, 8.2.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”, 16 дугаар зүйлийн 16.3-т “дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”, 16.3.5-т “эрх борлуулсны орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.27-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж татвар нөхөн ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчээс Зөрчлийн 2 дахь хэсэгт дурдсан зөрчлийн тухайд 229,903,900.03 төгрөгийн газрын эрх түрээслэсний зардлыг үндсэн үйл ажиллагаатай холбоотой учир хасагдах зардлаар бүртгэн татвар ногдох орлогыг бууруулсан, 103,451,920.00 төгрөгийн баримтаар нотлогдохгүй түрээсийн зардал дээр холбогдох баримт бичиг байгаа учир энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.1. “С” ХХК нь 2018 онд “газар ашиглах эрх” нэртэй биет бус хөрөнгөд 574,759,750.00 төгрөгийн элэгдэл хорогдол тооцож, “үл хөдлөх хөрөнгийн түрээс” гэсэн дансанд зардлаар бүртгэсэн нь компанийн санхүүгийн байдлын тайлан, тайлангийн биет бус хөрөнгийн тодруулга, нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр, дээрх зардлаас 229,903,900.03 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогыг бууруулж, үлдэх 344,855,850.00 төгрөгийг “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-аар залруулсан нь татварын тайлангийн мэдээллээр нотлогдсон учраас 2018 оны биет бус хөрөнгийн хорогдол болох 229,903,900.03 төгрөгийн зөрчлийн дүнгээр мөн оны тайлангаар гарсан алдагдлыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй гэж заасантай нийцсэн байна.

6. Харин баримтаар нотлогдоогүй түрээсийн зардал 103,451,920.00 төгрөгийг 2018 онд татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд, уг түрээсийн зардлыг дээрх “газар ашиглах эрх” нэртэй биет бус хөрөнгөд байгуулсан 574,759,750.00 төгрөгийн элэгдэл хорогдлын зардалтай холбоотой гэж талууд тайлбарлажээ.

6.1. Иймд элэгдэл, хорогдлын зардалтай холбоотой 574,759,750.00 төгрөгөөс үлдэх 344,855,850.00 төгрөгийг “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-аар залруулсан, 103,451,920.00 төгрөгийг 2018 онд татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээллээр нотлогдохгүй байгаа учраас 2018 онд баримтаар нотлогдоогүй түрээсийн зардал 103,451,920.00 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлөөр 2018 оны тайлангаар гарсан алдагдлыг бууруулсан нь үндэслэлгүй байх тул актаар илрүүлсэн 2018 оны нийт 333,355,820.03 төгрөгийн зөрчлөөс баримтаар нотлогдоогүй зардал 103,451,920.00 төгрөгийн зөрчлийн үнийн дүнгээр мөн оны тайлангаар гарсан алдагдлыг бууруулсныг хүчингүй болгож, 2018 оны биет бус хөрөнгийн хорогдол болох 229,903,900.03 төгрөгийн зөрчлийн дүнгээр мөн оны татварын тайлангаар гарсан алдагдлыг бууруулсан нь зөв гэж үзсэн маргаан таслах комиссын шийдвэр үндэслэлтэй, энэ талаар талууд маргаагүй болно.

7. Нөгөөтэйгүүр маргаан бүхий 1,8 га газрыг санхүүгийн бүртгэлд биет бус хөрөнгөөр бүртгэж, өөрийн үндсэн хөрөнгө болгон 3,448,558,500.00 төгрөгөөр үнэлж  баталгаажуулсан газарт 229,903,900.03 төгрөгийн элэгдлийн зардал тооцож, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар...-т элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэснийг зөрчсөн, энэ зөрчил нь газар ашиглах эрх компаниудын хооронд шилжсэн, шилжээгүйтэй хамааралгүй юм.

8. Актын 6 дахь заалтын тухайд: Нэхэмжлэгч компаниас газар ашиглах эрх манай компанид шилжээгүй, эрх шилжүүлэн авсантай холбоотой татвар төлөх үүрэг эрх шилжүүлсний дараа үүсэх ёстой, “М” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” санхүүгийн түрээсийн гэрээ биш бөгөөд уг гэрээний дагуу 2016/0093 тоот улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг манай компани худалдаж аваагүй, холбогдох газар ашиглах эрхийг “М” ХХК эзэмшдэг, 2006 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасныг баримтлан эрх борлуулсны орлогод 30 хувиар тооцож татвар ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн агуулгаар тайлбарлан актын холбогдох заалтыг эс зөвшөөрчээ.

8.1. Нэхэмжлэгчээс, манай компани “М” ХХК-ийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 1,8 га газрыг “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ашиглаж байгаа гэх боловч гэрээ байгуулсан огноо тодорхойгүй, гэрээний 8.1-д “С” ХХК нь гэрээний дагуу хамтран ажилласны төлбөрт “М” ХХК-д нийт 1,500,000.00 ам долларыг төлнө” гэж заасан бөгөөд уг компанид газрын төлбөрт 2016-2018 оны хооронд нийт 3,266,523,750.00 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

8.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн нэр дээрх “газар ашиглах эрх”-ийг нягтлан бодох бүртгэлдээ “Хамтран ажиллах гэрээ”-ний төлбөр болох 1,500,000.00 ам доллар буюу 3,448,558,500.00 төгрөгөөр үнэлж, “газар ашиглах эрх” нэртэй 170103 тоот дансанд биет бус хөрөнгөөр бүртгэж, 574,759,750.03 төгрөгийн элэгдэл хорогдол тооцсон, уг газар дээр барилга байгууламж барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, 14,777,393,106.85 төгрөгөөр үнэлж бүртгэсэн байх бөгөөд харин “М” ХХК-ийн 2016-2019 оны санхүүгийн тайланд газар ашиглах эрхтэй холбоотой бүртгэл огт хийгдээгүй байна.

8.3. Дээрхээс дүгнэхэд 2 компанийн хооронд хийгдсэн “Хамтран ажиллах гэрээ”-г Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4-д заасан зохицуулалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл талууд хамтран ажилласнаар олсон орлого, ашиг, ажлын үр дүнд бий болсон эд хөрөнгийн зүйлийг хамтран буюу хэсгээр дундын эд хөрөнгө бий болгоогүй байна.

8.4. Мөн “С” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд “М” ХХК-д түрээсийн өглөг үүсгэсэн, түрээсийн төлбөр шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдээгүй байх тул “энэ гэрээ нь түрээсийн харилцаа юм” гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

8.5. Харин нэхэмжлэгч нь “Газар ашиглах эрх”-ийг 2018 оны “Санхүүгийн байдлын тайлан”-д эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт биет бус хөрөнгөөр 3,448,558,500.00 төгрөг буюу гэрээнд тохиролцсон үнээр бүртгэсэн атлаа “Мото старс” ХХК-д шилжүүлсэн орлогоос суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэнд акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

9. Актаас үзэхэд хариуцагч нь татвар ногдуулах харилцаанд суутгагчийн үүргээ гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн байхад анхан шатны шүүх газар ашиглах эрх шилжсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой маргааны хувьд газар эзэмших эрх заавал шилжсэн байхыг шаардахгүй.

9.1. Анхан шатны шүүх маргаан бүхий актын бусад заалтад хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн, энэ талаар талууд маргаагүй байх тул дүгнэлт өгөөгүй болно.

10. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 13 дугаар зүйлийн 13.9, 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН