Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01348

 

Ш П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209/МА2018/00048 дугаар магадлалтай,

Ш П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э Х ХХК-д холбогдох,  

Шатахууны үнэ 97.509.000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ш П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Э Х ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр П/11 тоот шатахууныг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба тухай бүрд нь шатахууныг нийлүүлсээр ирсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт ...худалдан авагч нь худалдан авсан шатахууныхаа үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй.., 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ...худалдан авагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна... гэсэн боловч худалдан авагч буюу хариуцагч Э Х ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 65.006.000 төгрөг, алданги 32.503.000 төгрөг, нийт 97.509.000 төгрөгийг Э Х ХХК-аас гаргуулж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан П/10 тоот фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрх нь Ш П ХХК-ний нэр дээр шилжсэн 4742 ДАР улсын дугаартай HYUNDAY AERO CITY маркийн автобус, 4752 ДАР улсын дугаартай HYUNDAY AERO CITY маркийн автобус, 5351 ДАХ улсын дугаартай DAEWOO BS1060 маркийн автобуснуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э Х ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь 2015 оноос эхлэн Ш П ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн билээ. Нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөр 65.006.000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг Ш П ХХК-ийн дансанд тушаасан, одоогийн байдлаар 50.006.000 төгрөгийн төлөлт хийх үлдэгдэлтэй байгаа. Манай компани нь Дархан сумын иргэддээ тэр дундаа төвөөс зайдуу оршин суугчдадаа хүрч үйлчлэхийн тулд иргэдийн санал хүсэлт болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зорчигч үйлчилгээний шугам нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газраас нэмэгдүүлсэн зорчигч үйлчилгээний шугамтай холбогдох төсөв санхүүжилт 2016 оноос хойш орж ирэхгүй хүлээгдэж байгаагаас болоод шатахууны өр төлбөр хуримтлагдсан нөхцөл байдал үүссэн болохыг харгалзан үзэж уян хатан хандахыг хүсэж байна. Үлдэгдэл төлбөр болох 50.006.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш П ХХК-тай эвийн журмаар харилцан тохиролцох боломжтой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Э Х ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш П ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Ш П ХХК нь нийт 97.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 22.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.495 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 532.995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209/МА2018/00048 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасны баримтлан хариуцагч Э Х ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш П ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э Х ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш П ХХК-д олгож, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Э Х ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.965 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалын зарим хэсэг болох алданги 8.334.340 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Э Х” ХХК нь 2015 оноос эхлэн “Ш П” ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэддээ, тэр дундаа төвөөс зайдуу оршин суугчиддаа нийтийн тээврээр буюу том оврын автобусаар хямд үнээр түргэн шуурхай зорчих боломжоор хангахын тулд иргэдийн санал, хүсэлт болон Аймгийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зорчигч үйлчилгээний шугам нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн боловч АЗДТГ-аас нэмэгдүүлсэн зорчигч үйлчилгээний шугамтай холбогдох төсөв, санхүүжилт орж ирэхгүй хүлээгдэж байгаагаас болоод шатахууны өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлд дурьдсан үндсэн төлбөрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг “Ш П” ХХК-ийн дансанд тушаасан. Үлдэгдэл төлбөр болох 50.006.000 төгрөгийг бид нэхэмжлэгчтэй эвийн журмаар тохиролцож боломжит богино хугацаанд төлж барагдуулах санал тавьсан. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр алдангид 25.003.000 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь манай эрх ашгийг хохироосон үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш П ХХК нь Э Х ХХК-д холбогдуулан худалдсан шатахууны төлбөр 65.006.000 төгрөг, алданги 32.503.000 төгрөг, нийт 97.509.000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж үндсэн төлбөрт 50.006.000 төгрөг, алданги 25.003.000 төгрөг, нийт 75.009.000 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж өөрчилсөн бөгөөд хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан шатахуун нийлүүлэх П/11 тоот гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзснийг давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Худалдан авах гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон тохиролцоо бүр зээлээр худалдах-худалдан авах гэрээ болохгүй, өөрөөр хэлбэл, тухайн гэрээний шинж нь зөвхөн хөрөнгийн үнийг төлөх хугацаагаар тодорхойлогдохгүй юм. Тиймээс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр Ш П ХХК нь өөрийн шатахуун түгээх станцаас Э Х ХХК-д шатахуун нийлүүлэх, худалдан авагч Э Х ХХК нь шатахууныг хүлээн авсан өдрөөс 45 хоногийн дотор үнийг төлөх, тогтоосон хугацаанд үнийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талууд фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцээтгэлийг хангуулах зорилгоор  Э Х ХХК-ийн өмчлөлийн 47-42 ДАР, 47-52 ДАР улсын дугаартай эзэмшилд байгаа барьцааны зүйлийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн HYUNDAI AERO CITY автобус, 53-51 ДАХ улсын дугаартай DAEWOO BS1060 автобусыг Шунхлай петроулиум ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч өөрийн өмчлөлд бүртгэгдсэн дээрх тээврийн хэрэгслүүдийг Иргэний хуулийн 235.1-т зааснаар бодитойгоор гаргуулах авах эрхтэй гэж үзэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд анзын хэмжээг багасгах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй цаг хугацаа, гэм буруу, тухайн зөрчлийн цар хүрээг харгалзан үзэхээс гадна энэ талаар үүрэг гүйцэтгэгч шүүхэд хүсэлт гаргасан байхыг шаардана.

Хэргийн баримтаар анзыг илт их гэж үзэж, багасгах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209/МА2018/00048 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 148.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ