Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181

 

Б.У-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2017/00147

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1040 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Б.У-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.Э-, Б.Ц- нарт   холбогдох

          “Гэм хорын хохирол 3.243.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандахын  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.У- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандах нараас:

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр баг Баяр супер маркетийн өмнөх зам дээр жолооч Б.Э- нь тухайн үед өөрийн эзэмшилд байсан 85-65 ДАР дугаарын х/акцент маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж иргэн Б.У- миний эзэмшилд байсан 69-24 ДАР дугаарын приус 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж надад хохирол учруулсан. Б.У- надад уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг үнэлэн тогтоосон дүн 2,610,000 төгрөг, мөн автомашин журмын хашаанд 1 сар гаруй болсон энэ хугацаанд өөр машин хөлсөлж ажил төрлөө амжуулж байсны  зардал 567,700 төгрөг нийт 3,243,000 төгрөгийн зардал гарсан. 69-24 ДАР дугаарын автомашин нь осол болох үед Хос капитал ББСБ-ын барьцаанд байсан боловч уг ББСБ-с авсан зээлийг би төлж байсан, зээлээ төлж дуусгаад өөрийн нэр дээр авто машинаа шилжүүлэх гэрээтэй байсан. 

Учир нь шүүхээс намайг 69-24 ДАХ дугаарын авто машины эзэмшигч болох нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2,343,000 төгрөгийн хохирлыг  Б.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-аас:

Миний бие Б.Э- нь Б.У-т холбогдох ослын хохирол болох 3,243,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Осол гарах үеийн дүгнэлтийг 50, 50 хувийн буруу гэсэн дүгнэлт гарсан. Приусийн жолоочийг ослын дөрөө гишгээгүй мөн баруун гар талын дүрэм баримтлаагүй хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлийг авч үзээгүй учир энэ нэхэмжлэлийг төлөхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Ц-ас:

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ДАХ 85-65 улсын дугаартай аксент маркийн цагаан өнгөтэй суудлын автомашинаа иргэн Жаргалд 2,500,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Жаргалын нэр дээр машины бичиг баримт шилжүүлэх гэсэн боловч би энэ машинаа цааш зарах тул авах хүний нэр дээр бүр мөсөн нэр шилжүүлье гэсэн санал тавиад шууд авсан. Жаргал нь дараа нь Б.Э-д зарсан байсан. Жаргал нь надтай тооцоогоо хийж тухайн машинаа авч явснаас хойш иргэн Б.Э-тай холбоотой уг хэрэг нь надад огт хамаагүй тул энэ асуудлыг шалгаж үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 1,605,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, хариуцагч Б.Ц-д холбогдох шаардлага болон 1,637,700 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.840 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 36.354 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандах давж заалдсан гомдолдоо:

Шүүх Б.Э- нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг Б.Э- хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ хариуцагч Б.Э-аас 1.605.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгож, хариуцагч Б.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Б.Э-аас 3.243.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

          Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, гэм хорын маргаан бүхий харилцаанд  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь  харьцуулан, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж  нэхэмжлэлийн  зарим хэсгийг хангасан нь   хуульд  нийцсэн  байна.

          2016 оны  07 дугаар сарын  19-ний  01:20 цагт  Б.Э- нь  өөрийн эзэмшлийн 85-65 ДАХ тээврийн хэрэгслийг, Б.У-ийн өмчлөлийн  69-24 ДАР  тээврийн хэрэгслийг  М.Балдорж  жолоодож  явж байхдаа Дархан сумын  4 дүгээр баг, Баяр  супермаркетын урд  зам дээр  осол гаргасан,  уг осолд  Б.Э-, М.Балдорж нарын   харилцан буруутай  үйлдэл  тогтоогдсон, нэхэмжлэгч  Б.У-ийг өмчлөгч  хариуцагч  Б.Э-ыг  эзэмшигч  мөн гэж, Б.Цэдэндамбыг  хариуцагч биш гэж,  ослын улмаас  Б.У-ийн  эд хөрөнгө \ машин\-д   2.675.500 төгрөгийн  хохирол  учирсан  тогтоогдож байна,  шатахууны зардал 567.500 төгрөгийн  шаардлага нь гэм хорын хохирол биш  гэж  дүгнэхдээ  шүүх хэрэгт  цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэл болгожээ.

          Тээврийн хэрэгслийг ашиглах явцад  бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд  гэм хор учирсан бол тээврийн хэрэгслийг  эзэмшигч  гэм хорыг нөхөн төлөх  үүрэгтэй  болохыг Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн 499.1-д  тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа  санаатай буюу болгоомжгүй үйлдлээр  бусдад гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг  арилгах үүрэгтэй болохыг  мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д, бусдын эд хөрөнгөд  гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө  байсан байдалд  нь  сэргээх  буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг  Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн 510.1-д,  гэм хор учрах буюу түүнээс  үүдэн гарах  хохирлын хэмжээ  нэмэгдэхэд  хохирогчийн буруутай  үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол  уг нөхцөл байдлыг  харгалзан хариуцах гэм хорын хэмжээг   багасгаж болохыг  мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг  шүүх  зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан  давж заалдах гомдолдоо  “...ашиглалтаас үүссэн гэм хорыг Б.Э- хариуцан арилгах  үндэслэлтэй  гэж ...  ...дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ Б.Э-аас  1.605.300  төгрөг   гаргуулж  шийдвэрлэсэн нь ямар ч  үндэслэлгүй гэжээ.

          Шүүхийн  шийдвэрийн  үндэслэх хэсэгт  Б.Э-аас  гэм хорын хохиролд  1.605.000 төгрөг  гаргах болсон талаар   “Иргэний хуулийн  514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар ... ... нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлбөр 2.675.500 төгрөгөөс  60 хувь  буюу  1.605.300 төгрөг...”  гэж  дүгнэсэн  байх тул  нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол  үндэслэлгүй  байна.

Иймд шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1040 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  66.840 төгрөг төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА 

                                      ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ