Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 264

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7 дугаар байр, 74 тоотод оршин суух, Уваши овогт Батчулууны Уранбилэг /регистрийн дугаар ПЮ76111429, утас 99379721/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, Сакура төв, 2 давхар, 4 тоотод оршин суух, Алтай овогт Балтсүхийн Энхсайхан /регистрийн дугаар УХ91012433, утас 99378243, 95388243/-д холбогдох

 

 “ Гэм хорын хохирол 3,243,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандах, хариуцагч Б.Энхсайхан, иргэдийн төлөөлөгч Н.Жамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр баг Баяр супер маркетийн өмнөх зам  дээр жолооч Б.Энхсайхан нь тухайн үед өөрийн эзэмшилд байсан 85-65 ДАР дугаарын х/акцент маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж иргэн Б.Уранбилэг миний эзэмшилд байсан 69-24 ДАР дугаарын приус 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж надад хохирол учруулсан.

Б.Уранбилэг надад уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг үнэлэн тогтоосон дүн 2,610,000 төгрөг, мөн авто машин журмын хашаанд 1 сар гаруй болсон энэ хугацаанд өөр машин хөлсөлж ажил төрлөө амжуулж байсны урсгал зардал 567,700 төгрөг нийт 3,243,000 төгрөгийн зардал гарсан.

Осолд өртсөн 69-24 ДАР дугаарын авто машин нь осол болох үед Хос капитал ББСБ-ын барьцаанд байсан боловч уг ББСБ-с авсан зээлийг би төлж байсан, зээлээ төлж дуусгаад өөрийн нэр дээр авто машинаа шилжүүлэх гэрээтэй байсан.  Учир нь шүүхээс намайг 69-24 ДАХ дугаарын авто машины эзэмшигч болох нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Б.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний бие Б.Энхсайхан нь Б.Уранбилэгт холбогдох ослын хохирол болох 3,243,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Осол гарах үеийн дүгнэлтийг 50, 50 хувийн буруу гэсэн дүгнэлт гарсан.  Приус-ийн жолоочийг ослын дөрөө гишгээгүй мөн баруун гар талын дүрэм баримтлаагүй хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлийг авч үзээгүй учир энэ нэхэмжлэлийг төлөхгүй гэж үзэж байна...” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранбилэг нь хариуцагч Б.Энхсайханд холбогдуулан автомашины засварын зардал 2,610,000 төгрөг, журмын хашааны хураамж 65,500 төгрөг, шатахууны төлбөр 567,500 төгрөг, нийт 3,243,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Энхсайхан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:20 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг Баяр супермаркетын  урд зам дээр Б.Энхсайхан нь Х/Акцент маркийн 8565 ДАХ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад жолооч М.Балдоржийн жолоодож явсан Т/Прүс-20 маркийн 6924 ДАР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаас Т/Прүс-20 маркийн 6924 ДАР улсын дугаартай авто машины цааш явж зогсоол дээр зогсож байсан иргэн Б.Ганхуягийн эзэмшилд байгаа Х/Аванте-ХD маркийн 5656 ДАР улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтээр “...Х/Акцент маркийн 8565 ДАХ улсын дугаартай авто машины жолооч Б.Энхсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлэг 7.10-д “Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ /эсвэл хөвөө/-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн жолооч Б.Энхсайханы өгсөн тайлар, мөн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг дээрээс тогтоогдож байна.

 Т/Прүс-20 маркийн 6924 ДАР улсын дугаартай автомашины жолооч М.Балдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох хэдий ч М.Балдорж Т/Прүс маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Энхсайхан жолоочтой Х/Акцент маркийн 8565 ДАХ улсын дугаартай автомашиныг мөргөсөн, цаашлаад зогсож байсан 5656 ДАР дугаартай Х.Аванте маркийн автомашиныг мөргөсөн нь Б.Энхсайхан нь 8565 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол гарсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна” гэжээ./хх-13/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Уранбилэг нь осол гарах үед Т/Прүс-20 маркийн 6924 ДАР улсын дугаартай автомашины эзэмшигч байсан болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, Хос капитал ХХК-ний лавлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Харин 85-65 ДАР дугаарын х/акцент маркын авто машины өмчлөгч буюу эзэмшигч нь Б.Энхсайхан биш бөгөөд  уг машины өмчлөгч буюу эзэмшигч нь Б.Цэдэндамба болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Уранбилэг нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б.Энхсайханаас шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Уранбилэгийн гаргасан хариуцагч Б.Энхсайханаас 3,243,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уранбилэгийн “ хариуцагч Б.Энхсайханаас 3,243,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

                                          ШҮҮГЧИД                                                 Д.АЛТАНТУЯА

 

                                                                                                           Ч.БАТЧИМЭГ