Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01411

 

Х М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1167 дугаар магадлалтай,

Х М ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Ж К  ХХК-д холбогдох,  

Түрээсийн гэрээнийн үүрэгт 35.441.741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Х М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ж К  ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х М дэлгүүрийн В1 давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Ж К  ХХК нь 2015 оны 12 дугаар сард 50.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 1.300.000 төгрөг тус тус төлснөөс өөр түрээсийн төлбөр төлөөгүй. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж К  ХХК нь гэрээг цуцлах тухай хүсэлтийг Х М ХХК-д ирүүлж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х М ХХК нь хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцласан. Түрээсийн болон цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 23.705.644 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах албан шаардлагыг Ж К  ХХК-д хүргүүлэхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн төлбөрт 23.705.644 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Төлбөрийг 2016 оны 10 сараас 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр болсон. Гэвч Ж К  ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Х М ХХК-ийн зүгээс Ж К  ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг сарын 2.021.250 төгрөг байсныг 1.000.000 төгрөг болгон бууруулж үйл ажиллагааг нь дэмжсэн. Гэрээний 11.1-т заасны дагуу эхний 30 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, үүнээс цааших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан тул 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны алдангийг 0.3 хувиар тооцсон бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны алдангийг 0.5 хувиар тооцсон. Алдангийн нийт хэмжээ 35.953.407 төгрөг болж, үндсэн үүргийн дүн болох 23.472.193 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийн хэмжээг 11.736.096 төгрөг болгон бууруулсан. Хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээг цуцлах өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 23.472.193 төгрөг, алданги 11.736.096 төгрөг, цахилгааний төлбөр 225.379 төгрөг, нийт 35.441.741 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Цахилгааны төлбөрт 233.451 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нийт 35.208.290 төгрөгийг хариуцагч Ж К  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж К  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ий шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Х М дэлгүүрийн В1 давхарын 10В үйлчилгээний талбайг бусад ноолууран тасгуудтай түрээслэхээр тохиролцож, гэрээ хийсэн боловч талбайн дүүргэлт байхгүй, мөн менежмент хийж чадахгүй байсан учир ямар ч борлуулалт байгаагүй. Ингээд В1 давхарт байсан бүх ноолууран тасгууд болох компаниуд гарсан. Эхний ээлжинд түрээснээс чөлөөлж зөвхөн менежментийн төлбөрийг авна гэж тохиролцсон боловч менежмент хийж чадаагүй. Х М ХХК-ийн захиргаанд талбай чөлөөлөх хүсэлт удаа дараа өгсөн боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учир шийдэж өгөхгүй байсаар бусад түрээслэгч аж ахуйн нэгжүүдээс хамгийн сүүлд гарсан. Энэхүү хугацаанд сул зогсолт хийж түрээсийн төлбөрийг их хэмжээгээр гүйлгэсэн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоор Х М ХХК-тай ярилцан тохиролцсоны дагуу хүүхдийн хувцас болох нийт 12.456.000 төгрөгийн барааг түрээсийн төлбөртөө тооцон өгсөн. Гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж К  ХХК-иас цахилгааны төлбөрт 233 451.40 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж К  ХХК-иас 29.340.242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.868.048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 335.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж К  ХХК-иас 304.651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1167 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 29.340.242 гэснийг 22.485.939 гэж, 5.868.048 гэснийг 12.955.802 гэж, 3 дах заалтын 304.651 гэснийг 270.379 гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэгт хавсаргасан 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг дутуу судалсан, тухайлбал, гэрээ байгуулах үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг судлаагүй, гэрээг тайлбарлахдаа Иргэний хуульд заасан гэрээ тайлбарлах зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэгч талыг хохироож, хариуцагч талын эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.1-т болон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу гэрээг тайлбарлавал, талууд гэрээндээ түрээсийн төлбөр нь талбайн төлбөр болон менежментийн төлбөрөөс бүрдэнэ гэдэг хүсэл зоригоо ойлгомжтой илэрхийлсэн, менежментийн төлбөр нь түрээсийн төлбөрийн салшгүй хэсэг гэдгийг тодорхойлсон. Түүнчлэн хариуцагч нь түрээсийн гэрээний 4.1.3-т заасны дагуу түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг буюу менежментийн төлбөрийг шаардах эрхтэй. Түрээсийн төлбөрт НӨАТ ороогүй бөгөөд түрээслүүлэгч тал нь НӨАТ-ийг түрээсийн төлбөр дээр нэмж тооцон нэхэмжлэх тухай талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож гэрээнд тусгасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн дүнгээс НӨАТ-ийн хэмжээг хасч шийдвэрлэсэн нь нотлох баримт болох түрээсийн гэрээг бүрэн дүүрэн судлаж, танилцаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг баримтлаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Магадлалд нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн тооцоо гаргасан боловч уг тооцоо дотор НӨАТ, менежментийн зардлыг оруулж тооцох эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн ба энэхүү үндэслэлээр менежментийн төлбөрийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцон, гагцхүү талбайн төлбөрийг, алдангийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр шаардах эрх бүхий гэрээ мөн гэрээг дуусгавар болохтой холбогдуулан талуудын хооронд гэрээг дүгнэж нэгдсэн ойлголттойгоор үйлдсэн баримт бичиг хэрэгт байхад нэхэмжлэгч тал нь менежментийн зардлыг төлбөрийн тооцоондоо оруулж тооцох эрхтэй эсэхийг нотлох өөр нэмэлт баримт шүүхэд гаргах шаардлагагүй юм. Хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч тал менежмент хийж чадаагүй гэж байсан болов ч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй ба давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд огт яригдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлуудыг дурьдсан. Тухайлбал, 2014 оны 1 сарын эхээр Х М ХХК хэмээх том худалдааны төв байгуулагдах гэж байгаа тул хамтран ажиллах санал тавьсан, манайд ирж түрээсэлвэл маш хөнгөлттэй нөхцлөөр түрээслэн хамтран ажиллах болно, түрээслэгч тал үйл ажиллагааг явуулахад хэвийн орчингоор хангана гэсэн бол бидэнд 3 сарын дараагаас хүндрэл эхэлсэн, Солонгос хоолны хэншүү хярвас нь үйлчлүүлэгчид хувцсанд чинь хоолны үнэр шингэсэн байна гэж гомдол гаргасан, Х Мын зүгээс зар сурталчилгаа хийж байгаагүй нь түрээслэгч өөрсдөө үйлчлүүлэгчээ татах арга хэмжээ дор бүрнээ авч байсан, удаа дараа бүтээгдэхүүнээ хулгайд алдаж харуул хамгаалалт муутай байсан, теле камерийн систем байхгүй гэх зэрэг давж заалдах гомдолд дурьдсан дээрх асуудлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримт болох бөгөөд ийнхүү хариуцагч нь гомдолдоо анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т заасны зөрчсөн явдал болно. Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээг судлахдаа түрээсийн талбайн хэмжээг түрээсийн гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 35 м.кв талбайгаар тооцож нэхэмжлэлийн дүнг бууруулсан. Анх түрээсийн гэрээг байгуулахдаа талууд гэрээний дээрх зүйлд 35 м.кв гэж заасан болов ч газар дээр нь хэмжилт хийх үед талбайн хэмжээ нь 40 м.кв байсан юм. Талууд түрээсийн гэрээний 2.2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаагүй ч гэлээ үйлдлээрээ түрээсийн талбайг 40 м.кв болохыг хүлээн зөвшөөрч хариуцагч тал нь түрээсийн талбайн төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 3 сая төгрөг мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.300.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд дээрх хариуцагчийн бичиг болон нэхэмжлэгчийн бичиг буюу талуудын хооронд солилцсон албан бичгүүдэд тус тус заасны дагуу гэрээг дүгнэхдээ талбайн хэмжээг 40 м.кв-аар тооцсон. Энэ талаар ч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгөч шүүх хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд хариуцагч талаас талбайн хэмжээний талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа талбайн хэмжээг 35 м.кв-аар тооцож нэхэмжлэлийн дүнг буруулж, нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.2.2-т “гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар"- гэж заасны дагуу хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг заагаагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй гомдлыг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасныг зөрчсөн явдал болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийсэн. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 2, 3, 4, 5 дугаар сарын гэрээнээс татгалзах тухай албан мэдэгдэл, уг мэдэгдэлд хариуцагчийн зүгээс өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Түрээслэгч тал үйл ажиллагаа явуулахад хэвийн орчиноор хангана гэсэн бол бидэнд 3 сарын дараагаас хүндрэл эхэлсэн. Учир нь яг зэрэгцээд Солонгос хоолны хэншүү, хярвас нь үйлчлүүлэгчид хувцсанд чинь хоолны үнэр шингэсэн байна гэж гомдол гарган борлуулалтад нөлөөлж байсан. Үүнийг хэлж мэдэгдсэн ч арга хэмжээ авч байгаагүй. Х Мын зүгээс зар сурталчилгаа хийж байгаагүй нь түрээслэгч нар өөрсдөө үйлчлүүлэгчээ татах арга хэмжээ дор бүрнээ авч байсан. Мөн удаа дараа бараа бүтээгдэхүүнээ хулгайд алдаж харуул хамгаалалт муутай байна, теле камерийн систем байхгүй байна энэ асуудлаа гэрээний дагуу шийдэж өг гэж шаардаж байсан боловч арга хэмжээ аваагүй. Хүндрэлтэй нөхцөл байдал их байсан учраас 2016 оны эхэн сараас эхлэн талбайг чөлөөлөн өгөх, гэрээгээ цуцлах мэдэгдэл удаа дараа өгч байсан боловч түрээс хариуцсан захирал Х.Цэвээндарь нь та битгий гар, таныг гарвал бусад дагаж ирсэн аж ахуйн нэгжүүд чинь гараад явчихна таниас бид түрээсийн төлбөр авахгүй гэж аман хэлцэлээр тохирч байсан. Үүнийг нотлох гэрчүүд байгаа бөгөөд менежер н.Өлзийжаргалыг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан боловч шүүхийн зүгээс хангаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд менежментийн төлбөр гэсэн заалт байгаа бөгөөд үүнд ус, цахилгаан, халаалтын систем, харилцаа холбоо, гал түймэрийн даатгал, менежментийн ажилтанууд, хамгаалалт, теле камерын хяналт гэх зэрэг төлбөрүүд байдаг бөгөөд энэхүү тооцоо нь огт задаргаагүй бүхэл мөнгө байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ч энэхүү төлбөр тооцооны задаргааг тайлбарлаж чаддаггүй. Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй. Х М ХХК болон Ж К  ХХК нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж Х М ХХК-ны дэлгүүрүүдийн тасгаар Ж К  ХХК-ны ноолууран бүтээгдэхүүнийг зарж борлуулахаар харилцан тохиролцож, гэрээний дагуу нийт 12.456.000 төгрөгний бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүх энэхүү бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийг хасч тооцоогүй нь үндэслэлгүй. Энэхүү гэрээг талууд нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусмагч талууд гэрээний биелэлтийг дүгнэж хугацааг сунгаагүй болно. Хоёр компаний дунд түрээсийн гэрээний маргаан үүсэж шүүхийн шатанд нийт 12.456.000 төгрөгний бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөн түрээсийн төлбөрт төлсөн гэж маргасан боловч Х М ХХК төлбөрт аваагүй гэж марган шүүх энэхүү бараа бүтээгдэхүүний үнийг түрээсийн төлбөрөөс хасаагүй болно. Бүтэн 1.5 жилийн дараа бараа бүтээгдэхүүний одоогийн байгаа байдал, бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтын горимыг өөрчилсөний дараа шүүхийн шатанд энэхүү бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй гэх тайлбар зэрэг нь огт үндэслэлгүй байна. Хэрвээ энэ хугацаанд үнэхээр бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй бол манай компанид бүрэн хүлээлгэн өгөх боломжтой байсан. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хянаж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х М ХХК, Ж К  ХХК-с 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний биелэлт буюу түрээсийн төлбөр, алдангид 35.441.741 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигч түрээсийн гэрээний үүргийн биелэлт, гэрээний нөхцлийн талаар маргасан байх бөгөөд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ.

Зохигч “ажлын байр түрээслэх гэрээ”-г бичгээр байгуулсан талаар тайлбарласан, тэдний хооронд хэзээ, ямар төрлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр талууд ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн зэрэг маргааны үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход тухайн гэрээ зайлшгүй шаардлагатай.

Хэргийн баримтаас үзвэл шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч талын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхээс 79 хуудас бүхий хэргийн баримтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. Хэргийн 80-102–р талд 23 хуудас бүхий түрээсийн гэрээг анхан шатны шүүх хэрэгт хавсарган явуулсан хэдий ч тухайн баримтыг хэрэгт ямар хэлбэрээр өгсөн, нотлох баримтын шаардлага хангасан эсэх, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эсэх нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэлд, 23 хуудас бүхий түрээсийн гэрээ хавсаргасан гэж дурдсан боловч шүүхийн дардаст нэхэмжлэлтэй хамт нийт хэдэн хуудас нотлох баримт хүлээн авсан нь тодорхой бус ойлгомжгүй бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах, талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заажээ.

Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч тодруулаагүй нь буруу байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчийн гомдолд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1167 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 125.000 төгрөг, хариуцагч 270.380 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган тус тус буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ