Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0868/З |
Дугаар | 221/МА2022/0224 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0224
“З.М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “З.М” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар
Нэхэмжлэлийн шаардлага: ““З.М” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах хүсэлтүүдээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0868/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “2.1. Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй 48,960.82 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.
2.2. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн SU-002508 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч, үлдэж байгаа 23,534.85 гектар талбайг XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна.
2.4. Хэсэгчлэн буцааснаас үлдэх талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч “З.М” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6-2989 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн байна.
2.5. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.
2.6. Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч “З.М” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6-2949 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн байна.
2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.
2.8. Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч “З.М” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7/2794 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн.
2.9. “З.М” ХХК нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт Холбоо нэртэй газар анх 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 23534.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-013670 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоол зэрэг тогтоолуудад авагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болсон байна.
2.10. Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргаас /хуучин нэрээр/ 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4-6422 дугаартай албан бичгүүдээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан усан сангийн хамгаалалтын бүс, ойн сан, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийг тогтоосон. хуулийн 4.1 дүгээр заалтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байдаг. Энэ заалттай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Батбаяр 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар Ашигт малтмалын газарт 8/386 тоот албан бичиг ирүүлсэн болно. Иймд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-013670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй 90 хувь орчим давхцалтай байгаа тул баталгаажих боломжгүй талаар Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр мэдэгдсэн. “З.М” ХХК-ны захирал Л.Ганбаярын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 10/14 тоот албан бичгээр дахин хүсэлт гаргасны дагуу бид Кадастрын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд шалгуулахад XV-013670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайд бүрэн давхцалтай байна. Иймд танай XV-013670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй болно” гэсэн албан бичгийг “З.М” ХХК-д хүргүүлснээр тус компани нь геологи хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар төрийн захиргааны байгууллагаас маргаан үүсгээгүй.
2.11. Улмаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоол гарсантай холбоотой төрийн мэдэлд авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн системд бүртгэсэн байна.
2.12. Тус компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар холбогдох гомдол, хүсэлтийг гаргаж ирсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 02/21 тоот албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан дээрх тусгай зөвшөөрлийн, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардлын тооцоог гаргуулахаар хүсэлт тавьсан. Тус хэлтсээс геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн кадастрын системд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийж, төрийн захиргааны удирдлагын хэлтсээс хайгуулын ажлын зардлын судалгааг авч Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-013670 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардал 4,443,985,904,0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн) төгрөгний зардал бүртгэгдсэн болох лавлагааг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 тоот албан бичгээр гаргаж өгсөн байна.
2.13. Мөн тус компанийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандан гаргасан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03/21 тоот албан бичиг, холбогдох санхүүгийн материалыг хянаж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай” журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3820 дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хөндлөнгийн аудит хийлгэхээр холбогдох материалуудыг шилжүүлэн шалгуулсан.
2.14. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хөндлөнгийн аудит хийх эрх бүхий “К.А” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/287 тоот албан бичгээр “Шалгалтын ажлын тайланг” Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна.
2.15. Уг тайланд “...”З.М” ХХК нь 2008-2019 оны хооронд XV-013670 тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 4,443,985,904,00 /дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг зарцуулсан нь анхан шатны баримтаар нотлогдож байна...” гэжээ.
2.16. Шалгалтын тайланд дурдагдсан нөхөн олговрын дүн нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 тоот албан бичгээр хүргүүлсэн дүнтэй бүрэн тохирч байх тул тус компанийн нөхөн олговор гаргуулахаар хүсч байгаа хүсэлтэд тооцсон төлбөрийн дүнтэй холбоотой төрийн захиргааны байгууллагын зүгээс маргаан үүсгээгүй болно.
2.17. “З.М” ХХК нь дээрх аудитын дүгнэлт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 тоот албан бичгээр дахин “нөхөн олговор авах” тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гаргасан байна. Уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.
2.18. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газраас нийт 9 тогтоол баталсан.
2.19. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжийг бий болгосон хэдий ч өнөөдрийг хүртэл төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөх олговрыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжид олгосон тохиолдол байхгүй болно.
2.20. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасан.
2.21. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар болон тус газрын төлөөллийг оролцуулан газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан. Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс аж ахуйн нэгж, компаниудын нэхэмжлэлийн дагуу нөхөн олговор авах хүсэлтийг уламжлуулахаар даалгасан Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн 7 аж ахуйн нэгжийн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраар шийдвэрлүүлэхээр Уул, уурхай хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан.
2.22. Мөн ажлын хэсгийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирсан нөхөн олговрыг хэрхэн барагдуулах талаар тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн гаргасан хүсэлтэд ч хариуг хүргүүлэн ажиллаж ирсэн боловч нөхөн олговрын асуудалд өнөөг хүртэл эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас чиглэл ирүүлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговорт олгох зардал улсын төсөвт тусгагдаагүй болно.
2.23. Харин тус компанид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын 03/3494 тоот албан бичигт: “МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг 246504,22 га солбицлоор баталсан байна. Ийнхүү уг ордын талбайн хил заагийг тогтоохдоо Эрдэнэт үйлдвэрийн цаашид ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, уг үйлдвэрт ашиглах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор танай компанийн XV-013670 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг түүнд бүрэн хамруулсан байна. Эрдэнэтийн зэс молибдены ордын талбайн хил заагт хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үндэслэн дээрх зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон тул танай компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ... заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэж хандсан. Өнөөг хүртэл “З.М” ХХК-ний зүгээс нөхөн олговрыг мөнгөн дүнгээр авах тухай Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргаж ирсэн, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөн олговрыг мөнгөн дүнгээр авахаар хандсан. Гэтэл шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянуулж байх явцад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хандсаныг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийнхээ шаардлагыг тодорхой болгох, шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
2.24. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “...”З.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг хүчингүй, нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж...” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.25. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0026 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас давж заалдах гомдолдоо “... анх мөнгөн дүнгээр нөхөх олговрыг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянуулж байх явцад Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу шийдвэрлүүлэхээр хандсаныг ... нэхэмжлэл, хүсэлтийнхээ шаардлагыг тодорхой болгох, шүүхээс нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир хүлээн авахаас татгалзсан. ... анхан шатны шүүхийн шийдвэрээр нөхөх олговор авах асуудлаар шийдвэр гаргахыг даалгасан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгч “З.М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “... нөхөх олговор авах хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 2/4286, 2/5517 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
4. Уг нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн ямар үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн, түүний улмаас ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэхийг хүссэн нь тодорхойгүй, нөхөх олговрыг “мөнгөөр болон талбай дүйцүүлэн авах” гэсэн хоёрдмол утгаар гаргасан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн агуулгыг тодруулалгүй, тухайн нэхэмжлэлд дурдсан хоёрдмол агуулгатай шүүхийн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 дүгээр албан бичгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хандахдаа “нөхөх олговор 4,360,867,150.88 төгрөгийг гаргуулахыг хүссэн, хариуцагчаас 2021 оны 2/4286 дугаар албан бичгээр “... нөхөх олговрын асуудал төсөвт суугаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллагаас чиглэл ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн бөгөөд уг албан бичгийг хүчингүй болгуулах, нөхөх олговор олгохыг даалгах нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ тодруулж өөрчлөхдөө хариуцагчид хүсэлтээ гаргаж байгаагүй атлаа “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар өөр талбай дүйцүүлэн олгохыг Засгийн газарт уламжлахыг даалгах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.
6. Өөрөөр хэлбэл “талбай дүйцүүлэн олгох замаар нөхөх олговор олгохыг уламжлуулах талаарх хүсэлтийг “даалгах” нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчид гаргаж байгаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч хариуцагч нь 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна.
7. Мөн хариуцагчийн тайлбарт “... нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн 90 гаруй хувь нь Засгийн газрын 194, 289 дүгээр тогтоолоор тогтоосон солбицол буюу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ой, усны сан бүхий газартай давхацсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж удаа дараа нөхөх олговор 4.4 тэрбум төгрөгийг авах хүсэлтээ ирүүлж байсан” гэснээс үзвэл тусгай зөвшөөрлийн талбайн аль хэсэг нь аль хууль, Засгийн газрын тогтоолын үйлчлэлд хамрагдсан талаар баримт цуглуулж, тухайн асуудлыг зохицуулсан хууль, тогтоомжоор нөхөх олговрыг ямар хэлбэрээр авах эрх нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.
8. Гэтэл анхан шатны шүүх /Үндэслэх хэсгийн 15-д/ Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “... нөхөх олговор төлөх бөгөөд Засгийн газар журам батална” гэж заасныг хэрэглэж нөхөх олговор авах эсэх асуудлаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахаар дүгнэсэн атлаа даалгах шаардлагыг хангахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т зааснаар өөр талбай дүйцүүлэн олгох эрх хэмжээ үүсэхгүй дурдаж, маргаан бүхий бүхий асуудалд дүгнэлт өгч зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй, мөн “нэхэмжлэгч нь хариуцагчийн 2 албан бичгийг нэрлэн зааж, нөхөх олговор авах тухай бус, өөр талбайгаас дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлахыг даалгах нь чухал” гэж тайлбарлан маргасныг дурдсан /Үндэслэх хэсгийн 23-т/ нь нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг хэрхэн ойлгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
9. Мөн Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолоор /Хавсралт7/ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т зааснаар Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий орд газар буюу Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн зөвхөн хил заагийг тогтоосон байх бөгөөд төрийн мэдэлд тусгай хэрэгцээнд авсан эсэх, холбогдох ямар шийдвэрүүд гарсан нь тодорхойгүй байх тул дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр шаардлагатай гэж үзвэл тухайн баримтуудыг цуглуулах нь зүйтэй.
10. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн талбай аль хуулийн дагуу заасан солбицолтой давхацсан, тухайн талбайг төр мэдэлдээ буюу тусгай хэрэгцээнд зохих хууль тогтоомжийн дагуу ямар шийдвэрээр авсан эсэхээс шалтгаалж, нөхөх олговрыг ямар хэлбэрээр авах хүсэлт гаргах эрхтэй нь тогтоогдох тул нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэхэд дээрх баримтуудыг цуглуулах шаардлагатай байна.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ