Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 48

 

“Шунхлай петролиум” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00038/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Элит хөгжил” ХХК-д холбогдох

"Шатахууны үнэ 97.509.000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч  “Элит хөгжил” ХХК-ийн захирал З.Бадралын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жамц, Х.Цэндсүрэн нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-аас:

 ... “Шунхлай петролиум” ХХК нь ”Элит хөгжил” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр П/11 тоот шатахууныг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт ...худалдан авагч нь худалдан авсан шатахууныхаа үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй..., 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ...худалдан авагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна... гэсэн боловч худалдан авагч буюу хариуцагч “Элит хөгжил” ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.

... Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 65.006.000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 32.503.000 төгрөг нийт 97.509.000 төгрөгийг “Элит хөгжил” ХХК-аас гаргуулах, мөн “Шунхлай петролиум” ХХК болон “Элит  хөгжил” ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан П/10 тоот фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрх нь “Шунхлай петролиум” ХХК-ний нэр дээр шилжсэн 4742 ДАР улсын дугаартай HYUNDAY AERO CITY маркийн автобус, 4752 ДАР улсын дугаартай HYUNDAY AERO CITY маркийн автобус, 5351 ДАХ улсын дугаартай DAEWOO BS1060 маркийн автобуснуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас:

...Манай компани нь 2015 оноос эхлэн “Шунхлай петролиум” ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн билээ. Нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөр 65.006.000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг “Шунхлай петролиум” ХХК-ийн дансанд тушаасан, одоогийн байдлаар 50.006.000 төгрөгийн төлөлт хийх үлдэгдэлтэй байгаа. Манай компани нь Дархан сумын иргэддээ тэр дундаа төвөөс зайдуу оршин суугчдадаа хүрч үйлчлэхийн тулд иргэдийн санал хүсэлт болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зорчигч үйлчилгээний шугам нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газраас нэмэгдүүлсэн зорчигч үйлчилгээний шугамтай холбогдох төсөв санхүүжилт 2016 оноос хойш орж ирэхгүй хүлээгдэж байгаагаас болоод шатахууны өр төлбөр хуримтлагдсан нөхцөл байдал үүссэн болохыг харгалзан үзэж уян хатан хандахыг хүсэж байна. Үлдэгдэл төлбөр болох 50.006.000 төгрөгийг нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-тай эвийн журмаар харилцан тохиролцох боломжтой гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь нийт 97.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 22.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.495 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 532.995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Элит хөгжил” ХХК-ний захирал З.Бадрал давж заалдсан гомдолдоо:

“Элит хөгжил” ХХК нь 2015 оноос эхлэн “Шунхлай петролиум” ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай компани нь Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэддээ, тэр дундаа төвөөс зайдуу оршин суугчдадаа хүрч үйлчлэхийн тулд иргэдийн санал, хүсэлт болон Аймгийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зорчигч үйлчилгээний шугам нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн боловч Аймгийн засаг даргын тамгын газраас нэмэгдүүлсэн зорчигч үйлчилгээний шугамтай холбогдох төсөв, санхүүжилт орж ирэхгүй хүлээгдэж байгаагаас болоод шатахууны өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд алдангийн хэмжээ их байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар манай байгууллагын нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн 25.003.000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.                              

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК, хариуцагч “Элит хөгжил” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнэ болон гэрээгээр төлөх алданги 97.509.000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал... нэхэмжлэлийн шаардлагаа  22.500.000 төгрөгөөр багасгасан... байна.

Хариуцагч “Элит хөгжил” ХХК  нэхэмжлэлийн шаардлагаас 50.006.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь нийт 97.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 22.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч тал алдангийн хэмжээ их байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар манай байгууллагын нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн 25.003.000 төгрөгийг хасаж өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр П/11 тоот шатахууныг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн “Шунхлай петролиум” ХХК болон “Элит хөгжил” ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр П/10 тоот фидуцийн гэрээ тус тус байгуулжээ. /хх- 10-13, 18-21/

“Элит хөгжил” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг “Шунхлай петролиум” ХХК-ний дансанд тушаасан Хаан банкны баримтаар нотлогдсон. /хх-44 /

Талууд шатахуун худалдан авсан, түүний тооцооллын болон нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөр болох 65.006.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг төлөгдсөн талаар  маргаагүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166  дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  бүхэлд нь хянаж, болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн гэрээ болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь буруу.

 Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.

Ердийн худалдах, худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэглэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ эцсийн дүндээ нэмэгдээгүй байдгаараа зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай болно.

Анхан шатны шүүх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар талууд үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах, барьцаа хөрөнгийг захиран зарцуулах, бодитойгоор гаргуулах эрх нэхэмжлэгч талд өөрт нь байгаа гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч 25.003.000 төгрөгийн алдангийг төлөхгүй байх эсхүл багасгах нөхцөл байдлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргийн дагуу шүүхэд үүргээ биелүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр алдангийг хасаж тооцохоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасны баримтлан хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн  232.4, 232.6-д  заасныг баримтлан хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас нийт 75.009.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч “Элит хөгжил” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.965 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                 С.ОЮУНЦЭЦЭГ