Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1504

 

 

 

 

 

 

  2020         08         17                                       2020/ШЦТ/1504

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цд холбогдох 1906 00156 1463 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дүгээр сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 11 дүгээр гудамжны 84 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 830 дугаар байрны 167 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Цийн Ц /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнхбаттай маргалдан, улмаар түүний толгойг цохих, чихийг хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цы өгсөн: “Би Мөнхбатыг цохисон өшиглөсөн зүйл байхгүй. Өөрөө манай гэрт агсан согтуу тавиад би цагдаад дуудлага өгөөд явуулж байсан.  Цэрэнноровтой гаднаас согтуу орж ирээд дахин 1 шил архи уугаад тэрэндээ согтож Мөнхбат гэдэг хүн агсан согтуу тавиад би цагдаад дуудлага өгч явуулсан. Би цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Мөнхбат нь намайг цохиж өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Цагдаа прокурор дээр намайг цохисон гээд байгаа, би цохиж өшиглөсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхбатын өгсөн: “... Тэгтэл Цэрэнноровын найз эмэгтэй нь сүүлд орж ирсэн халамцуу залуутай унтлагын өрөөнд орж хоорондоо юунаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна маргалдаад байсан. Тэгээд өрөөнөөс гарч ирээд Цэрэнноров, бид 2-т хандан “муусайн эмэгтэйчүүд та нар ийм байдаг шүү дээ, зайлцгаа” гэж хэлснээ намайг үсдэн газарт чирээд байсан ба миний баруун чихнээс хазсан. Мөн тухайн үед намайг сууж байхад цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнноровын өгсөн: “... Ууганбаяр, Мөнхбат бид 3 нийлээд нэг шил архи ууж байгаад би тасран унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд ирэхэд Ууганбаяр надад “Мөнхбат, манай нөхөр Ц нар зодолдоод Мөнхбатыг дүү нь аваад явсан” гэсэн. Тэгээд би хоноод өглөө нь явсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 658 дугаар:

“1. Ч.Мөнхбатын биед баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын гэрчээр өгсөн: “... Ч.Мөнхбатын биед учирсан баруун чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазагдах үед үүсэх боломжтой, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал зулгаралт нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.22-23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнхбаттай маргалдан, улмаар түүний толгойг цохих, чихийг хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхбатын өгсөн: “... намайг үсдэн газарт чирээд байсан ба миний баруун чихнээс хазсан. Мөн тухайн үед намайг сууж байхад цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнноровын өгсөн: “... Тэгээд сэрээд ирэхэд Ууганбаяр надад “Мөнхбат, манай нөхөр Ц нар зодолдоод Мөнхбатыг дүү нь аваад явсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 658 дугаар:

“1. Ч.Мөнхбатын биед баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын гэрчээр өгсөн: “... Ч.Мөнхбатын биед учирсан баруун чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазагдах үед үүсэх боломжтой, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал зулгаралт нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.22-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Цы өгсөн “Мөнхбатын биед гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Мөнхбат болон гэрч Б.Цэрэнноров нарын тус тус өгсөн мэдүүлгийг яллагдагч Ц.Цы эхнэр Ууганбаярын гэрчээр өгсөн мэдүүлгээс илүү үнэн зөв гэж үзсэн болно.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Ц.Цы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ч.Мөнхбатын шинжилгээний төлбөр 280.000 төгрөг, эмчилгээний зардал 170.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хангахгүй орхиж, боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Цы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Цийн Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Цд сануулсугай.

4. Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Хохирогч Ч.Мөнхбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР