Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 809

 

 “ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн хариуцагч ХХХХ-д холбогдуулан гаргасан 1 000 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "ХХХХ" ХХК нь ХХХ-ны харилцагч бөгөөд тус компани нь 2015 оны 3 дугаар сард Концессын гэрээний дагуу эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа болох 1 тэрбум төгрөгийн баталгааг ХХХХ-аас гаргуулсан. "ХХХХ" ХХК, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нарын хооронд байгуулагдсан Концессын гэрээ 2015 оны 6 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан. Ийнхүү гэрээ цуцлагдаж, эрх үүрэг нь дуусгавар болсон байхад ХХХХ нь 2015 оны 11 дүгээр сард Монгол Улсын Хөгжлийн банкнаас "ХХХХ” ХХК-ийн харилцах дансанд шилжиж ирсэн мөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар татан авч банкныхаа өглөгийн дотоодын 20000026211010148 тоот данс нээн улмаар тусгаарлаж байршуулсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл компанид олгохгүй хохироож байна. Харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг шүүх, эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтны шийдвэргүйгээр гүйлгээ хийж, тусгаарлах арга хэмжээ авч харилцагчид олгохгүй байгаа энэ үйлдлийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд банкны энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 445.4 дэх хэсэгт заасны дагуу "Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ", 446.1.3-т заасны дагуу "Харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх”, 446.1.6-д заасны дагуу харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх өглөгийн дансанд байршиж буй "ХХХХ" ХХК-ийн эргэлтийн хөрөнгө болох хууль бусаар шилжсэн 1 тэрбум төгрөгийг авах талаар банкны эрх бүхий албан тушаалтанд удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж, татгалзлалын үндэслэл бүхий тайлбарыг ч өгсөнгүй. ХХХХ нь хариу тайлбартаа "ХХХХ" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай /хуучин нэрээр/ 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас урын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэх концессын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ХХХХ-аас 1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан гэж дурдсан байна. Ингэхдээ ХХХХ нь энэхүү гүйцэтгэлийн баталгааг эх үүсвэртэй болон эх үүсвэргүй баталгаа аль нь болохыг зориуд дурьдаагүй байна. Тухайн үед ХХХХ нь концессын гэрээг үндэслэн "ХХХХ" ХХК-д 1 тэр бум төгрөгийн эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн. Гэвч “ХХХХ" ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих шилжүүлэх концессын гэрээ нь цуцлагдсан тул ХХХ-ны дээрх баталгаа нь мөн батлагдсан болно. Үндсэн концессын гэрээ цуцлагдаж, гэрээтэй холбоотой эрх, үүрэг, шаардах эрх дуусгавар болсон. "ХХХХ" ХХК-д гүйцэтгэлийн баталгаа шаардлагагүй байхад ХХХХ нь харилцагчийн дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тусгаарлах гүйлгээг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийж, өнөөдрийг хүртэл өглөгийнхөө дотоодын дансанд байршуулж, харилцагчийн анхны шаардлагаар олгохгүй байгаа нь манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа төдийгүй бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиг олж байна хэмээн үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 445.4, 445.5, 446.1.6 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газраас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлдөг ба баталгааг чөлөөлсөн тухай мэдэгдэл ирүүлээгүй, ирүүлсэн тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг буцаан өгнө гэсэн утга бүхий тайлбарыг гаргасан байна. Ингэхдээ "гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх" албан мэдэгдэл ирүүлэх хууль зүйн үндэслэл, түүнийхээ тайлбарыг ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж шаардлага тавьж буй нь тодорхойгүй байгаа юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.3 дахь хэсэгт гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж хүчин төгөлдөр байх хугацааг хуульд тодорхой заасан байхад огт хэрэгжээгүй концессын гэрээ цуцлагдаж, хүчингүй болсоор байхад ХХХ-ны зүгээс гүйцэтгэлийн баталгааг чөлөөлсөн мэдэгдлийг шаардаж буй нь хууль бус юм.

Нэхэмжлэгч нь шүүхэд хууль бус зөвшөөрөлгүй гүйлгээ, харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, харилцагчийн мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласан болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасаар байтал ХХХХ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, өөр асуудлаар хариу тайлбар ирүүлж байгааг үндэслэл бүхий хариу тайлбар гэж үзэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийг үндэслэн "ХХХХ" ХХК-ийн өмчлөлийн 1 тэрбум төгрөгийг ХХХХ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ-ны шүүхэд гаргасан хариу тайлбарт: "ХХХХ" ХХК нь "Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төслийн дагуу авто зам барихаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр концессын гэрээ байгуулсан. Улмаар дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1 тэрбум төгрөгийн баталгааг манай банкаар дамжуулж гаргуулсан болно. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар болж өөрчлөгдөн эрх, үүргийг нь хүлээн авч ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газраас дээрх баталгааг чөлөөлдөг ба одоогийн байдлаар баталгааг чөлөөлсөн тухай мэдэгдэл ирээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ХХХ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Манай газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй байна. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 70 дугаар тогтоолын дагуу Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээг хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ХХХХ” ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээний 1.13-т "Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд: Төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх, Төслийн барилга угсралтын зардлын 20 хувь буюу 25 313 198 109 төгрөгийг Монгол Улсын аль нэг арилжааны банкин дах өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулж эхэлсэн байх, Авто замын хяналтын зөвлөх компанийн зардал авто замын барилга угсралтын зардлын 5 хувь болох 6 328 299 527 төгрөгийг эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан байх, Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх /Монголын үндэсний аж ахуйн нэгжтэй барилгын ажлын 1/3-ээс доошгүй хувийн ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байх/, Барилгын ажлын гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан байх, Концесс эзэмшигчийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчийн гэрээ, дүрэмтэй байх, мөн тус гэрээний 1.17-д концесс эзэмшигч нь гэрээг байгуулах мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор 1 тэрбум төгрөгтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас гаргуулан эрх бүхий этгээдэд ирүүлнэ, 1.19-д энэхүү гэрээний 1.15-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан бол гүйцэтгэлийн баталгаа нь үл маргах журмаар эрх бүхий этгээдийн заасан дансанд шилжинэ гэж тус тус заасан.

Дээрх заалтын дагуу “ХХХХ” ХХК нь ХХХ-ны 2015 оны 1/970 дугаар албан тоотоор 1 тэрбум төгрөгтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгааг гаргуулж эрх бүхий этгээдэд ирүүлсэн. Концесс эзэмшигч “ХХХХ” ХХК нь дээрх концессын гэрээний 1.13-т заасан гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй тул эрх бүхий этгээдээс дүгнэлт гаргаж тус гэрээг цуцлах болсныг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж мөн ХХХХ-д 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр гүйцэтгэлийн баталгаа болох 1 тэрбум төгрөгийг эрх бүхий этгээдийн дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн бөгөөд тус банк нь гүйцэтгэлийн баталгааг шилжүүлээгүй тул эрх бүхий этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс энэ иргэний хэрэгтэй холбогдуулан “ХХХХ” ХХК нь өөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны дугаар 182/ШШ2016/00057 дугаар шийдвэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан "ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. "ХХХХ" ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дугаар 1638 магадлалаар “ХХХХ” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цаг алдахгүйн тулд уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа тусдаа гаргах болно. Гэхдээ "ХХХХ" ХХК-ийн ХХХХ-аас нэхэмжилж байгаа 1 тэрбум төгрөг нь тохируулагч агентлаг ХХХ-ын Төрийн сан дахь дансанд шилжих ёстой тул ХХХХ-аас гаргасан гүйцэтгэлийн баталгааны 1 тэрбум төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 1 000 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХ-ын гүйцэтгэлийн баталгааны 1 000 000 000 төгрөгийг ХХХХ-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-иас 5 157 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХ-ны давж заалдах журмаар гаргасан гомдолд: "ХХХХ" ХХК нь 2015 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай концессын гэрээ байгуулж Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төслийг авах шаардлагатай байна, танай зүгээс гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу манай банкны зүгээс 1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн. Улмаар "ХХХХ" ХХК нь Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төслийн дагуу авто зам барихаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр концессын гэрээ байгуулсан. "ХХХХ" ХХК концессын гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлж чадаагүй тул концессын гэрээ цуцлагдсан ба Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэлийн баталгаа болох 1 тэрбум төгрөгийг манай банкнаас нэхэмжилсэн болно. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2015 онд "ХХХХ'' ХХК-ийн удирдлагууд ХХХ-ны удирдлагуудтай уулзаж, ярилцан харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн 1 тэрбум төгрөгийг гүйцэтгэлийн баталгаанд өглөгийн данс үүсгэн тусгаарласан юм. Өнөөдрийн байдлаар Хөрөнгө оруулалтын газрын эрх хүлээн авсан Үндэсний хөгжлийн газар нь дээрх баталгааны 1 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа ба “ХХХХ” ХХК-ийн эрх ашгийг хамгаалахаар баталгаа гаргасан манай банк эрсдэлд ороод байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь судлаагүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэт нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан 1 000 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХХ-д холбогдох нэхэмжлэлд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн 182/ШЗ2016/04400 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх, үүргийг нь тайлбарласан  байх боловч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан журамд нийцэхгүй.

 

Мөн анхан шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ. Тодруулбал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснээс уг асуудлаар зохигчийн гомдол гаргах эрх хэрэгжих боломжгүй болсон гэж үзнэ. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын талаар үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөлгүй, уг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд дээр дурдсан уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2 дахь заалт ороогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,   168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-ны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ      

                    

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ