Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х ш” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, “Х ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Ч.А, хариуцагч улсын байцаагч Г.Ц-А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 439 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Х ш” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Аын гаргасан давж заалдах гомдлоор, тус компанийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Х ш” ХХК-ийн захирал Т.С 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 41710131059 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 439 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х ш” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц-Ад холбогдуулан гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц-Аийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4-41710131059 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Х ш” ХХК-ийн өмгөөлөгч Ч.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Онцгой байдлын комисс, Ус сувгийн удирдах газар, хорооны Засаг дарга, дүүргийн Цагдаагийн байгууллагаас даалгасан үүргийг хэрэгжүүлж явуулсан үйл ажиллагааг улсын байцаагч “зөвшөөрөлгүй газар ашигласан” үндэслэлээр зөрчилд тооцсон нь хуульд нийцэхгүй байгаа талаар:

“Х ш” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагууд буюу холбогдох шатны онцгой байдлын комисс, Ус сувгийн удирдах газар, хорооны Засаг дарга, дүүргийн Цагдаагийн хэлтсээс даалган ирүүлсэн үүргийг биелүүлж ажилласны дагуу тухайн хаалгыг хааж, тодорхой үйлдэл хийснийг зөрчил гэж үзэж торгууль оногдуулсан нь төрийн байгууллага хоорондын чиг үүргийн харилцан зөрчилтэй байдлыг бий болгож үүний үр дагаврыг “Х ш ХХК-ийн буруутай үйл ажиллагаа гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайлбал “Х ш” ХХК-д яригдаж буй талбайг хаах арга хэмжээ авч ажиллахыг онцгой комиссоос даалгаж байсан, мөн тухайн нийтийн эзэмшил гэгдэж буй талбай нь инженерийн шугам сүлжээний зурвас газар болохынх нь хувьд харуул хамгаалалтанд авах үүргийг Ус сувгийн удирдах газар албажуулан өгсөн байсан, мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас тухайн хөрш залгаа оршин суугч айл өрх, иргэдийн хүсэлт гомдлыг үндэслэн яригдаж буй нийтийн эзэмшлийн талбайг хаах арга хэмжээг авч ажиллах, эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байсан, мөн цагдаагийн хэлтсээс тухайн газар дагуу Э.Г хууль бус барилга байгууламж барьж байгаатай холбоотой үймээн самуунаас сэргийлэх зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдлээр даалгасан байдаг.

Жич: Шүүх хуралдаанд талуудын өгсөн тайлбараар тухайн хашаа хаалгыг онцгой байдлын эрх бүхий албан тушаалтнууд ажлын хэсгээр хүрэлцэн ирээд хаалттай байлгахыг шаардаж, өөрсдөө гагнаад явсан, одоог хүртэл гагнаастай байгаа болох талаар талууд маргаагүй байтал үүнийг “Х ш” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа хэмээн дүгнэжээ.

2.Тулгарсан аюултай нөхцөл байдалд тохируулан хийсэн үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэхгүй талаар:

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл “Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл”-ийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заасан.

“Х ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу төв оффисын байртай шууд залгаа хойд талд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал Э.Г хууль бусаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, 1/ галын норм нормативын шаардлага зөрчсөн, 2/ бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, 3/ худалдааны төв, лаборатори, түрээслэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах аюулыг бий болгосон 4/ тухайн хууль зөрчсөн, галын аюултай барилга байгууламжаа шөнийн цагаар олон тооны бөхчүүд болон хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар хүч түрэмгийлэн барьж авах, хожим нураахад хүндрэлтэй байдал үүсгэх эрсдлийг бий болгосон.

Энэхүү нөхцөл байдал нь холбогдох эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтаар /галын байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, прокурор, цагдаагийн байгууллага, захиргааны хэргийн анхан шатны шүүх г.м./ болон бусад нотолгооны хэрэгслээр /хяналтын камерын бичлэг, хэвлэлийн мэдээ сурвалжилга/ маргаангүй тогтоогдож баримтаар бэхжигдсэн.

Энэ талаарх дуу дүрсний бичлэгийг шүүхэд зохих журмаар гарган өгсөн боловч шүүх хуралдаан дээр шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэснээр хэргийн бодит үнэнийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй хэмээн үзэж байна. “Х ш” ХХК нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохынхоо хувьд, мөн 650 гаруй худалдаа эрхлэгчдийн аж ахуйн үйл ажиллагааг хэвийн нөхцөлөөр хангаж байх хариуцлагыг хүлээж буй иргэний эрх зүйн оролцогч этгээдийн хувьд Иргэний хуульд зааснаар өөртөө туслах аргыг хэрэгжүүлж Э.Гын хууль бус барилга угсралтын ажлын түрэмгийлэл, хүчирхийллээс хамгаалан шөнийн 22 цагаас үүрийн 03 цаг хүртэл хугацаанд хаалтыг хэрэглэж байсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ, тулгарсан аюулд нийцүүлэн авсан арга хэмжээ юм.

Тодруулбал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ”, 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална”, 9.4.9-т “өөртөө туслах”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж тодорхой заажээ.

Гэтэл “Х ш” ХХК-ийн дээрх арга хэмжээг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; түүнчлэн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан ухагдахуунаар тайлбарлаж зөвшөөрөлгүйгээр “газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэсэн” буюу ашигласан хэмээн дүгнэж байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж бодож байгаа юм.

3.Бусад үндэслэлийн талаар:

“Х ш” ХХК захаар үйлчлүүлэгч иргэдээс хуулиар хориглоогүй хэлбэрээр үйлчилгээний хураамж /үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хяналтын камер, хог хаягдал цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, хохирол учирсан тохиолдол хохирол барагдуулах нөхөн төлбөрт зарцуулагдах хөлс/ авч байсныг улсын байцаагч шийтгэлийг ногдуулах үндэслэлээ болгож, “төлбөр хураах байр барьж, нийтийн эзэмшлийн газрыг ашиглуулан төлбөр авч байгаа” гэж тодорхойлсныгоо шүүх хуралдаанд буруу, үндэслэлгүй хэмээн өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал уг нөхцөл байдлыг шүүх мөн дүгнээгүй орхигдуулсан.

Мөн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, үндэслэл алдаатай, харилцан зөрчилтэй бичигдсэн байдлыг шүүх шийдвэртээ дүгнээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйн хувьд шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

“Х ш” ХХК-иас маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй атлаа зохих зөвшөөрөлгүйгээр хаасан, харуул хамгаалалт гаргасан үйлдлээ эрх бүхий байгууллагаас даалгасан үүргийн хүрээнд хийгдсэн гэж, түүнчлэн иргэн Э.Гын хууль бус барилга угсралтын үйл ажиллагаанаас учирч болох аюулын эсрэг хийсэн үйл ажиллагаа мэтээр давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад баримтаар няцаагдаж байгаа төдийгүй үндэслэлгүй байна. 

Одоогийн шийтгэлийн хуудаст дурдсан газартай холбогдуулан анх “…хүнсний зах байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан захын хаалга, хашаа бүхий газрыг эзэмшлээс хассан нь газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан, мөн захын хаалгыг буулгаж, хашаан дундуур нийтийн эзэмшил хэмээх задгай гудамж гаргасан тохиолдолд хүнсний захын эрүүл, аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдана, ингэснээрээ олон түрээслэгч нарын ажлын байр, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэл үүснэ, нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа хашааны хаалгыг буулгахгүй, захын хашаан дотор нийтийн эзэмшлийн талбай байгаагүй хэмээн эрх ашгаа хамгаалахаар шүүхэд хандсан…” гэх зэргээр “Х ш” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360, 2014 оны А/916, захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт энэхүү тайлбарыг гаргаж байсан нь уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгагджээ.

Түүнчлэн энэхүү тогтоолд “…“Х ш” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ 15945 м.кв болохыг, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд уг газар нь 13179 м.кв, 2766 м.кв талбайгаар 2 тусдаа бүртгэгдсэн байгааг, газрын төлбөрийг уг хэмжээгээр тооцож төлж ирсэн зэргийг тус тус дүгнэж, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Иймд тус компанийн эзэмших эрх бүхий газрын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд Газрын тухай хууль зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг хаасан үйлдэлд хариуцлага хүлээлгэж, 5000 нэгжээр торгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. 

Маргааны үйл баримтад хамаарах тухайн нөхцөл байдлын талаар гомдол гаргагчийн дээрх тайлбараас үзэхэд одоогийн зөвшөөрөлгүй хашаалсан газрыг анхнаасаа эзэмших хүсэл сонирхол байсан, мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хашаалж, хаасан нөхцөл байдал тогтоогдсон, шүүхийн журмаар тухайн газрын эзэмших эрхийг олж авахыг хүссэн боловч маргаан дээр дурдсанчлан шийдвэрлэгдсэний дараа “зөвшөөрөлгүй хашсан” үйлдлээ зөвтгөсөн үндэслэлээ өөрчилж, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын албан шаардлагаар, эсхүл бусдын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хийгдсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/675 дугаар захирамжаар “Х ш” ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газрын албанд үүрэг болгосон, энэхүү захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа гомдол гаргагч татгалзсан, иймд дүүргийн Засаг даргын захирамж хүчинтэй, нөгөөтэйгүүр тухайн газрыг эзэмших, ашиглах эрхгүй болох нь хангалттай нотлогдож байхад хууль зөрчсөн үйлдэлд зохих шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.

Орсон машинаас хураамж авсан эсэхээс илүүтэй зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг хашсан үйлдэл нь хариуцлага хүлээлгэх хангалттай факт болно.

Шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, үндэслэлийн хувьд алдаатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн нэр нь “Газрын тухай хууль зөрчих”, харин хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх тохиолдлыг уг зүйлийн 10.1 дэх хэсэгт, энэхүү зөрчилд хүлээлгэх хариуцлагыг 10.5 дахь хэсэгт тус тус зохицуулсан байх тул Шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт 8.1 дүгээр зүйлийн 10.1-ийг, “Шийдвэрлэх нь” хэсэгт 8.1 дүгээр зүйлийн 10.5-ыг тус тус баримталсныг давж заалдах гомдолд дурдсанчлан “…үндэслэл алдаатай, харилцан зөрчилтэй бичигдсэн…” гэж үзэхгүй.

“Хүчин шонхор” ХХК-ийн гаргасан үйлдэл хууль зүйн талаасаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн байх тул давж заалдах гомдлын агуулгыг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг ханган, улмаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Х ш” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Х ш” ХХК-иас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН