Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З к” ХХК /РД:**/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б нарын хооронд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, өөр талбайгаас дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З М” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...“З М” ХХК -ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-0136** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар манай компанийн нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай захиргааны акт гарган шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж анх маргасан.

Нэхэмжлэгч “З М” ХХК -аас хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...“З М” ХХК -ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтүүдээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрыг асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” хэмээн тодруулжээ.

2. Ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоол зэрэг тогтоолуудад зааснаар бүхэлдээ давхцалтай болж, 2014 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрэл хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон.

Бидний  зүгээс хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж нарийвчилсан хайгуулын төлөвлөгөөг хэрэгжүүлэн зэсийн хэтийн төлөв бүхий ордыг илрүүлэх хайгуулын ажил ойролцоогоор 70 хувь хийгдсэн байгааг 100 хувьд хүргэн дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан. 2014 оноос хойш хайгуулын ажиллагааны төлөвлөгөө баталж өгөлгүй 6 жилийн турш зогсоосон хугацааг нөхөн тооцож үйл ажиллагаа явуулах явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан.

3. Ашигт малтмалын хайгуулын XV-0136** дугаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан санхүүгийн материал зардлын тооцоог жил бүрээр нь нэгтгэн аудитын дүгнэлтийг гаргуулан нийт гаргасан бодит зардлуудыг баталгаажуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 02/21 дүгээр албан бичгээр хандаж хариуг авсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03/21 дүгээр албан бичгээр гаргасан. Уг хүсэлтийг хөндлөнгийн аудит хийлгэхээр шийдвэрлэсэн. Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргасан зардлын тооцоог үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад нөхөн олговрын асуудлыг тогтоон баталгаажуулж өгсөн.

4. Нэхэмжлэгч “З М” ХХК -аас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 дүгээр албан бичгээр нөхөн олговор авах асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандсаныг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/4286 дугаар албан бичгээр “нөхөх олговрын асуудал төсөвт суугдаагүй хэрхэн шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр “нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжилж өгнө үү” хэмээн Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандсаныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна... хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа...” гэж шийдвэрлэж хариу өгснийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“... Манай компани тусгай зөвшөөрлийг 2011 онд олгосноос хойш 2014 оныг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд төлж, тусгай зөвшөөрлийн дагуу уг хайгуулын талбайд 3234.4 т/км соронзон хайгуул, 1448 цэг грави хайгуул, 52.4 т/км цахилгаан хайгуул, 3075.45 т/м баганат өрөмдлөг, 868.9 т/м болон цохилтот өрөмдлөг, 1367 ширхэг цэглэн урсгал сарнилын дээж, 8 дээж усны хими бактерлогийн шинжилгээ, 4318 ширхэг дээж лабораторийн шинжилгээ хийлгэх зэргээр хайгуулын ажилд зарцуулагдах зардлуудыг гаргаж нийт 4,443,985,904.0 /дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн төгрөг/-н төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг зохих ёсоор биелүүлэн ажилласан.

Гэвч манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь 2014 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрхэл хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Хэрэв тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг олгох талаарх эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй төсөвт суугдаагүй гэсэн үндэслэлээр манай компанийн нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Н 03/3494 дүгээр албан бичигт дурдсаны дагуу манай компанид өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу манай компанийн эзэмшлийн XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбилцолтой бүхэлдээ давхцал үүссэн нь манай компанийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өөр талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлах үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар хүлээсэн байна.

“З М” ХХК -ийн зүгээс хөндлөнгийн аудит болон санхүүгийн баримтуудаар тогтоогдсон нийт 4,443,985,904.0 /дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн төгрөг/-н төгрөгийг улсын төсөвт суугдаагүй эрх бүхий байгууллагаас чиглэл ирээгүй гэсэн үндэслэлүүдээр хүсэлтээс татгалзаж байгаа бол төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар өөр талбайгаас дүйцүүлэн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар уламжлах боломжтой гэж үзэж байгаа юм...” гэжээ. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “... Манай компани Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумдын нутагт байрлах Холбоо нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, 2011-2014 он хүртэл хайгуулын тусгай зөвшөөлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, хайгуулын ажил гүйцэтгэсэн.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар геологи, ашигт малтмалтай холбоотой асуудлын хэрэгжүүлэгч агентлаг нь Ашигт малтмал, газрын тосны газар юм. Нөхөх олговор болон дүйцүүлэн талбай олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх Ашигт малтмал, газрын тосны газарт байна. Энэ байгууллагатай эрх зүйн харилцаанд орж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг хуулийн дагуу хүлээн авч ажлын хэсгийн зүгээс яамаар дамжуулан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Ажлын хэсэгт уг хүсэлтийг өгч шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Хариуцагчийн хариу тайлбарт долоон аж ахуйн нэгж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжилж, яамнаас Засгийн газарт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүлээн авч холбогдох материалыг цуглуулж цааш нь уламжлах ёстой байсан. Энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой. “З М” ХХК -ийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлээгүй. Хууль тогтоогчид Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хуульчлахдаа нэг гол нөхцөлийг оруулж өгсөн байдаг. Энэ нь юу вэ? гэхээр хууль зөрчөөгүй байх ёстой. Хууль зөрчөөгүй бол итгэл хамгаалах зарчим үйлчилнэ.

“З М” ХХК нэг ч төлбөрийн асуудалгүй, ямар ч хууль зөрчөөгүй, нэг ч гомдол гаргаагүй. Төрийн байгууллагууд шууд шүүхээр шийдвэрлүүл гэдэг болсон. Хуулийн дагуу ажлаа хийдэггүй. Хөрөнгө оруулагч нар хуулийн хүрээнд ажиллахгүй үргэлж шүүхээр шийдвэрлүүл гэх юм, ямар учиртай вэ? гэж асуудаг. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсаны дагуу нарийвчилсан журам гаргахыг Засгийн газарт даалгасан. Засгийн газар нь яам, агентлагт даалгасан. Гэтэл энэхүү харилцааг бүрэн зохицуулсан дүрэм, журам өнөөдрийг хүртэл боловсруулаагүй. Нөхөх олговрын ганцхан журам байгаа. Дүйцүүлэх талаар журам байхгүй. Хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар зохицуулалт хийсэн боловч хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалт байхгүй. Төсөвт мөнгө байхгүй, дээд байгууллагаас чиглэл өгөөгүй гэж хариу өгдөг. Чиглэл авахын тулд материалаа бүрдүүлж дээд байгууллагадаа уламжлах ёстой. Хуулиар олгосон эрхийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг дүйцүүлж нөхөн олговор олгохыг эрх бүхий байгууллагад даалгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хариуцагч байгууллагын шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас нэхэмжлэгч компанид хандан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Хайгуулын ажлын төлөвлөгөө хуульд заасны дагуу баталгаажуулах боломжгүй” гэсэн хариу өгснөөр энэ эрх зүйн харилцаа эхэлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шаардсаны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хугацаагаа сунгуулж байсан талаар, “З М” ХХК -ийн зүгээс удаа дараа хандаж байсан албан тоот хүсэлтийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа.

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, шийдвэрийн дагуу хүргүүлж байсан хариу зэргээс үзэхэд тухай бүрд нь сунгаж байсан, энэ нөхцөл байдал нь  “З М” ХХК -ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн давхцалтай холбоотойгоор танай асуудлыг шийдвэрлэнэ тэр болтол хугацаагаа сунгаарай гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн. Манай компанийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж бид удаа дараа хандаж явсан. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 8/386 тоот “чиглэлийн дагуу арга хэмжээ хэрэгжүүл” гэсэн албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

Хариуцагч байгууллагын шийдвэрийн агуулга нь төсөвт суугдаагүй, чиглэл ирээгүй, хайгуулын ажлын төлөвлөгөөг батлах боломжгүй гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл хариуцагч байгууллагаас дүйцүүлэн олгох боломжгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг дүйцүүлэх асуудал нь шүүхээр шийдвэрлүүлсэн практик байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар өгсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 300 дугаар тогтоолтой хариуцагч байгууллага маргахгүй гэдэг. Тэгвэл ямар учраас энэ тогтоол Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан хуулийн үйлчлэлд хамаарч байгаа вэ? Хил заагийг тогтоосон талаарх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Зурган үзүүлэлт бүхий нөхцөл байдал хариуцагчийн тайлбараар бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж юу хэлэх вэ? гэдгийг тайлбарласан байдаг. “З М” ХХК -ийн эзэмшиж байсан хайгуулын ХV-013670  тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан асуудал нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хуульчилсан ба энэ хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан байдаг. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх тодорхой хэмжээний зардал хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт бүрд, хайгуулын ажиллагааны зардал бүрд гарсан. 4 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар холбогдох зарцуулалтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шийдвэрлэх боломжтой гэж хариу өгснөөс улбаалж итгэл найдвар төрсөн. Энэ зарчим алдагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Дүйцүүлэн олгохтой холбоотой Монгол Улсын Засгийн газрын 300 дугаар тогтоолыг анх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны албан бичгээс анх мэдсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүсэлт гаргасан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, түдгэлзүүлснийг сэргээх асуудалтай холбоотойгоор шүүхэд хандсан. Ашигт малтмал, газрын тосны газраас давхцалтай талаар огт мэдэгдэж байгаагүй. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 тогтоолоор баталсан журам байдаг. Уг журмын 4.1 дэх заалтад нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг геологи, уул уурхай асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандана гэж заасан байдаг. Нөхөн олговор авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад хандаж байсан. Засгийн газрын холбогдох яам, тамгын газарт хандаж байсан. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх зүйн харилцаа тасралтгүй үргэлжилж явсан. “З М” ХХК -ийн зүгээс нөхөх олговор авах асуудлаар болон бусад асуудлаар удаа дараа хандаж байсан. Гэвч хариуцагчийн зүгээс хууль тогтоомжийг хэрэглэх эрх зүйн чадамжгүйн улмаас 6, 7 жил ажилласан ч тухайн компанийн асуудлыг төсөвт мөнгө суугаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар хууль тогтоомжийн хэрэглээний ойлголтгүйн улмаас нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Булган аймгийн Бугат Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй газар 48,960.82 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийг “С Н” ХХК-д олгосон. “С Н” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/11 дүгээр албан бичгээр аж ахуйн нэгжийн нэрийг “З М” ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу нэрийг өөрчилж бүртгэсэн. Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. “З М” ХХК -аас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч үлдэж байгаа 23,534.85 гектар талбайг XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна.

Хэсэгчлэн буцааснаас үлдэх талбайн Кадастрын хэлтсийн бүртгэлд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч компанид Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6-2989 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацааг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6-2949 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/2794 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

“З М” ХХК нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй газар анх 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 23534.85 гектар талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоол зэрэг тогтоолуудад авагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болсон байна.

Тус компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/21 тоот албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан дээрх тусгай зөвшөөрлийн, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардлын тооцоог гаргуулахаар хүсэлт тавьсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 дугаар албан бичгээр хариуг хүргүүлж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийж, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардал 4,443.985.904,0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн) төгрөгийн зардал бүртгэгдсэн болох лавлагааг гаргуулан авсан.

Мөн холбогдох лавлагааг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03/21 дүгээр албан бичгээр хүсэлт гаргахдаа холбогдох санхүүгийн материал болон нотлох баримтыг хавсарган өгсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай” журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3820 дугаар албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хөндлөнгийн аудит хийлгэхээр холбогдох материалуудыг хүргүүлсэн байна. Дээрх албан бичгийн хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хөндлөнгийн аудит томилон “К А” ХХК нь шинжээчээр томилон ажиллуулж гаргасан дүгнэлтийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/287 тоот албан бичгээр “К а” ХХК-ийн “Шалгалтын ажлын тайланг” ирүүлсэн байна. Уг тайланд “З М” ХХК нь 2008-2019 оны хооронд XV-013670 тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 4,443.985.904,0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн) төгрөгийг зарцуулсан нь анхан шатны баримтаар нотлогдож байна.

“З М” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 дүгээр албан бичгээр дахин нөхөн олговор авах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гаргасныг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газраас “З М” ХХК -ийн удаа дараагийн хүсэлтэд Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-6422 тоот, Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот, Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/5725 тоот, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6/3243 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 7/2794 тоот, Эрдэс баялгийн, мэдээллийн технологийн төвийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Н.М 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13/927 тоот, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот, тус газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Э 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/1926 тоот, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 тоот, тус газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3820 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 тоот албан бичгүүдээр тухай бүр нь удаа дараа хариу өгч байсан болно. Манай газрын зүгээс холбогдох судалгаа дүгнэлтийг эрхэлсэн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжлахаар бэлтгэж зохих судалгаа, тооцоог анхдагч байдлаар гарган бэлтгэсэн байгаа. “З М” ХХК нь байгууллагын нэгдсэн журмаар хийгдэж байгаа зохион байгуулалтын ажлыг танилцаж цаг тухайд нь өгсөн хүсэлтүүдийг зохих ёсоор шийдвэрлэснийг мэдсээр атал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжийг бий болгосон хэдий ч өнөөдрийг хүртэл төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөх олговрыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжид олгосон тохиолдол байхгүй болно.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх. цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар болон тус газрын төлөөллийг оролцуулан газрын даргын 2018 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан. Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс аж ахуйн нэгж, компаниудын нэхэмжлэлийн дагуу нөхөн олговор авах хүсэлтийг уламжлуулахаар даалгасан Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн 7 аж ахуйн нэгжийн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраар шийдвэрлүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан. Мөн ажлын хэсгийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирсан нөхөн олговрыг хэрхэн барагдуулах талаар тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч “З М” ХХК -ийн гаргасан хүсэлтэд ч хариуг хүргүүлэн ажиллаж ирсэн боловч нөхөн олговрын асуудалд өнөөг хүртэл эрх бүхий байгууллага. албан тушаалтнаас чиглэл ирүүлээгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговорт олгох зардал улсын төсөвт тусгагдаагүй болно.

Харин тус компанид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н 03/3494 тоот албан бичигт: “... зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон тул танай компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ...заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэсэн. Өнөөг хүртэл “З М” ХХК -ийн зүгээс нөхөн олговрыг мөнгөн дүнгээр авах тухай Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргаж ирсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөн олговрыг мөнгөн дүнгээр авахаар хандсан. Гэтэл шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянуулж байх явцад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хандсаныг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийнхээ шаардлагыг тодорхой болгох, шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Засгийн газрын 299 дугаар тогтоолд заасан журмын дагуу нөхөн олговрыг авах, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын дагуу дүйцүүлэх газар олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 299 дүгээр тогтоолын журамд заасны дагуу нөхөх олговрыг олгох талаар чиглэл ирээгүй. “З М” ХХК бол 2018 оны 300 дугаар тогтоолоор нөхөх олговор авах эрхтэй. 299 дүгээр тогтоолын дагуу мөнгөн хэлбэрээр нөхөх олговроо авъя. Эсхүл 300 дугаар тогтоолын дагуу дүйцүүлж нөхөх олговроо авъя гэж аль нэгээр нь шийдвэрлүүлье гэх байсан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4286 дугаар албан бичигт төсөвт мөнгө суугаагүй гэдэг хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нэхэмжлэгч компани хүсэлтээ гаргаагүй. Дүйцүүлэхээр талбай авъя гэх хүсэлтийг нэхэмжлэгч компани гаргаагүй. Гэтэл 12 сард дүйцүүлэхээр талбай авъя гэж хүсэлт гаргасан. Мөнгөн хэлбэрээр юм уу эсхүл дүйцүүлэн олгох нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл ирээгүй байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

10. Нэхэмжлэгч “З М” ХХК -аас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.

11. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй газарт 48,960.82 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийг “Сод нутаг” ХХК-д олгосон байсан ба улмаар компанийн нэрээ “З М” ХХК болгосон өөрчлөлтийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг “З М” ХХК нэрээр өөрчилж бүртгэсэн, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгасан, энэ хугацаанд буюу 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр талбайн хэмжээг хэсэгчлэн буцааж, үлдэх 23,534.85 гектар талбайг XV-013670 дугаарт бүртгэсэн, түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр тус тус сунгаж байсан, нэхэмжлэгч “З М” ХХК -ийн зүгээс уг тусгай зөвшөөрлийг өөртөө хадгалахын тулд холбогдох ээлжит жилийн төлбөрийг тухай бүр төлсөн, тусгай зөвшөөрлийн талбайд эрэл хайгуулын ажил явуулаагүй талаар тодорхойлолт авч байсан, санхүүгийн материал зардлын тооцоог жил бүрээр нь нэгтгэн аудитын дүгнэлтийг гаргуулан нийт гарсан бодит зардлыг баталгаажуулан нийт 4,443,985,904.0 төгрөгийн зардал гарсан болохыг тогтоож өгсөн, бидний зүгээс үүргээ биелүүлж ажиллаж ирсэн, хариуцагч байгууллагад удаа дараа нөхөх олговрын асуудлаар хандаж байсан гэх тайлбаруудыг гарган мэтгэлцсэн ба эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

          12. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицолтой хэсэгчлэн, мөн Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцалтай болж, 2014 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрэл хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй байсаар 2020 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэдэг дээр мөн маргаагүй байна.

13. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Яагаад гэвэл, нэхэмжлэгч “З М” ХХК -ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Нөхөн олговор авах тухай” 03/21 дүгээр албан бичгээр  хавсралт 245 хуудас бүхий хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Нөхөн олговор авах тухай” 04/21 дүгээр албан бичгээр хавсралт 65 хуудас бүхий хүсэлтийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гаргасан.

Энэ тохиолдолд “нөхөх олговрын асуудал”-ыг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоол гарснаар зохицуулах болсон, уг тогтоолын хавсралт ёсоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” батлагдсан ба уг журмын 3 дугаар зүйлээр “нөхөх олговрыг тооцох”, 4 дүгээр зүйлээр “нөхөх олговор олгох” асуудлыг журамласан ба 3 дугаар зүйлийн 3.1-д: “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно”, мөн зүйлийн 3.2-д: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг дор дурдсанаар тооцож олгоно”, 4 дүгээр зүйлийн  4.1-д: “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана”, 4.1.1-д “жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан”, 4.1.2-д: “энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт”, 4.1.3-д: “аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар”, 4.1.4-д: “харилцагч банкны дансны дугаар”, 4.1.5-д: “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын эх хувь”, 4.1.6-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т заасан тодорхойлолт”, 4.1.7-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлага хангасан зураг, талбайн солбицол”, 4.1.8-д: “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан бол уг газартай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт” зэргийг хавсаргахаар, мөн зүйлийн 4.2-т: “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтлан хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно”, 4.3-д: “Энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтод геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурсан байна”, 4.4-д: “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна” гэж зохицуулснаар нэхэмжлэгч “З М” ХХК -ийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль болон түүнийг дагаж гарсан журамд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад /хариуцагч захиргааны байгууллагад/ нөхөх олговрын асуудлаар гаргасан хүсэлт гэж үзнэ.

14. Ийнхүү хүсэлт гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаагаагүй, харин маргаан бүхий 2/4286 дугаар албан бичигт “... нөхөх олговрын асуудал төсөвт суугдаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллагаас чиглэл ирүүлээгүй ... хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгсөн нь хууль болон журамд заасныг хэрэгжүүлээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж зааснаар хамгийн гол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хянах эрх үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ зөвхөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, ээлжит жилийн төлбөрийг төлүүлэх зэргээр асуудалд хандаж, харин бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргахгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуулийн хориглолтод орсон тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагааг үргэлжлүүлэх, цуцлах эсхүл нөхөх олговор олгох талаар шийдвэр гаргаагүй нь хууль бус байна.

15. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д: “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, 4.6-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзэж, маргаан бүхий асуудлаар буюу нэхэмжлэгч “З М” ХХК -ийн нөхөх олговор авах эсэх асуудлаар шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх агуулгад нийцнэ гэж дүгнэлээ.

16. Маргаан бүхий энэ тохиолдолд даалгах шаардлагыг хангахын тулд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар өөр талбайгаас дүйцүүлэн олгох эрх хэмжээ хуулиар үүсэхгүйг дурдаж, харин шүүхийн шийдвэр бодитой байх, биелэгдэхүйц байх үүднээс маргаан бүхий асуудалд дүгнэлт өгч зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.

17. Нөгөө талаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан нөхөх олговор олгох үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус захиргаа /хариуцагч/ хангаж ажиллах үүрэгтэй болно.

            18. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичигт хариу өгсөн байдлаар хаяглагдаагүй, “шүүх дээр маргаантай явж байгаа тул хүсэлтээс татгалзлаа” гэсэн агуулгатай буюу мэдээллийн шинжтэй байна.

            Энэ утгаараа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д: “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-т: “захиргааны акт”, 11.2-т: “захиргааны гэрээ”, 11.3-т: “захиргааны хэм хэмжээний акт”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т: “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгчийн маргаж буй маргаан бүхий  2/5517 дугаар албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалах маргаан болохын хувьд захиргааны актын үндсэн шинжийг агуулж, хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаагаар хэлбэржиж гарсан байх шаардлагыг хангаагүй байна.

   18. Тодруулбал, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, уг албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх байдлаар гараагүй, хандсан асуудлаар нь шууд үр дагавар үүсгэсэн хариу өгөөгүй бөгөөд шүүхэд харьяалагдах захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа биш байна гэж үзэхээр байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            19. Дүйцүүлэх замаар нөхөх олговор авах хүсэлтийг буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн огноогоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

20. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар тодорхойлон, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: “ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-т: “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зохицуулсныг үндэслэл болгон, түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/3494 дүгээр албан бичигт дурдсаны дагуу “...өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг даалгах” шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Учир нь дээрх заалтын агуулгаас үзвэл, “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах” гэж шууд заасан гурван зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий талбайг өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн мэдэлд авсан тохиолдолд шийдвэр гаргагчийнхаа хувьд тусгай зөвшөөрлийг өөртөө хадгалж буй этгээдтэй хэлэлцэн тохиролцож шийдвэрлэхээр зохицуулсан ба маргаан бүхий энэ тохиолдолд Засгийн газарт энэхүү үүрэг байна, харин хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах үүргийг хариуцагчид даалгах үндэслэл байхгүй байна.

22. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар буюу Улсын Их Хурлаас баталсан хуулийн зохицуулалтад хамаарсан байхаас гадна цаг хугацааны хувьд уг хууль батлагдсанаас хойш буюу Засгийн газрын 2018 оны “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолоор зохицуулсан харилцаагаар бүхэлдээ давхцалтай болсон байгааг төсөөтэй хэрэглэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

23. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар энэхүү шийдвэрийн 13 болон 18-д дурдсан хариуцагчийн хоёр албан бичгийг нэрлэн зааж, “нөхөх олговор авах тухай бус, өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрыг асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгуулах нь чухал” гэж тайлбарлан маргасныг дурдаад шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

24. Хариуцагчийн зүгээс “299 дүгээр тогтоолын дагуу мөнгөн хэлбэрээр нөхөх олговроо авах, эсхүл 300 дугаар тогтоолын дагуу дүйцүүлж нөхөх олговроо авах гэж аль нэгээр нь шийдвэрлүүлэх хүсэлт нь одоо хир нь тодорхой бус” гэх тайлбар мөн үндэслэлтэй, мөнгөн хэлбэрээр нөхөх олговрыг олгох боломжгүй бол өөр талбайгаас дүйцүүлэх хэлбэрээр нөхөх олговор олгох байдлаар харьяалан шийдвэрлэх чиг үүрэг нь тусдаа захиргааны байгууллагуудын /Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар/ өмнөөс шүүх маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргах учиргүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж заасны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т: “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг зааж шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

           1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З М” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “З М” ХХК -ийн нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрыг асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З М” ХХК-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б